Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2023/04211

 

 

 

 

 

 

 

 

 

2023 09 27

101/ШШ2023/04211

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 0000 тоотод оршин суух бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 000 тоотод оршин суух, Боржигон овогт Э.Х /рд:/-ы нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0000 байранд оршин байрлах, Ц ХХК /рд:0000/-д холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Сүхбаатар дүүргийн 0000 тоотод оршин суух, Хашихныхан овогт Ц.Б /рд:/,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянзүрх дүүргийн 0000 тоотод оршин суух, Боржигон овогт Н.О /иргэний бүртгэлийн дугаар:0000/

 

Хувийн сууц болон газрын өмчлөгчөөр тогтоох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг даалгуулах, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У, гуравдагч этгээд Ц.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ц.А болон гуравдагч этгээд Э.О нараас өөрсдийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлснийг үндэслэн тэдгээрийн эзгүйд хэргийг шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Э.Х нь 2020 оны 3 дугаар сарын 24-ны өдөр хариуцагч Ц ХХК-тай Амины орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан ба тус гэрээний дагуу хариуцагч нь Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадат вилла-3 хотхонд байрлах 273.57 м.кв хувийн сууц, авто гаражийг барьж хүлээлгэн өгөх, нэхэмжлэгч орон сууцын үнэд 750,000,000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн. Хариуцагч нь 2020 оны 6 дугаар сарын 01-ны өдөр орон сууцыг захиалагчид шилжүүлэн өгөх үүрэгтэй байсан. Э.Х нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох 750,000,000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан байдаг. Гэрээний дагуу ашиглалтад орох хугацаа нь 6 дугаар сарын 01-ны өдөр байсан боловч хариуцагчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Байрыг 10 дугаар сард хүлээлгэж өгсөн. Нэхэмжлэгч нь одоо захиалсан орон сууцандаа амьдарч байгаа боловч өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байна. Удаа дараа Ц ХХК-тай холбогдож өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж авмаар байна гэхэд одоохон, хэсэг хугацааны дараа гэх зэргийн тайлбар хэлж явсаар 3 жилийн хугацаа өнгөрсөн. Нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад амины орон сууц нь Худалдаа хөгжлийн банк ХК-ийн барьцаанд байдгийг олж мэдсэн. Нэхэмжлэгч болон хариуцагч тал хоорондоо холбогдоход барьцаанаас чөлөөлөгдөх асуудал явагдаж байгаа наадмаас өмнө чөлөөлж өгнө гэж эвлэрэх талаар ярилцаж байсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн тайлбар өгөхгүй байна. Анх гэрээ байгуулагдсанаас хойш гурван жилийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд барьцаанаас чөлөөлөх боломжтой урт хугацаа өнгөрсөн. Мөн дээрээс нь хариуцагч нь Хадат вилла төслөө үргэлжлүүлж байгаагаас харахад орон сууцыг барьцаанаас чөлөөлөх төлбөрийн чадвартай байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь гэрээний төлбөрөө бүрэн төлж, гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн учир хариуцагч нэхэмжлэгчид орон сууцын өмчлөлийг шилжүүлэх үүрэгтэй. Иймд 0000 улсын бүртгэлийн дугаартай, 0000 тоотод байрлах 273.57 м.кв талбай бүхий хувийн сууц, авто гараж болон уг хаягт байрлах 203 м.кв газрын өмчлөгчөөр Э.Хыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж өгөхийг даалгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг Худалдаа хөгжлийн банк ХК-ийн барьцаанаас чөлөөлөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нь гаргаж өгөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Төсөл эхлэх үед төслийн санхүүжилт бий болгох, зам барих зорилгоор тус хөрөнгийг барьцаанд тавьсан байсан. Зээл төлөлтийг графикийн дагуу төлөөд явж байгаа, зээл бүрэн төлөгдсөн тохиолдолд Худалдаа хөгжлийн банк ХК-иас барьцааг чөлөөлөх тухай мэдэгдсэн бөгөөд барьцаа чөлөөлөгдөөгүй байгаа учраас өнөөдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй байна. Орон сууцыг манай компани нь нэхэмжлэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн бөгөөд нэхэмжлэгч нь уг орон сууцанд амьдарч байна гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.О шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Миний бие гуравдагч этгээдээр оролцож байгаа бөгөөд миний зүгээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг ирүүлсэн байна гэжээ.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхийн шийдвэр биелэгдэх учиртай. Одоогийн байдлаар уг үл хөдлөх хөрөнгө нь Худалдаа хөгжлийн банк ХК-ийн барьцаанд байгаа учраас үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх боломжгүй байна гэв.

 

5. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

5.1 нэхэмжлэгчээс гаргасан амины орон сууц захиалгаар бариулах гэрээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэхийн хуулбар, төлбөр төлсөн баримтууд,

5.2 хариуцагчаас гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

5.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албаны лавлагаа зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Х нь хариуцагч Ц ХХК-д холбогдуулан амины орон сууц болон газрын өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхийг даалгуулахаар шаардлагаа нэмэгдүүлсэн.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч Э.Х нь хариуцагч Ц ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр амины орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр Ц ХХК нь Сүхбаатар дүүргийн 0000 м.кв талбай бүхий амины орон сууц, гаражийг 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өгөх, Э.Х нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэд 750,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-5-10 дугаар тал/

 

3.1 Зохигчдыг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр амины орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулах үед захиалсан үл хөдлөх эд хөрөнгө баригдсан, 80 хувийн гүйцэтгэлтэй байсан болох нь талуудын тайлбар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, барьцааны гэрээгээр тус тус тогтоогдсон. /хх-55-57 дугаар тал/

Захиалсан орон сууц талуудыг гэрээ байгуулах үед баригдсан, 80 хувийн гүйцэтгэлтэй байсан байх тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 

3.2 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар худалдагч Ц ХХК нь худалдан авагч Э.Хы өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч Э.Х нь хэлэлцэн тохирсон үнэ 750,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

 

3.2а Худалдан авагч Э.Х нь 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 225,000,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 200,000,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 12-ны 100,000,000 төгрөг, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 100,000,000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 50,000,000 төгрөг, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 75,000,000 төгрөг, нийт 750,000,000 төгрөгийг худалдагч Ц ХХК-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь 0000 тоот дансанд шилжүүлсэн болох нь банкны орлогын мэдүүлгийн баримтуудаар тогтоогдсон. Хариуцагч уг үйл баримтад маргаагүй. /хх-13-18 дугаар тал/

 

3.2б Талуудын хэн аль нь худалдан авагч Э.Хыг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гэрээ байгуулмагц үл хөдлөх эд хөрөнгөд амьдрах замаар үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалтдаа авсан үйл баримтын талаар тайлбарласан.

 

3.3 Хариуцагч Ц ХХК нь худалдан-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүрэг болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагч Э.Хд шилжүүлэн өгөхөд маргаагүй боловч ...үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд барьцаалуулсан, зээлийн төлбөрийг төлж дуусмагц шилжүүлэхэд татгалзахгүй гэх агуулга бүхий тайлбарыг гаргасан.

 

3.3а Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар талуудын хооронд байгуулсан гэрээний зүйл болох Сүхбаатар дүүргийн 0000 дугаартай, 0000 тоот гэх хаягийн бүртгэл хийгдэж, 273.6 м.кв талбайтай, хувийн сууц, гаражийн зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгөөр бүртгэгдсэн байна. Уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ц ХХК-ийн ерөнхий захирал Ц.Б 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр бүртгэгджээ. /хх-55 дугаар тал/

Ц ХХК-ийн ерөнхий захирал Ц.Б нь 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Худалдаа хөгжлийн банк ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ байгуулж, маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг бусад нэр бүхий хөрөнгүүдийн хамт зээлийн барьцаанд барьцаалсан байна. /хх-56-60 дугаар тал/

Худалдаа хөгжлийн банк ХХК-иас авсан зээлийн төлбөрийг төлж дуусгаагүйтэй холбоотойгоор маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь барьцаанаас чөлөөлөгдөөгүй байна.

 

3.4 Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэх эрхийг хуулиар хориглоогүй буюу үл хөдлөх эд хөрөнгө зээлийн барьцаанд байгаа эсэхээс үл хамааран өмчлөх эрхийг Э.Хд шилжүүлэх боломжтой байхад хариуцагч нь барьцаанаас чөлөөлсний дараа өмчлөх эрхийг шилжүүлнэ гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Худалдан авагч Э.Х нь үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн болох нь баримтаар тогтоогдсон, хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхэд үндэслэл бүхий татгалзал гаргаж маргаагүй. Талуудын маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь Ц ХХК-ийн ерөнхий захирал буюу бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Б-ийн өмчлөлд бүртгэлтэй. Тэрээр мөн зээлийн барьцаанд байгаа үндэслэлээр Э.Хыг өмчлөгчөөр бүртгэх боломжгүй талаар тайлбарласан.

Хариуцагч хуулийн этгээд нь өөрийн ерөнхий захирал, хувьцаа эзэмшигчийн өмчлөлд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Хуулийн этгээдийн ерөнхий захирлын өмчлөлд бүртгэлтэй байгаа хөрөнгийг компанийн хүлээсэн гэрээний үүргийг биелүүлж, шилжүүлэхэд боломжтой байна.

Иймд хариуцагч Ц ХХК нь худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул 0000 тоотод байрлах, 273.6 м.кв талбай бүхий хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Э.Хыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

3.4а Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь эд хөрөнгөтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй тул нэхэмжлэгч Э.Хыг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэнтэй холбоотойгоор тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Э.Хд гаргаж өгөхийг хариуцагч Ц ХХК-д даалгах нь зүйтэй. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангав.

 

4. Нэхэмжлэгч нь 0000 тоотод байрлах, 273.6 м.кв талбай бүхий хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй газар болох мөн хаягт байрлах 203 м.кв газрын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

4.1 0000 тоотод байрлах, 203 м.кв талбай бүхийн газрын эзэмшигчээр Э.О бүртгэлтэй болох нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн лавлагаа, эзэмших эрхийн гэрчилгээгээр тогтоогдсон. /хх-61-88 дугаар тал/

Дээрх газрын эзэмшигч Э.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд оролцож, тэрээр уг газрын эзэмших эрхийг Э.Хд шилжүүлэхэд татгалзахгүй талаар тайлбарыг шүүхэд ирүүлсэн.

Гэвч шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх журамтай ба нэхэмжлэгч Э.Х нь хариуцагчаар Ц ХХК-ийг тодорхойлон уг хуулийн этгээдэд холбогдуулан газрын өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг гаргасан. Өөрөөр хэлбэл, газрын эзэмшигч Э.Од холбогдуулан газрын эрхийг шилжүүлэхтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тохиолдолд шүүх гуравдагч этгээдийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчид газрын эрхийг шилжүүлэн шийдвэрлэх боломжгүй.

 

4.2 Нэхэмжлэгч Э.Х, хариуцагч Ц ХХК нарын хооронд байгуулагдсан амины орон сууц захиалгаар бариулах гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгө байрлаж буй газрын эрхийг худалдан авагчид шилжүүлэх талаар тохиролцоогүй байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээгээр Ц ХХК нь газрын эрхийг Э.Хд шилжүүлэх үүргийг хүлээгээгүй. Мөн дээрх газар нь эзэмших эрхтэй байхад өмчлөгчөөр тогтоолгоно гэж шаардсан нь учир дутагдалтай байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй.

 

5. Дээр дүгнэснээр маргааны зүйл болох хувийн сууц, гараж нь Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн зээлийн барьцаанд байх ба нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Учир нь,

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлд зааснаар барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхэд барьцааны шаардлага хэвээр хадгалагдахаар заасан. Шүүх нэхэмжлэгч Э.Хыг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож шийдвэрлэсэн ба тэрээр өмчлөгчийн зүйлээ хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

Хариуцагч Ц ХХК-тай нэхэмжлэгч Э.Хыг амины орон сууц захиалгаар бариулах гэрээг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр байгуулах үед маргааны зүйл болох хувийн сууц нь 80 хувийн гүйцэтгэлтэй, Ц.Б-ийн өмчлөлд 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр бүртгэгдсэн байсан байна. Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч нь анх гэрээ байгуулах үедээ худалдан авч буй үл хөдлөх эд хөрөнгө нь эрхийн доголдолтой буюу зээлийн барьцаанд байгаа эсэхийг улсын бүртгэлээс лавлагаа авах замаар мэдэх бүрэн боломжтой байжээ.

Нэхэмжлэгчээс өмчлөлийн зүйлээ худалдан борлуулах замаар захиран зарцуулах эрхээ зээлийн барьцаанд байгаагаас хамааран эдлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж тайлбарласан боловч хариуцагчтай худалдах-худалдан авах гэрээ байгуулах үед гэрээний зүйлийг бусдад барьцаалсан болохыг шалгах замаар худалдах авах эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Шүүх Ц ХХК болон Худалдаа хөгжлийн банк ХХК нарын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний чөлөөт байдалд хөндлөнгөөс оролцох замаар маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх боломжгүй.

Нэхэмжлэгчийг маргаан бүхий хувийн сууц, гаражийн өмчлөгчөөр тогтоосон нь Ц ХХК болон Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн барьцааны гэрээний барьцаанаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийг маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоосон нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар барьцааны эрх дуусгавар болох үндэслэлд хамаарахгүй байна.

 

6. Хариуцагчийн төлөөлөгч Ц.А болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Э.О нараас өөрсдийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт ирүүлснийг үндэслэн тэдгээрийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хангагдсан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 3,907,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,978,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Хыг улсын бүртгэлийн 0000 м.кв талбай бүхий хувийн сууц, гаражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг Э.Хд гаргаж өгөхийг хариуцагч Ц ХХК-д даалгаж, нэхэмжлэлээс үлдэх 0000 тоотод байрлах, 203 м.кв талбай бүхий газрын өмчлөгчөөр тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,978,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 3,907,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ