Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/02152

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/02152

 

 

2023 12 13 210/МА2023/02152

 

Ж.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 05-ны өдрийн 101/ШШ2023/04331 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ж.О-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШШГГ-т холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бямбагэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Ч.Б- нь БСБ финанс ББСБ ХХК-аас зээл авч, зээлийн барьцаанд Ж.О-ын өмчлөлийн эрхийн улсын Г-0000000000- дугаартай, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь эх, 6 дугаар гудамж, 000Б- тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 147 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 00000000000001- дугаартай, 185 м.кв талбай бүхий газрыг барьцаалсан. Зээлдэгч Ч.Б- нь авсан зээлээ хугацаанд нь төлж чадаагүй тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 сарын 08-ны өдрийн 0001- дугаар захирамжаар Ч.Б-с 120,379,150 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээч дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 273,240,219 төгрөгөөр үнэлсэн. Гэвч уг үл хөдлөх эд хөрөнгө нь төв зам дагуу, үйлчилгээний зориулалттай зэргийг харгалзан үзэлгүй хэт доогуур үнэлсэн. Одоогоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь 440,000,000 төгрөг орчим байна. Иймд үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 сарын 08-ны өдрийн 0001- дүгээр захирамжаар Ч.Б-с 120,379,150 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг Ж.О-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь эх, 6 дугаар гудамж, 000Б- тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 147 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах нэгж талбарын 00000000000001- дугаартай, 185 м.кв талбай бүхий газраар хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул дээрх үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, хураасан. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талуудад үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр авагч, төлөгч нар үнэлгээ дээр харилцан тохиролцоогүй тул мэргэжлийн үнэлгээчин зах зээлийн үнэлгээг 273,240,219 төгрөгөөр үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, үнэлгээг үндэслэлтэй тогтоосон тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан хариуцагч НШШГГ-т холбогдох улсын бүртгэлийн Ү-0000000002- дугаартай, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь эх, 6 дугаар гудамж, 000Б- тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 147 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах улсын бүртгэлийн Г-0000000000- дугаартай, 185 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 273,240,219 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ж.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхээс хэргийн оролцогчдын хуулиар олгосон эрхийг ноцтой зөрчсөн. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн өмчлөлийн УБ хот БЗД, 2-р хороо дарь эхийн, 6 гудамж 632-Б тоотод байрлах үйлчилгээний зориулалттай эрхийн улсын Г-0000000000- дугаартай 147 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, нэгж талбарын 00000000000001- дугаартай 185 м.кв газрыг нийт 273,240,219 төгрөгөөр үнэлсэн. Гэвч үл хөдлөх эд хөрөнгийг төв зам дагуу, үйлчилгээний зориулалттай зэргийг харгалзан үзэлгүй зах зээлийн үнэлгээнээс хэт багаар үнэлсэн байх бөгөөд одоогийн зах зээлийн доод үнэлгээ 440,000,000 төгрөг гэж маргадаг. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг нотлох зорилгоор дээрх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн бодит зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг үндэслэлгүйгээр хангахаас татгалзсан.

4.2. Мөн хариуцагчийн зүгээс дээрх маргаан бүхий үнэлгээг гаргасан үнэлгээчинг гэрчээр асуулгах хүсэлт гаргаж, нэхэмжлэгч талаас үнэлгээний тайлангаас ойлгомжгүй зарим хэсгийг тодруулах хүсэлттэй байх тул уг хүсэлтийг давхардуулан гаргахаас татгалзаж маргадаггүй боловч анхан шатны шүүхээс хангахаас татгалзаж хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн.

4.3. Мөн маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3 дахь хэсэгт нийцээгүй хөрөнгийн үнэлгээний тайлан нь хуулийн шаардлага хангаагүй, стандартад нийцээгүй атал анхан шатны шүүхээс энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх рүү буцааж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох баримтаа гаргаж өгдөггүй. Зөвхөн өөрсдийнхөө үзэмжээр үнэлгээ доогуур байна гэсэн тайлбар хэлээд байдаг. Шинжээч н.Мөнхжаргал маргаан бүхий хөрөнгийн үнэлгээг тогтоохдоо хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8, 9 дүгээр зүйлд заасан журмын дагуу үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан Олон улсын болон Хөрөнгийн үнэлгээний стандарт, аргачлалын дагуу гаргасан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Ж.О- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэх тайлбар гарган маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв дүгнэсэн байна.

 

4. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 11 сарын 08-ны өдрийн 3601 дугаартай захирамжаар хариуцагч Ч.Б-с 120,000,000 төгрөгийг 2021 оны 11 сарын 30-ны өдрөөс 2022 оны 10 сарын 30-ны өдрийн хугацаанд гаргуулж нэхэмжлэгч БСБ финанс ББСБ ХХК-д олгож, захирамжийг биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ж.О-ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь эх, 6 гудамж, 000Б- тоот хаягт байршилтай 147 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-0000000002- дугаартай, үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 185 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Г-0000000000- дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газраар хангуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж шийдвэрлэжээ. /хх.35-36/

 

5. Ч.Болд үүргээ биелүүлээгүй үндэслэлээр шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагааг НШШГГ- 2022 оны 02 сарын 23-ны өдөр үүсгэж, улмаар дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжилж, хураах ажиллагааг тус тус явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасантай нийцсэн, талууд энэ талаар маргаагүй. Харин үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээ хуульд нийцсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

6. Эд хөрөнгө хураах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, хөрөнгийн өмчлөгч нарт хөрөнгийн үнийн саналаа өгөхийг шийдвэр гүйцэтгэгч мэдэгдсэн, нэхэмжлэгчээс барьцаа хөрөнгүүдийг 900,000,000 төгрөгөөр үнэлсэн ба талууд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 04 сарын 18-ны өдрийн 0/000- дугаартай тогтоолоор мэргэшсэн үнэлгээчин С.М-ыг шинжээчээр томилсон байна. /хх 65-66, 69-72 тал/

Шинжээч нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь эх, 6 дугаар гудамж, 000Б- тоотод байрлах үйлчилгээний зориулалттай 147 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, мөн хаягт байрлах 185 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 04 сарын 28-ны өдрийн байдлаар 273,240,219 төгрөгөөр үнэлжээ. /хх 73-85 тал/ Хариуцагчаас төлбөр төлөгч болон барьцаа хөрөнгийн өмчлөгч Ж.О- нарт шинжээчийн үнэлгээг 2023 оны 05 сарын 02-ны өдөр танилцуулж, уг үнэлгээг нэхэмжлэгч эс зөвшөөрч, шүүхэд гомдол гаргажээ.

 

7. Шинжээчийн дүгнэлт нь Хөрөнгийн үнэлгээний тухай /2010 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3 дахь хэсэгт заасан шаардлагад нийцүүлэн хөрөнгийн үнэлгээний тайланг гаргасан, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан буюу үнэлэгдэж буй Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Д-эд байршилтай үл хөдлөх эд хөрөнгийг мөн дүүргийн 2 дугаар хороо, Д-эд байх байршилтай, бетон цутгамал суурь, тоосгон болон сендвицэн хийцтэй, үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдтэй тус тус харьцуулан үнэлж, хөрөнгийн үнэлгээний зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн нь хураагдсан хөрөнгийг зах зээлийн үнээс илт багаар үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг өөрөө нотлох үүрэгтэй. Хэргийн баримтаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдоогүй, энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

 

8. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна. Нэхэмжлэгч талын ...шинжээч С.М-ыг гэрчээр асуулгаж, үнэлгээний тайлангаас ойлгомжгүй зарим хэсгийг тодруулах хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзаж хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй байна. Шүүгчийн 2023 оны 10 сарын 05-ны өдрийн 00004- дугаартай захирамжаар зохигчийн зүгээс хөрөнгийн үнэлгээчин шинжээч С.М-ыг шүүх хуралдаанд оролцуулж гэрчээр асуулгах зайлшгүй шаардлагатай, үнэлгээний тайлан нь тодорхойгүй, зөрүүтэй гэх байдал тодорхойгүй гэж хүсэлтийг хангахаас татгалзсан нь үндэслэлтэй байна.

Учир нь шинжээч хөрөнгийн үнэлгээний тайланг гаргахдаа хууль зөрчсөн, дүгнэлтийн агуулга хоорондоо зөрүүтэй, эсхүл тодорхойгүй гэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иймд энэ талаар гаргасан давж заалдах гомдлын хангах үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч нь хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд гаргасныг шүүх хангахаас татгалзсан гэх гомдлыг гаргажээ. Хэрэгт цугларсан баримт, шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд нэхэмжлэгч тал шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд гаргаагүй байх тул энэ тухай гомдол үндэслэлгүй.

 

9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 05-ны өдрийн 101/ШШ2023/04331 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Э.ЭНЭБИШ