Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 1628

 

 

 

 

 

 

 

 

 

“Х Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/01308 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Х Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.М, Б.Л нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 22 958 758 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Батсайхан, Б.Энхмандах,

Хариуцагч: О.М, Б.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:Б.Соёлмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч О.М, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Л нар нь 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Х Б” ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээлийн гэрээний дагуу 28 700 000 төгрөгийг жилийн 20,25 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай, хашаа байшин амины сууц худалдан авах зориулалтаар авсан.

Зээлийн барьцаанд Чингэлтэй дүүрэг, 14-р хороо, .... гудамжны 300 тоот хаягтай, Ү-2202019255 улсын бүртгэлийн дугаартай, 126 м.кв талбайтай хувийн орон сууц, Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, .... гудамжны 300 тоот хаягтай, Г-2202011603 улсын бүртгэлийн дугаартай, 659 м.кв талбайтай, 18642315742355 нэгж талбарын дугаартай, өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалуулсан.

Зээлдэгч О.М, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Л нар нь зээлийн гэрээний 3.2.2-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх ёстой төлбөрийг төлөлгүй, 175 хоног хугацаа хэтрүүлсэн.

Зээлдэгч О.М, Б.Л нарт банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар идэвх санаачлага гаргалгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй, төлбөр хийх боломжгүй байна гэх зэрэг тайлбар өгч байсан.

Иймд зээлийн гэрээний 5.1.1-д заасныг үндэслэн банкны санаачилгаар 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөр гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг төлөхийг шаардаж үндсэн зээлийн төлбөр 21 004 232 төгрөг, зээлийн хүү 1 944 265 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 261 төгрөг, нийт 22 958 758 төгрөгийг зээлдэгч О.М, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Л нараас гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч О.М болон Б.Л нар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн үлдэгдэл 9 901 614 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх шаардлагыг зөвшөөрөхгүй.

О.М би 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Х Б” ХХК-аас хашаа байшин худалдан авах зорилгоор 28 700 000 төгрөгийн зээл авсан. 2016 оноос улс орны эдийн засгийн байдал, иргэдийн худалдан авах чадвар, барилгын салбарын уналт зэргээс хамааран миний тогтмол орлого эрс багассан бөгөөд зээлээ цаг хугацаанд төлж чадахгүй хугацаа хэтрэх асуудлууд тулгарсан.

 “Х Б” ХХК-аас авсан зээлийг миний бие нь зээлийн гэрээнд заасан хугацаанд нь төлж чадахгүй ч боломжит хамгийн дээд хэмжээгээр төлсөөр ирсэн. Төлөлт бүрийг зээлийн хүүд тооцон, үндсэн зээлээс хасагдаагүй.

Иймд 2017 оны 09 дугаар сарын 06-ны өдрөөс хойшх зээлдэгч миний төлсөн 13 057 144 төгрөгийг нэхэмжлэгч талын нэхэмжилсэн дүнгээс хасаж, үлдэгдэл 9 901 614 төгрөгийг “Х Б” ХХК-тай байгуулсан гэрээний хугацаа буюу 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд тогтмол орлогогүй байгаа учир улирал тутамд 500 000 төгрөгийг төлөх хүсэлтэй байна.

Мөн зээлийн барьцаа болох үл хөдлөх хөрөнгө болон газар нь миний нэр дээр буюу нэг хүний өмчлөлийнх учир хамтран хариуцагч Б.Лг хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.М, Б.Л нараас 19 304 486 /хувь тэнцүүлэн/ төгрөгийг гаргуулж, “Х Б” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3 654 271 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.М, Б.Л нар зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Г-2202011603 дугаарт бүртгэгдсэн О.Мийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, .... гудамжны 300 тоот хаягт байршилтай 659 м.кв газар, Ү-2202019255 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо .... гудамж, 300 тоот хаягт байршилтай 126 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Х Б ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 342 944 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч О.М, Б.Л нараас 324 672 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж, нэхэмжлэгч “Х Б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт гомдлыг гаргаж байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлнө гэх нөхцөлийг харилцан тохиролцож, талууд гэрээнд гарын үсэг зурсан.

Гэтэл анхан шатны шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар гаргаж өгсөн О.Мийн дансны гүйлгээ гэх баримтыг үндэслэн 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 3 000 000 төгрөгийг үндсэн үүргээс хасахгүй, зөвхөн хүүд тооцож байсан нь Иргэний хуулийг зөрчсөн гэж 3 000 000 төгрөгийг үндсэн үүрэгт оруулан хасч, нэхэмжлэлийн шаардлагаас 3 654 271 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Талууд гэрээгээр харилцан тохиролцсон үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлнө гэж заасны дагуу О.Мийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 3 000 000 төгрөгийн төлөлтийг зээлийн хүүд суутган тооцсон нь үндэслэлтэй бөгөөд шүүхээс зээлийн хүүд тооцсоныг Иргэний хууль зөрчсөн гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарласан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Х Б” ХХК нь хариуцагч О.М, Б.Л нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох 22 958 758 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч О.М, Б.Л нар нэхэмжлэлээс 9 901 614 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч бусад шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч “Х Б” ХХК, хариуцагч О.М, Б.Л нар нь 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр “Х Б” ХХК-аас О.М, Б.Л нар 28 700 000 төгрөгийг жилийн 20.25 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатайгаар зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр барьцааны гэрээ байгуулан улсын бүртгэлийн Г-2202011603 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, 14 дүгээр хороо, .... гудамжны 300 тоот хаягт байршилтай 659 м.кв газар, Ү-2202019255 дугаарт бүртгэгдсэн дээрх хаягт байршилтай 126 м.кв талбай бүхий хувийн сууцыг тус тус барьцаалсан болохыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх 10-26/

 

Анхан шатны шүүх зээлийн болон барьцааны гэрээний маргааны үйл баримтад Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, гэрээний дагуу зээлдэгчийн хүлээх үндсэн үүргийн эрх зүйн үндэслэлийг зөв тодорхойлж, хүчин төгөлдөр гэрээ гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

 

Зээлийн гэрээнд О.М, Б.Л нар нь хамтран үүрэг хүлээхээр гарын үсэг зурж, хамтран зээлийн төлбөрийг төлж байсан учир тэдгээрийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

 

Хариуцагч О.М, Б.Л нар нь зээлийн төлбөрийг дээрх гэрээний 1.8-д зааснаар эргэн төлөх үүрэг хүлээсэн байх боловч 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн уг үүргээ зөрчиж эхэлсэн байна. Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлэх талаар шаардах хуудас хүргүүлж байсан тухай талууд маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч нь гэрээний 5.1.9-д зааснаар хариуцагч нар гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн гэх үндэслэлээр 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэрээг цуцалж, зээлийн төлбөрт үндсэн зээл 21 004 232 төгрөг, зээлийн хүү 1 944 265 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10 261 төгрөг нийт 22 958 758 төгрөг гэж тооцон шаардлага гаргажээ.

 

О.М, Б.Л нар 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 3 000 000 төгрөг төлсөн ба уг төлбөрийг нэхэмжлэгч “Х Б” ХХК нь зээлийн гэрээний хүүд тооцож авсныг анхан шатны шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь буруу болжээ.

 

Учир нь талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дуусах, нэхэмжлэгч нь 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэрээг цуцалж шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар нь зээлийн гэрээг цуцлахаас өмнө төлөлт хийсэн, түүнчлэн зээлийн гэрээний 4.2-д зээлийн төлбөрийн нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үндсэн төлбөр гэсэн дарааллаар төлнө гэж тусгайлан заажээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 182/ШШ2019/01308 дугаар шийдвэрийн

1 дэх заалтын “19 304 486 төгрөгийг гаргуулж, “Х Б” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3 654 271 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “22 958 758 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч “Х Б” ХХК-д олгосугай” гэж өөрчилж,

3 дахь заалтын “324 672” гэснийг “342 944” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73 419 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Н.БАТЗОРИГ

 

                              ШҮҮГЧИД                                        Т.ТУЯА

 

                                                                                       Э.ЗОЛЗАЯА