Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/02097

 

 

 

 

 

 

 

2023 12 04 210/МА2023/02097

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2023/03890 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.*******ад холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 725,735 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ариунтуяа, хариуцагч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэл, тайлбарын агуулга: 

1.1. ******* ******* хотхоны 830 дугаар байр, 260 тоотод амьдардаг М.******* нь 2022 оны 03 дугаар сараас, 2023 оны 05 сар, 07 сарын ус, дулааны төлбөр 1,455,740 төгрөг, алданги 675,180 төгрөг, нийт 2,130,920 төгрөг төлөөгүй.

1.2. Хариуцагч М.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 1,405,185 төгрөгийг төлж биелүүлсэн тул үлдэх төлбөр 50,555 төгрөг, алданги 675,180 төгрөг, нийт 725,735 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбар, татгалзлын агуулга: 

2.1.Хэрэглэсэн ус, дулааны төлбөрийг 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 1,405,185 төгрөгийг төлж тушаасан.

2.2.******* ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан манай хүйтэн усны тоолуур 2023 оны 03 дугаар сараас одоо болтол ажиллаагүй бөгөөд хэрэглэсэн нийт усны хэрэглээ бодит бус гэж үзэж байна.

Гэрээ байгуулаагүй, хангалттай дулаан авдаггүй учир алданги төлөх үндэслэлгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 232 дугаар зүйлийн 232.6 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.*******аас 725,735 гаргуулж нэхэмжлэгч ******* ХХКомпанид олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 49,044 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М.*******аас 49,044 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХКомпанид олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь хэрэглэгчтэй байгуулсан гэрээ байхгүй, ямар хэмжээний дулаан өгөх ёстойгоос хэдийг өгсөнөө нотлоогүй байхад айл өрхөд борлуулах дулааны тарифын дагуу тооцож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: 

5.1. ******* ХХК нь 830 дугаар байрны 294 айлыг нэгдсэн системээр гэрээ байгуулсан эсэхээс үл хамаарч ус, дулаанаар хангадаг гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч М.*******ад холбогдуулан ашиглалтын зардал буюу ус, дулааны төлбөрт 2,130,920 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 725,735 төгрөг /үлдэгдэл төлбөр 50,555 төгрөг, алданги 675,180 төгрөг/ болгон багасгасан байна. Хариуцагч ...дулааныг хангалттай нийлүүлж байгаагүй, гэрээ байгуулаагүй учир алданги төлөхгүй гэх үндэслэлээр эс зөвшөөрч, маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв баримтлаагүй, мөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байхад энэ талаар шийдвэртээ тусгаагүй зэрэг алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс шийдвэрт өөрчлөлт замаар залруулан дүгнэх боломжтой байна.

 

4. ******* ХХК нь Эрчим хүчний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Хот, суурины ус хангамж, ариутгах, татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4, 12.2.5, 12.2.6, 12.2.7, 12.2.8-д тус тус заагдсан ажил, үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий этгээд бөгөөд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны ******* ******* хотхоны 830 дугаар байрны айл, өрхийг цахилгаан, дулаанаар хангах, цэвэр бохир усны шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээ үзүүлдэг байна. М.******* нь тус байрны 260 тоот орон сууцны оршин суугч. Энэ үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон, зохигч маргаангүй.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 

5. Хариуцагч М.******* нь ашигласан ус халаасан дулаан, цэвэр, бохир усны төлбөр төлөх үүргээ ... хэрэглэсэн нийт усны хэрэглээ бодит бус, ... хангалттай дулаан авдаггүй ... гэх үндэслэлээр татгалзах боловч энэ талаар нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн баримтыг өөр баримтаар үгүйсгэж, няцаагаагүй байна. Иймээс хариуцагчаас 2023 оны 7 сарын ус, дулааны төлбөрт 50,555 төгрөг гаргуулах нь Иргэний хуулийн 243.1 дэх хэсэг заасантай нийцнэ.

 

6. Харин нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй байна. Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заажээ.

6.1.1. Эрчим хүчний тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 болон Хот, суурины ус хангамж, ариутгах, татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасан агуулгаас үзвэл, хангагч байгууллага нь хэрэглэгчтэй гэрээ байгуулах, гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд хожимдуулсан хоног тутамд төлбөрийн үнийн дүнгийн 0,5 хувьтэй тэнцэх алданги ногдуулан, шаардах эрхтэй .

6.1.2. Хэрэгт талуудын хооронд байгуулагдсан гэрээ авагдаагүй байх тул Иргэний хуулийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас алданги 675,180 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Шүүх дээрх хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн байна.

 

7. Мөн анхан шатны шүүх Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримталж маргааныг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй. Учир нь орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн төлбөр, зардлыг хуваарилахтай холбоотой харилцааг зохицуулсантул зохигчдын маргаанд хамааралгүй. Түүнчлэн Эрчим хүчний тухай хууль, Хот, суурины ус хангамж, ариутгах, татуургын ашиглалтын тухай хуульд заасан хэрэглэгчийн эрх, үүргийг тодорхойлсон зохицуулалт нь шаардах эрхийг тодорхойлоогүй тул тогтоох хэсэгт баримтлах шаардлагагүй байна.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2023/03890 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.*******аас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 50,555 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 675,180 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын 49,044 гэснийг 4,550 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч М.*******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,044 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД  Д.ЦОГТСАЙХАН

 

Ч.ЦЭНД