Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 01308

 

 

 

 

           Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Цэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Хас банкны төв байранд байрлах, “Х банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ... оршин суух О.М,

           Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, ... оршин суух Б.Л нарт холбогдох

           Зээлийн гэрээний үүрэгт 22 958 758 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагч О.М, Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З нар оролцов. 

            ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч “Х банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Зээлдэгч О.М, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Л нар нь 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр банктай 17...1 дугаар зээлийн гэрээ, 17...91 дугаар барьцааны гэрээг тус тус байгуулж, 28.700.000 төгрөгийн зээлийг жилийн 20.25 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай, хашаа байшин амины сууц худалдан авах зориулалтаар авсан. Зээлийн барьцаанд Чингэлтэй дүүрэг, ..... тоот хаягтай, Ү-220......55 улсын бүртгэлийн дугаартай, 126 м.кв талбайтай хувийн орон сууц, Чингэлтэй дүүрэг, .....тоот хаягтай, Г-22....03 улсын бүртгэлийн дугаартай, 659 м.кв талбайтай, 186......355 нэгж талбарын дугаартай, өмчлөх эрхтэй газрыг тус тус барьцаалуулсан.

            Зээлдэгч О.М, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Л нар нь зээлийн гэрээний гол нөхцөл болох 3.2.2-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн болон түүнээс хойшхи хугацааны зээлийн төлбөрөө огт төлөөгүй, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх ёстой төлбөрийг төлөлгүй, 175 хоног хугацаа хэтрүүлж байна. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч О.М, Б.Л нарт банкны зүгээс гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлэх талаар идэвхи санаачлага гаргалгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй, төлбөр хийх боломжгүй байна гэх зэрэг тайлбар өгч зээл төлөхгүй байх хандлага гаргасаар байна. Иймд 17....1 дугаар зээлийн гэрээний 5.1.1-д заасныг үндэслэн банкны санаачилгаар 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөр гэрээг цуцалж, зээлийн нийт төлбөрийг төлөхийг шаардаж байна. 17......91 дугаар гэрээний дагуу төлбөл зээлийн төлбөр нь үндсэн төлбөр 21.004.232 төгрөг, зээлийн хүү 1.944.265 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10.261.төгрөг, нийт 22.958.758  төгрөг болж байна. Иймд зээлийн гэрээний 5.1-д заасны дагуу зээлийн нийт төлбөр болох 22.958.758 төгрөгийг зээлдэгч О.М, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Л нараас гаргуулах, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаат зээлийн гэрээний дагуу барьцаалуулсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

         Хариуцагч О.М болон Б.Л нар хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн үлдэгдэл 9.901.614 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх шаардлагыг зөвшөөрөхгүй байна. О.М миний бие нь 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Хас банкнаас хашаа байшин худалдан авах зорилгоор 28.700.000 төгрөгийн зээл авсан болно. 2016 оноос улс орны эдийн засгийн байдал, иргэдийн худалдан авах чадвар, барилгын салбарын уналт зэргээс хамааран миний тогтмол орлого эрс багассан бөгөөд зээлээ цаг хугацаанд төлж чадахгүй хугацаа хэтрэх асуудлууд тулгарсан болно. Х банкнаас авсан зээлийг миний бие нь зээлийн гэрээнд заасан хугацаанд нь төлж чадахгүй ч орлого олох бүрдээ боломжит хамгийн дээд хэмжээгээр төлсөөр ирсэн ба төлөлт бүрийг зээлийн хүүд тооцон, үндсэн зээлээс дорвитой хасагдахгүй байсаар өдийг хүрлээ. Тодруулбал 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд авсан зээлийн дүнтэй харьцуулбал 114.2 хувь буюу 32 778 844 төгрөгийг төлсөн боловч үндсэн зээлээс 7.695.768 төгрөг буюу 23.4 хувийг хорогдуулж тооцон хүүд 25.083.076 төгрөг буюу нийт төлсөн дүнгийн 76.6 хувийг тооцсон нь зээлдэгч миний хувьд харамсалтай байна.

         Сангийн сайд болон Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан журам болон Х банкны журамд зааснаар зээлийн төлөлт хийгдээгүй удаан хугацаанд хугацаа хэтрэлттэй зээлийн хүүг зогсоох, зээлдэгчийн төлөлтийг хүүнд суутгалгүйгээр үндсэн зээлээс хорогдуулах боломжтой байсаар байтал хүүнд суутгасаар өдийг хүрсэн болно. Мөн тус банкны салбарын захирал, зээлийн эдийн засагч нарт “хөнгөлөлт боломж олгох” аман хүсэлтийг удаа дараа гаргаж байсан боловч, дээрх боломжийг надад олгоогүйд гомдолтой байна. Иймд 2017 оны 09 дугаар сарын 06-ны өдрөөс хойшхи зээлдэгч миний төлсөн 13 057 144 төгрөгийг нэхэмжлэгч талын нэхэмжилсэн дүнгээс хасуулах хүсэлтэй байна.

           Үлдэгдэл 9.901.614 төгрөгийг Х банктай гэрээ хийсэн хугацаа буюу 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл улирал тутамд 500.000 төгрөгийг сарын тогтмол орлогогүй байгаа учир улирал тутамд төлсөөр дуусгах хүсэлтэй байна. Зээлийн барьцаа болох  үл хөдлөх хөрөнгө болон газар нь миний нэр дээр буюу нэг хүний өмчлөлийнх болно. Хамтран хариуцагч Б.Л-г хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

                                    ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч “Х банк” ХХК нь хариуцагч О.М, Б.Л нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг болох 22.958.758 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

           Хариуцагч О.М, Б.Л нар нь “Х банк” ХХК-тай байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээгээр 28.700.000 төгрөгийг жилийн 20.25 хувийн хүүтэй 10 жил буюу 120 сарын хугацаатайгаар зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Эрхийн улсын бүртгэлийн Г-220.....03  дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, ...... тоот хаягт байршилтай 659 м.кв газар, Ү-220......55 дугаарт бүртгэгдсэн дээрх хаягт байршилтай 126 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус барьцаалсан болох нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 10-26 тал/

        Талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1-д заасан хуулийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байна. /х.х-ийн 15-21 тал/

       Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банкнаас зээл олгох гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

       Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх бөгөөд зээлийн гэрээний 1.8-т зээлдэгч нь зээлийн төлбөрийг /гэрээний хавсралт №1/ хуваарийн дагуу төлөх үүрэг хүлээжээ. /х.х-ийн 18-19 тал/

       Зээлийн гэрээ хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул зээлдэгч хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй.

    “Х банк” ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн А1/7..9 дүгээр тушаалаар “2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс өмнө орон сууц худалдан авах зориулалтаар олгосон зээлийн хүүгийн дээд хязгаарыг жилийн 18 хувь байхаар тогтоосоны дагуу талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээгээр тохиролцсон хүүгийн хэмжээ жилийн 18 хувь байхаар өөрчлөгдөн, зээлийн эргэн төлөлтийн хуваарь өөрчлөгдсөн болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 58-61 тал/

        Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын эс зөвшөөрч, 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш төлсөн 13.057.144 төгрөгийг нэхэмжлэлийн үнийн дүнгээс хасч тооцуулах, үлдэх төлбөр 9.901.614 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаагаар төлж барагдуулах, хамтран хариуцагч Б.Л-г зээлийн хариуцлагаас чөлөөлүүлнэ” гэх тайлбарыг гарган маргаж байгаа боловч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар татгалзлаа нотлох холбогдох нотлох баримтуудыг шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

        Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-т “үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заасан. Мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, эсхүл үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй бол тэдгээрийн үүрэг тэнцүү байна” гэж заажээ.

       Зээлийн гэрээнд хариуцагч О.М, Б.Л нар хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож гарын үсэг зурсан, зээлдүүлэгч нь зээлдэгч нарт  гэрээний зүйл болох мөнгийг, шилжүүлсэн ба хариуцагч нар зээлийн төлбөр төлж байсан байх тул тэднийг хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.

        Хариуцагч нар зээлийн төлбөрийг тогтмол төлөх үүргээ тасалдуулсан, нэхэмжлэгч үүргээ гүйцэтгэх талаар сануулж, хугацаа өгч байсан нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3., 225 дугаар зүйлийн 225.1.-д зааснаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл бүрдсэн гэж үзэхээр байна. /х.х-ийн 27-29 тал/

Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дуусах боловч, хариуцагч О.М, Б.Л нар гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа удаа зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэгч “Х банк” ХХК өөрийн санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцалж, гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байгаа нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2, 225 дугаар зүйлийн 225.1, гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.9 дэх заалттай нийцжээ. 

            Зээлийг буцаан төлөх зээлдэгчийн боломж муудсан тохиолдолд зээлдүүлэгч цаг алдалгүй гэрээг хугацаанаас өмнө цуцлах арга хэмжээ авах нь зээлдэгч болон өөрт учрах хохирлыг багасгана гэж үзэхээр байна.

        Хариуцагч нар нэхэмжлэлийг бүхэлд нь татгалзаж байгаа нь үндэслэлгүй, зээлийн төлөлтийг хуваарийн дагуу төлөлт хийж чадахгүйд хүрсэн, төлбөрийн  чадваргүй гэх тайлбар нь зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.  

          Нэхэмжлэгч “Х банк” ХХК нь зээлийн гэрээ цуцалж шүүхэд 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хариуцагч эсэргүүцээгүй.

      Зохигчдын тайлбар, хэрэгт баримтаар гаргаж өгсөн О.М-ийн 17....91 тоот дансны гүйлгээ гэх баримтаас үзэхэд О.М-ээс 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 3 000 000 төгрөгийг, нэхэмжлэгч “Х банк” ХХК нь үндсэн үүргээс нь хасахгүй зөвхөн хүүд тооцож байсан нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзнэ. /х.х-ийн 29, 38, 62-65 тал/

         Нэхэмжлэгч “Х банк” ХХК нь 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөр  гэрээг цуцалж, зээлийн төлбөрт үндсэн зээл 21.004.232 төгрөг, зээлийн хүү 1.944.265 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10.261 төгрөг нийт 22.958.758  төгрөг гэж  тооцсон байх тул О.М, Б.Л нараас зээлийн төлбөрт 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 3.000.000 /зээлийн төлбөр болох 20.779.134 төгрөг - 3.000.000 төгрөг хасч тооцох/ төгрөгийг үндсэн үүрэгт оруулан хасч, зээл, зээлийн хугацааны хүүг шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаагаар буюу 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөр дуусгавар болгон тооцох нь зүйтэй.

         Хариуцагч О.М, Б.Л нараас үндсэн зээл болох 17.779.134 төгрөг, зээлийн хүү 1.271.127 төгрөг нэмэгдүүлсэн хүү 254.225 төгрөг нийт 19.304.486 төгрөг гаргуулж, “Х банк” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3.654.271 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.

       Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Г-220.....03 дугаарт бүртгэгдсэн О.М-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг ..... тоот хаягт байршилтай 659 м.кв газар, Ү-220....55 дугаарт бүртгэгдсэн дээрх хаягт байршилтай 126 м.кв талбайтай хувийн сууцыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.М, Б.Л нараас 19.304.486 /арван есөн сая гурван зуун дөрвөн мянга дөрвөн зуун наян зургаан /хувь тэнцүүлэн/ төгрөгийг гаргуулж, “Х банк” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 3.654.271 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.М, Б.Л нар зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Г-220.....03  дугаарт бүртгэгдсэн О.М-ийн өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, ....... тоот хаягт байршилтай 659 м.кв газар,  Ү-220.....55 дугаарт бүртгэгдсэн Чингэлтэй дүүрэг, ... т хаягт байршилтай 126 м.кв талбайтай хувийн сууцыг тус тус албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

        3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Х банк“ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 342.944 төгрөгийг улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч О.М, Б.Л нараас 324.672 төгрөгийг тэнцүү хэмжээгээр гаргуулж, нэхэмжлэгч “Х банк” ХХК-д олгосугай.

       4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ                           Ж.ЦЭНГЭЛ