Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2019/01991

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2019/01991

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүгч Г.Ариунаа, А.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Х.Т-ийн  нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ж.Г-д холбогдох,

 

1,746,830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Х, хариуцагч Ж.Г, иргэдийн төлөөлөгч О.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Анар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Т нь .....улсын дугаартай, “Тоёота лексус-570” маркын автомашиныг 2016 онд “Таван богд” ХХК-иас “Хаан” банкаар дамжуулан худалдан авсан бөгөөд одоо лизингээ төлөөд явдаг. Нэхэмжлэгч 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр өөрийн эзэмшлийн .....улсын дугаартай, “Тоёота лексус-570” маркын автомашиныг Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 63 дугаар байрны доод талын 7 дугаар зогсоолд тавьсан байсан. Гэтэл тэр өдрийн орой нэхэмжлэгч рүү “...хажуу талын зогсоолын машин таны машиныг мөргөчихлөө” гэж хүн ярьсан. Ингээд доошоо граж руу буугаад очиход “Бодь” даатгалын ажилтан ирээд зураг аваад зогсож байсан бөгөөд нэхэмжлэгчид үнэлгээний газрын нэрийн хуудас өгсөн байдаг. Ингээд өөрийн автомашиныг үнэлүүлэхэд автомашинд учирсан хохирлын хэмжээг 1,701,830 төгрөг болсон. Харин үнэлгээ хийсэн ажлын хөлс нь 45,000 төгрөг болсон. Гэвч энэхүү 1,746,830 төгрөгийг хариуцагч Ж.Г төлж барагдуулаагүй, төлж барагдуулахгүй гэж хэлсэн байдаг. Иймд хариуцагч Ж.Гаас нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохирол болох нийт 1,746,830 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай утсаар ярьж байсан нь үнэн. Гэхдээ хариуцагчийн хамтран амьдрагч нь тухайн байранд амьдардаг бөгөөд тэрээр өөрийн автомашинаа буруу, машин таглаж тавьдаг байсан учраас ганц нэг удаа хариуцагчийн дугаар руу залгаж машинаа холдуулахыг сануулдаг байсан. Түүнээс биш хариуцагчийн хэлж байгаа шиг нэхэмжлэгч хариуцагчийг дарамталж байгаагүй, уг машин шүргэсэн явдал 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс өмнө буюу 2018 оны 12 дугаар сард болж байгаагүй. Хэрэв үнэхээр дарамталж байсан бол хариуцагч шууд хууль хяналтын байгууллагад өөрөө хандах байсан гэжээ.

  

Хариуцагч Ж.Г шүүхэд болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Хамгийн анх 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр над руу нэхэмжлэгч Х.Т өөрийн 9911-8681 дугаарын утаснаас залгасан. Тэрээр “...би таны хажуу талын зогсоол дээр зэрэгцээ зогсдог автомашины эзэн нь байна. Та миний машиныг шүргэсэн байна” гэж хэлсэн. Би тухайн үед “...би шүргээгүй” гэж хэлсэн боловч Х.Т нь “...та согтуу байхдаа шүргэсэн, надад бичлэг нь байгаа” гэж хэлсэн. Ингээд би тэр орой нь граж руу бууж үзэхэд нэхэмжлэгчийн автомашин сэвтэй болсон байсан. Тэр өдрөөс хойш нэхэмжлэгч Х.Т над руу байнга утсаар залгаж “...надад бичлэг байгаа, төлбөрөө төл” гэж дарамтлах болсон. Би тухайн үед “...нэхэмжлэгчид бичлэг байгаа бол би үнэхээр түүний автомашиныг шүргэсэн байж болох юм” гэж бодож байсан. Ингээд би түүнд “...би чиний машиныг гэмтээсэн бол миний өмнөөс даатгал төлбөрийг чинь төлнө” гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн автомашиныг засварын газруудаар явж үзүүлэхэд 300,000 төгрөгөөр засагдах боломжтойг хэлсэн. Гэвч нэхэмжлэгч “...би будаг, замаск хийлгэхгүй, шинээр эд ангийг нь сольж өг” гэж дарамталсан. Ингээд миний бие аргагүйн эрхэнд 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хуурамчаар осол болсон мэтээр зураглал үүсгэж, хоёр машиныг нийлүүлж тавиад, учруулсан гэх хохирлоо төлүүлэхээр даатгал дуудсан. Даатгалын ажилтан ирж ослын тэмдэглэл үйлдээд явсан. Ингээд даатгалын хохирлын үнэлгээ гарахад 1,701,830 төгрөг гэсэн их хэмжээний мөнгөн дүн гарсан. Нэхэмжлэгч надаас өмнө нь “...та 800,000-900,000 төгрөг өгчих” гэж нэхэмжилж байснаа үүний дараа бүр их хэмжээний мөнгийг нэхэмжлэх болсон. Ийм учраас би “...үүнийг хүлээн зөвшөөрч болохгүй юм байна” гэж бодсон. Ингээд би даатгалын мөнгө авах гэж ослын газрын байдлыг хуурамчаар үйлдэж, бусдыг хуурсан болохоо шударгаар хүлээсэн. Би энэ үйлдэлдээ хариуцлага хүлээхэд бэлэн байгаа. Би даатгалын компанийг хуурамчаар дуудсан болохоос нэхэмжлэгчийн автомашинд ямар нэг гэм хор учруулаагүй, шүргээгүй. Нэхэмжлэгч над руу ярих болгондоо “...надад таны согтуу машин шүргэж байгаа бичлэг байна” гэж хэлж байсан учраас би үнэхээр түүнийг машиныг шүргэсэн юм байна гэж бодсон. Түүнээс биш би огт архи уудаггүй хүн. Би өөрөө иргэний нийгмийн байгууллагад ажилладаг учраас жижиг сажиг асуудалд орооцолдох дургүй байдаг. Тийм ч учраас тухайн үед нэхэмжлэгч намайг утсаар дарамтлаад байхад нь би эрх бүхий байгууллагад хандаагүй. Нэхэмжлэгчийг би өмнө нь огт танихгүй бөгөөд уг автомашин шүргэсэн гэх асуудал бодитоор 2019 оны 3 дугаар сарын 18-ны болоогүй болох нь бид хоёрын утсаар ярьж байсан лавлагаагаар нотлогдоно. Тухайн байранд манай хамтран амьдрагч амьдардаг нь үнэн, машинаа зогсоолд тавьдаг нь үнэн. Гэхдээ нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг машин таглаад явчихлаа гэж утсаар ярьж байгаагүй гэжээ.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Т нь хариуцагч Ж.Г-т холбогдуулан гэм хорын хохиролд 1,746,830 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Тэрээр өөрийн шаардлагын үндэслэлээ “...2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч Ж.Г миний эзэмшлийн автомашиныг зогсоолд байхад нь шүргэсэн. Автомашинд учирсан хохирлын үнэлгээг хийлгэхэд би 45,000 төгрөг төлсөн бөгөөд хохирлын үнэлгээ нь 1,701,830 төгрөг болсон” гэжээ.

Хариуцагч Ж.Г дээрх шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Тэрээр өөрийн татгалзлаа “...Нэхэмжлэгчид автомашиныг нь шүргэж буй бичлэг байгаа гэхээр нь би тухайн өдөр нь осол болсон мэтээр автомашинуудыг байрлуулж, улмаар өөрийн даатгалыг дуудаж үзлэг хийлгэсэн. Энэ асуудалдаа хариуцлага хүлээхэд бэлэн. Тэрнээс биш 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр би Х.Т автомашинд ямар нэг гэмтэл учруулаагүй” гэж тайлбарлав.

 

Тодруулбал, Х.Т эзэмшлийн .....улсын дугаартай, “Тоёота лексус-570” маркын автомашиныг хариуцагч Ж.Г шүргэж гэмтээсэн эсэх буюу гэм буруугийн тал дээр нэхэмжлэгч болон хариуцагч нар маргаантай байна.    

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2-т зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй ба харин гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолсон тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө.

  

Хэргийн оролцогч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй бөгөөд зохигчийн тайлбар нотлох баримт болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсгүүдэд заажээ.

 

Хариуцагчийн “...би 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр даатгалаар мөнгө төлүүлэх зорилгоор даатгал дуудсан” гэх тайлбарыг хэрэгт авагдсан 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн “Бодь даатгал” ХХК-ийн “Даатгалын ослын тэмдэглэл”-тэй харьцуулан судлахад Х.Т эзэмшлийн .....улсын дугаартай, “Тоёота лексус-570” маркын автомашинд хариуцагч Ж.Г эвдрэл учруулсан гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч Ж.Гын гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид  хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн №13317501 тоот “Автомашин техникийн үнэлгээний тайлан”, тайлангийн №75172 тоот хавсралтаар .....улсын дугаартай, “Тоёота лексус-570” маркын автомашинд учирсан хохирол гэж тогтоогдсон 1,701,830 төгрөг, уг үнэлгээний ажлын хөлс 45,000 төгрөгийг хариуцагч Ж.Гаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч өөрийн шаардлага болоод татгалзлаа нотлох, нотлох баримтаа өөрөө цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргийнхээ хүрээнд өөрөө олж авах боломжгүй баримтыг шүүхийн журмаар гаргуулах, гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх зэрэг өргөн хэмжээний эрхийг эдэлдэг.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтийн үндсэн дээр цугларсан нэхэмжлэгчийн утасны гадагш гарсан дуудлагын хуулгууд болон хариуцагчийн гар утсанд хийсэн үзлэгээр хариуцагч Ж.Гын “...би нэхэмжлэгчид дарамтлуулсан учир даатгал дуудсан”, “...уг автомашин шүргэсэн гэсэн асуудал 2018 оны 12 дугаар сард болсон” гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ж.Г-аас 1,746,830  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Т-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  илүү төлсөн 691 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч  Ж.Гаас 42,899 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.Тд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

 

      

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.ХАНГАЛ

 

                                ШҮҮГЧ                                     Г.АРИУНАА

 

                                                                                       А.САРАНТУЯА