Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00117

 

 

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2024/00117

 

 

А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2023/04488 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б-т холбогдох,

361,275,836 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галбадрах, хариуцагч Б-, хариуцагчийн өмгөөлөгч Г.Наранцэцэг, Э.Нарангарав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

А- нь Б-т 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 150,000,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 30,000,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 120,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 150,000,000 төгрөг, нийт 450,000,000 төгрөг зээлдүүлсэн.

Б- нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зээлсэн 150,000,000 төгрөгөөс 28,075,000 төгрөгийг, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зээлсэн 150,000,000 төгрөгөөс 70,500,000 төгрөгийг тус тус буцаан төлсөн.

А- нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Худалдаа хөгжлийн банкнаас хадгаламж барьцаалан 150,000,000 төгрөгийн зээл авч, Б-т өгсөн. Уг зээлийн хүүд А- нь 9,850,836 төгрөгийг банкинд төлсөн тул учирсан хохиролд тооцон хариуцагчаас гаргуулна.

Иймд хариуцагчаас нийт 361,275,836 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

Б- нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Швед Улсад ресторан ажиллуулахаар хадам эцэг А-оос 150,000,000 төгрөгийг жилийн 15 хувийн хүүтэйгээр зээлж авсан ба хүүг нь тухай бүр төлсөн. Б- нь төрсөн ах Т-аас 106,000 ам.доллар авч уг 150,000,0000 төгрөгийн зээлийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төлж барагдуулсан.

А- нь “Австрали улс руу виз мэдүүлэхэд өндөр үнийн дүнтэй гүйлгээ шаардлагатай байгаа тул орлого гэж миний данс руу хийгээрэй” гэсний дагуу гүйлгээний утгыг орлого, гүйлгээ хийсэн гэдэгт А-ийн нэрийг бичсэн бөгөөд мөн өдөр түүнд 150,000,000 төгрөгийг зээлдүүлсэн. Ингэхдээ А-ийн Худалдаа хөгжлийн банкны 423012** тоот дансанд 244,093,335 төгрөгийг, 423020*** тоот дансанд 25,906,664 төгрөгийг шилжүүлж, 30,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн.

А- нь Б-оос зээлсэн 150,000,000 төгрөгийн зээлийг буцаан төлөхдөө 30,000,000 төгрөг, 120,000,000 төгрөгөөр шилжүүлсэн бөгөөд гүйлгээний утгыг “зээл” гэж бичсэн. Иймд 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 30,000,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 120,000,000 төгрөг зээлсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

Мөн А- нь 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 150,000,000 төгрөгийг гэр бүлийн амжиргаагаа дээшлүүл гэж хүүгүй зээлсэн. Б- нь 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд 17 удаагийн гүйлгээгээр 70,700,000 төгрөгийг түүнд буцаан төлсөн. Б- нь А-ийн охин З-тай гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Уг мөнгөн хөрөнгийг гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулсан тул гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргааныг шийдвэрлэж буй Б-ын нэхэмжлэлтэй З-т холбогдох иргэний хэргийг шийдвэрлэхэд уг маргааныг хамт шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Түүнчлэн хохирол 9,850,836 төгрөгийг зөвшөөрөхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б-оос 229,300,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 131,775,836 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,230,975 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б-оос 1,304,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-ид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч талаас нэхэмжлэгчээс хариуцагчийн данс руу мөнгө шилжүүлсэн үйл баримтад маргадаггүй. Харин эгүүлэн төлсөн үйл баримтад маргадаг боловч тэр талаарх нотлох баримтаа бүрдүүлж чадаагүй. Гэтэл анхан шатны шүүгч хариуцагч талаас гаргаж өгсөн ам.доллар солиулсан талаарх валют арилжааны газрын баримтад үндэслэн 2019 оны 04 дүгээр сард зээлүүлсэн зээлийн төлбөрийг төлсөн гэж үзсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн. Хэргийн 96, 129 дүгээр хуудсанд авагдсан банкинд мөнгө тушаасан баримтад Б-оос гэсэн үг, үсэг, өгүүлбэр ч байхгүй. Өөрийнхөө мөнгийг нэхэмжлэгчийн дансанд хийсэн бол “зээл хаав”, эсхүл “2019.04 дүгээр сарын зээл” гэж бичих байсан, тэр тусмаа банкинд ажилладаг хүн үүнийг хамгийн сайн мэдэх ёстой.

Түүнчлэн нэхэмжлэгч талаас дээр дурдсан үйл баримтыг шүүх хуралдаан дээр удаа дараа няцааж тайлбарласан байх атал шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч талаас няцаагаагүй гэж бичжээ. Шүүгч зөвхөн нэг талын тайлбарт үндэслэн нэхэмжлэгчийг тухайн нотлох баримт, хариуцагчийн тайлбарт маргаагүй мэтээр бичсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагч нь эхний зээлээ төлсөн мөнгөний эх үүсвэрээ нотлох зорилгоор хэргийн 173, 174 дүгээр хуудсанд авагдсан Худалдаа хөгжлийн банкаар дамжуулан Шведийн Сүшиний ресторанаас орж ирсэн орлогыг хүлээн авсан тухай тодорхойлолт, тухайн мөнгөө валют арилжааны газраар солиулан зээлээ төлсөн гэх агуулгыг илэрхийлж шүүхэд баримт өгсөн байдаг. Энэ талаар хариуцагчийн ах Т-а 2 удаа гэрчээр мэдүүлэг өгөхдөө зөрүүтэй мэдүүлсэн. Нэхэмжлэгч өөрийнхөө хадгаламжийг барьцаалан зээл авч өгсөн нь хариуцагчийн ярьж, хэлж буй тайлбар үндэслэлгүй гэдгийг нотолж байгаа болно.

Иймд хариуцагчийн тайлбар болон шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаж буй үндэслэл нь бодит үнэнд нийцээгүй тул 2019 оны 04 дүгээр сард зээлсэн зээлийн үлдэгдлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.

4.2. Хариуцагч Б- нь 2020 оны 09 дүгээр сард нэхэмжлэгчээс гэр бүлийн эдийн засгаа сайжруулах зорилгоор автомашин оруулж ирэн зарах гэж байгаа гэж тайлбарлан 150,000,000 төгрөгийг зээлсэн байдаг ба зээлийн хүүг сарын 2.67 хувиар, зээлийн хугацааг 2 cap гэж тохирсон байдаг. Гэвч яг зээл авах үед 6 сарын хугацаатай зээлэхээр болж эхний ээлжинд cap бүр 4,000,000 төгрөгийг хүүд төлж байгаад хугацаа дуусах үед зээлийг бүрэн хаахаар тохирсон. Гэвч хариуцагч нь зээлийг хаах үед зээлийг бүрэн төлж дуусгах боломжгүйгээ хэлсэн байдаг тул арга буюу нэхэмжлэгч өөрийн мөнгөөр төлж хаасан.

Анх хариуцагч нь cap бүр төлж буй 4,000,000 төгрөгийг зээлийн хүүд төлөхөөр тохирсон ч уг маргаан шүүхэд шилжих үед зээлийн хүү бус үндсэн зээлийн төлөлт гэж маргадаг. Нэгэнт хариуцагч зээлийн хүүд төлсөн мөнгөө үндсэн зээлийн төлөлт гэж маргаж байх тул банкны зээлийн хүүд хариуцагчийн өмнөөс төлсөн 9,850,836 төгрөгийг хариуцагч төлөх ёстой. Иймд зээлийн хүүд төлсөн мөнгийг гаргуулж өгнө үү.

 

5. Хариуцагчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар тооцооллын хувьд бодит байдлаас алдаатай дүгнэж 229,300,000 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагч нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 150,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 150,000,000 төгрөг тус тус авсан гэж маргасан.

2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 150,000,000 төгрөгийн зээлээс 28,075,000 төгрөгийг буцаан төлсөн, зээлсэн мөнгөө удаа дараа нэхсэн тул өөрийн төрсөн ахаас мөнгө зээлж 150,000,000 төгрөгийн зээлийг төлөхдөө А-ийн Худалдаа хөгжлийн банкны 4230012999 дансанд 244,093,335 төгрөг, 423020*** дүгээр дансанд хадгаламж барьцаалсан зээлийг хааж 25,906,664 төгрөг хийснээр А-ид илүү төлөлттэй болсон.

А- нь илүү авсан мөнгөө 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 30,000,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 120,000,000 төгрөгийг эргүүлэн Б-т өгснөөр эхний авсан зээл, өгсөн мөнгөний тооцоо дуусгавар болсон.

Иймд хариуцагчаас 269,999,999 төгрөг шилжүүлсэн ба зээлүүлсэн гэх 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 30,000,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 120,000,000 төгрөг нь Б-т эргүүлэн өгч байгаа мөнгө ба А-оос авсан зээл биш юм. Харин 30,000,000 төгрөг нь баримтгүй болоод байна.

5.2. 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 150,000,000 төгрөгийн тухайд А-ийн зүгээс гэр бүлийн бизнес хийх, дэмжлэг гэх үүднээс тухайн мөнгийг өгч боломжтой байвал эргүүлэн төлөөрэй гэсэн ба 70,700,000 төгрөгийг төлсөн үйл баримтад талууд маргаагүй.

Б-ын зүгээс нэхэмжлэгчийн төрсөн охинд хамаатуулан гэр бүл цуцлуулах, өөрийн төрсөн хүүг асрамжинд авах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасны дараа энэ бүх нэхэмжлэлийг гаргасан.

А-ид өгөх ёстой гэвэл 150,000,000 төгрөгөөс 79,300,000 төгрөг төлөх дутуу байгаа ба уг мөнгө нь тухайн гэр бүлийн бусдад төлөх өр тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах байдлаар давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Валют арилжааны газрын баримтыг үндэслэсэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Хариуцагч Б- нь 244,000,000 болон 25,000,000 төгрөгийг төлсөн ба гүйлгээний утга дээр А- гэж бичсэн боловч Б- төлсөн гэдэг талаар хэн аль нь маргадаггүй. Тиймээс Б- дээрх мөнгийг төлөөгүй гэх гомдол нь үндэслэлгүй. Үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх 9,850,836 төгрөгийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: 2020 оны 07 болон 08 дугаар сарын зээл буюу 120,000,000 төгрөг, 30,000,000 төгрөгийн зээлийг хариуцагч тал авсан гэдэг нь баримтаар нотлогдсон.

Мөнгө тушаасан гээд байгаа Худалдаа хөгжлийн банкны баримтан дээр Б-ын гарын үсэг байхгүй А- гэж бичсэн байдаг. Учир нь тухайн мөнгө А-ийн мөнгө байсан ба Б- нь авч банкинд хийсэн тул А- гэж бичсэн. Хэрэв тухайн мөнгө Б-ынх, Б- нь өөрөө зээлээ хаасан бол өөрийн нэр, эсхүл “зээл хаалаа” гэж гүйлгээний утгаа бичих ёстой байсан. Гэтэл өнөөдөр А-ийн мөнгийг банкинд хийчихээд би өөрөө төлсөн гэх нь үндэслэлгүй.  

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн зохигчийн гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч талын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 351,425,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 9,850,836 төгрөг, нийт 361,275,836 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэрэгт авагдсан дансны хуулга, зохигчийн тайлбараар нэхэмжлэгчээс хариуцагчид 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 150,000,000 төгрөг, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 30,000,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 120,000,000 төгрөг, 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 150,000,000 төгрөг, нийт 450,000,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

 

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн боловч зээлийн эргэн төлөлтийг дутуу тооцсоныг давж заалдах заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэв.

 

4.1. Хэрэгт авагдсан бэлэн мөнгө тушаасан болон валют худалдан авсан баримт, гэрч Т-ын мэдүүлэгт үндэслэн Б- нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр өөрийн төрсөн ах Т-аас 106,000 ам.долларыг зээлж валют арилжааны “Грандфин” төвд солиулж, улмаар А-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь 423012** тоот дансанд 244,093,335 төгрөг, 423020*** тоот дансанд 25,906,664 төгрөгийг тус тус тушааж А-оос 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр авсан 150,000,000 төгрөгийн зээлийг төлж барагдуулсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцжээ. /1 хх 96-98, 129, 173/

Харин энэхүү 269,999,999 төгрөгийн төлөлтөөс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн зээл 150,000,000 төгрөгийг хасч тооцоход 119,999,999 төгрөг үлдэж байгааг анхан шатны шүүх талуудын хоорондын мөнгөн төлбөрийн үүргээс хасч тооцоогүйг залруулж, энэ хэмжээгээр хариуцагч зээлийн төлбөрийг төлсөн гэж дүгнэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр мөнгө тушаахдаа Б- нь зээл төлсөн болон өөрийн нэрийн утгаар гүйлгээг хийгээгүй гэж гомдол гаргаж байх боловч бэлэн мөнгөний гүйлгээг А-ийн нэр дээр хийсэн нь хариуцагчийн дээрх 269,999,999 төгрөгийг тушаасан үйл баримтыг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй. Мөн хариуцагчийн мэтгэлцээний байр суурийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч няцаагаагүй гэх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй.

 

4.2. 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгчээс хүлээн авсан 150,000,000 төгрөгийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуул гэж өгсөн, 70,700,000 төгрөгийг төлсөн тул үлдэх хэсгийг нэхэмжлэгчийн охин З- хариуцах ёстой гэж хариуцагч маргасан.

Зээлийн гэрээний харилцаа нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн, З- зээлийг хамтран хариуцах талаар баримт хэрэгт авагдаагүй тул уг зээлээс төлөгдөөгүй үлдсэн 79,300,000 төгрөгийг төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Үүнд холбогдох хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

4.3. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс хүлээн авсан 450,000,000 төгрөгийн зээлийн төлбөрөөс төлсөн 340,699,999 /70,700,000+269,999,999/ төгрөгийг хасч, үлдэх 109,300,001 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт шийдвэрт оруулж, хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй.

 

5. Зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө хөрөнгө шилжүүлэхдээ хөрөнгийн эх үүсвэрээ өөрөө хариуцах тул 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр зээлдүүлсэн 150,000,000 төгрөгийг банкны хадгаламж барьцаалсан зээлээр авч өгсөн, үүний хүүг хариуцагчийн өмнөөс төлсөн үндэслэлээр 9,850,836 төгрөг гаргуулах шаардсаныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

Иймд нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, харин шийдвэрт гэрээний үүргийн зөрчлийн улмаас учирсан хохирлыг шаардах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг баримтлаагүйг залруулж хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

 

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2023/04488 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “281.1” гэсний дараа “219 дүгээр зүйлийн 219.1” гэж нэмж, “229,300,000” гэснийг “109,300,001” гэж, “131,775,836” гэснийг “251,975,835” гэж тус тус өөрчилж,

2 дахь заалтын “1,304,450” гэснийг “704,450” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 817,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,304,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.НЯМБАЗАР

 

                                  ШҮҮГЧИД                                    Ч.ЦЭНД

 

                                                                                     Т.БАДРАХ