Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2023/04178

 

 

 

 

 

 

 

 

 

2023 09 26

101/ШШ2023/04178

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 0000 , УБДС ТӨХК /рд:0000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0000 дүгээр байр, подвальд байрлах, Д х ХХК /рд:0000/-д холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 338,796,816 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г, Т.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, хариуцагчийн өмгөөлөгч Л.Б, гэрч Ц.Д нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллага нь дулаан, эрчим хүчийг Д х ХХК-д нийлүүлдэг. Хариуцагч Д х ХХК нь 2017 оноос хойшхи өр төлбөрөө төлөхгүй, дараа жилийн өр төлбөр нь нэмэгдэж хуримтлуулж ирсэн. Тодорхой хэмжээгээр төлж ирсэн боловч үлдэгдэл төлбөртэй байсан. Ингээд талууд 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 3591, 3440, 2970, 2806, 2266 тоот Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, үлдэгдэл төлбөр тооцоог баталгаажуулж акт үйлдсэн. 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийг дуусталх хугацааны талуудын тооцооны үлдэгдлийн баталгаагаар 3591 тоот гэрээнд 21,977,968 төгрөг, 3440 тоот гэрээнд 29,935,642 төгрөг, 2970 тоот гэрээнд 27,176,495 төгрөг, 2806 тоот гэрээнд 19,140,637 төгрөг, 2266 тоот гэрээнд 240,566,074 төгрөг, нийт 338,796,816 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болохыг баталгаажуулсан. Нэхэмжлэгч нь хариуцагчид үүргээ биелүүлэх талаар мэдэгдэх хуудас, мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч төлөхгүй байна. Иймд тооцооны үлдэгдлийн баталгаагаар баталгаажуулсан өр төлбөр нийт 338,796,816 төгрөгийг Д х ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гарагсан тайлбартаа:

Манай компани нь 2007 оноос үйл ажиллагаагаа эхэлж явуулсан. 2017 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Эрчим хүчний зохицуулах хорооны 241 дугаартай тогтоолоор түр тариф батлаад манай компанийн тусгай зөвшөөрлийг хамрах хүрээний орон сууцнуудын тоо хүрэлцэхгүй гэсэн шалтгаанаар цуцлаж бид өндөр үнээр төлбөр төлж эхлэсэн. Энэ үеэс төлбөрийн үлдэгдэл хуримтлагдаж бий болсон. 2020 онд тусгай зөвшөөрөлөө авах шалгуур хангахын тулд Г м ХХК-ийг манай компанитай нэгтгэсэн. Тухайн компани нь их хэмжээний өр төлбөртэйгөө шилжиж ирсэн. Энэ өр төлбөр нь мөн адил тусгай зөвшөөрлийн цуцлаж тарифын зөрүүтэй тооцоололоос болж үүссэн байсан. Манай компани нэхэмжлэгчийн талаас нэхэмжилж байгаа 338,796,816 төгрөгөөс тодорхой хэмжээ буюу 155,088,562 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэгдэл хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах гэрээнд заасан 2970 гэх дугаартай гэрээ нь 2020 оны 8 дугаар сард бусад руу шилжсэн өр төлбөрийг манайх руу оруулж, ялгаж салгалгүй гэрээндээ тусгаад яваад байсан. Бид нэхэмжлэлийн шаардлагад задласан байгаа 5 гэрээний дугаар бий. 2970, 2806, 2266 гэсэн дугаартай гэрээнүүдийн төлбөрийн зарим хэсгийг манай компани төлөх ёсгүй төлбөр юм. 2970 гэх дугаартай гэрээний 27,176,495 төгрөгийн маргаантай байгаа үнийн дүн нь 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр өөр аж ахуйн нэгж рүү шилжсэн байрны өр төлбөр үлдсэн буюу авлагагүй эх үүсвэр бүхий маргаантай өр төлбөр нь үлдсэн. 2019 оны 12 сарын байдлаар үлдсэн байсан өр төлбөрийн асуудал байгаа юм. Дараа нь 2806 дугаартай худалдах, худалдан авах гэрээний өр төлбөрийн асуудал буюу 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Г м ХХК манай компанитай нийлэхэд үлдсэн байсан өр төлбөрийн асуудал байгаа. Мөн 2266 дугаартай гэрээнээс 240,000,000 төгрөг нэхэмжилсэн. Уг үнийн дүнг задлавал бас Г м ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үлдсэн өр төлбөрийн асуудал юм. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа үнийн дүнгүүд нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан өр төлбөрүүд байна. Өнөөдрийн үүссэн нэхэмжлэлийн шаардлагийн 338,796,816 төгрөг нь зөвхөн 2022 оны өр төлбөр биш өмнөх 4, 5 жилийн хуримтлагдсан өр төлбөр юм. Ийм учир Нэхэмжлэлийн шаардлагаас 155,088,562 төгрөгийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, төлбөрийн түүх, мэдэгдэх хуудас, мэдэгдэл, дулааны эрчим хүчний төлөлтийн график, эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн албан шаардлага, албан бичгүүд, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Эрчим хүчний зохицуулах хорооны албан бичиг,

3.2 хариуцагчаас гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, харилцах дансны хуулга, Эрчим хүчний зохицуулах хорооны тогтоолууд, УБДС ТӨХК-ийн албан бичгүүд, хамтран ажиллах гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, Г ХХК-ийн орон сууцны байруудыг хүлээн авсан акт, хөрөнгийн жагсаалт, хөрөнгө шилжүүлэх гэрээ, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, шүүхийн шийдвэр, мэдэгдэх хуудас, Хэрэглэгчдэд үйлчлэх төв-3 албан бичиг зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч УБДС ТӨХК нь хариуцагч Д х ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 338,796,816 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 155,088,562 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, бусад хэсгийг үл хүлээн зөвшөөрч маргасан.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч УБДС ТӨХК нь хариуцагч Д х ХХК-ийн хариуцан үйл ажиллагаа явуулдаг орон сууцуудад дулааны эрчим хүчийг 2007 оноос хойш жил бүр тасралтгүй нийлүүлж ирсэн үйл баримтын талаар талуудын хэн аль нь тайлбарласан.

Талууд 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 3591, 3440, 2970, 2806, 2266 тоот дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулжээ. Уг гэрээгээр УБДС ТӨХК нь дулааны эрчим хүчийг заасан тоо хэмжээнд худалдах, Д х ХХК нь худалдан авч хэрэглэсний төлбөрөө тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулах үүргийг тус тус хүлээсэн байна.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

 

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Д х ХХК нь 2019 оноос хойшхи төлбөрөө бүрэн төлөхгүй үлдэгдэлтэй явсаар байсан. Урд оны төлбөрийн үлдэгдлийн дараа оны төлбөрт нь оруулан тооцож явсан. Ингээд талууд 2023 онд харилцан тооцоо нийлэхэд нийт 338,796,816 төгрөгийн өр төлбөртэй гарсан гэж,

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...дулааны эрчим хүч нийлүүлэх тусгай зөвшөөрлийг манай компанид олгохгүй байсан тул дулааныг өндөр тарифаар бичиж байснаас үүдэн их хэмжээний төлбөрийн үлдэгдэл бий болсон. Г ХХК нь манай компанитай нийлсэнтэй холбоотойгоор тус компанийн дулааны өр төлбөр манайд шилжиж ирснийг төлөхгүй. 2019 оноос хойшхи төлбөр нэхэмжилж байгаа тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тус тус тайлбарлаж маргасан.

 

4.1 УБДС ТӨХК-ийн нягтлан бодогч Г.З, Д х ХХК-ийн нягтлан бодогч Ч.Ц нар дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээний дагуу төлөгдөөгүй байгаа өр төлбөрийг 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар тооцоо нийлж 3591 тоот гэрээнд 21,977,968 төгрөг, 3440 тоот гэрээнд 29,935,642 төгрөг, 2970 тоот гэрээнд 27,176,495 төгрөг, 2806 тоот гэрээнд 19,140,637 төгрөг, 2266 тоот гэрээнд 240,566,074 төгрөг, нийт 338,796,816 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгааг тогтоосон байна.

Хариуцагчаас шүүх хуралдаанд ...тооцооны үлдэгдлийн баталгааны баримтад УБДС ТӨХК-ийн зүгээс дарамталж гарын үсэг зуруулсан гэж тайлбарласан боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй.

 

4.2 Хариуцагчаас ...манай компанийн үйл ажиллагаа явуулах орон сууцны тоо хүрэлцэхгүй байсан тул тусгай зөвшөөрлийг Эрчим хүчний зохицуулах хорооноос цуцалсантай холбоотойгоор дулааны эрчим хүчийг задгайгаар бичиж их хэмжээний өр үүссэн гэж маргах боловч уг асуудал нь нэхэмжлэгч УБДС ТӨХК-д хамааралгүй байна.

Эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т Хуулийн этгээд дараахь үйл ажиллгагааг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ гэж, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т Эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлөөр хуулийн этгээдэд цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс цахилгаан, дулаан худалдан авах, цахилгаан импортлох, цахилгаан, дулааныг хэрэглэгчид худалдах эрхийг олгоно гэж зааснаар Д х ХХК нь цахилгаан, дулаан дамжуулах, түгээх тусгай зөвшөөрлийг Эрчим хүчний зохицуулах хорооноос авсаны үндсэн дээр энэ талаарх үйл ажиллагаа явуулах эрхтэй байна.

Д х ХХК нь дээрх тусгай зөвшөөрлийг хуульд заасан журмын дагуу аваагүй байх үедээ Эрчим хүчний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Хэрэглэгч нь зохицуулалттай хангалтын төлбөрийг нийтлэгдсэн тарифаар, зохицуулалтгүй хангалтын төлбөрийг гэрээний үнээр төлнө гэж зааснаар хэрэглэгчийн тариф буюу өндөр тарифаар төлбөр төлөхийг мэдсээр атлаа үйл ажиллагаа явуулсан нь хариуцагч компанийн хүсэл зоригийн асуудал байна. Иймд хариуцагчаас гаргасан задгайгаар бичсэний улмаас өр төлбөрт орсон гэх татгалзал үндэслэлгүй.

 

4.3 Хариуцагч Д х ХХК болон Г ХХК-иудын хооронд 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хамтран ажиллах гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хөрөнгө шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдаж, Г ХХК-ийн чиг үүрэг, үндсэн хөрөнгө, авлага, өр төлбөр зэргийг Д х ХХК шилжүүлэн хүлээн авсан байна.

Дээрх гэрээний дагуу Г ХХК-иас шилжүүлэн авсан орон сууцуудыг Д х ХХК нь цахилгаан, дулаанаар хангаж байгаа талаар талууд тайлбарласан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцсон Ц.Дээс ...Би Д х ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2013-2020 он хүртэл ажиллаж байсан. Г м ХХК нь манай компанитай адилхан жижигхэн орон сууцны ашиглалтыг хариуцаж байсан. Тухайн үед тусгай зөвшөөрөл аваагүй мөн төгрөгийн тогтсон тарифаар манайхтай адил өрөнд орсон байсан. Заавал 10,5 хүчин чадалдаа хүргэ хэмээн шаардлага тавиад байсан тул Г м ХХК-тай нэгдэж 2020 оны 7 дугаар сарын 01-нд дулаан түгээх тусгай зөвшөөрлөө авч байсан. Г ХХК нь Д х ХХК-тай нэгдэх үед 160,000,000 төгрөгийн дулааны өр төлбөртэй ирсэн гэж мэдүүлсэн.

Хариуцагч Д х ХХК нь Г ХХК-ийн чиг үүрэг, үндсэн хөрөнгө, авлага, өр төлбөрийг шилжүүлж авсан атлаа уг компанийн үүсгэсэн өр төлбөрийг төлөхгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

 

4.4 Зохигчдын хэн аль нь Д х ХХК-ийн 2019 оноос хойшхи төлөгдөөгүй үлдсэн төлбөрийг дараа жилийн төлөх төлбөрт оруулж тооцон явсаар 2023 оны 03 дугаар сард талууд тооцооны үлдэгдлийн баталгаагаар нийт төлөх өр төлбөрийг баталгаажуулсан болохыг тайлбарласан.

Хариуцагч Д х ХХК-ийн зүгээс шүүх хуралдаанд ...2019 онд үүссэн өр төлбөрийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарласан нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж заасантай нийцэхгүй байна.

Талууд өмнөх оны өр төлбөрийг дараа ондоо шилжүүлж явах замаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж явсаар 2023 оны 3 дугаар сард тооцоо нийлэх замаар өр төлбөртэй болохоо Д х ХХК нь илэрхийлсэн байна. Иймд хариуцагчаас гаргасан гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх татгалзал үндэслэлгүй.

 

5. Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6-д Зохицуулах хороо нь тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, хэрэглэгчийн хооронд үүссэн маргааныг харьяаллын дагуу шийдвэрлэнэ гэж заасан.

Уг хуулийн зохицуулалтын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч УБДС ТӨХК болон Д х ХХК-иудын хооронд үүссэн эрчим хүч дулаан хангалтын төлбөрийн маргааныг урьдчилан Зохицуулах хороонд хандах замаар шийдвэрлүүлж, зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандан төлбөрийн маргааныг шийдвэрлүүлэхээр байна.

Нэхэмжлэгч УБДС ТӨХК нь хариуцагч Д х ХХК-тай үүссэн өр төлбөрийг 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар хэдэн төгрөг болохыг тогтоолгохоор зохицуулах хороонд хандсан болох нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 0000 тоот албан бичгээр тогтоогдож байна. Тус албан бичигт ...УБДС ТӨХК болон Д х ХХК-иудын хооронд үүссэн худалдан авсан дулааны эрчим хүчний төлбөрийн маргааныг холбогдох гэрээ, бичиг баримтын хүрээнд хянаж үзэхэд Д х ХХК нь худалдан авсан дулааны эрчим хүчний төлбөрт 292,089,063 төгрөгийг УБДС ТӨХК-д төлөх үндэслэлтэй байна гэжээ.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч УБДС ТӨХК нь зохицуулах хороонд 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар төлөх өр төлбөрийн асуудлыг шийдвэрлүүлж, уг өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны өр төлбөрийг зохицуулах хороогоор шийдвэрлүүлээгүй байна.

Хэдийгээр талууд тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдсэн байх боловч уг баталгаа, талуудын хооронд байгуулсан гэрээ, нийлүүлсэн дулаан эрчим хүчний хэмжээ, үнийн тариф зэргийг хянах замаар эцсийн төлөх төлбөрийн хэмжээг тогтоох байгууллага нь Эрчим хүчний зохицуулах хороо байна.

Иймд Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 0000 тоот албан бичгээр тогтоогдсон Д х ХХК-ийн худалдан авсан дулааны эрчим хүчний төлбөрт 292,089,063 төгрөгийг тус компаниас гаргуулж УБДС ТӨХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч УБДС ТӨХК нь 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш үүссэн өр төлбөрийг зохицуулах хороонд хандан шийдвэрлүүлэх замаар жичдээ нэхэмжлэх эрхийг уг шүүхийн шийдвэр хөндөхгүй болно.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хангагдсан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй тул хариуцагчаас 292,089,063 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 1,618,395 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,851,934 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д х ХХК-иас 292,089,063 төгрөг гаргуулж нэхэмжлэгч УБДС ТӨХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 46,707,753 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,851,934 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,618,395 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ