Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 210/ма2023/02065

 

 

 

 

 

2023 11 27 210/МА2023/02065

 

 

Х ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2023/04399 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х ХК-ийн хариуцагч З нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 398,534,396 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай үндсэн, зээлийн шимтгэлд тооцон авсан 3,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, хариуцагч нарын өмгөөлөгч С.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: З нар нь Х ХК -аас 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн № тоот бизнесийн зээлийн гэрээ, мөн тус өдөр тоот барьцааны гэрээнүүдийг тус тус байгуулж 350,000,000 төгрөгийг жилийн 19.3 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нар нь зээлийн барьцаанд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын тамгын газартай байгуулсан дугаартай түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Дарь-Эхийн авто замын шинэчлэлт /3.3 км/ БЗД/-ийн ажил гүйцэтгэх гэрээний орлогыг барьцаалсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт дахь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банкны зүгээс зээлдэгчид зээлээ төлөх тухай мэдэгдэл хүргүүлэх, уулзалт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч, зээлийн төлбөрөө төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилж мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн өр, төлбөр төлөгдөөгүй байна. Зээлдэгч нь 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 90,305,054.79 төгрөг, хүүгийн төлбөрт 21,467,945.21 төгрөг, нийт 111,773,000 төгрөгийг төлсөн байна. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн зээлдэгч З нарт холбогдуулан 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 259,694,945.21 төгрөг, зээлийн хүү 103,411,369.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,381,252.07 төгрөг, нийт 373,487,566.54 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 259,694,945 төгрөг, хүү 124,283,727 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,555,723 төгрөг, нийт 398,534,396 гаргуулахаар буюу анх гаргасан шаардлагаа 25,046,830.36 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Иймд зээлдэгч нараас зээлийн гэрээний үүрэгт 398,534,396.9 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Х ХК -тай 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн № тоот бизнесийн зээлийн гэрээ, мөн тус өдөр тоот барьцааны гэрээнүүдийг тус тус байгуулж 350,000,000 төгрөгийг жилийн 19.3 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаанд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын тамгын газартай байгуулсан дугаартай түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Дарь-Эхийн авто замын шинэчлэлт /3.3 км/ БЗД/-ийн ажил гүйцэтгэх гэрээний орлогыг барьцаалсан. Манай компани замын ажил гүйцэтгэдэг ба Нийслэлийн Засаг даргын тамгын газартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Дарь-Эхийн 3,3 км замыг засварлах ажлаа гүйцэтгэхийн тулд бараа материал авах зорилгоор банкнаас уг зээлийг авсан. Зээлийн мөнгөн хөрөнгийг авснаас хойш нийт 111,773,000 төгрөгийг төлсөн. Ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор замын ажлыг гүйцэтгэхэд их хэмжээний цаг хугацаа, бараа материалын үнийн зөрүү үүсч компанид алдагдалд орсны улмаас зээлийн төлбөрийг үргэлжлүүлэн төлж чадаагүй. Ковидын үед тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагаа эрхлэх боломжгүйгээр зогсонги байдалд байсан. Зогссон хугацаанд тухайн зээлийг хариуцагч нь ашиглах боломжгүй байсан. Хуульд заасан гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр тухайн үйл ажиллагаа зогссонтой холбогдуулан зээлийг ашиглах боломжгүй байсан. Гэрээний хугацаа дууссан үед зээлдэгчийн дансанд зээлийн төлбөрийг төлж барагдуулах хэмжээний мөнгө байсан байхад Х ХК суутгал хийж аваагүй. Суутгал хийгдэхгүй өнөөдрийг хүртэл зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь банкны буруутай үйлдэл. Иймд эдгээр үндэслэлээр зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин зээлийн үндсэн төлбөр 259,694,945 төгрөгийг төлнө. Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Х ХК -тай гурвалсан гэрээ байгуулж З ХХК -ийн шаардах эрхийг Х ХК шилжүүлж авсан. Банк шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зээлийн төлбөр төлүүлэхээр шаардах боломжтой байсан боловч уг эрхээ хэрэгжүүлээгүй. Нийслэлийн Засаг даргын тамгын газартай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсан. Биднийг ажил гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр гэрээг цуцалж, өөр компаниар замын ажлыг гүйцэтгүүлэхээр болсон. Бид уг замын ажлыг заасан хугацаанд гүйцэтгэхийг хичээсэн боловч цар тахал гарсантай холбоотойгоор материалын үнэ нэмэгдсэн нь төсвөөс хэтэрсэн зардал гарсан тул гүйцэтгэх боломжгүй болсон гэжээ.

3. Хариуцагч З ХХК -ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн агуулга: Х ХК нь 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан бизнесийн зээлийн гэрээ байгуулсан. Уг бизнесийн зээлийн гэрээний 2.3.1-д заасны дагуу зээл олгосны шимтгэл 3,500,000 төгрөгийг манай компанийн данснаас суутган тооцон авсан. Тухайн үед 2020 онд банкинд шимтгэл тогтоох эрх байгаагүй. Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт банкны зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж заасан. Х ХК нь зээлийн шимтгэл тооцон авсан үндэслэлээ Монгол банкны журмаар зохицуулсан гэдэг. Гэтэл зээлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг хуулиар зохицуулна гэж хуульд заасан байдаг. Иймд гэрээний 2.3.1-д заасан заалт нь стандарт нөхцөл зөрчсөн гэрээ гэж үзэж байна. Зээлийн гэрээний заалтуудад саналаа тусгах, өөрчлөх боломж байдаггүй. Зээл авахын тулд банкны бэлдсэн зээлийн гэрээнд гарын үсэг зурдаг. Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч гэсэн нөгөө талдаа илт хохиролтой, шударга ёсны зарчимд харш хууль бус гэж үзэж байна. Хуульд зээлийн шимтгэлийн хэмжээг зохицуулсан заалт байхгүй тул гэрээтэй холбоотойгоор нэг хувийн шимтгэл суутгаж авсан 3,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга: З ХХК -ийн гаргасан сөрөг нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь З ХХК -д зээлдүүлсэн 350,000,000 төгрөгийн зээлээс 3,500,000 төгрөгийн шимтгэл аваагүй. Банк 1,500,000 төгрөгийг зээлийн шимтгэлд авсан байдаг. Энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Хариуцагч буюу сөрөг нэхэмжлэл гаргагч этгээд нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотлох ёстой. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлд заасан стандарт нөхцөлийн шаардлагыг хангасан. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 196 дугаар зүйлийн 196.1, 451 дүгээр зүйлд заасан хүчин төгөлдөр гэрээ юм. Тухайн шимтгэлийг зээлийн хэмжээнээс суутгасан зүйл байхгүй. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын тайлбар, татгалзлын агуулга: З ХХК болон Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Дарь-Эхийн авто замын шинэчлэлтийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Ковидын нөхцөл байдал болон гүйцэтгэгч талаас тавьсан шаардлага, хүсэлтүүдийг биелүүлэх зорилгоор нийт 5 удаа сунгасан боловч гүйцэтгэгч байгууллагаас гэрээний үүргийн дагуу замын ажлуудыг гүйцэтгээгүй. Иймээс Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр үйл ажиллагааны талаар ажлын хэсгийн хурлаар гэрээг цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн. Гэтэл гүйцэтгэгч байгууллага нь олон шалтгааны улмаас ажилдаа гарч чадаагүй, асуудлаа шийдэхийн тулд захиалагч талд хариу өгсөн гэж албан бичигтээ дурдсан байсан. Гэвч анхны гэрээг талууд баталсан төсвийг зөвшөөрч гэрээ байгуулагдсан. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 26-ны А41 дугаартай тушаалаар энэ ажилтай холбоотой ажлын хэсэг байгуулагдаж, газар дээр нь очиж шалгахад 2019 оноос хойш 5 удаа гэрээний хугацааг сунгасан байхад өнөөдрийг хүртэл ямар ч ахиц гараагүй, үр дүн цаашдаа уг ажлыг үргэлжлүүлэх ямар ч нөхцөл байхгүй байгаа болох нь тогтоогдсон. Гэрээний хугацаанд гүйцэтгэгч З ХХК -д нийт гүйцэтгэсэн ажилд нь 1,834,862,173 төгрөгийг хөлс төлсөн гэжээ.

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч З нараас 373,487,566 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х ХК -д олгож, нэхэмжлэлээс үлдэх 25,046,830 төгрөг болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах хэсэг, нэхэмжлэгч Х ХК -д холбогдох 3,500,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Зэс хөлөг ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй, иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй үндэслэллээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэхэмжлэл гаргасан 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгож тооцох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг 373,487,566.54 төгрөг гэж тодорхойлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа 25,046,830.36 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дууссан байх боловч гэрээний 2.4.5-д заасан тохиролцоо нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн тул банк хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас шаардах эрхтэй. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь тусгай зориулалтын үндсэн дээр нийтэд хандан зээлийн үйлчилгээ үзүүлэх гэрээнд хамаарч байгаа бөгөөд Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт Тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно. гэж заасан. Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 болон Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг тодорхой тайлбарласан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүүг Зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно гэж тохиролцсон. Гэтэл анхан шатны шүүх дээрх хуулийн зохицуулалт болон тайлбарыг буруу тайлбарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсантай холбоотой тайлбарлаж нэмэгдүүлсэн шаардлага буюу 25,046,830 төгрөгийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн барьцаа хөрөнгө болох шаардах эрхийн гэрээний дагуу ирээдүйд орж ирэх орлого буюу Нийслэлийн Засаг даргын тамгын газраас орж ирэх ажил гүйцэтгэх гэрээний орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Нийслэлийн Замын хөгжлийн газрын алба бичгүүд гэрээ дүгнэсэн маягт, хурлын тэмдэглэл зэрэг бичгийн баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн талуудын тайлбараар Нийслэлийн Засаг даргын тамгын газартай З ХХК -ийн байгуулсан тоот түлхүүр гардуулах нөхцөлтэй Дарь-Эхийн авто зам ажлын шинэчлэлт /3.3 км/БЗД/-ийн ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсаны улмаас уг гэрээний үлдэх орлого ирээдүйд бий болох замаар барьцаалуулагчийн өмчлөлд шилжих боломжгүй гэж үзэж үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээний зүйлээр хангуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хууль зүйн үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулах Нийслэлийн Засаг даргын тамгын газартай З ХХК -ийн байгуулсан тоот түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ хүчин төгөлдөр байсан бөгөөд хүчин төгөлдөр гэрээний үндсэн дээрээ байгуулсан барьцааны гэрээг ажил гүйцэтгэх гэрээ цуцалсанаар барьцааны гэрээ дуусгавар болохгүй бөгөөд барьцаалагчийн эрх хэвээр байх тул Иргэний хуулийн 160 дугаар зүйлд заасан барьцаалагчийн эрх дуусгавар болох үндэслэлд хамаарахгүй бөгөөд анхан шатны шүүх хамааруулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Дээрх гэрээний ажилд Нийслэлийн замын хөгжлийн газар захиалагчийн хяналт тавьж ажилласан бөгөөд тус газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн дугаартай ажлын хэсэг газар дээр нь очиж шалгахад 2019 оноос хойш 5 удаа гэрээг сунгасан байхад өнөөдрийг хүртэл ямар ч ахиц гараагүй, уг ажлыг үргэлжлүүлэх боломжгүй талаар дүгнэлтийг гаргасан. Мөн Нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 03/108 дугаартай албан бичгээр гэрээний үүргээ удаа дараа биелүүлээгүй үндэслэлээр түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Дарь-Эхийн авто замын шинэчлэлт 3,3 км /БЗД/ ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан болно. Ингэснээр тус гэрээний харилцаа дуусгавар болсон. Мөн барьцааны зүйл буюу ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан тул гэрээний үлдэх санхүүжилт ирээдүйд бий болох замаар барьцаалуулагчийн өмчлөлд шилжих боломжгүй. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6-д зааснаар барьцааны эрх дуусгавар болсон байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцааны гэрээний зүйлээр хангуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр хууль ёсны бегеед үндэслэл бүхий шийдвэр гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч З нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 259,694,945 төгрөг, зээлийн хүү 103,411,369 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,381,252 төгрөг, нийт 373,487,566 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилсэн./хх1-2/

2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 259,694,945 төгрөг, зээлийн хүү 124,283,727 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,555,723 төгрөг, нийт 398,534,396 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлж, хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

2.2. Дээрх нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч нар үндсэн зээлийн үлдэгдэл 259,694,945 төгрөг төлөхийг зөвшөөрч, харин зээлийн гэрээний хүү болон нэмэгдүүлсэн хүүг эс зөвшөөрч, зээлийн шимтгэлд тооцон авсан 3,500,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

3.1. Х ХК нь З ХХК болонС.Б нартай 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн тоот бизнесийн зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Х ХК нь зээлдэгч нарт 350,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай, жилийн 19.3 хувийн хүүтэйгээр зээлдүүлж, зээлдэгч нар нь уг зээлийн мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүүг буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх9-11/

3.2. Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, гэрээнд хэн аль нь гарын үсэг зурсан байх бөгөөд зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

3.3. Анхан шатны шүүх талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

4. Нэхэмжлэгч талын зээлийн гэрээний хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах агуулгатай гомдлыг хангах үндэслэлтэй байна.

4.1. Зээлдүүлэгч Хаан банк ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлдэгчид 350,000,000 төгрөгийг шилжүүлэн өгч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна./хх-25/ Нэгэнт банк зээлийн мөнгөн хөрөнгийг зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч талд шилжүүлэн өгсөн тохиолдолд зээлдэгч нар нь уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус төлөх үүргийг хүлээнэ.

4.2. Зээлдэгч нар нь зээлийн эргэн төлөлтөд үндсэн зээлд 90,305,054 төгрөг, зээлийн хүүнд 21,467,945 төгрөг, нийт 111,773,000 төгрөг төлсөн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

4.3. Хариуцагч нар нь гэрээнд заасан хугацаанд зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээний хугацаа дууссан үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4.4. Иймд зээлдэгч нар нь үндсэн зээл 350,000,000 төгрөгөөс түүний төлсөн 90,305,054 төгрөгийг хасч тооцвол 259,694,945 төгрөгийн үндсэн зээл төлөөгүй талаар талууд маргаагүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас үндсэн зээлд 259,694,945 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүх зөв шийдвэрлэжээ.

4.5. Зохигчийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний 2.1.6-д заасан гэрээний хугацаа дуусгавар болж, зээлдэгч нар зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ.

4.6. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1999 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол гэрээнд заасан хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй ба зээлдэгч нар нэхэмжлэл гаргаснаас хойш хугацааны хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү төлөх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

4.7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх эрхтэй ба хариуцагч байгууллага нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, түүнд тооцогдох нэмэгдүүлсэн хүү төлөх үр дагавар үүсэхгүй байсан.

Харин, хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийн зөрчил гаргасан буруутай, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх хүртэл хугацаанд зээлийг тогтоосон хуваарийн дагуу төлөөгүй болох нь тогтоогдож байгаа нөхцөлд зээлийн гэрээний дагуу хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

4.8. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.4-д жилийн 19.3 хувь гэж, мөн гэрээний 2.1.5-д нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байх-аар тохиролцсон байдлыг харьцуулан дүгнэвэл зээлдэгч нар гэрээний хугацаанд зээлээ төлөөгүй нөхцөлд зээлийг төлөгдөж дуустал буюу хэтэрсэн хугацаанд хүүгийн хэмжээгээр нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

5. Анхан шатны шүүх зээлийн гэрээний хэтэрсэн хугацааны хүү, түүнд тооцогдох нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болсон байх тул хариуцагч нараас хэтэрсэн хугацааны зээлийн хүүд 124,283,727 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 14,555,723 төгрөг, нийт 138,839,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХК -д олгох нь хуульд нийцнэ.

6. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтооох хэсгийн 1 дэх заалтад хариуцагч З нар аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 398,534,396 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХК -д олгосон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7. Барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын тухайд.

7.1. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр  тоот барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр  тоот гэрээний орлого буюу З ХХК нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн Засаг даргын тамгын газартай түлхүүр гардуулах нөхцөлтэй Дарь-Эхийн замын ажлын шинэчлэлт /3.3 км/БЗД/-ийн ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, авто замын ажил гүйцэтгэж 2,199,188,753 төгрөгийн санхүүжилтийн ажлын хөлсийг авахаар тохирч, уг гэрээний орлогыг Х ХК -д барьцаалсан болох нь талуудын тайлбар болон хэргийн баримтуудаар тогтоогдсон./хх12-14, 15-16/

7.2. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон З ХХК -иудын хооронд 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэж, уг актаар ...гүйцэтгэгч З ХХК нь дээрх мөнгөн хөрөнгийг ажлын хөлсөнд авсан болохыг зөвшөөрч, захиалагч нь ажлын гүйцэтгэгч З ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний 42.2.2 б, в заалтыг зөрчиж гэрээний үүргээ удаа дараа биелүүлээгүй тул 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гэрээг цуцалсан гэж тусгагджээ. /хх172-175/

7.3. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 06/4207 дугаар албан бичгийн хавсралтад ...Дарь-Эхийн авто замын шинэчлэлт /3.3/ км/ /БЗД/-ийн ажилд 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд нийт олгосон санхүүжилтийн дүн 1,834,862,173 төгрөг-ийг шилжүүлсэн болох нь Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 06/4207 тоот албан бичгээр тогтоогдож байна./хх167-168/

Дээрх нотлох баримтуудаар З ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсийг хүлээн авсан гэж үзнэ.

8. Анхан шатны шүүх барьцааны зүйл болох ажил гүйцэтгэх гэрээний орлого олгогдоогүй, барьцааны эрх дуусгавар болсон гэж дүгнэж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

Талууд хүсэл зоригоо илэрхийлэн, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлон Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасны дагуу барьцааны гэрээ байгуулсан, гэрээ хүчин төгөлдөр байгаа нөхцөлд нэхэмжлэгч нь хариуцагч нараас үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй. Дээрх ажил гүйцэтгэх гэрээ хэрхэн яаж хэрэгжсэн, гэрээний хэрэгжилтийн хүрээнд ажлын хөлс буюу орлого ямар хэмжээнд орж ирсэн эсэх нь зээлийн болон барьцааны гэрээний шаардлагыг хангахад ямар нэгэн байдлаар хамаарахгүй юм.

9. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулна.

10. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

Шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.3.1-д зээл олгох үйлчилгээний шимтгэл зээлийн дүнгийн 1 хувь байна гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж дүгнэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасантай нийцжээ.

11. Мөн нэхэмжлэлийн хангасан дүнг өөрчилсөнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад өөрчлөлт оруулна.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг ханган, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон нэхэмжлэлийн үнийн дүнгийн өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2023/04399 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч З нар аас үндсэн зээлийн үлдэгдэл 259,694,945 төгрөг, зээлийн хүү 124,283,727 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,555,723 төгрөг, нийт 398,534,396 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХК -д олгож, нэхэмжлэгч Х ХК -д холбогдох 3,500,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч З ХХК -ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтыг нэмж, уг заалтад Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын тамгын газартай байгуулсан дугаартай түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй Дарь-Эхийн авто замын шинэчлэлт /3.3 км/ БЗД/-ийн ажил гүйцэтгэх гэрээний орлогоос үүргийн гүйцэтгэл хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. гэж,

2 дахь заалтыг 3 гэж дугаарлан уг заалтын ...2,025,388... гэснийг 2,150,622 төгрөг... гэж тус тус өөрчилж,

3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж дугаарлан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х ХК -аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 354,385 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Д.ЦОГТСАЙХАН