Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/02043

 

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/02043

 

Д.Ж, Т.Б нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/03613 дугаар шийдвэртэй,

 

Д.Ж, Т.Б нарын нэхэмжлэлтэй,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас “ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй төлбөр гаргуулах шүүхийн шийдвэрийн дагуу ажиллагаа явуулж барьцааны хөрөнгийг хураасан.

1.2. Улмаар 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 4-171/7402, 4-171/7403 дугаар албан бичгээр төлбөр төлөгчдийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн - дугаартай, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 21 дүгээр байрны -, 51 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 253,700,000 төгрөгөөр, эрхийн улсын бүртгэлийн - дугаартай, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар байрны - 27 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 120,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн талаар мэдэгдсэн.

1.3. Биднээс үнийн санал авахад Д.Ж нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг үндэслэн өөрийн хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хотын А бүсэд байрлалтай, 1 давхрын, өргөтгөл хийх зөвшөөрөлтэй, худалдаа үйлчилгээний чиглэлээр ашиглах бүрэн боломжтой зэрэг нөхцөл байдлыг үндэслэн 960,0 сая төгрөгөөр, Т.Б нь өөрийн хөрөнгийн үнэлгээг дээрх нөхцөл байдлыг үндэслэн 450,0 сая төгрөгөөр тус тус үнийн санал хүргүүлсэн боловч үнэлгээний байгууллага нь хэт багаар үнэлсэн байх тул гомдолтой байна.

Өөрөөр хэлбэл үнийн санал гаргаснаас хойш 8 хоногийн дотор богино хугацаанд судалгаа, шинжилгээ хийсэн гэхэд эргэлзээтэй байдлаар маш хямдханаар бидний байрыг үнэлсэн байх тул 4 өрөө орон сууцыг 253,700,000 төгрөгөөр, 2 өрөө орон сууцыг 120,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн явуулж, төлбөр төлөгч Д.Жы өмчлөлийн, эрхийн улсын - дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 21 дүгээр байрны - хаягт байршилтай 51 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, Т.Бы өмчлөлийн, эрхийн улсын - дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 15 дугаар байрны - хаягт байршилтай 27 м.кв талбайтай 2 өрөө орон сууцуудыг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 01/22250720, 02/22250720 дугаартай битүүмжлэх тогтоолуудаар битүүмжилж, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 05/22250720, 06/22250720 тоот хураах тогтоолуудаар хураан авсан.

2.2. Талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч Д.Ж 960,000,000 төгрөгөөр, Т.Б 450,000,000 төгрөгөөр тус тус үнийн санал өгч, төлбөр авагч “ББСБ” ХХК-аас хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ хийлгэх саналыг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр бичгээр ирүүлж, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 4/138 тоот шинжээч томилох тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр “Ф” ХХК-ийн шинжээч Н.Цолмонгэрэл томилогдож тус барьцаа хөрөнгүүдийг нийт 373,700,000 төгрөгөөр буюу Д.Жы барьцаа хөрөнгийг 253,700,000 төгрөгөөр, Т.Бы барьцаа хөрөнгийг 120,000,000 төгрөгөөр тус тус тогтоосон.

2.3. Дээрх шинжээчийн тогтоосон үнэлгээг төлбөр төлөгч Д.Ж, Т.Б, төлбөр авагч “ББСБ” ХХК нарт 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 4-171/7402, 4-171/7403, 4-171/7404 дүгээр албан бичгээр мэдэгдсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон барьцаа хөрөнгөд хийлгэсэн үнэлгээ тогтоох ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох улсын бүртгэлийн - дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 21 дүгээр байрны -, 51 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 253,700,000 төгрөгөөр, улсын бүртгэлийн - дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар байрны - 27м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 120,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн “Ф” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Д.Ж, Т.Б нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх бидний гаргасан нэхэмжлэлийг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нотлоогүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн шинжлэн судлалгүй шийдвэрлэсэн үндэслэлээр хүчингүй болгож, - дугаартай, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 21 дүгээр байрны -, 51 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 253,700,000 төгрөгөөр, - дугаартай, Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар байрны -, 27 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 120,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Д.Ж, Т.Б нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/01486 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 1610 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2022/00390 дугаар тогтоолоор Д.Ж, Т.Б нараас 207,222,400 төгрөг гаргуулж “ББСБ” ХХК-д олгож, төлбөрийг сайн дураар төлөөгүй бол Т.Бы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн - дугаартай, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 15 дугаар байр, - хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 27 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууц, Д.Жы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн - дугаартай, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 21 дүгээр байр, - хаягт байршилтай, 51 м.кв талбайтай, дөрвөн өрөө, орон сууцаар тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

 

4.1. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Д.Жы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн - дугаартай, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 21 дүгээр байр, - хаягт байршилтай, 51 м.кв талбайтай, дөрвөн өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг, төлбөр төлөгч Т.Бы өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн - дугаартай, Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 15 дугаар байр, - хаягт байршилтай, орон сууцны зориулалттай, 27 м.кв талбайтай, хоёр өрөө үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус тус битүүмжилж, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр тус тус хураасан, талууд энэ ажиллагаанд гомдол гаргаагүй.  

4.2. Хариуцагч байгууллага нь албадан дуудлага худалдаагаар худалдах барьцааны зүйл болох орон сууцны санал болгох доод үнийн талаар талуудыг тохиролцуулах ажиллагааг явуулахад төлбөр төлөгч Д.Ж 4 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 960,000,000 төгрөгөөр, төлбөр төлөгч Т.Б 2 өрөө үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 450,000,000 төгрөгөөр тогтоох санал ирүүлснийг төлбөр авагч “ББСБ” ХХК 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр эс зөвшөөрч шинжээч томилуулах хүсэлт гаргаснаар талууд тохиролцох боломжгүй болсныг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шинжээчээр “Ф” ХХК-ийн үнэлгээчин Н.Цолмонгэрэлийг томилсон байна. Энэ ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүзйлийн 55.2.2-т заасанд нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

4.3. Шинжээч 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр үнэлгээний тайланг гаргаж хариуцагч байгууллагад ирүүлсэн бөгөөд хариуцагч байгууллагаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар барьцаа хөрөнгө болох Д.Жы өмчлөлийн, 4 өрөө орон сууцыг 253,700,000 төгрөгөөр, Т.Бы өмчлөлийн, 2 өрөө орон сууцыг 120,000,000 төгрөгөөр, нийт 373,700,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ болон үнэлгээний тайланг талуудад 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 4-171/7402, 4-171/7402, 4-171/7404 дугаар албан бичгээр мэдэгджээ.   

 

5. Төлбөр төлөгч, барьцаа хөрөнгийн өмчлөгч Д.Ж, Т.Б нар нь үнэлгээг эс зөвшөөрсөн гомдлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд гаргасан, шүүх гомдлыг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь зөв болжээ.

 

6. Нэхэмжлэгч тал 4 өрөө орон сууцыг 253,700,000 төгрөгөөр, 2 өрөө орон сууцыг 120,000,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг зах зээлийн үнээс хэт багаар үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримт гаргаж нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Түүнээс гадна шинжээч тогтоолд заасан хугацааны дотор үнэлгээ гаргасныг үнэлгээ гаргахад хэт богино хугацаатай байсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2023/03613 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Жаас төлсөн 70,200 төгрөгийг, нэхэмжлэгч Т.Баас төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД                                      Э.ЭНЭБИШ

 

                                                       Э.ЗОЛЗАЯА