Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2023/03613

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг, ... тоотод оршин суух хаягтай, регистр ..., Ш... овогт Д...гийн Ж...,                    

Нэхэмжлэгч:Баянгол дүүрэг, ... тоотод оршин суух, регистр ..., Б... овогт Т....ийн Б...,

Хариуцагч:Сүхбаатар дүүрэг, ... өөрийн байранд байрлах, Н... газар 

Нэхэмжлэлийн шаардлага:2023.4.18-ны өдрийн ...., ....3 дугаар албан тоотоор мэдэгдсэн Ү-2... дугаартай, Баянзүрх дүүргийн .... тоот, 51 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 253 700 000 төгрөгөөр, Ү-22... дугаартай, Баянгол дүүргийн ... тоот 27м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 120 000 000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнххэрлэн нар оролцов.

/Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С...ын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв/

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  нар Н... газарт  холбогдуулан Баянзүрх дүүргийн .... тоот, 51 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 253.700.000 төгрөгөөр, Баянгол дүүргийн ... тоот 27 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 120.000.000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Финрүүт Инвестмэнт ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Улсын дээд шүүхийн 2022 оны 390 дугаар тогтоол бүхий төлбөр гаргуулах шүүхийн шийдвэрийн дагуу ажиллагаа явуулж барьцааны хөрөнгийн хураах ажиллагаа явуулсан ба улмаар 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ...., ....3 дугаар албан тоотоор төлбөр төлөгч бидний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2... дугаартай, Баянзүрх дүүргийн .... тоот, 51 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 253.700.000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн Ү-22... дугаартай, Баянгол дүүргийн ... тоот 27 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 120.000.000 төгрөгөөр тус тус үнэлсэн талаар мэдэгдсэн.

Хураах ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийг биднээс үнийн санал авахад Д.Ж... нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасныг үндэслэн өөрийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хотын А бүсэд байрлалтай, 1 давхрын, өргөтгөл хийх зөвшөөрөлтэй, худалдаа үйлчилгээний чиглэлээр ашиглах бүрэн боломжтой зэрэг нөхцөл байдлыг үндэслэн 960 сая төгрөгөөр, Т.Б... нь өөрийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хотын А. бүсэд байрлалтай, 1 давхрын, худалдаа үйлчилгээний чиглэлээр ашиглах бүрэн боломжтой зэрэг нөхцөл байдлыг үндэслэн 450 сая төгрөгөөр тус тус үнийн санал хүргүүлсэн боловч үнэлгээний байгууллага нь хэт багаар үнэлсэн байх тул гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл үнийн санал гаргаснаас хойш 8 хоногийн дотор богино хугацаанд судалгаа, шинжилгээ хийсэн гэхэд эргэлзээтэй байдлаар маш хямдханаар бидний байрыг үнэлсэн байх тул Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ...., ....3 дугаар албан тоотоор мэдэгдсэн Ү-2... дугаартай, Баянзүрх дүүргийн .... тоот, 51 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 253.700.000 төгрөгөөр, Ү-22... дугаартай, Баянгол дүүргийн ... тоот 27м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 120.000.000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа:Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн явуулж, төлбөр төлөгч Д.Ж...ы өмчлөлийн эрхийн улсын Ү-2... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ... тоот хаягт байршилтай 51 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, Т.Б...ы өмчлөлийн эрхийн улсын Ү-22... дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 15 дугаар байрны 1-А тоот хаягт байршилтай 27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцуудыг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01/..., 02/... дугаартай битүүмжлэх тогтоолуудаар битүүмжилсэн, 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 05/...., 06/... тоот хураах тогтоолуудаар хураан авч төлбөр төлөгч нараас үнийн санал авахад төлбөр төлөгч Д.Ж... 960 000 000 төгрөгөөр, Т.Б... 450 000 000 төгрөгөөр тус тус үнийн санал өгсөн.

Төлбөр авагч Ф... ББСБ, ХХК-аас үнийн санал авахад итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б.... хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэх үнэлгээ хийлгэх саналыг 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр бичгээр ирүүлсэн, 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 4/138 тоот шинжээч томилох тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр Э... ХХК-ийн шинжээч Н.Ц... томилогдож тус барьцаа хөрөнгүүдийг нийт 373 700 000 төгрөгөөр буюу Д.Ж...ы барьцаа хөрөнгийг 253 700 000 төгрөгөөр, Т.Б...ы барьцаа хөрөнгийг 120 000 000 төгрөгөөр тус тус тогтоосон.

Дээрх шинжээчийн тогтоосон үнэлгээг төлбөр төлөгч Д....гийн Ж..., Т....ийн Б..., төлбөр авагч Ф... ББСБ ХХК нарт 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ...., ....3, ....4 дүгээр албан бичгээр мэдэгдсэн.Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон барьцаа хөрөнгөд хийлгэсэн үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс:Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ...., .... дугаар мэдэгдэл, Ф... ХХК-ийн үнэлгээний тайлан, нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай ... дугаар захирамжийг шүүхэд өгсөн./хх 6-28/

Хариуцагчаас:Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 810 дугаар гүйцэтгэх хуудас, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаар тогтоол, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 22250720 дугаар тогтоол, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолууд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, эд хөрөнгө хураах тухай тогтоолууд, үнэлгээний санал, Шинжээч томилох тухай тогтоол, Ф... ХХК-ийн үнэлгээний тайланг шүүхэд өгсөн. /хх 47- 82/

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Үнэлгээний байгууллага нь Баянзүрх дүүргийн .... тоот, 51 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц болон Баянгол дүүргийн ... тоот 27м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хэт багаар үнэлсэн байх тул Ф... ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.Үүнд:Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон барьцаа хөрөнгөд үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ...., .... дугаар мэдэгдэл, нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 810 дугаар гүйцэтгэх хуудас, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаар тогтоол, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2022 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 22250720 дугаар тогтоол, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолууд, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, эд хөрөнгө хураах тухай тогтоолууд, үнэлгээний санал, Шинжээч томилох тухай тогтоол, Ф... ХХК-ийн үнэлгээний тайлан, талуудын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Ф... ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Ж..., Т.Б... нарт холбогдох хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн ... дүгээр тогтоолоор хариуцагч Д.Ж..., Т.Б... нараас 207 222 400 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ф... ББСБ ХХК-д олгож, Д.Ж...ы өмчлөлийн эрхийн улсын Ү-2... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ... тоот хаягт байршилтай 51 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, Т.Б...ы өмчлөлийн эрхийн улсын Ү-22... дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн ... тоот хаягт байршилтай 27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцуудыг дуудлага худалдаагаар худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Н... газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

Д.Ж..., Т.Б... нар нь дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул Ф... ББСБ ХХК-ийн хүсэлтээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 810 дугаартай гүйцэтгэх хуудас хуудас бичигдсэн ба шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 6 дугаар сарын 07-ний өдрийн 22250720 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.  

 Барьцааны зүйл болох Д.Ж...ы өмчлөлийн эрхийн улсын Ү-2... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ... тоот хаягт байршилтай 51 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц болон Т.Б...ы өмчлөлийн эрхийн улсын Ү-22... дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн ... тоот хаягт байршилтай 27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01/... дугаар тогтоолоор битүүмжилж, 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 05/22250720 дугаар тогтоолоор хураан авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасан журамд нийцэж байна. 

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны оролцогчид нь дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар харилцан тохиролцож чадаагүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 4/138 дугаар тогтоолоор Ф... ХХК-ийг шинжээчээр томилж, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан үндэслэлд нийцэж байна. 

 Шинжээч нь Баянзүрх дүүргийн .... тоот, 51 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 253 700 000 төгрөгөөр, Баянгол дүүргийн ... тоот 27м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 120 000 000 төгрөгөөр тус тус үнэлж, хөрөнгийн үнэлгээний тайланг Н... газарт хүргүүлсэн ба шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ...., ....3, .... дүгээр мэдэгдлээр Т.Б..., Д.Ж..., Ф... ББСБ ХХК нарт мэдэгдсэн байна.

   Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7, 8 дугаар зүйлд зааснаар Ф... ХХК нь барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлэхдээ өртгийн хандлагын болон зах зээлийн хандлагын тооцоолол хийж, үнэлэгдэж байгаа хөрөнгийн өртгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг харьцуулан судалж, Баянзүрх дүүргийн .... тоотод байршилтай орон сууцыг 253 700 000 төгрөгөөр, Баянгол дүүргийн ... тоотод байршилтай орон сууцыг 120 000 000 төгрөгөөр тус үнэлсэн болох нь хөрөнгийн үнэлгээний тайланд тусгагдсан байна.

Шинжээч нь  Баянзүрх дүүргийн .... тоот, 51 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 253 700 000 төгрөгөөр, Баянгол дүүргийн ... тоот 27м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 120 000 000 төгрөгөөр тус тус үнэлсэн байгааг зах зээлийн үнээс хямд байна гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй байна.

Иймд хариуцагч Н... газарт холбогдох Баянзүрх дүүргийн .... тоот, 51 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 253 700 000 төгрөгөөр, Баянгол дүүргийн ... тоот 27м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 120 000 000 төгрөгөөр тус тус үнэлсэн Ф... ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Д.Ж..., Т.Б... нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэстэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дугаар зүйлийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Н... газарт холбогдох улсын бүртгэлийн Ү-2... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн .... тоот, 51 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 253 700 000 төгрөгөөр, улсын бүртгэлийн Ү-22... дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн ... тоот 27м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 120 000 000 төгрөгөөр тус тус үнэлсэн Ф... ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Д.Ж..., Т.Б... нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ДОРЖНАМЖИН