Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2023/04307

 

 

 

 

 

 

 

 

 

2023 10 04

101/ШШ2023/04307

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0000 оршин байрлах, Х бХХК /рд:0000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 0000 тоотод оршин суух, Ирээдүй овогт Н.Б /рд:0000/,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, 0000 тоотод оршин суух, Ирээдүй овогт Н.Б /рд:0000/,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан, 0000 тоотод оршин суух, Ирээдүй овогт Н.Б /рд:0000/ нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 36,446.21 ам доллар гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М-Э, Ц.Т, хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Э.Б нь 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдөр тус банктай 93000168 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 21,480 ам долларын зээлийг 180 сарын хугацаатай, жилийн 6.5 хувийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалтаар, мөн 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 1000001295 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 60,150 ам долларыг 180 сарын хугацаатай, 6,96 хувийн хүүтэй, орон сууц худалдан авах зориулалтаар тус тус зээлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р хороолол, 7-31 тоот, УБ-0000, 0000, 44 м.кв талбайтай, 3 өрөө байр, Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 0000 тоотын орон сууцыг барьцаалсан. 93000168 данстай зээлийн хугацаа хэтэрсэн хоног 443, зээлийн үлдэгдэл 4,942.62 ам доллар, хүү 766.92 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 33 ам доллар, 1000001295 данстай зээлийн хугацаа хэтэрсэн хоног 413, зээлийн үлдэгдэл 32,934.45 ам доллар, хүү 5,675.28 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 91 ам доллар, тухайн 2 зээлийн төлбөрийн нийт дүн 44,443.27 ам доллар байна. Банк зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхийг удаа дараа шаардахад төлөлт хийхгүй 433 хоног болсон учраас 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөр зээлийн гэрээг цуцлан 2022 оны 03 сарын 15-ны дотор зээлийн гэрээний үүрэгт 44,443.27 ам доллар төлөх хугацаа өгөхөд үүргээ биелүүлээгүй тул Н.Баас зээлийн гэрээний үүрэгт 44,443.27 ам доллар буюу гэрээ цуцалсан өдрийн Монгол банкны ам долларын албан ханш 2,853.89 төгрөгөөр тооцон нийт 126,836,203.82 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан байсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулан багасгасан. Хариуцагч Н.Б нь 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр ажлаас гарснаас хойш тус зээлийн гэрээнүүдийн хүүгийн хувь хэмжээнд өөрчлөлт оруулах байсан боловч банкнаас бэлдэн өгсөн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн барьцаат зээлийн гэрээнүүд болон барьцаалбарт гарын үсэг зураагүй тул зээлийн хүүг 13,5 хувийн хүүтэйгээр бус анх барьцаат зээлийн гэрээ байгуулахдаа тооцсон 6,5 хувиар тооцон зөрүү 7,462.27 ам доллараар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан. Хариуцагч Н.Б нь банкинд төлсөн төлбөр, төлөгдсөн дүнгийн хувьд маргадаггүй бөгөөд гагцхүү маргааны гол агуулга нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т заасныг үндэслэн зээлийн гэрээ байгуулагдах үеийн ам долларыг Монгол төгрөгт арилжих ханшаар тооцож тухайн долларын зээлүүдийг төлөгдсөн гэж үздэг. Талуудын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451 дүгээр зүйлийн 451.3-т тус тус заасан үндэслэлээр байгуулагдсан гэрээ. Зээлийн харилцааг хамгийн ерөнхий байдлаар тодорхойлоход уг харилцаанд юуг өмчлөлдөө шилжүүлэн авсан, түүнтэйгээ ижил төрлийн тоо, чанар, хэмжээтэй төрлийн шинжээр тодорхойлогдох зүйлийг буцаан өгөх үүрэгтэй харилцаа. Банкны хувьд тусгайлсан зохицуулалттай бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээж гэрээг байгуулсан. Хариуцагч Н.Бын мөнгөн төлбөрийн үүрэг АНУ-ын ам доллараар үүсч эргэн төлөлтийн хуваарь ам доллараар төлөгдөхөөр гэрээ байгуулж ам доллар авч ашиглачихаад одоо зээлээ төлөхдөө 2008 оны болон 2012 оны буюу анх зээлийн гэрээ байгуулсан үеийн ам долларын ханшийг монгол төгрөгт хөрвүүлэн төлнө гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иргэний хуулийн 218 дугаар зүйлд заасан төлбөр гүйцэтгэх хугацааг дараах байдлаар утгачлан тайлбарлаж байна. Талууд гэрээндээ зааж харилцан тохиролцож зөвшөөрсөн бол тухайн гэрээгээр хүлээх үүргийг хэсэгчлэнг гүйцэтгэх боломжтой. Энэ хүрээнд зээлийн гэрээний хувьд үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч нь зээлийн төлбөрийг буцаан төлөх үүргийг хэсэгчлэн гүйцэтгэхээр хуваарь тогтоож, талууд харилцан тохиролцох ба үүнийг зээлийн эргэн төлөлтийн хувиараар тогтооно. Банкны хувьд ч гэсэн хуваарьт өдөр тохиролцсон хугацаа болмогц зээлийн төлбөрийг төлж зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрх үүсдэг. Зээлийн харилцааны хувьд зээл олгомогц буюу зээлийн гэрээ байгуулсан өдөр зээлдэгчид зээлийн төлбөрийг бүхэлд нь буцаан төлөх үүрэг үүсдэггүй бөгөөд зээлийн гэрээний хавсралт болох зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар зээлийн нийт төлбөрийг буцаан төлөх үүргийг хэсэгчилсэн байдлаар гүйцэтгэх хугацааг тогтоож өгдөг. Өөрөөр хэлбэл үүрэг үүсэх гэдэгт зээлийг эргэн төлөхөөр хэсэгчлэн тогтоосон мөнгөн дүн бүрийн хувьд банк зээлийн төлбөрөө эргэн төлөхийг шаардах эрх үүсгэж байгаа үеийг ойлгоно. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т заасан мөнгөний ханш гэдэг ойлголт гадаад валюттай харьцах төгрөгийн ханш гэдэг ойлголтоос ялгаатай ба өөрөөр хэлбэл төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид хамааралгүй, харин төгрөгийн өөрийнх нь худалдан авах чадварын өсөлт, бууралттай холбоотой харилцаанд хэрэглэгдэх зохицуулалт гэж үзэхээр байна. Валют зээлдэх ажиллагаа нь валютын гүйлгээнд хамаарах ба банк нь гадаад валютын гүйлгээг хийж байгаа бол түүнтэй тэнцэх хэмжээний үндэсний валютын гүйлгээг нэгэн зэрэг гүйцэтгэхийг Валютын зохицуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаас үзэхэд гүйлгээг хийх үед үндэсний валют болон гадаад валютын ханш харьцуулагдаж байдаг, ийнхүү тооцохдоо тухайн үеийн Монгол банкны зарласан ханшаар тооцох үндэслэл бий болдог байна. Монгол банк нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тогтоож нийтэд зарлах үүрэгтэй гэжээ. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.2-т заасан мөнгөн тэмдэгтийн төрөл өөрчлөгдсөн бол мөнгөн тэмдэгт өөрчлөгдсөн өдөр мөрдөж байсан ханшаар тооцох журмыг хэрэглэнэ гэж заасан нь дээрх зохицуулалтын агуулгатай нийцсэн байна. Өөрөөр хэлбэл гэрээний зүйл болох гадаад валютыг төгрөгт шилжүүлэхэд шилжүүлэх үеийн ханшийн дагуу тодорхойлохыг зохицуулсан. Зээлдэгч Н.Бтай байгуулсан 2 зээлийн гэрээг 2022 оны 02 сарын 11-ний өдөр цуцалж уг өдрөөр гэрээний үүргээ шаардсан. Зээлдэгч Э.Батжаргал нь 2008 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 93000168 дугаартай барьцаат зээлийн гэрээний үүрэгт 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээл 4,479.79 ам доллар, зээлийн хүү 85,02 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 0,64 цент, 2012 оны 03 сарын 07-ны өдрийн 1000001295 дугаартай барьцаат зээлийн гэрээний үүрэгт 2022 оны 02 сарын 11-ний өдрийн байдлаар үндсэн зээл 29,479.48 ам доллар, зээлийн хүү 2,395.64 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 5,64 ам доллар, нийт 36,446.21 ам долларыг нэхэмжилж байна. Уг ам долларыг өнөөдрийн ханш болох 3,457 төгрөгөөр тооцож, 126,012,042 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 0000 тоотын 74,65 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн 0000 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг болон Дархан-Уул аймаг, Дархан сум, 0000 тоотын 44 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн 200300034 дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууц зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2002 оны 07 сарын 01-ний өдрөөс 2018 оны 08 сарын 07-ны өдөр хүртэл Х бинд ажилласан. 2008 оны 05 сарын 08-ны өдөр Х бтай 93000168 дугаартай зээлийн гэрээ байгуулан 21,480 ам долларыг жилийн 6,5 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлсэн ба Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р хороолол, 7-р байр, 31 тоотын 44 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Мөн 2012 оны 03 сарын 07-ны өдөр 1000001295 дугаартай зээлийн гэрээ байгуулан 60,150 ам долларыг жилийн 6,96 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зориулалтаар зээлсэн ба Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 0000 тоотын, 74,65 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Би Х бтай байгуулсан гэрээний дагуу авсан валютын 2 зээлийг үүрэг үүсэх үеийн ханшаар төлж явах хүсэлтийг 2013 оноос хойш банкинд илэрхийлсэн. 2020 оны 08 сард 20,000,000 төгрөг төлсөн. Би зээлийн төлбөрөө нэг мөсөн төлж болно. Сар сард нь төлөхөөр бол тухайн сард анх зээл авсан үеэс хойш ханш өөрчлөгдсөн бол үүрэг үүсэх үеийн буюу 2008, 2012 оны ханшаар сар бүр төлнө гэсэн үг. 2008 оны 05 сарын 08-ны өдөр 21,480 ам долларыг, 2012 оны 03 сарын 07-ны өдөр 60,150 ам долларыг тус тус зээлэн авсан ба зээлээ төлөхдөө энэ ханшаар буюу үүрэг үүсэх үеийн ханшаар төлнө. Төлбөр төлөх үед чинь төлөх төлбөрийн ханш анх үүрэг үүсэх үеийнхээс өөрчлөгдсөн байвал үүрэг үүсэх үеийнхээ ханшаар төлнө гэж Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т маш тодорхой заасан тул би 2008, 2012 оны ханшаар зээлээ төлөх ба банк өөрөө эрсдэлээ үүрэх ёстой. Банкны тухайд хуулиа судлалгүйгээр энэ бүтээгдэхүүнийг гаргасан. Би Х бд эвлэрэх санал тавихад хүлээж аваагүй. Би М банкинд ажилладаг, мөн хувьдаа компанитай, Х бинд зөвлөх үйлчилгээ, программ хангамжийн үйлчилгээ, нарийвчилсан технологийн үйлчилгээ үзүүлэх санал тавьсан бөгөөд үнэ тохиролцоогүй. Үнийг банкны хэрэгцээн дээр тулгуурлаад тогтоох санал компаниараа үзүүлж болно гэхэд Х бзөвшөөрөөгүй. Миний тухайд гэвэл зээлээ үүрэг үүсэх үеийн буюу 2008, 2012 оны ханшаар тооцоход төлөөд дууссан ба 40,000,000 гаруй сая төгрөг илүү төлсөн гэж үзэж байгаа. Иймд зээлийн төлбөр гаргуулах болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, банкны зөвшөөрлийн гэрчилгээ, гэрчилгээний хавсралт, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа, орон сууцны зээлийн хүсэлтүүд, ажилтаны орон сууцны зээлийн өргөдлүүд, удирдах ажилтаны тодорхойлолт, өрхийн мөнгөн урсгалын төлөвлөлт, Н.Б, Н.Б нарын иргэний үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Н.Бын 2008 оны 05 сарын 07-ны өдөр банкинд гаргасан хүсэлт, 20000649 тоот дансны 2007 оны 09 сарын 06, 2007 оны 09 сарын 07-ны өдрийн хуулга, Н.Бын Ш д к ХХК-тай байгуулсан 2012 оны 01 сарын 18-ны өдрийн 112/12 дугаар бүхий барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Х бны 2008 оны 05 сарын 08-ны өдрийн 20 тоот зээлийн хорооны шийдвэр-Н.Бд 25,000,000 төгрөгтэй тэнцэх ам долларын зээлийг 180 сарын хугацаатай, жилйин 6,5 хувийн хүүтэй олгох шийдвэр, зээлийн хорооны хурлын 20-р тогтоолын 1-р хавсралт-эргэн төлөлтийн хуваарь, Х бны 2012 оны 02 сарын 02-ны өдрийн 08 тоот зээлийн хорооны шийдвэр-Н.Бд 80,000,000 төгрөгтэй тэнцэх ам долларын зээлийг 180 сарын хугацаатай, жилйин 6,96 хувийн хүүтэй олгох шийдвэр, зээлийн хорооны хурлын 20-р тогтоолын 1-р хавсралт-эргэн төлөлтийн хуваарь, 2008 оны 05 сарын 08-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 1000001914 тоот зээлийн дансны хуулгууд, Зээлдэгч Н.Бын 1000001295 тоот зээлийн дансны хуулга, 2012 оны 03 сарын 07-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2013 оны 05 сарын 01-ний өдрийн 1000001295 дугаартай гэрээний нэмэлт өөрчлөлт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Н.Б Х бтай хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгож байгаа үндэслэлээр түүний банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу тооцох зээлийн хүүг 13,5 хувь болгосон тухай 2018 оны 08 сарын 14-ний өдрийн 165, 166 дугаартай зээл шилжүүлэх шийдвэрүүд, Баянзүрх дүүрэг, 25-р хороо, 13-р хороолол, /13374/ Нарны зам, 99/Б байр, 1404 тоотын 74,65 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, Дархан-Уул аймаг, Дархан сум, 1-р хороолол, 7-р байрны 31 тоотын 44 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ, Х бны Н.Бд хүргүүлсэн 2022 оны 02 сарын 11-ний өдрийн гэрээ цуцлах мэдэгдлүүд, Зээл, зээлийн хүүгийн тооцоололууд, Х бны гүйцэтгэх захирлын 2013 оны 04 сарын 12-ны өдрийн А/425 дугаартай Ажиллагсдад АНУ-ын доллараар олгох орон сууцны зээлийн хүүгийн хувь хэмжээг өөрчлөн тогтоох тухай тушаал,

3.2 хариуцагчаас гаргасан Х бинд гаргаж байсан гэх өргөдлүүд, 2019 оны 07 сарын 04-ний өдрийн 1000001295 дугаартай барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2019 оны 07 сарын 04-ний өдрийн 93000168 дугаартай барьцаат зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцаалбар, Н.Бын 2012 оны 03 сарын 15, 2008 оны 06 сарын 23-ны өдрийн зээлийн төлбөрийн тооцоололууд,

3.3 Шүүхийн журмаар бүрдүүлсэн Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, иргэний оршин суух хаягийн лавлагаа зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

     ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х бХХК нь хариуцагч Н.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36,446.21 ам доллар гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Анх нэхэмжлэгч нь 44,443.27 ам доллар гаргуулахаар нэхэмжлэлээ тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа багасгаж, 36,446.21 ам доллар гаргуулахаар шаардсан.

 

1.1 Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, нэхэмжлэгчийн тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2. Хариуцагч Н.Б нь нэхэмжлэгч Х бХХК-ийн мэдээлэл технологийн газарт тоон мэдээлэл боловсруулах албаны менежерээр ажиллаж байхдаа орон сууц худалдан авах зориулалтаар ажиллагсдын орон сууцны зээлэнд хамрагдах хүсэлт гаргасныг үндэслэн зээлийн хорооны 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 20 тоот тогтоолоор түүнд 25,000,000 төгрөгтэй тэнцэх ам долларын зээлийг 180 сарын хугацаатай, жилийн 6,5 хувийн хүүтэй олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Дээрх шийдвэрийг үндэслэн талууд 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 93000168 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Х бХХК нь 21,480 ам долларыг 180 сарын хугацаатай, жилийн 6.5 хувийн хүүтэй зээлдүүлэх, Н.Б нь зээлийн төлбөрийг ам доллараар тохирсон хугацаанд хүүгийн хамт төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Уг зээлийн гэрээний үүрэгт Н.Б, Н.Б, Н.Б нарын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 0000тоотод байрлах 44 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалжээ.

 

2.1 Мөн ажилтан Н.Баас гаргасан орон сууцны нөхцөл сайжруулах зорилгоор зээл хүссэн хүсэлтийг зээлийн хорооны 2012 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 08 тоот тогтоолоор шийдвэрлэж, 80,000,000 төгрөгтэй тэнцэх ам долларын зээлийг 180 сарын хугацаатай, жилийн 6,96 хувийн хүүтэй олгохоор шийдвэрлэжээ.

2.1а Дээрх шийдвэрийг үндэслэн талууд 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 1000001295 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Х бХХК нь 60,150 ам долларыг 180 сарын хугацаатай, жилийн 6.96 хувийн хүүтэй зээлдүүлэх Н.Б нь зээлийн төлбөрийг ам доллараар тохирсон хугацаанд хүүгийн хамт төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Уг зээлийн гэрээний үүрэгт зээлдэгч Н.Бын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 0000тоотод байрлах, 74,65 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, барьцаат зээлийн гэрээгээр тус тус тогтоогдож байна. 

2.1б 2012 оны 03 сарын 07-ны өдөр байгуулагдсан 1000001295 дугаар бүхий барьцаат зээлийн гэрээний 1.1-т заасан хүүгийн хувь хэмжээг жилийн хувьсах 6,96 хувь гэснийг 2013 оны 05 сарын 01-ний өдрөөс жилийн тогтмол 6,5 хувь гэж өөрчлөн тогтоон, хүүгийн хувь хэмжээ өөрчлөгдсөнтэй холбоотой зээлийн дансны дугаарыг 1000002066 болгон өөрчилсөн ба энэхүү нэмэлт өөрчлөлтөөс бусад асуудал 1000001295 дугаартай гэрээнд заасны дагуу хүчин төгөлдөр хэрэгжихээр харилцан тохиролцон гэрээ байгуулсан ба энэ талаар хэн аль нь маргаагүй.

3. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр эрх бүхий хуулийн этгээд нь зээлдүүлэгчийн хувьд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан гэрээний харилцаа үүсчээ.

 

3.1 Барьцааны гэрээг талууд бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан байх тул тэдгээрийн хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 

4. Зээлийн 93000168 тоот гэрээний дагуу 21,480 ам доллар, 1000001295 тоот гэрээний дагуу 60,150 ам долларыг тус тус Х бХХК-иас зээлдэгч Н.Бд хүлээлгэн өгсөн болох нь дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдсон.

5. Х бХХК-ийн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 165, 166 дугаар зээл шилжүүлэх шийдвэрүүдээр ажилтан Н.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон үндэслэлээр 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 93000168 тоот болон 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1000001295 тоот ажилтанд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгосон зээлийн хүүг энгийн зээлийн гэрээний хүүд шилжүүлж буюу 13,5 хувь болгон өөрчилсөн байна.

5.1 Зээлийн гэрээнүүдийн хүүгийн хэмжээнг 13,5 хувь болгон өөрчилсөн зээлийн нэмэлт гэрээнд зээлдэгч Н.Б гарын үсэг зураагүй байна. Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа зээлийн хүүг 13,5 хувиар тооцон нийт 44,443.27 ам доллар гаргуулахаар шаардсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зээлийн нэмэлт гэрээнд зээлдэгч Н.Б гарын үсэг зураагүйтэй холбоотойгоор уг гэрээг байгуулагдаагүй гэж үзэж, зээлийн хүүг 6,5 хувиар тооцон нэхэмжилсэн. Тодруулбал,

2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн зээлийн нэмэлт гэрээнд гарын үсэг зураагүй тул зээлийн хүүг 13,5 хувийн хүүтэй бус анх барьцаат зээлийн гэрээ байгуулахдаа тооцсон 6,5 хувиар тооцон зөрүү 7,997.06 ам доллараар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, гэрээ цуцлах мэдэгдэл гаргасан 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар,

- 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 93000168 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 4,479.79 ам доллар, зээлийн хүү 85,02 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 0,64 цент,

- 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1000001295 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 29,479.48 ам доллар, зээлийн хүү 2,395.64 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 5,64 ам доллар, нийт 36,446.21 ам долларыг нэхэмжилсэн.

5.2 Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

5.2а Зээлдэгч Н.Быг 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 93000168 тоот барьцаат зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 16,537.38 ам доллар, зээлийн хүү 12,488.58 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 3,81 ам доллар, нийт 29,029.77 ам доллар, 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1000001295 тоот барьцаат зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 27,215.55 ам доллар, зээлийн хүү 30,983.73 доллар, нэмэгдүүлсэн хүү 15,33 доллар, нийт 58,214.61 ам доллар тус тус төлсөн. Мөн зээлдэгч нь нь 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй үйл баримтын талаар талуудын хэн нь аль тайлбарлаж, маргаагүй. Уг үйл баримт нь зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.

5.2б Харин хариуцагч Н.Б нь ...2020 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 20,000,000 төгрөгийг зээлийн дансандаа байршуулсан. Уг мөнгөн хөрөнгийг зээлийн төлбөрт төлснөөр ам долларыг зээлийн гэрээ байгуулах үеийн буюу үүрэг үүсэх үеийн 2008, 2012 оны ам долларын ханшаар тооцож зээлийн төлбөрт суутгана. Мөн зээлийн гэрээний явцад төлж байсан төгрөгийг 2008, 2012 оны ам долларын тооцоход нийт 40,000,000 төгрөгийг илүү төлөлттэй байгаа гэж маргасан.

5.3 Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасан. Уг хуулийн зохицуулалт нь гадаад валют буюу ам долларын ханш өссөн, буурсанд хамаарахгүй, Монгол төгрөгийн ханш өссөн, буурсан тохиолдолд хамаарна.

5.3а Зээлийн гэрээний талууд ханшны өөрчлөлтийг харгалзан зээлийн төлбөрийг гэрээ байгуулах үеийн ам долларын ханшаар төлөх талаар тохиролцоогүй байна. Талуудын хооронд байгуулсан 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 93000168 тоот барьцаат зээлийн гэрээний 1.3-т Зээлийг АНУ-ын доллараар олгох, АНУ-ын доллараар олгосон зээлийг төгрөгөөр тооцож төлөх, эсхүл төгрөгийн зээлд хөрвүүлэх бол ханшийг банкны тухайн өдрийн АНУ-ын доллар худалдах ханшаар тооцно гэж, 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1000001295 тоот барьцаат зээлийн гэрээний 1.4-т Зээлийг АНУ-ын доллараар олгох, АНУ-ын доллараар олгосон зээлийг төгрөгөөр тооцож төлөх, эсхүл төгрөгийн зээлд хөрвүүлэх бол ханшийг банкны тухайн өдрийн АНУ-ын доллар худалдах ханшаар тооцно гэж тус тус тохирсон байна.

5.3б Нэгэнт талууд зээлийн гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг ам доллараар төлбөр төлөх хэрэгслийг тохиролцож тогтоосон байх тул зээлдэгч Н.Б нь зээлийн гэрээний үүргийг ам доллараар төлөх ба зээлийн гэрээний хуваарийн дагуу төгрөгөөр төлж байгаа тохиолдолд тухайн ам долларыг төлбөр төлсөн үеийн ам долларын ханшаар тооцон төлөх үүрэгтэй байна.

Иймд хариуцагчаас гаргасан зээлийн гэрээ байгуулсан 2008, 2012 оны ам долларын ханшаар тооцож зээлийн төлбөрийг төлнө гэх татгалзал үндэслэлгүй.

5.4 Хариуцагч Н.Б нь 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс хойш зээлийн төлбөр төлөөгүй, зээлийн гэрээг цуцлах мэдэгдэл өгөх үеийн байдлаар 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 93000168 тоот барьцаат зээлийн гэрээний үүргийн төлбөр төлөх хуваарийг 433 хоног, 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1000001295 тоот барьцаат зээлийн гэрээний үүргийн төлбөр төлөх хуваарийг 413 хоног тус тус хэтрүүлсэн байна.

5.4а Иймд нэхэмжлэгч Х бХХК нь хариуцагч Н.Баас 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 93000168 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 4,479.79 ам доллар, зээлийн хүү 85,02 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 0,64 цент, 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 1000001295 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 29,479.48 ам доллар, зээлийн хүү 2,395.64 ам доллар, нэмэгдүүлсэн хүү 5,64 ам доллар, нийт 36,446.21 ам долларыг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

5.4б Нэхэмжлэгч Х бХХК-иас зээлийн гэрээ цуцлах мэдэгдлийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүргүүлсэн болох нь баримтаар тогтоогдсон. Гэвч Х бХХК-иас хугацаа олгосон байх боловч үр дүн гараагүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээний хугацаанаас өмнө гэрээг цуцалж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрх үүссэн байна.

Иймд хариуцагч Н.Баас зээлийн гэрээний үүрэгт 36,446.21 ам долларыг гаргуулж нэхэмжлэгч Х бХХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасантай тус тус нийцнэ.

5.4в Нэхэмжлэгч Х бХХК нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр зээлийн гэрээг цуцлах мэдэгдэл өгөх үед 1 ам долларын ханш 2853,89 төгрөг байсан нь Монгол банкны ам долларын ханшийн лавлагаар тогтоогдсон. Мөнгөн төлбөрийн үүргийг үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгөөр гүйцэтгэх нь Иргэний хуулийн 217 дугаар зүйлийн 217.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэх тул 36,446.21 ам долларыг үүрэг шаардсан өдрийн ханш болох 2853,89 төгрөгөөр тооцож, нийт 104,013,475 төгрөгийг хариуцагч Н.Баас гаргуулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Х бХХК нь зээлийн гэрээний үүргийг хариуцагч Н.Баас, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нар болох Н.Б, Н.Б нарт холбогдуулан гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

5.4г Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх журамтай. Нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 104,013,475 төгрөг гаргуулахаар багасгаснаас хойш шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа ам долларын ханшийн зөрүүтэй холбоотойгоор нэмэгдүүлж гаргаагүй атлаа өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тус өдрийн ам долларын ханш 3457 төгрөгөөр тооцон 126,012,042 төгрөгийг гаргуулахаар тайлбарласан нь үндэслэлгүй.

6. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, мөн 165 дугаар зүйлийн 165.1-д Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ гэж заасан. 

6.1 Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн лавлагаагаар зохигчдын хооронд байгуулсан барьцааны зүйл болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 0000тоотод байрлах 44 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны хөрөнгийн эрх нь хариуцагч Н.Б, Н.Б, Н.Б нарын өмчлөлд, Баянзүрх дүүрэг, 0000тоотод байрлах, 74,65 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хөрөнгийн эрх нь хариуцагч Н.Бын өмчлөлд байна.

 

6.2 Талууд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлнэ гэж зааснаар үл хөдлөх хөрөнгө дээр суурилсан салшгүй холбоотой эрх учраас хуульд заасан журмын дагуу барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

6.3 Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж, түүнчлэн 41.2-т Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй гэж, мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан. 

6.4 Нэгэнт үүрэг гүйцэтгэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч байх тул барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлтэй.

6.5 Иймд хариуцагч Н.Б, Н.Б, Н.Б нарын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 0000тоотод байрлах 44 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Н.Бын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 0000тоотод байрлах, 74,65 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэв.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагч Н.Баас улсын тэмдэгтийн хураамжид 748,217 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 862,331 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Баас 104,013,475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х бХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Н.Б, Н.Б, Н.Б нарын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 0000тоотод байрлах 44 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, Н.Бын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 0000 тоотод байрлах, 74,65 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 862,331 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Баас улсын тэмдэгтийн хураамжид 748,217 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ