Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/02055

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2023/02055

 

 

 

2023 11 24 210/МА2023/02055

 

У- ТӨХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 26-ны өдрийн 101/ШШ2023/04178 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч У- ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д- ХХК-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 338,796,816 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхтөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Хариуцагч Д- ХХК нь 2017 оноос хойшхи өр төлбөрөө төлөхгүй, дараа жилийн өр төлбөр нь нэмэгдэж хуримтлуулж ирсэн. Тодорхой хэмжээгээр төлж ирсэн боловч үлдэгдэл төлбөртэй байсан. Талууд 2022 оны 10 сарын 11-ний өдөр 3591, 3440, 2970, 2806, 2266 тоот Д- худалдах, худалдан авах гэрээг байгуулж, үлдэгдэл төлбөр тооцоог баталгаажуулж акт үйлдсэн. 2023 оны 03 сарын 24-ний өдрийг дуусталх хугацааны талуудын тооцооны үлдэгдлийн баталгаагаар 3591 тоот гэрээнд 21,977,968 төгрөг, 3440 тоот гэрээнд 29,935,642 төгрөг, 2970 тоот гэрээнд 27,176,495 төгрөг, 2806 тоот гэрээнд 19,140,637 төгрөг, 2266 тоот гэрээнд 240,566,074 төгрөг, нийт 338,796,816 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа болохыг баталгаажуулсан.

Нэхэмжлэгч нь хариуцагчид үүргээ биелүүлэх талаар мэдэгдэх хуудсыг удаа дараа хүргүүлсэн ч үр дүн гараагүй. Иймд тооцооны үлдэгдлийн баталгаагаар баталгаажсан өр төлбөр болох 338,796,816 төгрөгийг Д- ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Эрчим хүчний зохицуулах хорооны 2017 оны 09 сарын 02-ны өдрийн 000 дугаартай тогтоолоор түр тариф батлаад манай компанийн тусгай зөвшөөрлийг хамрах хүрээний орон сууцнуудын тоо хүрэлцэхгүй гэсэн шалтгаанаар цуцлаж бид өндөр үнээр төлбөр төлж эхэлсэн. Энэ үеэс төлбөрийн үлдэгдэл хуримтлагдсан. 2020 онд тусгай зөвшөөрөл авах шалгуурыг хангахын тулд Г- ХХК-ийг манай компанитай нэгтгэсэн. Тухайн компани нь их хэмжээний өртэй шилжиж ирсэн ба энэ өр төлбөр нь мөн адил тусгай зөвшөөрлийг цуцалж тарифын зөрүүтэй тооцооллоос болж үүссэн.

Манай компани нэхэмжлэлээс 155,088,562 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Учир нь 2022 оны 10 сарын 11-ний өдрийн Д- худалдах, худалдан авах гэрээнд заасан 2970 гэх дугаартай гэрээ нь 2020 оны 08 сард бусад руу шилжсэнийг манайхруу оруулж, ялгаж салгалгүй гэрээндээ тусгаад байсан. Бид нэхэмжлэлийн шаардлагад задласан байгаа 5 гэрээний дугаар бий. 2970, 2806, 2266 гэсэн дугаартай гэрээнүүдийн төлбөрийн зарим хэсгийг манай компани төлөх ёсгүй төлбөр юм. 2970 дугаартай гэрээний 27,176,495 төгрөгийн маргаантай үнийн дүн нь 2020 оны 08 сарын 26-ны өдөр өөр аж ахуйн нэгж рүү шилжсэн байрны өр төлбөр үлдсэн буюу авлагагүй эх үүсвэр бүхий маргаантай өр төлбөр нь үлдсэн.

Мөн 2806 дугаартай гэрээний өр төлбөр нь 2019 оны 12 сарын 31-ний өдөр Г- ХХК-ийг манай компанитай нийлэхэд үлдсэн өр төлбөр юм. Мөн 2266 дугаартай гэрээний өр 240,000,000 төгрөг нэхэмжилсэн нь бас Г- ХХК-ийн 2019 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар үлдсэн өр юм. Хүлээн зөвшөөрөхгүй байгаа эдгээр үнийн дүнгүүд нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Өнөөдрийн үүссэн нэхэмжлэлийн шаардлагийн 338,796,816 төгрөг нь зөвхөн 2022 оны өр төлбөр биш өмнөх 4, 5 жилийн хуримтлагдсан өр төлбөр юм. Ийм учир Нэхэмжлэлийн шаардлагаас 155,088,562 төгрөгийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Д- ХХК-иас 292,089,063 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У- ТӨХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 46,707,753 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,851,934 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,618,395 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Талууд олон жил хуримтлагдсан өр төлбөр нь 2017 оноос 2019 оны хооронд бий болсонд маргадаггүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил тул "Г-" ХХК-тай нэгдэх үед шилжиж ирсэн 2266 дугаартай гэрээний өр 103,651,244 төгрөг, 2806 дугаартай гэрээний өр 6,289,358 төгрөг, нийт 109,940 543 төгрөгийн төлбөрийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Мөн 2020 оны 08 сард Хэрэглэгчид үйлчлэх 3 дугаар төвд шилжүүлж эх үүсвэр нь авлагагүй болсон 2970 дугаартай гэрээний өр 27,176,495 төгрөг нь эх үүсвэрээ дагаад шилжсэн ч манай компаниас нэхэгдэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүхийн шийдвэрт заасан 292,089,063 төгрөгийн төлбөрөөс 137,117,038 төгрөгийг төлөхгүй гэж маргасан хариуцагчийн тайлбар нь дээрх үндэслэлээр тогтоогдож байгаа болно.

Шүүх иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзсэн нь учир дутагдалтай бөгөөд мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.4-т зааснаар шаардах эрхийн хугацаа тоолох байсан. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг болох 137,117,038 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: 2022 оноос 2023 оны 03 сар хүртэлх өр төлбөрийн асуудал яригдаж байгаа. Бүх тооцоо нийлсэн актуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. 2266 дугаартай гэрээнд нэг сарын 20,000,000 төгрөг гэж тусгасан. 240,000,000 төгрөг бол 12 сарын төлбөр. Хариуцагч тал буруу тайлбар өгч байна. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гомдлын хүрээнд хянаад давж заалдах гомдлыг хангахгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч У- ТӨХК нь хариуцагч Д- ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 338,796,816 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас хариуцагч 155,088,562 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн үнэлж, маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн байна.

 

4. Хариуцагч Д- ХХК нь 3591, 3440, 2970, 2806, 2266 тоот Д- худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч У- ТӨХК-аас худалдан авсан Д-ээр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороонд орших орон сууцнуудын хэрэглээг хангах үйл ажиллагааг явуулдаг байна. Хариуцагч нь тус гэрээний дагуу 2017 оны 09 сараас 2019 оны 12 сарын хооронд худалдан авсан Д-ний үнийг нэхэмжлэгчид төлөөгүй бөгөөд талууд дээрх 5 гэрээгээр үүссэн өр төлбөрөө шийдвэрлэхээр 2022 оны 10 сарын 11-ний өдөр Д- худалдах-худалдан авах гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр худалдагч нь Д-ийг гэрээнд заасан тоо, хэмжээгээр хариуцагчид худалдах, худалдан авагч нь Д-ний төлбөрийг худалдагчид тогтоосон хугацаанд төлөх үүргийг харилцан хүлээсэн байх бөгөөд энэ талаар зохигч маргаагүй байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

5. Хэргийн баримтаар талууд 2023 оны 03 сарын 24-ний өдрийн байдлаар талууд тооцоо нийлж 3591 тоот гэрээнд 21,977,968 төгрөг, 3440 тоот гэрээнд 29,935,642 төгрөг, 2970 тоот гэрээнд 27,176,495 төгрөг, 2806 тоот гэрээнд 19,140,637 төгрөг, 2266 тоот гэрээнд 240,566,074 төгрөг, нийт 338,796,816 төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэлтэй байгааг дүгнэсэн байна.

5.1. Дээрх төлбөрөөс хариуцагч Д- ХХК, Г- ХХК нарын хооронд 2019 оны 12 сарын 31-ний өдөр Хамтран ажиллах гэрээ, мөн 2020 оны 01 сарын 01-ний өдөр Хөрөнгө шилжүүлэх гэрээ тус тус байгуулагдсан байх ба эдгээр гэрээгээр Г- ХХК-ийн чиг үүрэг, үндсэн хөрөнгө, авлага болон дээрх өр төлбөрийг Д- ХХК шилжүүлэн авчээ. Хариуцагчийн зүгээс дээрх 2266, 2806 дугаартай гэрээний дагуу нэхэмжлэгчийн шаардаж буй 259,706,711 төгрөгийн шаардлагаас 109,940,543 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргаж, Г- ХХК-аас хөрөнгө шилжүүлэн авах үед тус компани нь нэхэмжлэгчид 109,940,543 төгрөгийн Д- хэрэглэсний төлбөртэй байсан бөгөөд нэхэмжлэгч нь 2019 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар үүссэн 109,940,543 төгрөгийн өр төлбөрийг хариуцагчаас шаардах эрхгүй буюу хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хариуцагч маргаж, энэ талаар давж заалдах гомдол гаргажээ.

Д- ХХК нь 2017 оны 09 сараас эхлэн дулаан эрчим хүчний хуримтлагдсан өр төлбөр төлж барагдуулахаар У- ТӨХК-тай 2022 оны 10 сарын 11-ний өдөр гэрээ байгуулснаар нэхэмжлэгчийн хувьд гэрээ байгуулахаас өмнөх хугацааны өр төлбөрийг гэрээ байгуулсан өдрөөс эхлэн хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх нь шинээр эхлэн тоологдсон тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна. Иймээс хариуцагч нь дээрх 2266, 2806 дугаартай гэрээгээр 2017 оны 09 сараас 2019 оны 12 сарын хооронд үүссэн 259,706,711 төгрөгийн Д-ний төлбөрийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй нь тооцоо нийлсэн актаар тогтоогдож байх тул 109,940,543 төгрөгийн Д-ний өр төлбөрийг хариуцахгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

5.2. Мөн нэхэмжлэгч нь 2970 дугаартай гэрээний дагуу үүссэн өр төлбөрт 27,176,495 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан. Хэргийн баримтаар хариуцагч нь 2970 дугаартай гэрээний төлбөрт 2020 оны 12 сарын 31-ний өдрийн байдлаар нэхэмжлэгчид 41,840,005 төгрөгийн өр төлбөртэй байсан нь Тооцооны үлдэгдлийн баталгаа-аар тогтоогдсон бөгөөд энэхүү төлбөрөөс 27,176,495 төгрөгийг нэхэмжлэгч, хариуцагчаас шаарджээ.

Уг төлбөрийг хариуцагч Г-ын харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх 3 дугаар төвд 2020 оны 08 сард эх үүсвэрийн нь хамт шилжүүлсэн учир төлбөрийг хариуцах үндэслэлгүй гэж нэхэмжлэлээс татгалзжээ. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх зааснаар дээрх 27,176,495 төгрөгийн өр төлбөрийг Газарт шилжүүлсэн, уг төлбөрийг хариуцах үндэслэлгүй гэх татгалзлаа шүүхэд нотлоогүй байна. Харин Газрын 2023 оны 05 сарын 21-ний өдрийн 08/662 тоот албан бичигт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны 8 дугаар байрыг манай харьяа Хэрэглэгдэд үйлчлэх 3 дугаар төв 2020 оны 09 сарын 01-ний өдрөөс ашиглалт, үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа болно гэсэн тодорхойлолтыг гаргажээ.

Дээрхээс дүгнэвэл хариуцагч Д- ХХК нь 2970 дугаартай гэрээний дагуу үүссэн өр төлбөрөөс 27,176,495 төгрөгийг нэхэмжлэгч У- ТӨХК-д төлөх үүрэггүй, уг үүргээс чөлөөлөгдөх үндэслэлтэй нь хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Иймд энэ үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

 

6. Түүнчлэн талуудын хооронд үүссэн өр төлбөрийн маргааныг шийдвэрлэсэн Эрчим хүчний зохицуулах хорооны 2023 оны 03 сарын 10-ны өдрийн 7/231 тоот албан бичигт дурдсанаар хариуцагч Д- ХХК нь худалдан авсан Д-ний төлбөрт 292,089,063 төгрөгийг нэхэмжлэгч У- ТӨХК-д төлөх үндэслэлтэй болохыг дүгнэжээ.

Энэ дүгнэлтийг хариуцагч үгүйсгээгүй байх бөгөөд хэрэгт авагдсан бусад баримтыг үндэслэн анхан шатны шүүх хариуцагч Д- ХХК-аас 292,089,063 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У- ТӨХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 46,707,753 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 26-ны өдрийн 101/ШШ2023/04178 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Д- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 843,536 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ