Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2023/04488

 

 

 

 

 

 

 

 

    2023         10          17                                          101/ШШ2023/04488

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, .... тоот, Г.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, .....тоот хаягт оршин суух, М.О холбогдох зээлийн гэрээний үүрэгт 361,275,836 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Д нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Бшүүхэд гаргасан нэхэмжлэл, төлөөлөгч Ц.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б нь барилгын салбарт үйл ажиллагаа явуулж байсан мөн валютын ченж хийдэг байсан. 2019 оны М.О нь хадам аав Б манай төрсөн ах Т Швед улсад сүшиний ресторан нээх гэж байгаа үүнд 150,000,000 төгрөг дутаж байгаа та туслах уу гэдэг саналыг тавьсан.

1-рт: 2019-03-28-ны өдөр Г.Б, М.О-той зээлийн гэрээ байгуулж 1,2 хувийн хүүтэйгээ 150,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. 2019 оны 12 сард төлж дуусах байсан боловч 2020 оноос зээлийг төлсөн. 2020-03-25-ны өдөр 22,500,000 төгрөг, 2020-06-17-ны өдөр 3,700,000 төгрөг, 2020-07-04-ний өдөр 1,875,000 төгрөг, нийт 28,075,000 төгрөг төлсөн. Энэ мөнгийг зээлийн хүүнд төлсөн хэдий ч үндсэн зээлд төлснөөр тооцож байгаа. Үлдэгдэл 121,925,000 төгрөг гаргуулах.

2-рт: 2020 оны 07 сард М.О дахин Алтай хотхонд обьект байна, үүнд хөрөнгө оруулах замаар өмчлөлдөө авч, түрээслүүлж гэр бүлийнхээ орлогыг нэмэгдүүлье гэх саналыг тавьсаны дагуу 2020-07-16-ны өдөр 30,000,000 төгрөг, 2020-08-28-ны өдөр 120,000,000 төгрөгийг тус тус шилжүүлж ,150,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Үүнээс эргэн төлөлт хийгээгүй тул 150,000,000 төгрөг гаргуулах.

3-рт: Дахин бизнес хиймээр байна 150,000,000 төгрөг зээлээч гэхэд Г.Б 2020-09-06-ны өдөр хадгаламж барьцаалсан зээл авч 150,000,000 төгрөгийн М.О шилжүүлсэн. 2020-09-03-ны өдөр олгосон зээлийг төлөхгүй байсаар банкны хүү их бодогдож байсан учир нэхэмжлэгч зээлийг өөрөө хааж зээлийн хүүнд 9,000,000 төгрөг төлсөн. Уг зээлээс 70,500,000 төгрөгийг төлж барагдуулсан тул 79,500,000 төгрөг, зээлийн хүүнд төлсөн 9,850,836 төгрөг, нийт 361,275,836 төгрөгийг гаргуулахаар шардаж байгаа.

Эдгээр зээлийн гэрээг бичгээр хийгээгүй учир хариуцагчаас зээлийн хүү нэхэмжлээгүй. 2020-10-03-ны өдөр 4,000,000 төгрөг, 2020-11-03-ны өдөр 4,000,000 төгрөг, 2020-12-20-ны өдөр 4,000,000 төгрөг, 2021-01-03-ны өдөр 4,000,000 төгрөг, 2021-02-03-ны өдөр 4,000,000 төгрөг, 2021-03-03-ны өдөр 4,000,000 төгрөг, 2021-04-03-ны өдөр 4,000,000 төгрөг, 2021-05-03-ны өдрөөс 2021-11-26-ны өдөр хүртэл сар болгон сар бүр 2,500,000 төгрөг төлсөн, нийт 70,500,000 төгрөг төлсөн. Хариуцагч О нь Г.Б, З, Г.Б-ийн эхнэр Г нарын данс руу 590 халдсан байдаг, үүнээс болж банкнаас М.О хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн тухай хуульд заасныг зөрчиж үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийг авсан гэдэг үндэслэлээр ажлаас халсан. Б.З, М.О надтай мөнгөнөөс болж нийлсэн юм байна гэж гомдож хэлж байсан. Иргэний хуулийн 281, 492 зүйлд зааснаар 361, 275,836 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

Хариуцагч М.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019-04-01-ний өдөр Шведэд ресторан ажиллуулна гэж хадам аав Г.Б-оос 150,000,000 төгрөгийг жилийн 15 хувийн хүүтэйгээр зээлсэн. 2020-03-25-ны өдөр жилийн хүү 22,500,000 төгрөг, 2020-06-17-ны өдөр 2 сарын хүү 3,700,000 төгрөгийг тус тус төлсөн. Уг 150,000,000 төгрөгийн зээлийг төлж барагдуулах эх үүсвэр нь 2020-06-30-ны өдөр төрсөн ах Т-с 106,000 доллар авч төлсөн. Г.Б-ийн хадгаламж барьцаалсан зээлийг 2020-06-30-ны өдөр доллар солиулж хаахад 25,000,000 төгрөгийн үлдэгдэл байсан. Үлдэгдэл 244,950,235 төгрөгийг хадам аавын дансанд шилжүүлсэн. 2020-06-30-ны өдөр 300,000,000 төгрөгнөөс 2019-04-01-ний өдөр авсан 150,000,000 төгрөгийн зээлийг төлж барагдуулсан. 2020-07-04-ний өдөр хүү 1,875,000 төгрөгийг хадам аавд төлсөн. Мөнгөний хэрэг болж 2020-07-16-ны өдөр 30,000,000 төгрөг, 2020-08-28-ны өдөр 120,000,000 төгрөгийг зээлж авсан. Тухайн үед хадам аавд надад зээлсэн 150,000,000 төгрөгийн боломж байгаагүй, хадгаламж барьцаалсан зээл аваагүй, 07 болон 08 сард авсан 150,000,000 төгрөг нь миний өөрийн мөнгө байсан. 2020-09-03-ны өдөр 150,000,000 төгрөг өгсөн мөнгийг хадам ааваас гуйгаагүй, намайг тэр үед дуудаж уулзаад миний хоёр охиныг сайн авч явж байгаа аав нь баярладаг гээд манай гэр бүлийн амжиргаагаа дээшлүүлээрэй, хүү тооцохгүй, боломжтой болсон үедээ буцааж өгнө биз, гэр бүлийн дэмжлэг гэж бодоорой гээд надад өгсөн. Би тэр мөнгөөр машины бизнес хийж эхэлсэн. Зарсан машины ашгаас сар болгон хадам аавд мөнгө өгдөг байсан. Ойролцоогоор 10,000,000 төгрөгийн ашиг сар болгон орж ирдэг байсан.  Надад зээл гэж өгсөн бол энэ хүн надтай зээлийн гэрээ байгуулах байсан зээлийн гэрээ байгуулаагүй туслалцаа гэж өгсөн. Алтай хотхоны обьектыг тухайн үед койны ашгаар худалдан авсан. 150,000,000 төгрөг авсан гэсэн нэхэмжлэгч талын өгсөн бүх тайлбар нь худлаа. Манай гэр бүлд 2021 оны 11 сараас маргаан эхэлж хадам аав 150,000,000 төгрөг нэхсэн. 132,000,000 төгрөг нь 2020-09-03-ны өдөр өгсөн мөнгөний үлдэгдлийг нэхэж байгаа юм. Гэр бүлийн маргаанаас хойш өдөр, шөнөгүй мөнгө нэхэж би 11 сард Б гэдэг хүний байрыг барьцаанд тавьж 40,000,000 төгрөг авч 20,000,000 төгрөгийн З өгч хадгаламж барьцаалсан зээлийг хааж 20,000,000 төгрөгийг өгсөн. 244,093,335 төгрөгийг хадам аавын 4023012999 гэсэн дансанд хийсэн. 2020-06-30-ны өдөр 423020679 дансанд хадгаламж барьцаалсан зээл 25,906,445 төгрөгийг хаасан. Энэ зээлийн данс нь 40,000,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл байсан.  2020-07-08-ны өдөр хадам аавд 30,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Би 150,000,000 төгрөг хоёр удаа авсан талаар маргахгүй. Эхэнд авсан 150,000,000 төгрөгийн үлдэгдэл 79,300,000 төгрөг нь гэр бүлийн дундын маргаантай холбоотой эхнэр З хариуцах учир хүлээн зөвшөөрөхгүй, өөрийн зүгээс хариуцах 70,700,000 төгрөгийг төлсөн. Би худалдаа хөгжлийн банканд ажиллаж байхдаа Г.Б-ийн хадгаламжийн хугацааг сунгах, гүйлгээ хийх зэрэг үйлдлүүдийг хийж өгдөг байсан, энэ нь миний 1972 гэх миний теллер кодод үлдсэн байгаа.  Мөн хадам аав гадуур байнга хүмүүст мөнгө зээлдэг байсан учраас аавынх нь дансанд хэдэн төгрөг байна, хүү нь хэд болох бэ, хугацааны эцэст ямар тооцоо гарах бэ гэх зэргээр асууж би энэ талаар өөрийнх нь данс руу нэвтэрч харж өгдөг байсан. Харилцагч өөрөө биеэрээ байхаас бусад тохиолдолд харилцагчийн данс руу нэвтэрч мэдээллийг харах нь банкны дотоод журмаар хориотой байдаг боловч би итгэдэг, хадам аав учраас энэ бүгдийг хийж өгдөг байсан. Энэ итгэлийг ашиглаж намайг ажлаас халуулсан. Гэр бүлийн баталгаа гаргаж өгч ажилтайгаа үлдэх боломж байсан боловч тухайн үед хүүдээ цаг заваа зарцуулъя, тогтмол орлого олох боломжтой бизнес ч гэсэн байсан учраас өөрөө халагдах өргөдөл өгч ажлаасаа гарсан. 2019 онд гэр бүлээрээ Швед явж амьдрах зорилготой авсан зээлийг архи уухаараа байнга агсам тавьж эсвэл охиноороо дамжуулж нэхдэг байсан. 2020 оны 06 сард УИХ-ын сонгууль болж ах Т нэр дэвшиж сонгуульд хэрэглэнэ гэж А гэдэг хүнээс дэмжлэг болгож мөнгө авсан. Надаас Г.Б мөнгө нэхэж дарамтлаад байсан болохоор уг мөнгийг ахаас гуйж авсан. Хадам аав Г.Б Австрали явна, дансанд мөнгө орж гарсан хуулга хэрэг болох учраас гүйлгээний утга дээр Г.Б гэж хадам аавын нэрийг бичиж хийсэн. Тухайн үед надад мөнгө өгөхдөө гүйлгээний утга дээр яагаад зээл гэж бичиж хийснийг ойлгоогүй байсан одоо энэ талаар ойлгож байна. Хадам аав хүнд мөнгө шилжүүлэхдээ дансны хуулга дээр үргэлж зээл гэж бичиж мөнгө хүүлдэг. Эвлэрэх талаар ярилцах гэж хадам аавтай хоёр удаа уулзаж байраа өгье, хүсээд байгаа мөнгийг чинь өгье, миний хүүтэй намайг уулзуулахгүй байгаа учир хүүгээ өөр дээрээ авах талаар хэлсэн боловч намайг дарамталж зөвшөөрдөггүй. 30,000,000 төгрөгийг ямар аргаар өгсөн талаар санадаггүй, сүүлд ярилцаад сууж байхад чи надад бэлэн өгсөн гэж хэлж байсан. Би гэр бүлдээ хэдэн төгрөг зарцуулж байсан талаар хадам аав сайн мэднэ. 120,000,000 төгрөг болон 30,000,000 төгрөгийн надад зээлсэн гэж байгаа нь би өөрийн мөнгийг авсан, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, 2020-09-03-ны өдрийн 2020/0007/0007/000393/0028 дугаар хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ, 2020-09-03-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, 2020-03-10-ны өдрөөс 2022-03-01-ний өдөр хүртэлх Хаан банкны дансны хуулга, 2021-11-26-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, 2020-07-16, 8-28-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, 2020-06-30-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны орлогын ордерын баримт, 2020-06-01-ний өдрөөс 2022-05-19-ний өдөр хүртэл Худалдаа хөгжлийн банкны зээлийн дансны хуулга, 2020-06-01-ний өдрөөс 2020-06-30-ны өдөр хүртэл Хаан банкны дансны хуулга, 2019-04-01, 2020-03-25-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Е2728958 дугаартай гадаад паспортын хуулбар, 2020-06-30-ны өдрийн Валют арилжааны Грандфин төвийн валют худалдан авах, худалдах маягт, 2023-01-31-ний өдрийн Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн тодорхойлолт, 2020-09-01-ний өдрөөс 2023-03-02-ны өдөр хүртэлх Худалдаа хөгжлийн банкны зээлийн дансны хуулга, зэрэг баримтыг нотлох баримтыг ирүүлсэн.

Хариуцагчаас 2020-10-02-ны өдрөөс 2022-01-03-ны өдөр хүртэлх Хаан банкны дансны хуулга, 2021-11-26-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021-02-18-ны өдрийн Иргэний хэрэг үүсгэх тухай захирамжийн хуулбар,  2020-03-25-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, 2020-06-17, 2020-07-04-ний өдрийн Хаан банкны дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримтыг ирүүлсэн.  

Шүүхээс 2023-09-27-ны өдрийн 22666 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийн хүсэлтээр фэйсбүүк чатанд үзлэг хийж бэхжүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Бийн нэхэмжлэлээс 229,300,000 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 131,775,836 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч Г.Б дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Хариуцагч М.О бизнес хийх зорилгоор 2019-04-01-ний өдөр 150,000,000 төгрөг, 2020-07-16-ны өдөр 30,000,000 төгрөг, 2020-07-28-ны өдөр 120,000,000 төгрөг 2020-09-03-ны өдөр 150,000,000 төгрөгийг тус тус зээлсэн.

2019-04-01-ний өдөр зээлсэн мөнгөнөөс 28,075,000 төгрөг, 2020-09-03-ны өдөр зээлсэн 150,000,000 төгрөгөөс 70,700,000 төгрөгийг тус тус буцаан авсан дээр маргахгүй.

2020-09-03-ны өдөр 150,000,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкнаас хадгаламж барьцаалсан зээлийг авч өгсөн. Үүний хүүнд 9,85,836 төгрөгийг банкинд төлж барагдуулсан тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар шаардаж байна гэжээ. 

3. Хариуцагч М.О нь 2019-04-01-ний өдөр 150,000,000 төгрөгийн зээлийг авч төрсөн ах Т-аас мөнгө зээлж 2020-06-30-ны өдөр 244,093,335 төгрөгийг хадам аавын 423012999 дансанд хийсэн. Би хадам аав Г.Боос авлагатай байсан учир 2020-07-16-ны өдөр 30,000,000 төгрөг, 2020-07-28-ны өдөр 120,000,000 төгрөг надад шилжүүлж өгсөн. Иймд энэ зээл биш тул зөвшөөрөхгүй. 2020-09-03-ны өдөр 150,000,000 төгрөгийг манай гэр бүлд нэхэмжлэгч Г.Б нь дэмжлэг гэж өгсөн, гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан тул өөрт ногдох хэсэг болох 70,700,000 төгрөгийг төлж биелүүлсэн. Гэр бүлийн хэрэгцээнд зарцуулсан учир үлдэх 79,300,000 төгрөгийг З хариуцах ёстой гэж маргасан. Мөн 30,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн. 2020-06-11-ний өдөр авсан хадгаламж барьцаалж авсан зээлд 25,892,547 төгрөгийг төлж хаасан. Хадгаламж барьцаалж авсан зээлийн хүүнд төлсөн 9,850,836 төгрөгийг би хариуцах үндэслэлгүй гэж маргаж, нэхэмжлэлийн шаардлагаас 4,300,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн.  

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар: 

1.1. 2019-04-01-ний өдрийн зээлийн хувьд: Нэхэмжлэгч Г.Боос өөрийн ХХБ-ны ...... данснаас 2019-04-01-ний өдөр 150,000,000 төгрөг хариуцагч М.О-ын .... дансанд шилжүүлж зээлдүүлсэн, хариуцагч М.О зээлж авсан дээр маргаагүй. 

Хариуцагч М.О-с 2019-04-01-ний өдөр авсан зээлийн төлбөрт 2020-03-25-ны өдөр 22,500,000 төгрөг, 2020-06-17-ны өдөр 3,700,000 төгрөг, 2020-07-04-ний өдөр 1,875,000 төгрөг, нийт 28,075,000 төгрөгийг буцаан төлсөн гэх үйл баримт дээр зохигч маргаагүй. /1хх-ийн 116-118, 2 хх-ийн 23-25 тал/ 

1.2. Нэхэмжлэгч Г.Боос 2020-07-16-ны өдөр 30,000,000 төгрөг, 2020-08-28-ны өдөр 120,000,000 төгрөг тус тус шилжүүлж, нийт 150,000,000 төгрөгийг зээлсэн, хариуцагч М.О 150,000,000 төгрөгийг энэ цаг хугацаанд өөрийн дансанд мөнгө шилжиж орсон гэх үйл баримт дээр маргаагүй. /1 хх-ийн 57-58/

Хариуцагч М.О-оос нэхэмжлэгчээс 2019-04-01-ний өдөр зээлсэн 150,000,000 төгрөгийн зээлээ төлөхийг шаардаж байсан учир 2020-06-30-ны өдөр нэхэмжлэгч Г.Бийн Худалдаа хөгжлийн банкны ...... дансанд 244,093,335 төгрөгийг тушааж бүрэн төлж барагдуулсан. 2020-06-30-ны өдөр 25,906,664 төгрөгийн ХХБ-ны ...... тоот  дансанд мөнгийг тушаасан. /1 хх-ийн 96-98, 129 тал/

Хариуцагч М.О нь 2020-06-30-ны өдөр 106,000 ам долларыг валют арилжааны Грандфин төвд солиулсан /хх-ийн 173 тал/

1.3. Нэхэмжлэгч Г.Б 2020-09-03-ны өдөр ХХБанкнаас 150,000,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээл авч, хариуцагч М.О зээлдүүлсэн, 2020-10-03-ны өдөр 4,000,000 төгрөг, 2020-11-03-ны өдөр 4,000,000 төгрөг, 2020-12-02-ны өдөр 4,000,000 төгрөг, 2021-01-03-ны өдөр 4,000,000 төгрөг, 2021-02-03-ны өдөр 4,000,000 төгрөг, 2021-03-03-ны өдөр 4,000,000 төгрөг, 2021-04-03-ны өдөр 4,000,000 төгрөг, 2021-05-03-ны өдөр 2,500,000 төгрөг, 2021-06-02-ны өдөр 2,500,000 төгрөг, 2021-07-03-ны өдөр 2,500,000 төгрөг, 2021-08-03-ны өдөр 2,700,000 төгрөг, 2021-09-03-ны өдөр 2,500,000 төгрөг, 2021-10-03-ны өдөр 2,500,000 төгрөг, 2021-11-03-ны өдөр 2,500,000 төгрөг, 2021-11-26-ны өдөр 20,000,000 төгрөг, 2021-12-03-ны өдөр 2,500,000 төгрөг 2022-01-03-ны өдөр 2,500,000 төгрөг, нийт 70,700,000 төгрөгийг буцаан төлсөн дээр мөн зохигч маргаагүй. /1 хх-ийн 5-6, 7-24 тал, 35-51 тал/

5. Зохигч нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн  281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар хүү тооцсон зээлийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд бичгээр байгуулаагүй тохиолдолд хүү шаардах эрхээ алдана.

6. Хариуцагч М.О нэхэмжлэгч Г.Боос 2019-04-01-ний өдөр зээлсэн 150,000,000 төгрөгийг 2020-06-30-ны өдөр өөрийн төрсөн ах М.Т-аас 106,000 ам долларыг зээлж валют арилжааны Грандфин төвд солиулж, Г.Бийн Худалдаа хөгжлийн банкны ......дансанд 244,093,335 төгрөг, 2020-06-30-ны өдөр түүний зээлийн үлдэгдэл 25,906,664 төгрөгийг ХХБанкны ...... тоот дансанд тус тус тушааж зээлийг бүрэн төлж барагдуулсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. /1 хх-ийн 96-98, 129, 173 тал/

Нэхэмжлэгч Г.Боос хариуцагчийн тайлбарыг няцаагаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1 дэх хэсэгт заанаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно. 

Иймд нэхэмжлэгч Г.Бийн 2019-04-01-ний өдрийн зээл 121,925,000 төгрөг, нэхэмжлэгч Г.Б нь 2020-09-03-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас авсан зээлийн хүүнд төлсөн 9,850,836 төгрөгийг зээлийн гэрээний үүргийг биелүүлж төлсөн. Банкинд төлсөн зээлийн хүү 9,850,836 төгрөгийг хариуцагч М.О-оос Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлж шаардлагыг гаргасан. Банкинд зээлийн гэрээний үүргийг биелүүлж төлсөн зээлийн хүүг хариуцагч М.О-ыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх  үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлээс 131,775,836 төгрөгт холбогдох хэсгийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

7. Хариуцагч М.О 2020-07-16-ны өдөр 30,000,000 төгрөг, 2020-08-28-ны өдөр 120,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн мөнгө миний авах ёстой авлага байсан, 2020-09-03-ны өдөр зээлсэн 150,000,000 төгрөгийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуул гэж өгсөн, 70,700,000 төгрөгийг би төлж биелүүлсэн тул үлдэх хэсгийг Б.З хариуцах ёстой гэж тайлбарлаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38.1, 107.3 дахь хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул 150,000,000 төгрөг, 79,300,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс иргэний эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлсэнтэй холбогдуулан зохигч төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгоно.

Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тохиолдолд хангасан хэсэгт холбогдох хураамжийг зохих хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.О-оос 229,300,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 131,775,836 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,230,975 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч М.О-оос 1,304,450 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч Г.Б-д олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.БОЛОРМАА