Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2023/04399

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2023/04399

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 0000 байранд оршин байрлах, Х б ХК /рд:2693321/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 0000 тоотод оршин суух, Эзэн овогт С.Б /рд:0000/,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 0000 тоотод оршин суух, Хар сарлагт овогт Т.А /рд:0000/,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн 0000 тоотод оршин байрлах, З х ХХК /рд:0000/ нарт холбогдох,

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Жанжин Д.Сүхбаатарын талбай 7, өөрийн байранд оршин байрлах, НЗДТГ,

 

Зээлийн гэрээний үүрэгт 398,534,396 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн шимтгэлд тооцон авсан 3,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, хариуцагч З х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х, хариуцагч нарын өмгөөлөгч Э.Х, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

Хариуцагч бөгөөд хариуцагч С.Бийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд тэдгээрийн өмгөөлөгчийн хүсэлтээр эзгүйд нь хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

З х ХХК, С.Б, Т.А нар нь Х бнаас 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №ЗГ/202045425065 тоот бизнесийн зээлийн гэрээ, мөн тус өдөр №БГХ202045425065 тоот барьцааны гэрээнүүдийг тус тус байгуулж 350,000,000 төгрөгийг жилийн 19.3 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нар нь зээлийн барьцаанд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн НЗДТГтай байгуулсан №НХААГ-19/106 дугаартай Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Дарь-Эхийн авто замын шинэчлэлт /3.3 км/ БЗД/-ийн ажил гүйцэтгэх гэрээний орлогыг барьцаалсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт дахь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банкны зүгээс зээлдэгчид зээлээ төлөх тухай мэдэгдэл хүргүүлэх, уулзалт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч, зээлийн төлбөрөө төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилж мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн өр, төлбөр төлөгдөөгүй байна. Зээлдэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлээс 90,305,054.79 төгрөг, хүүгийн төлбөрт 21,467,945.21 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 0 төгрөг нийт 111,773,000 төгрөгийг төлсөн байна. Иймд банк Монгол улсын Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн зээлдэгч Зээлдэгч З х ХХК, С.Б, Т.А нарт холбогдуулан 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 259,694,945.21 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 103,411,369.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 10,381,252.07 төгрөг, нийт 373,487,566.54 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд ...Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж заасан. Зээлдэгч нар нь өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бөгөөд авсан зээлийг ашиглаж байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 259,694,945 төгрөг, хүү 124,283,727 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,555,723 төгрөг, нийт 398,534,396 гаргуулахаар буюу анхан гаргасан шаардлагаа 25,046,830.36 төгрөгөөр нэмэгдүүлсэн.

Иймд зээлдэгч нараас зээлийн гэрээний үүрэгт 398,534,396.9 төгрөг гаргуулж өгнө үү. Зээлдэгч зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй, төлөөгүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө болох 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн НЗДТГтай байгуулсан №НХААГ-19/106 дугаартай Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Дарь-Эхийн авто замын шинэчлэлт /3.3 км/ БЗД/-ийн ажил гүйцэтгэх гэрээний орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.  

 

2. Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбартаа:

Х б ХХК-тай 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №ЗГ/202045425065 тоот бизнесийн зээлийн гэрээ, мөн тус өдөр №БГХ202045425065 тоот барьцааны гэрээнүүдийг тус тус байгуулж 350,000,000 төгрөгийг жилийн 19.3 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаанд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн НЗДТГтай байгуулсан №НХААГ-19/106 дугаартай Түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Дарь-Эхийн авто замын шинэчлэлт /3.3 км/ БЗД/-ийн ажил гүйцэтгэх гэрээний орлогыг барьцаалсан. Манай компани замын ажил гүйцэтгэдэг ба НЗДТГтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Дарь-Эхийн 3,3 км замыг засварлах ажлаа гүйцэтгэхийн тулд бараа материал авах зорилгоор банкнаас уг зээлийг авсан. Зээлийн мөнгөн хөрөнгийг авснаас хойш нийт 111,773,000 төгрөгийг төлсөн. Ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор замын ажлыг гүйцэтгэхэд их хэмжээний цаг хугацаа, бараа материалын үнийн зөрүү үүсч компанид алдагдалд орсны улмаас зээлийн төлбөрийг үргэлжлүүлэн төлж чадаагүй. 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн бүх нийтийн бэлэн байдал болон 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дууссантай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдалд орсон.. Ковидын үед тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагаа эрхлэх боломжгүйгээр зогсонги байдалд байсан. Зогссон хугацаанд тухайн зээлийг хариуцагч нь ашиглах боломжгүй байсан. Үүнтэй холбоотой замын ажил маань 5 удаа нэмэлт гэрээ хийж хойшлуулсан. Хуульд заасан гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр тухайн үйл ажиллагаа зогссонтой холбогдуулан зээлийг ашиглах боломжгүй байсан. Зээлийн гэрээг 2 сарын хугацаатай байгуулсан. Гэрээний хугацаа дууссан үед зээлдэгчийн дансанд зээлийн төлбөрийг төлж барагдуулах хэмжээний мөнгө байсан байхад Х б суутгал хийж аваагүй. Суутгал хийгдэхгүй өнөөдрийг хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмэгдүүлээд явж байсан нь банкны буруутай үйлдэл. Иймд эдгээр үндэслэлээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин зээлийн үндсэн төлбөр 259,694,945 төгрөгийг төлнө. НЗДТГ болон Х б ХК-тай гурвалсан гэрээ байгуулаад "З х" ХХК-ийн шаардах эрхийг Х б ХК шилжүүлж авсан. Банк шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас зээлийн төлбөр төлүүлэхээр шаардах боломжтой байсан боловч уг эрхээ хэрэгжүүлээгүй.

НЗДТГтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан. Биднийг ажил гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр гэрээг цуцалж, өөр компаниар замын ажлыг гүйцэтгүүлэхээр болсон. Бид уг замын ажлыг заасан хугацаанд гүйцэтгэхийг хичээсэн боловч цар тахал гарсантай холбоотойгоор материалын үнэ нэмэгдсэн нь төсвөөс хэтэрсэн зардал гарсан тул гүйцэтгэх боломжгүй болсон юм гэв.

 

3. Хариуцагч З х ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Х б нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан бизнесийн зээлийн гэрээ байгуулсан. Уг бизнесийн зээлийн гэрээний 2.3.1 дэх заалтад зээл олгох үйлчилгээний шимтгэл олгосон зээлийн дүнгийн 1 хувь байна гэсний дагуу 350,000,000 төгрөгийн зээл олгосноос шимтгэл 3,500,000 төгрөгийг манай компанийн данснаас суутган тооцон авсан. Тухайн үед 2020 онд банкинд шимтгэл тогтоох эрх байгаагүй. Банкны тухайн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж заасан. Х б нь зээлийн шимтгэл тооцон авсан үндэслэлээ Монгол банкны журмаар зохицуулсан гэдэг. Гэтэл зээлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хуулиар зохицуулна гэж хуульд заасан байдаг. Иймд 2.3.1 дэх заалт нь стандарт нөхцөл зөрчсөн гэрээ гэж үзэж байна. Аль ч зээлдэгчийн хувьд банкинд зээлийн гэрээний загварт саналаа оруулах, шимтгэлийн хэмжээг өөрчлүүлэх гэх мэт гэрээний заалтуудад саналаа тусгах, өөрчлөх боломж байдаггүй. Зээл авахын тулд банкны бэлдсэн зээлийн гэрээнд гарын үсэг зурдаг. Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч гэсэн нөгөө талдаа илт хохиролтой, шударга ёсны зарчимд харш нөхцөл байдал гэж үзэн хууль бус гэж үзэж байна. Хуулинд зээлийн шимтгэлийн хэмжээг зохицуулсан заалт байхгүй. Гэрээтэй холбоотойгоор нэг хувийн шимтгэл суутгаж авсан 3,500,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан гэв.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:

З х ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь "З х" ХХК-д зээлдүүлсэн 350,000,000 төгрөгийн зээлээс 3,500,000 төгрөгийн шимтгэл аваагүй. Банк 1,500,000 төгрөгийг зээлийн шимтгэлд авсан байдаг. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Хариуцагч буюу сөрөг нэхэмжлэл гаргагч этгээд нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотлох ёстой. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлд заасан стандарт нөхцөлийн шаардлагыг хангаж байгаа. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1, 451 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр гэрээ юм. Тухайн шимтгэлийг зээлийн хэмжээнээс суутгасан зүйл байхгүй. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

"З х" ХХК болон Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Дарь-Эхийн авто замын шинэчлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А380 дугаартай эрх шилжүүлэх тухай захирамжаар Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2019 оны авто замын шинэчлэлтийн ажлыг хавсралтаар баталж, уг төсөлт арга хэмжээг худалдаж авах ажиллагааны эрхийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт даалгасан. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар нь нээлттэй тендер сонгон шалгаруулалт зарласан. "З х" ХХК нь тухайн тендерийн шаардлагыг ханган, хамгийн сайн үнэлэгдсэн тул гэрээ байгуулсан. Нийслэлийн авто замын хөгжлийн газар захиалагчийн хяналт тавьсан байгууллага нь ба энэ гэрээг 5 удаа сунгагдсан. Ковидын нөхцөл байдал болон гүйцэтгэгч талаас тавьсан шаардлага, хүсэлтүүдийг биелүүлэх зорилгоор нийт 5 удаа сунгасан. Хамгийн сүүлд 2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг сунгасан боловч гүйцэтгэгч байгууллагаас гэрээний үүргийн дагуу замын ажлууд хийгдэж гүйцэтгээгүй, хийгдсэн ажлын ашиглалтын байдал болон арчлалт хамгаалалт хийгдээгүй. Ажил гүйцэтгэл, төлөвлөгөөг тодруулж өгөөгүй. Захиалагч байгууллагаас аливаа мэдэгдэл, албан шаардлагад тодорхой хариу тайлбар ирүүлээгүй зэрэг нь хийх ёстой ажлын гүйцэтгэлээ байнга тасалдуулж ирсэн. Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр үйл ажиллагааны талаар ажлын хэсэг хуралдсан. Тухайн өдөр хуралдан үндсэн гэрээний 32.2.2-т зааснаар алдаа дутагдал арилгах, ажлаа эрчимжүүлэх 14 хоногийн хугацаатай даалгавар өгсөн. Гэрээнд заасны дагуу захиалагч байгууллага мэдэгдэл өгөөд байхад гүйцэтгэгч байгууллага тухайн Дарь-Эхийн замын байршилдаа гараагүй байсан тул гэрээг цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн. Ингээд гүйцэтгэгч байгууллага хяналт тавьж байгаа байгууллагад хариу тайлбараа хүргүүлсэн. Олон шалтгааны улмаас ажилдаа гарч чадаагүй, асуудлаа шийдэхийн тулд захиалагч талд хариу өгсөн гэж албан бичигт тусгагдсан байсан. Анхнаасаа батлагдсан төсвийн дагуу гүйцэтгэсэн ажил нь төсөв өртөгтэй багтахгүй байна хэмээн тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх талаар мөн албан бичигтээ дурдсан байсан. Гэвч анхны гэрээ нь аль аль талд баталсан төсвийг зөвшөөрөөд гэрээ байгуулагдсан учир нэмэх боломжгүй гэх зүйлийг хурлын тэмдэглэлд тусгагдсан байна. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын 2022 оны 8 дугаар сарын 26-ны А41 дугаартай тушаалаар энэ ажилтай холбоотой ажлын хэсэг байгуулагдсан. Газар дээр нь очиж ажлын хэсэг шалгахад 2019 оноос хойш 5 удаа гэрээний хугацааг сунгасан байхад өнөөдрийг хүртэл ямар ч ахиц гараагүй, үр дүн цаашдаа уг ажлыг үргэлжлүүлэх ямар ч нөхцөл байхгүй байгаа болох нь тогтоогдсон. Ингээд ажил гүйцэтгэх гэрээг цуцлах мэдэгдлийг "З х" ХХК-д хүргүүлсэн. Гэрээ цуцлах тухай мэдэгдэлтэй холбоотой "З х" ХХК нь Иргэний хэрэг болон Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан зүйл одоогоор байхгүй. Гэрээний хугацаанд гүйцэтгэгч З х ХХК-д нийт гүйцэтгэсэн ажилд нь 1,834,862,173 төгрөгийг хөлс төлсөн гэв.

 

6. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

6.1 нэхэмжлэгчээс гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, бизнесийн зээлийн гэрээ, барьцааны гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, зээлийн өргөдөл, хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэр, зээлийн бүртгэлийн карт, дансны хуулга, мэдэгдэл, зээлдэгчтэй уулзсан тэмдэглэл, Т.Аээс гаргасан өргөдөл, шаардах эрх шилжүүлэх гэрээ, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2022.03.22-ны өдрийн 03/1264 тоот, 2021.11.17-ны өдрийн 03/5115 тоот албан бичгүүд, Х бнаас Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн албан бичгүүд, мөнгөн шилжүүлгийн баримт,

6.2 хариуцагчаас гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ, З х ХХК-иас Нийслэлийн авто замын газар, Нийслэлийн газар зохион байгуулалтын албан, Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн албан бичгүүд, Автозамын хөгжлийн газрын 2021.07.23-ны өдрийн 4/1205 тоот албан бичиг, түлхүүр гардуулах нөхцөлтэй автзамын шинэчлэлтийн ажлын хугацаа сунгах нэмэлт гэрээнүүд, Монгол Улсын Засгийн газрын тогтоолууд,

6.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн Нийслэлийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн Дарь-Эхийн автозамын шинэчлэлт /3.3 км/-ийн ажилд олгосон санхүүжилтийн тооцоо, Нийслэлийн Замын хөгжлийн газрын албан бичгүүд, гэрээ дүгнэсэн маягт, хурлын тэмдэглэл, замын ажын санхүүжилтийн хүснэгтийн маягт, ажлын хуваарь, барилгы угсралтын ажлын гүйцэтгэл зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Х б ХК нь хариуцагч З х ХХК, С.Б, Т.А нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 373,487,566 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 398,534,396 төгрөг гаргуулахаар шаардсан.

1.1 Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 259,694,945 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, бусад хэсгийг үл хүлээн зөвшөөрч маргасан.

1.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч З х ХХК-иас зээлийн шимтгэлд авсан 3,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч маргасан.

1.3 Шүүх дараах үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Х б ХК нь хариуцагч З х ХХК болон С.Б, Т.А нартай 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ/202045425065 тоот бизнесийн зээлийн гэрээ байгуулан, уг гэрээгээр Х б ХК нь 350,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, жилийн 19.3 хувийн хүүтэй, бизнесийн зориулалтаар зээлдүүлэх, З х ХХК болон С.Б, Т.А нар нь тохирсон хугацаанд хуваарийн дагуу зээлийн үндсэн төлбөрийг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-9-11/

 

2.1 ЗГ/202045425065 тоот бизнесийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор зээлдэгч З х ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн БГХ/202045425065 тоот барьцааны гэрээг Х б ХК-тай байгуулж, №НХААГ-19/106 тоот гэрээний орлогыг барьцаалсан байна. /хх-12-14/

 

2.1а Барьцааны гэрээний зүйл буюу З х ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр НЗДТГтай Түлхүүр гардуулах нөхцөлтэй Дарь-Эхийн замын ажлын шинэчлэлт /3.3 км/БЗД/-ийн ажил гүйцэтгэх №НХААГ-19/106 тоот гэрээг байгуулж, авто замын ажил гүйцэтгэж 2,199,188,753 төгрөгийн санхүүжилтийн ажлын хөлсийг авахаар тохирч, уг гэрээний орлогыг Х б ХК-д барьцаалжээ.

 

2.1б Уг барьцааны гэрээг байгуулахдаа Х б ХК нь замын ажил гүйцэтгэх гэрээний орлогоос зээлийн төлбөрийг авахын тулд 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр НЗДТГ болон З х ХХК нартай шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Түлхүүр гардуулах нөхцөлтэй Дарь-Эхийн авто замын ажлын шинэчлэлт /3.3 км/БЗД/-ийн ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн шаардах эрхийг банк шилжүүлэн авахаар тохиролцсон байна. /хх-59-60/

 

2.2 Зээлдэгч З х ХХК болон С.Б, Т.А нар нь зээлийн гэрээний дагуу 350,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг Х б ХК-иас хүлээн авсан үйл баримтад маргаагүй, уг үйл баримт нь банкны дансны хуулгаар тогтоогдсон. /хх-25/

2.3 Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох гэрээний харилцаа, мөн Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээний харилцаа тус тус үүсчээ.

3. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 90,305,054 төгрөг, хүүгийн төлбөрт 21,467,945 төгрөг, нийт 111,773,000 төгрөг төлсөн болох нь дансны хуулга, талуудын хэн алины тайлбараар тогтоогдсон.

3.1 Хариуцагч нар нь зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 259,694,945 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Харин зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргасан ба уг татгалзлын үндэслэлээ ...цар тахал гарсан холбоотойгоор банкнаас зээлсэн мөнгөн хөрөнгөөр замын ажлыг гүйцэтгэх боломжгүй болсон. НЗДТГтай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан. Замын ажлыг үргэлжлүүлж гүйцэтгэх саналыг гаргасан боловч өөр компанид замын ажлыг өгсөн. Зээлийн гэрээний хугацаа дуусах үед компанийн дансанд зээлийн төлбөрийг төлөх хэмжээний мөнгө байсан байхад банк зээлийн төлбөрийг суутган аваагүйн улмаас хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ ихэссэнд банк буруутай гэж тайлбарласан.

3.1а Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.2.3-т зээлийн төлбөрийг хүүгийн хамт 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн дотор төлж биелүүлсэн байхаар гэрээний хугацааг тохирсон байна. Өөрөөр хэлбэл, зээлдэгч нар нь 2 сарын хугацааны дотор зээлийн мөнгөн хөрөнгийг тохирсон хүүгийн хамт төлөх үүргийг хүлээжээ. Хэрэгт авагдсан баримтаар З х ХХК-ийн гүйцэтгэх авто замын ажил гүйцэтгэх гэрээний хугацааг 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгаж ирсэн болох нь тогтоогдсон.

Мөн энэ хугацаанд З х ХХК нь авто замын ажлын санхүүжилтэд 2020 оны 11 сарын 18-ны өдөр 540,850,912 төгрөг, 2020 оны 12 сарын 21-ний өдөр 439,837,750 төгрөгийн ажлын хөлсийг тус тус хүлээн авсан болох нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн санхүүжилтийн тооцооны баримт, Нийслэлийн Замын хөгжлийн газраас ирүүлсэн гэрээ дүгнэсэн маягт, авто замын барилгын угсралтын ажлын санхүүжилтийн баримт, барилга угсралтын ажлын гүйцэтгэлийн баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хх-167, 171-181/

Зээлийн төлбөрийг төлөх 2 сарын хугацаа болон уг хугацаа дууссанаас хойш 2020 оны 12 сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд зээлдэгч нар нь замын ажлын хөлс /540,850,912+439,837,750/ авсан байсан байна.

Үүнээс дүгнэвэл цар тахал гарсантай холбоотойгоор замын ажлыг гүйцэтгээгүйгээс зээлийн төлбөрийг төлөх боломжгүй болсон гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна.

Нөгөө талаар, НЗДТГтай байгуулсан авто замын ажил гүйцэтгэх гэрээний үүргийг З х ХХК гүйцэтгэх явцад бараа материалын үнэ өссөний улмаас гүйцэтгэгчид санхүүгийн хүндрэл үүссэн болох нь зээл олгосон Х б ХК хамааралгүй, энэ нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

3.1б Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

Хуулийн уг зохицуулалтаар зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүүг нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөх үүргийг хүлээсэн.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр тохирсон хугацаандаа зээлийн мөнгөн хөрөнгийг төлөх үүрэгтэй атлаа ...дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс таталт хийх замаар зээлийн төлбөрөө авах боломжтой байхад банк таталт хийгээгүй гэх хариуцагч нарын тайлбар учир дутагдалтай байна. Зээлдэгч нар нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгөх үүрэгтэй ба зээлдэгч нарын дансанд мөнгөн хөрөнгө байсан тохиолдолд энэ талаар банкинд мэдэгдэх замаар зээлийн төлбөрийг төлөх нь зээлдэгч нарын үүрэг юм. Гэтэл Х бнаас зээлдэгч нарт зээл төлөх мэдэгдлийг удаа дараа өгсөн байхад дансанд мөнгөн хөрөнгө байгаа болохоо мэдэгдээгүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

Эдгээр үндэслэлээр зээлдэгч нарыг зээлийн хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

3.2 Нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргаснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсанд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй. Нэхэмжлэгч тал шүүх хуралдаанаас өмнө хүсэлт, баримтаа гаргаж өгөх бүрэн боломжтой байсан байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинээр баримт шүүх хуралдаанд гаргаж өгөх, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах болон гуравдагч этгээдийг оролцуулах хүсэлтийг хожим гаргах, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь удаа дараа солигдох, итгэмжлэлээ шинээр гаргаж өгөх зэрэг нэхэмжлэгчээс шалтгаалсан үндэслэлүүдээр шүүх хуралдаан удаа дараа хойшилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэхэмжлэл гаргасан 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгож тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

3.3 Талуудын хооронд 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан ЗГ/202045425065 тоот бизнесийн зээлийн гэрээгээр гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн тул нэхэмжлэгч хариуцагч нараас нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй.

Иймд хариуцагч З х ХХК, С.Б, Т.А нар нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгчид байх тул тэдгээрээс зээлийн үндсэн төлбөрт 259,694,945 төгрөг, хүүгийн төлбөрт 103,411,369 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 10,381,252 төгрөг, нийт 373,487,566 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х б ХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцнэ.

4. Хариуцагч З х ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөх Х б ХХК-тай БГХ/202045425065 тоот барьцааны гэрээг байгуулж, НЗДТГтай байгуулсанНХААГ-19/106 тоот Түлхүүр гардуулах нөхцөлтэй Дарь-Эхийн авто замын ажлын шинэчлэлт /3.3 км/БЗД/-ийн ажил гүйцэтгэх гэрээний орлогыг барьцаалсан болох нь бичгийн гэрээ, талуудын тайлбараар тогтоогдсон.

4.1 Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, мөн 154 дүгээр зүйлийн 154.4-т Барьцааны зүйл ирээдүйд бий болох хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө бий болж барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ гэж тус тус заасан.

 

4.2 Хэрэгт авагдсан НЗДТГ болон Нийслэлийн Замын хөгжлийн газрын албан бичгүүд, гэрээ дүгнэсэн маягт, хурлын тэмдэглэл зэрэг бичгийн баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн талуудын тайлбараар НЗДТГтай З х ХХК-ийн байгуулсанНХААГ-19/106 тоот Түлхүүр гардуулах нөхцөлтэй Дарь-Эхийн авто замын ажлын шинэчлэлт /3.3 км/БЗД/-ийн ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан болох нь тогтоогдож байна.

 

4.2а З х ХХК нь дээрх авто замын ажил гүйцэтгэх гэрээний дагуу нийт 2,199,188,753 төгрөгийн ажлын хөлс авахаас 1,834,862,173 төгрөгийн хөлс авч, гэрээ цуцлагдсантай холбоотойгоор цаашидНХААГ-19/106 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлс буюу орлого З х ХХК-д олгогдохгүй байна.

 

4.3 Иймд ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсаны улмаас уг гэрээний үлдэх орлого ирээдүйд бий болох замаар барьцаалуулагчийн өмчлөлд шилжих боломжгүй, Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6-д зааснаар барьцааны эрх дуусгавар болсон байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээний зүйлээр хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

5. Хариуцагч З х ХХК-иас зээлийн шимтгэлд тооцон авсан 3,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг шаардлагын үндэслэлээ ...хуулиар банкинд шимтгэл авах эрхийг олгоогүй. Зээлийн гэрээгээр талууд 1 хувийн шимтгэлийг зээлдэгч төлөхөөр тохиролцсон боловч уг заалтыг банк хүчээр тулгаж гэрээнд гарын үсэг зуруулсан. Иймд шимтгэлтэй холбоотой гэрээний заалт нь хүчин төгөлдөр бус байх стантарт нөхцөлд хамаарна гэж тайлбарласан.

 

5.1 Талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан ЗГ/202045425065 тоот бизнесийн зээлийн гэрээний 2.3.1-т зээл олгох үйлчилгээний шимтгэл зээлийн дүнгийн 1 хувь байна гэж заасан байна.

Талууд уг гэрээний агуулга, заалтыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд гэрээг байгуулж, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг стандарт нөхцөл гэнэ гэж заасан. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.3.1-т заасан нөхцөлийг гэрээний нэг тал нөгөө талдаа санал болгож, урьдчилан тогтоож хэн аль нь хүлээн зөвшөөрч байгуулсан байна.

5.1а Хариуцагч З х ХХК нь зээлийн гэрээнд шимтгэл авах заалтыг банк хүчээр оруулж, гэрээнд гарын үсэг зуруулсан гэх тайлбараа баримтаар нотлоогүй.

5.1б Стандарт нөхцөл хүчин төгөлдөр байх тохиолдол нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй байгуулсан гэрээнд хамаарна. Гэтэл сөрөг нэхэмжлэл гаргагч З х ХХК нь компьютерийн үйлчилгээ, барилгын засвар, засал чимэглэл, автомашины засвар үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй хуулийн этгээд болох нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

5.2 Мөн хариуцагч З х ХХК нь зээлийн шимтгэлд 3,500,000 төгрөгийг суутган авсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

5.2а Нэхэмжлэгч Х б ХК-иас зээлийн шимтгэлд 3,500,000 төгрөгийг суутган аваагүй, 1,500,000 төгрөгийг зээл олголтын шимтгэлд авсан гэж тайлбарлаж, мөнгөн шилжүүлгийн баримтыг хэрэгт гаргасныг хариуцагч баримтаар няцаагаагүй. /хх-149/

5.3 Иймд хариуцагчаас гаргасан 3,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч, нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөх үүрэгтэй тул хариуцагч нараас 2,025,388 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2,095,588 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч З х ХХК, С.Б, Т.А нараас 373,487,566 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х б ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 25,046,830 төгрөг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хэсэг, нэхэмжлэгч Х б ХК-д холбогдох 3,500,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч З х ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчээс төлсөн 2,095,588 төгрөг, хариуцагчаас төлсөн 70,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 2,025,388 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ