Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 1627

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Тын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/01991 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Х.Тын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ж.Гт холбогдох,

 

Гэм хорын хохиролд 1 746 830 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.Хүрэлхад,

Хариуцагч: Ж.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Т нь 3-9 УНӨ улсын дугаартай, “Тоёота лексус-570” маркийн автомашиныг 2016 онд “Таван богд” ХХК-иас Хаан банкаар дамжуулан худалдан авсан бөгөөд одоо лизинг төлдөг.

Нэхэмжлэгч 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өөрийн эзэмшлийн 3-9 УНӨ улсын дугаартай, “Тоёота лексус-570” маркийн автомашиныг Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ..доод талын 7 дугаар зогсоолд тавьсан байхад “...хажуу талын зогсоолын машин таны машиныг мөргөчихлөө” гэж түүнд хэлсэн.

Ингээд өөрийн автомашинд үнэлгээ хийлгэхэд хохирлын хэмжээ 1 701 830 төгрөг, ажлын хөлс 45 000 төгрөг болсон.

Иймд хариуцагч Ж.Гаас автомашинд учирсан хохирол, ажлын хөлс нийт 1 746 830 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй.

Анх 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Х.Т өөрийн 99118681 дугаарын утаснаас залгасан. Тэрээр “...би таны хажуу талын зогсоол дээр зэрэгцээ зогсдог автомашины эзэн нь байна. Та миний машиныг шүргэсэн байна” гэж хэлсэн. Тухайн үед “...би шүргээгүй” гэж хэлсэн боловч Х.Т нь “...та согтуу байхдаа шүргэсэн, надад бичлэг нь байгаа” гэж хэлсэн.

Нэхэмжлэгчийн автомашиныг засварын газруудаар явж үзүүлэхэд 300 000 төгрөгөөр засагдах боломжтой гэж хэлсэн. Гэвч нэхэмжлэгч “...би будаг, замаск хийлгэхгүй, шинээр эд ангийг нь сольж өг” гэж дарамталсан.

Ингээд миний бие аргагүйн эрхэнд 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хуурамчаар осол болсон мэтээр зураглал үүсгэж, хоёр машиныг нийлүүлж тавиад, учруулсан гэх хохирлоо төлүүлэхээр даатгал дуудсан.

Ингээд даатгалын хохирлын үнэлгээ гарахад 1 701 830 төгрөг гэж гарсан ба өмнө нь нэхэмжлэгч “...та 800 000-900 000 төгрөг өгчих” гэж байсан.

Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ж.Гаас 1 746 830  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Тд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  илүү төлсөн 691 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч  Ж.Гаас 42 899 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.Тд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

Шүүх “Бодь даатгал” ХХК-ийн ослын тэмдэглэлийн баримтыг үндэслэн хэт нэг талыг барьсан өрөөсгөл шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, миний гэм буруутай үйлдэл хийсэн эсэх талаар ямар нэгэн тодорхой нотлох баримт байхгүй, тухайн асуудал ямар цаг хугацаанд үүссэн нь нарийн тогтоогдоогүй байхад шийдвэр гаргасан. Шүүх цаг хугацааны хувьд ач холбогдол өгөөгүй.

Шүүгчийн захирамжийн дагуу миний утсанд үзлэг хийж 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Х.Тын эзэмшлийн гэх автомашинд сэв зураас үүсчихсэн байсан нь тодорхой байхад шүүх уг автомашиныг шүргэсэн гэсэн асуудал 2018 оны 12 дугаар сард болсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна

2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр машин шүргэсэн гэж мэдэгдсэний дагуу өөрийн биеэр уг автомашины гэмтэлтэй хэсгийн зургийг утсан дээр бэхжүүлж авсан ба өөрөөр намайг гэм хор учруулсан эсэхийг нотлох баримт байхгүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн материалтай биечлэн танилцуулаагүй, 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс хойш Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо ..доод давхрын зогсоолыг түрээслэхээ больсон ба хэрэг болсон цаг хугацаанд би болон миний автомашин байгаагүй.

Нэхэмжлэгчийн өөрөө гаргаж өгсөн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй, иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Х.Т нь хариуцагч Ж.Гт холбогдуулан гэм хорын хохиролд 1 746 830 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Х.Т нь нэхэмжлэлийн шаардлага, түүнийхээ үндэслэлийг 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч Ж.Г нь өөрийн эзэмшлийн 8-7 УНМ улсын дугаартай, “Ланд крузер-200” маркийн автомашинаар Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ..7 дугаартай автомашины зогсоолд байрлуулсан Х.Тын эзэмшлийн 3-9 УНӨ улсын дугаартай, “Тоёота лексус-570” маркийн автомашиныг шүргэж, сэв суулгасан гэж тайлбарлажээ.

 

 “Бодь даатгал” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн даатгалын тохиолдлын ослын тэмдэглэлд Зайсан оргил худалдааны төвийн хажууд байрших гарааш дотор Ж.Г өөрийн эзэмшлийн 8-7 УНМ улсын дугаартай, “Ланд крузер-200” маркийн автомашиныг жолоодож, ухарч байгаад баруун талын зэрэгцээ зогсоолд тавьсан Х.Тын эзэмшлийн “Тоёота лексус-570” маркийн автомашиныг мөргөсөн гэж даатгалын тохиолдлыг тусгажээ. /хх 86-91/

 

Түүнчлэн “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 13317501 тоот Автомашин техникийн үнэлгээний тайланд 3-9 УНӨ улсын дугаартай, “Тоёота лексус-570” маркийн автомашинд учирсан хохирлыг 1 701 830 төгрөг, үнэлгээний ажлын хөлс 45 000 төгрөг гэж тодорхойлсон байна. /хх 7/

 

Дээрх баримтуудыг анхан шатны шүүх зохигчдын тайлбаруудтай харьцуулан дүгнэж хариуцагч Ж.Г 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр өөрийн эзэмшлийн автомашинаар Х.Тын эзэмшлийн автомашиныг мөргөж хохирол учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт нийцжээ.

 

Хариуцагч Ж.Г нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт зааснаар гэм буруугүй гэдгээ нотлоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

Учир нь Ж.Г нь өөрийгөө гэм буруугүй гэдгийг “ 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр даатгалаар мөнгө төлүүлэх зорилгоор даатгал дуудсан, 2018 оны 12 дугаар сард Х.Тын автомашинд сэв суусан байсан” гэж тайлбарласан боловч хэрэгт цугларсан баримтын хүрээнд түүнийг гэм буруугүй гэх байдал тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр үйл явдал болсон гэж тайлбарласан тул анхан шатны шүүх хариуцагч Ж.Гын хүсэлтээр 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр түүний гар утсанд үзлэг хийж, тэмдэглэл үйлдэж, гар утсаар авсан гэрэл зургийг хэрэгт баримтаар авсан байх боловч гэрэл зурагт авагдсан автомашин нь нэхэмжлэгчийнх мөн эсэх нь эргэлзээтэй, автомашины дугаар харагдахгүй, автомашинд гэмтэл учирсан гэх цаг хугацааг тодорхойлох боломжгүй байна. /хх 68-75/

 

Иймд анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Гаас гэм хорын хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 1 701 830 төгрөгийн хэмжээгээр тооцож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс буруутгах боломжгүй байна.

 

Хариуцагч Ж.Г 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хэргийн материалтай танилцаж, гарын үсэг зурсан ба анхан шатны шүүхээс хэргийн материалтай танилцах түүний эрхийг зөрчсөн гэх байдал тогтоогдохгүй, хохирлын үнэлгээний талаар шинжээч томилуулах хүсэлт гаргаж байгаагүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 102/ШШ2019/01991 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 900 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                                                    ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

                                                                                                           Э.ЗОЛЗАЯА