Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2023/03890

 

 

 

 

 

 

 

  2023        09          06                                          101/ШШ2023/03890

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 хороо, Г ХХКомпанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, ...тоот, М.М холбогдох 2,130,920 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.М нь Санни таун хотхоны ... тоотод амьдардаг. Сар бүр ашигласан цэвэр бохир ус, дулаан, ус халаасан дулааны төлбөрийг /байрны төлбөр/ дараа сарын 20-ны дотор Төрийн банкинд очиж, төлбөрийн хэрэгсэл ашиглан Г дансанд төлөх үүрэгтэй. М.М нь 2022 оны 3 сараас 2023 оны 5 сар хүртэлх хугацаанд төлөлт хийгээгүй тул, төлбөр 1,455,740 төгрөг, алданги 675,180 төгрөг, нийт 2,130,920 төгрөгийг төлөөгүй байх тул гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч М.М нь 1,405,185 төгрөгийг төлж биелүүлсэн тул үлдэх төлбөр 50,555 төгрөг, алданги 675,180 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч М.М шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хэрэглэсэн ус дулааны төлбөр болон алданги 2,130,920 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Би 2023-08-25-ны өдөр 1,405,185 төгрөгийг төлж тушаасан. Г ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болж манай хүйтэн усны тоолуур 2023 оны 3 сараас одоо болтол ажиллаагаагүй байгаа бөгөөд хэрэглэсэн нийт усны хэрэглээ бодит бус гэж үзэж байна. Тус компанитай уг асуудлаар харилцан зохицож болно. Эрчим хүчний зохицуулах хороонд шалгуулахаар хандаж байгаа. Манай халаалтыг зохих хэмжээнд өгдөггүй, хэрэглэсэн ус, дулааны төлбөрийг өмнө нь тааралдаж шаардаж байсан, алдангийг төлөхийг зөвшөөрөхгүй гэв. 

Нэхэмжлэгчээс төлбөрийн нэхэмжлэх, Г ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 00466 дугаартай тусгай зөвшөөрлийн хуулбар, 72/2017 дугаартай тусгай зөвшөөрлийн хуулбар, Улаанбаатар хотын хүн амд мөрдөх цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, хэрэглэгчдэд борлуулах дулаан, уурын тариф, 2023-01-13-ны өдрийн 0028 дугаартай итгэмжлэл зэрэг баримтыг ирүүлсэн, хариуцагчаас цахилгаан эрчим хүчний төлбөр төлсөн баримтыг ирүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлага ус, дулааны төлбөр 2,130,920 төгрөгийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч Г ХХКомпани нь Санни таун хотхоны ...тоотод оршин суух М.М-аас Хот, суурины ус хангаж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2021-07-21-ний өдрийн 79 дүгээр тогтоолд зааснаар Улаанбаатар хотын хүн амд мөрдөх цэвэр, бохир усны үйлчилгээний болон дулааны тарифт зааснаар 2022 оны 4 дүгээр сараас 2023 оны 7 сарыг дуусталх хугацааны сар бүр ашигласан цэвэр бохир ус, дулаан, ус халаасан дулааны төлбөрт 1,455,740 төгрөг, алданги 675,180 төгрөг, нийт 2,130,920 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон.  

3. Хариуцагч М.М нь нэхэмжлэлийн шаардлага 2,130,920 төгрөгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023-08-25-ны өдөр 1,405,185 төгрөгийг төлж биелүүлсэн. Сар бүр ашигласан цэвэр бохир ус, дулаан, ус халаасан дулааны төлбөрөөс 50,555 төгрөг, алданги 675,180 төгрөгийг төлөхийг сар бүр цэвэр бохир ус, дулааныг зохих хэмжээнд ашиглаж чаддаггүй тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

4. Г ХХКомпани нь Хот, суурины ус хангаж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс тусгай зөвшөөрлийг 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр олгожээ. Тусгай зөвшөөрөл нь 2021-01-29-ний өдрөөс 2024-01-29-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар сунгагдсан. Эрчим хүчний зохицуулах хорооноос 72/2017 тусгай зөвшөөрлийг 2021-11-03-ны өдрөөс 1 жил 6 сарын хугацаатайгаар олгосон байна. 

Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хариуцаж буй орон сууцны барилга, байгууламжийн бүртгэл нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ........ айл өрх нь хамрагдсан байна.

5. Хариуцагч М.М нь нэхэмжлэгч Г ХХКомпанийн тусгай зөвшөөрлийн талаар маргаагүй.    

Хариуцагч М.М нь Хот, суурины ус хангаж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйл, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар “Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг тус тус төлөх” үүрэгтэй.

Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна” гэжээ.

6. Иймд хариуцагч М.М нь дээрх үндэслэлээр сар бүр ашигласан цэвэр бохир ус, дулаан, ус халаасан дулааны төлбөрт 1,455,740 төгрөг, алданги 675,180 төгрөг, нийт 2,130,920 төгрөгийг төлөх үндэслэлтэй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.М-аас төлж биелүүлсэн 1,405,185 төгрөгийг хасч, үлдэх төлбөр 50,555 төгрөг, алданги 675,180 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

7. Нэхэмжлэгч Г ХХКомпаниас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 49,044 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М.М-аас 49,044 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.М-аас 725,735 гаргуулж нэхэмжлэгч Г ХХКомпанид олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 49,044 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М.М-с 49,044 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г ХХКомпанид олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.Б