Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2023/04331

 

 

 

 

 

 

 

 

 

2023 10 05

101/ШШ2023/04331

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 0000 тоотод оршин суух, Мөөг овогт Ж.О /рд:0000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 0000 байрлах, НШШГГ холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний танил Ч.Б нь БСБ финанс ББСБ ХХК-иас зээл авч, зээлийн барьцаанд миний өмчлөлийн эрхийн улсын Г-0000 дугаартай, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь эх, 6 дугаар гудамж, 0000тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 147 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 0000 дугаартай, 185 м.кв талбай бүхий газрыг барьцаалсан. Зээлдэгч Ч.Б нь авсан зээлээ хугацаанд нь төлж чадаагүй болно. Үүнээс үүдэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/0000 дүгээр захирамжаар Ч.Болдоос 120,379,150 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн болно. Үүний дагуу барьцааны эд хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь эх, 6 дугаар гудамж, 0000тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 147 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 0000 дугаартай, 185 м.кв талбай бүхий газрын үнэлгээг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шинжээчээр үнэлүүлсэн. Шинжээчийн дүгнэлтээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 273,240,219 төгрөгөөр үнэлсэн. Гэвч дээрх үнэлгээг хүлээн зөвшөөлөхгүй байх бөгөөд зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлсэн. Одоогийн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн доод үнэлгээ 440,000,000 төгрөг орчим байхад төв зам дагуу, үйлчилгээний зориулалттай зэргийг харгалзан үзэлгүй хэт доогуур үнэлж миний эрхийг ноцтой зөрчөөд байна. Иймд Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь эх, 6 дугаар гудамж, 0000тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 147 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 0000 дугаартай, 185 м.кв талбай бүхий газрыг 273,240,219 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/0000 дүгээр захирамжаар Ч.Болдоос 120,379,150 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг Ж.Оын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь эх, 6 дугаар гудамж, 0000тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 147 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 0000 дугаартай, 185 м.кв талбай бүхий газраар хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул дээрх үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудад үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр авагч, төлөгч нар үнэлгээ дээр харилцан тохиролцоогүй тул мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг Б ХХК-ийн үнэлгээчин С.Маар тогтоолгоход 273,240,219 төгрөгөөр үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээг үндэслэлтэй тогтоосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан иргэний үнэмлэхийн хуулбар, хөрөнгийн үнэлгээний мэдэгдэл, хөрөнгийн үнэлгээний тайлан, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 0000 дүгээр нэхэмжлэл буцаах тухай захирамж,

3.2 хариуцагчаас гаргасан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/0000 дүгээр захирамж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, эд хөрөнгө хураах тухай тогтоол, үнийн санал, шинжээч томилох тухай тогтоол, хөрөнгийн үнэлгээний тайлан, мэдэгдлүүд зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.О нь хариуцагч НШШГГ холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2021/0000 дүгээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай захирамжаар Ч.Б-оос 120,000,000 төгрөгийг гаргуулж БСБ финанс ББСБ ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Ж.Оын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-0000дугаартай, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь эх, 6 дугаар гудамж, 0000тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 147 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-0000 дугаартай, 185 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар хангуулахаар талууд эвлэрснийг баталгаажуулсан нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

3.1 Дээрх шүүхийн шийдвэр/шүүгчийн захирамж/-ийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШЗ2021/0000 дүгээр захирамж, мөн өдрийн 0000 тоот гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр үүсгэж, ажиллагаа явагдаж байна.

 

4. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас удаа мэдэгдсэн байх боловч төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Ж.Оын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь эх, 6 дугаар гудамж, 0000тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 147 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 185 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 22260328/05 тоот тогтоолоор битүүмжилж, 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 0000 тоот тогтоолоор хураасан нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчээс үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг төлбөр төлөгч, төлбөр авагч нараас авах ажиллагаа явуулахад харилцан тохиролцоогүй байх тул хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 0000 тоот тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор хөрөнгийн үнэлгээчин С.Мыг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Хөрөнгийн үнэлгээчин С.М нь 2024 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй болох нь тусгай зөвшөөрлийн тодорхойлолтын баримтаар тогтоогдож байна.

 

6. Шинжээч С.Маас Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь эх, 6 дугаар гудамж, 0000тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 147 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 185 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 273,240,219 төгрөг болохыг тогтоосон байна.

 

6.1 Төлбөр төлөгч болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ж.О нарт шинжээч С.Маас гаргасан дээрх үнэлгээг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр танилцуулсан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гуравдагч этгээд Ж.О уг үнэлгээг эс зөвшөөрч шүүхэд үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлээ 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдөр гаргасан болох нь тус шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 0000 дүгээр нэхэмжлэл буцаах тухай захирамжаар тогтоогдсон. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргасан байна.

 

7. Нэхэмжлэгч нь шинжээч С.Маас гаргасан дүгнэлтийг үндэслэлгүй гарсан, зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Хөрөнгийн үнэлгээг зөвхөн үнэлгээ хийлгэхээр шийдвэрлэсэн шүүгчийн захирамж болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтоолоор хийх ёстой гэж ойлгохгүй ба иргэн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хөрөнгийн үнэлгээчинд хүсэлт гаргаж дүгнэлт гаргуулах боломжтой юм. Гэтэл нэхэмжлэгч нь зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж тайлбарлах боловч үнэлгээчнээр өөрийн хөрөнгөд үнэлгээг хийлгүүлэх замаар өссөн гэх зах зээлийн үнэлгээг гаргуулах эрхээ хэрэгжүүлээгүй байна.

 

7.1 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ...үл хөдлөх эд хөрөнгө нь үйлчилгээний зориулалттай обьект байхад шинжээчийн дүгнэлтэд энэ талаар тусгаагүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Шинжээчийн дүгнэлтээс үзвэл ...үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө болохыг тодорхой тусгаж, үнийн тооцооллыг үйлчилгээний зориулалттай хөрөнгийн үнэлгээг харьцуулах замаар суурь үнийн тооцооллыг гаргасан байна.

 

8. Шинжээч хөрөнгийн үнэлгээчин С.М нь маргаан бүхий хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалын дагуу гаргасан байна.

 

9. Иймд хэрэгт авагдсан баримтуудаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.  

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй тул түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д тус тус заасныг баримтлан хариуцагч НШШГГ холбогдох улсын бүртгэлийн Ү-0000дугаартай, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь эх, 6 дугаар гудамж, 0000тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 147 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-0000 дугаартай, 185 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 273,240,219 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.Оын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ