Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2023/04753

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2023/04753

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 0000 байранд оршин байрлах, Х б ХК /рд:2693321/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0000 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж буй, Хотгойд овогт Д.Ж /рд:0000/-д холбогдох,

 

Гуравдагч этгээд: Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 0000 тоотод оршин суух, Харчин овогт М.З /рд:0000/,

 

Гуравдагч этгээд: Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 0000 тоотод оршин суух, Боржигин овогт Д.П /рд:0000/,

 

Зээлийн гэрээний үүрэгт 107,158,973 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, С.Г, хариуцагч Д.Ж /цахимаар/, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.З-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Н.Н нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл хөтлөв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч Д.Ж нь Х б ХК-ийн Цамбагарав тооцооны төвтэй 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 3Г/201944497583 тоот зээлийн гэрээ байгуулж 35,000,000 төгрөгийг, жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, шуурхай бичил зээлийн зориулалтаар зээлсэн. Тус зээлийн гэрээнд 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 3Г/201944497583-1 тоот нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж өмнөх 35,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл 32,707,643.92 төгрөг дээр нэмэлтээр 33,092,356.08 төгрөгийн нэмэлт зээл олгож нийт 68,092,356.08 төгрөгийн зээл авч дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр БГУ/201944497583 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 0000 тоот хаягт байрлах 32 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, мөн 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр БГХ/201944497583 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж AHR102004814 арлын дугаартай, 0000 УБП улсын дугаартай, тоёота истима маркийн суудлын авто машин, JKS1750001883 арлын дугаартай, 0000УНУ дугаартай тоёота кровн, бизнесийн орлого зэргийг барьцаалуулсан. Дээрх зээлийн гэрээнд 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 3Г/202045353547 тоот зээлийн гэрээгээр нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж зээлийн гэрээний хугацаа сунгаж, эргэн төлөлтийн хуваарийг өөрчилж барьцааны гэрээнд барьцааны зүйлийг нэмж барьцаалах зорилгоор 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр БГУ/201944497583-1 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгон гудамж, 6 дугаар байр, 9 тоот хаягт байршилтай, 34м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, хөргөгч зэргийг нэмж барьцаалуулсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 9,340,638.84 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,721,881.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 13,532.87 төгрөг, нийт 15,076,053.64 төгрөг төлсөн байна. Зээлдэгч нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хоцорч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд банк 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн ЗГ/201944497583 тоот болон 2019 оны 8 дугаар сарын 25-ний өдөр ЗГ/201944497583-1 тоот гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 58,751,717.24 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 45,546,094.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,826,161 төгрөг, нотариатын зардал 35,000 төгрөг, нийт 107,158,973.12 төгрөг гаргуулах, зээлийн гэрээний үүргийг Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгон 1 дүгээр хэсэг 4 дүгээр байрны 3 тоот хаягт байрлах 32 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгон гудамж, 6 дугаар байрны тоот хаягт байршилтай 34 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, AHR102004814 арлын дугаартай, 0000 УБП улсын дугаартай, тоёота истима маркийн суудлын авто машин, JKS1750001883 арлын дугаартай, 0000УНҮ дугаартай тоёота кровн зэрэг барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Гуравдагч этгээд гаргаж буй үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахгүй гэх тайлбарыг хүлээн зөвшөөрөхгүй. М.Згаас өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг банкны барьцаанд тавих эрхтэй итгэмжлэлийг Д.Жд олгосон. Уг итгэмжлэлийг үндэслэн барьцааны гэрээ байгуулсан. Д.Пгийн өмчлөлийн эд хөрөнгө нь барьцааны гэрээ байгуулах үед Д.Жын өмчлөлд бүртгэлтэй байсан. Барьцааны гэрээ байгуулах үед Д.Ж нь Д.Пг залилан мэхэлж уг эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байсан болохыг банк мэдэх боломжгүй байсан. Банк барьцааны гэрээ байгуулахдаа хууль ёсны өмчлөгчөөс нь олгосон итгэмжлэлийг үндэслэж, мөн улсын бүртгэлд бүртгэлтэй өмчлөгчтэй нь тус тус байгуулсан гэв.  

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х бтай 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 35,000,000 төгрөгийг зээлж авсан. Дараа нь 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж нэмж 33,092,356 төгрөгийг зээлж авсан. Зээлийн төлбөрт нийт 15,076,053 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Харин хүү, алдангийн төлбөрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Яагаад гэвэл 2019 оны 12 дугаар сард надад холбогдуулан Эрүүгийн хэргийн хавтаст хэрэг нээгдсэн байдаг. 2019 оны 12 дугаар сараас 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Эрүүгийн хэргийн шүүхээр орж таслагдаж, 8 жилийн ял авч одоо хорих ангид сууж байна. Х б надад холбогдуулан эрүүгийн хэрэг нээгдэн, ажиллагаа явагдаж байгааг мэдсээр байж зээлийн хүү, алдангийг зогсоогоогүй. 2020 онд ковидын үед алданги, хүү хоёрыг зогсоогоогүйд тус тус гомдолтой байна. Цар тахлын үед зээлийн хүүг зогсоож байсан. Хэдийгээр би М.З, Д.П нарыг хохироож, тэдний эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавьсан нь үнэн боловч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрч байна. М.З, Д.П нарыг хохироож болохгүйг би ойлгож байгаа. Гэхдээ М.З, Д.П нар нь намайг зээлийн төлбөрөө төлөхийг хичээж байгааг сайн мэдсээр атлаа надад холбогдуулан эрүүгийн журмаар гомдол гаргаж, надад 8 жилийн хорих ял өгүүлсэнд би гомдож байна гэв.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Згийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Жд өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг 1 жилийн хугацаатай, 15,000,000 төгрөгийн хэмжээний зээлэнд барьцаалж болох итгэмжлэлийг хийж өгсөн. Итгэмжлэлээр олгосон 1 жилийн хугацаа дуусахад 2 хоног дутуу байхад 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, нэмж зээл өгсөн байсан. Банк зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж байгаагаа барьцаа хөрөнгийн өмчлөгчид мэдэгдэх байтал мэдэгдээгүй. М.З нь өөрийн хөрөнгөө 15,000,000 төгрөгийн хэмжээнд барьцаанд байгаа гэж ойлгож явсан. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2-т заасныг зөрчсөн. Хэрэгт авагдсан зээлийн гэрээний хувийн материал дотор Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас иргэн М.Зд тухайн байр нь зээлийн барьцаанд бүртгэлтэй гэсэн мэдэгдэл өгсөн баримт байдаг. Банк нууж байгаад зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөн Д.Ж нь М.Зг хуурч, мэхэлж итгэмжлэл хийлгэсэн. Зээлдэгч өөрөө болон зээлдүүлэгч нар нь зохих үүргээ биелүүлээгүй байгаатай холбоотой өмчлөх эрх маань зөрчигдөөд байна. Барьцааны гэрээний 6 дугаар зүйлийг 6.6 дахь хэсэгт зааснаар барьцааны гэрээ нь зээлийн үндсэн гэрээтэйгээ уялдаа холбоотой байх ёстой.

Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5 дахь заалтад Иргэн, хуулийн этгээдэд олгох зээлийн гэрээний үүргийг баталгаажуулж үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан тохиолдолд зээлдэгч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан журмаар барьцаалбар үйлдэж болно гэх заалтыг нэхэмжлэгч хангаагүй. Яагаад гэвэл хэрэгт хэн хэнээс нь гаргаж өгсөн нотлох баримтуудтай танилцахад зээлийн гэрээ болон зээлийн нэмэлт, барьцаалбар гэж барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлт гэх бүх бичиг баримтад дандаа Д.Жын гарын үсэг байдаг. Орон сууцыг 15,000,000 төгрөгөөр үнэлээгүй, хэдэн төгрөгийн байр байсныг ч мэдэхгүй шууд үнийг өсгөн 35,000,000 төгрөгөөр үнэлсэн. Уг 15,000,000 төгрөгийн зээлийг Х б ХК-аас авах юм байна хэмээн М.Зд ойлгуулан итгэмжлэлийг 1 жилийн хугацаагаар хүлээлгэж өгсөн. Итгэмжлэл хэзээ дуусах, дуусвал яах талаар итгэмжлэл дээр хууль болон заалтуудыг бичсэн байдаг. 2019 оны 5 дугаар сарын 24-нд зээлийн гэрээ хийгдсэнээс хойш 2019 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд зээлийн эргэн төлөлттэй холбоотой, төлөлтийн талаар нэг ч удаа Х б ХК-аас барьцаа хөрөнгийн өмчлөгч М.З руу ярих болон үүрэг хүлээлгэж байгаагүй. Зээлийн төлөлт хийхийг шаардаж байгаагүй. Цагдаа дээр 40 хохирогчтой хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэнээс хойш энэ асуудал буюу үл хөдлөх эд хөрөнгө банканд барьцаалагдсан байсан байна гэж мэдсэн. Ийм байдлаар гуравдагч этгээдийн эрх зөрчигдөөд байгаа тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.Пгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Д.Ж нь Д.Пгийн байрыг 35,000,000 төгрөгөөр худалдаж авна гэж итгүүлэн, урьдчилгаа 3,000,000 төгрөг өгье, үлдэгдэл мөнгийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор өгнө гэсэн байдаг. Ингээд худалдах, худалдан авах гэрээ байгуулчихаад үлдэгдэл төлбөр төлөөгүй, Д.П нь нилээн хөөцөлдөж явсны эцэст Д.Пгийн үл хөдлөх эд хөрөнгийг банкны барьцаанд тавин зээл тавьж өөртөө их хэмжээний мөнгө гаргуулан ашигласан байсан гэдгийг олж мэдсэн. Байрны үлдэгдэл төлбөр төлөөгүй, аль хэдийн залилсан байсан. Д.П нь холбогдох газарт гомдол гаргаснаар шалгагдаад Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Д.Жын гэм буруутайг тогтоон, Хан-Уул дүүрэг, 0000 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д.Пг тогтоосон. Гэтэл өмчлөх эрх нь сэргээгдсэн, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан байтал Х б ХК нь уг орон сууцаар зээлийн гэрээний гүйцэтгэлийн хангуулах гээд байгаа нь Д.Пгийн эрхийг зөрчиж байна. Х б ХК нь барьцаалсан зүйлийнхээ хаана ямар байдалтай байгаа, нэмэлт зээлийн гэрээ хийхдээ хүртэл жинхэнэ өмчлөгчийн зөвшөөрлийг авахгүйгээр гэрээ хийж өөрийн ашгаа бодож үйл ажиллагаа явуулснаас болж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нар хохирч байна. Иймд үүргийн гүйцэтгэлийг Хан-Уул дүүрэг, 0000 тоот орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

5. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

5.1 нэхэмжлэгчээс гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2019.05.24-ний өдрийн зээлийн гэрээ, 2019.08.29-ний өдрийн нэмэлт зээл олгох, зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2020.05.22-ны өдрийн зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2019.05.24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2019.05.24-ний өдрийн хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2019.08.29-ний өдрийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2019.05.24-ний өдрийн итгэмжлэл, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, зээлийн дансны хуулга, зээлийн бүртгэлийн карт, зээл төлөх мэдэгдлүүд, зээл хүссэн өргөдөл, зээл хүсэгчийн анкет, нэхэмжлэх, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны 183/ШЗ2023/06228 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/602 дугаар шийтгэх тогтоол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/02238 дугаар шийдвэр,

5.2 Гуравдагч этгээдээс гаргасан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ДШМ/1126 дугаар магадлал, МТ Хан-Уул ХХК-ийн 2023.10.25-ны 114/23 тоот албан бичиг, Магнай трейд ХХК-ийн цагийн бүртгэл, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Д.Жоос гаргасан хүсэлт,

5.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн Улсын бүртгэлийн Ерөнхий газраас ирүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн түүхчилсэн лавлагаа, зээлийн хувийн зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Х б ХК нь хариуцагч Д.Жд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 107,158,973 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.1 Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 58,751,717 төгрөг төлөхийг болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж маргасан.

1.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад М.З, Д.П нар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд оролцож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

1.3 Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Х б ХК нь хариуцагч Д.Жтой 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 3Г/201944497583 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Х б ХК нь 35,000,000 төгрөгийг, жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, шуурхай бичил зээлийн зориулалтаар зээлдүүлэх, Д.Ж нь тохирсон хугацаанд зээлийн төлбөрийг хүүгийн хамт төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

 

2.1 Зээлийн гэрээнд талууд 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, 3Г/201944497583-1 тоот гэрээг байгуулж, уг гэрээгээр Х б ХК нь өмнөх зээлийн төлбөрийн үлдэгдэл 32,707,643 төгрөг дээр 33,092,356 төгрөгийг нэмж зээлдүүлж, зээлийн хэмжээг нийт 65,800,000 төгрөг болгож, Д.Ж нь зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт 33 сар буюу 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсон байна.

 

2.2 Мөн зээлийн гэрээний талууд 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулж, уг гэрээгээр зээлийн гэрээний хугацааг 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүртэл сунгажээ.

 

2.3 Зээлийн гэрээний талууд 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр БГҮ/201944497583 тоот үл хөддөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, 3Г/201944497583 тоот зээлийн гэрээ, түүний нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар М.Згийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206010447 дугаартай, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгон 1 дүгээр хэсэг, 4 дүгээр байрны 3 тоотод байрлах, 32 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

 

Мөн өдөр БГХ/201944497583 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, 3Г/201944497583 тоот зээлийн гэрээ, түүний нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Д.Жын өмчлөлийн 0000 улсын дугаартай, Тоёото эстима маркын мөнгөлөг өнгөтэй тээврийн хэрэгсэл, 0000 УНҮ улсын дугаартай, Тоёото кровн маркын сувдан цагаан өнгөтэй тээврийн хэрэгсэл, бизнесийн орлогыг тус тус барьцаалсан байна.

 

2.4 Талууд 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн БГҮ/201944497583 тоот барьцааны гэрээний зүйлийг нэмэх зорилгоор Д.Жын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгон гудамж, 6 дугаар байр, 9 тоот хаягт байрлах, 34 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг нэмж барьцаалжээ.

 

3. Х б ХК болон Д.Ж нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр эрх бүхий хуулийн этгээд нь зээлдүүлэгчийн хувьд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан гэрээний харилцаа үүссэн байна.

4. Зээлдүүлэгч Х б ХК-иас зээлийн гэрээний дагуу 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 35,000,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 33,092,356 төгрөгийн мөнгөн хөрөнгийг тус тус зээлдэгч Д.Жын эзэмшлийн 5082138607 тоот дансанд шилжүүлсэн болох нь дансны хуулгын баримтаар тогтоогдсон. Уг үйл баримтын талаар хариуцагч маргаагүй.

4.1 Зээлдэгч Д.Ж нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 9,340,638 төгрөг, хүүгийн төлбөрт 5,721,881 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 13,532 төгрөг, нийт 15,076,053 төгрөг төлсөн болох нь дансны хуулга, талуудын хэн алины тайлбараар тогтоогдсон.

4.2 Хариуцагч Д.Ж нь зээлийн гэрээгээр гүйцэтгээгүй үлдсэн үүрэг буюу зээлийн үндсэн төлбөр 58,751,717 төгрөг, хүү 45,546,094 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,826,161 төгрөг, нотариатын зардал 35,000 төгрөг, нийт 107,158,973 төгрөг байгаа үйл баримтад маргаагүй.

Харин тэрээр зээлийн үндсэн төлбөрийг төлнө, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөхгүй гэж маргасан ба уг татгалзлын үндэслэлээ ...цар тахал гарсантай холбоотойгоор зээлийн хүүг зогсоох байтал банк зогсоогоогүй. Мөн намайг 2019 оны 12 дугаар сард эрүүгийн хэрэгт татагдан шалгагдаж, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 8 жилийн хорих ял авсан буюу эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаанд ажил хийх боломжгүй болсон болохыг банк мэдсэн атлаа зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

 

4.2а Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

Хуулийн уг зохицуулалтаар зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүүг нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлөх үүргийг хүлээсэн.

4.2б Эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгагдсан гэх нөхцөл байдал болон ял шийтгэл авсан байгаа нь зээлийн гэрээгээр хүлээсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлд хамаарахгүй байна. Хариуцагч Д.Ж нь Х б ХК-д хандан ...эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа улмаас ажил эрхлэх боломжгүй болж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөх боломжгүй болсонтой холбоотойгоор хүү, нэмэгдүүлсэн хүүг зогсоолгох тухай хүсэлтээ албан ёсоор гаргаж шийдвэрлүүлээгүй болохоо тэрээр шүүх хуралдаанд өөрөө тайлбарласан.

Түүнчлэн хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Д.Ж нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байх цаг хугацаандаа буюу 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Х б ХК-тай зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээг байгуулах замаар зээлийн гэрээний харилцаанд чөлөөтэй оролцож байсан байна. Тэрээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/000 дугаар шийтгэх тогтоолоор хорих ялаар шийтгүүлсэн байх ба уг шийтгэх тогтоолд ...шүүгдэгч Д.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж уг өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, урьд цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна. Үүнээс үзэхэд Д.Ж нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байх хугацаандаа цагдан хоригдож байгаагүй, 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд тэрээр нийгмийн харилцаанд хэвийн оролцож байсан байна. Эрүүгийн хэрэгт шалгагдаж буй иргэнийг ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй.

4.2в Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний зориулалт нь бизнесийн шуурхай бичил зээл байх ба уг зээлийн зориулалт нь цар тахалтай холбоотойгоор хүүгийн төлбөрөөс чөлөөлөгдөх зээлийн төрөлд хамаарахгүй байна. Нөгөө талаар, хариуцагч Д.Ж нь цар тахлын улмаас бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаатай холбоотойгоор Х б ХК-д зээлийн хүүгээс чөлөөлөгдөх тухай хүсэлтээ гаргаагүй болохоо шүүх хуралдаанд тайлбарласан.

Харин цар тахалтай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа зогссон шалтгааны улмаас хүү болон үндсэн зээлийн төлөлтийг хойшлуулах, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлүүлэх тухай зээлдэгчээс гаргасан хүсэлтийг харгалзан, талууд 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээний хугацааг сунгасан байна.

4.3 Дээрх үйл баримтуудаас дүгнэвэл хариуцагч Д.Жыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Жоос зээлийн үндсэн төлбөр 58,751,717 төгрөг, хүү 45,546,094 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 2,826,161 төгрөг, нотариатын зардал 35,000 төгрөг, нийт 107,158,973 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х б ХК-д олгож шийдвэрлэв.

 

5. Зээлийн гэрээний талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр БГҮ/201944497583 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр 3Г/201944497583 тоот зээлийн гэрээ, түүний нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар М.Згийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай, Хан-Уул дүүргийн 0000 тоотод байрлах, 32 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан байна.

 

5.1 Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч М.Згаас 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Д.Жд ...000149832 тоот гэрчилгээтэй, Ү-0000 тоот улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 0000 тоотод байрлах, 32 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Х бны зээлийн барьцаанд бариулахыг зөвшөөрч байгаа тул гэрээ хийх, гэрээнд төлөөлөн гарын үсэг зурах, барьцааг бүртгүүлэх үйлдэл хийх эрх-тэй итгэмжлэлийг 1 жилийн хугацаатай олгосон байна.

 

Уг итгэмжлэлийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Д.З-г төлөөлөн Д.Ж дээрх барьцааны гэрээг байгуулжээ.

 

5.2 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Д.З-аас ...Д.Ж нь хуурч мэхэлж итгэмжлэл хийлгэсэн. Үл хөдлөх эд хөрөнгийг 15,000,000 төгрөгийн хэмжээнд барьцаалах эрхийг олгосон. Х б зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж зээлийн хэмжээг ихэсгэж байгаагаа мэдэгдээгүй. Мөн гэрээний хугацааг сунгаж байгааг барьцаа хөрөнгийн өмчлөгчид мэдэгдээгүй тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж, маргасан.

 

5.2а Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/000 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ДШМ/1126 дугаар магадлалаар ...иргэн М.Згийн өмчлөлийн ...000149832 тоот гэрчилгээтэй, Ү-0000 тоот улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгон 0000 тоотод байрлах, 32 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг нэг жилийн хугацаатайгаар 15,000,000 төгрөг зээлж авна гэж хуурч, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн нэг жилийн хугацаатай итгэмжлэл хийлгэж мөн өдөр Х бинд барьцаалан зээл авч 37,145,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

5.2б Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/02238 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч М.Згийн хариуцагч Х б ХК-д холбогдуулан гаргасан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, өмчлөх эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь мөн хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

5.2в Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

 

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр Д.Ж нь хуурч мэхлэх замаар М.Згаас итгэмжлэл авсан болох нь тогтоогдоогүй, Х б ХК-тай байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр үйл баримтыг тогтоосон байна. Иймд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс гаргасан хууран мэхэлж хийлгэсэн итгэмжлэлийг үндэслэн байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

5.2г Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч М.Згаас 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Д.Жд олгосон итгэмжлэлд барьцаагаагаар хангагдах үүргийн үнийн дүнгийн хэмжээ заагаагүй байна. Иймд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд М.Згаас гаргасан ...15,000,000 төгрөгийн хэмжээнд үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалуулах эрхийг олгосон байхад уг үнийн дүнгээс давсан хэмжээгээр барьцааны гэрээ байгуулсан гэх тайлбар үндэслэлгүй.

 

5.2д Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс ...зээлийн гэрээний хугацааг сунгах замаар зээлийн хэмжээг нэмэгдүүлэхдээ барьцаа хөрөнгийн өмчлөгчид мэдэгдээгүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан нь үндэслэлгүй байна. Зээлийн гэрээний талууд болох Х б ХК болон Д.Ж нар нь зээлийн гэрээний хугацааг сунгах, нэмэлт өөрчлөлт оруулах замаар зээлийн үнийн дүнгийн хэмжээг ихэсгэхдээ барьцаа хөрөнгийн өмчлөгчөөс зөвшөөрөл авах, түүнд мэдэгдсэний дараа зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах үүргийг банк хуулиар хүлээгээгүй байна.

 

Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно гэж, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т Барьцааны гэрээг байгуулахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг урьдчилан авахаар хуульд заасан бол зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр авсан байна гэж тус тус зааснаар Х б ХК нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс олгосон хүчин төгөлдөр итгэмжлэлийг үндэслэн барьцааны гэрээ байгуулсан нв хууль зөрчөөгүй байна.

 

6. Х б ХК болон Д.Ж нар 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн БГҮ/201944497583 тоот барьцааны гэрээний зүйлийг нэмэх зорилгоор Д.Жын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 0000 тоот хаягт байрлах, 34 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг нэмж барьцаалжээ.

 

Талуудыг дээрх барьцааны гэрээг байгуулах үед буюу 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 0000 тоот хаягт байрлах, 34 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд Д.Ж бүртгэлтэй байсан болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаагаар тогтоогдсон.

 

6.1 Уг барьцааны гэрээг байгуулснаас хойш Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2022/ШЦТ/000 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ДШМ/0000 дугаар магадлалаар ...шүүгдэгч Д.Жын өмчлөлийн өмчлөлд бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 0000 тоот хаягт байрлах, 34 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг битүүмжилсэн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оы 05 дугаар сарын 13-ны өдрийн 04 дугаартай тогтоолыг Д.Пгийн өмчлөлд бүртгэл хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 0000 тоот хаягт байрлах, 34 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д.П /0000/-г улсын бүртгэлд бүртгүүлэх ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэсэн байна.

 

Уг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр Д.Ж нь иргэн Д.Пгийн үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийг залилсан үйл баримтыг тогтоож, Д.Пгийн үл хөдлөх хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 0000 тоот хаягт байрлах, 34 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчийн эрхийг сэргээж шийдвэрлэжээ.

 

6.1а Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 0000 тоот хаягт байрлах, 34 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Д.Пг бүртгэх ажиллагаа явагдаж байгаа, албан ёсоор улсын бүртгэлд Д.П бүртгэгдээгүй, одоогоор Д.Ж бүртгэлтэй хэвээр байгаа болохыг талууд тайлбарласан.

 

6.2 Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн Барьцааны зүйлийг энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан журмын дагуу өмчлөлдөө шилжүүлэн авсан этгээд өмнөх барьцаалуулагчийн эрх, үүргийг хэрэгжүүлнэ гэж, 28.4-т Барьцааны зүйлийг бусдад шилжүүлэх талаар тогтоосон журам зөрчсөн эсэхийг үл харгалзан тухайн барьцааг хүчинтэй гэж үзнэ гэж тус тус заасан.

 

Хэдийгээр хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийн өмчлөгчөөр Д.Пг бүртгэхийг даалгаж шийдвэрлэсэн байх боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрчлөгдсөн нь барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, мөн өмчлөгч өөрчлөгдсөнтэй холбоотойгоор үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй байх үндэслэлд хамаарахгүй.

 

6.2а Зээлийн гэрээний талуудыг 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр барьцааны гэрээ байгуулах үед Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгон гудамж, 6 дугаар байр, 9 тоот хаягт байрлах, 34 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Д.Ж бүртгэлтэй байсан ба түүнийг Д.Пгийн хөрөнгийг залилан мэхлэх замаар өмчлөгчөөр бүртгэгдсэн байсан болохыг Х б ХК мэдэх боломжгүй байжээ.

 

7. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д Үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй гэж, түүнчлэн 41.2-т Энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй гэж, мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч энэ талаар шаардлага тавихад үл биелүүлсэн тохиолдолд түүний хүсэлтээр шүүхийн шийдвэрээр барьцааны зүйлийг албадан худалдахаар тус тус зохицуулсан. 

Нэгэнт үүрэг гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаандаа биелүүлээгүй, зээл, зээлийн хүүг төлөөгүй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч болох нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгө болох үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүсч байх тул барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлтэй байна.

7.1 Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч М.З, Д.П нар нь үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнээс учирсан хохирлоо буруутай этгээдээс шаардах эрхийг уг шүүхийн шийдвэр хөндөхгүй болно.

8. Зээлийн гэрээний талууд 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр БГХ/201944497583 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, 3Г/201944497583 тоот зээлийн гэрээ, түүний нэмэлт гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Д.Жын өмчлөлийн 0000 улсын дугаартай, Тоёото эстима маркын мөнгөлөг өнгөтэй тээврийн хэрэгсэл, 0000 УНҮ улсын дугаартай, Тоёото кровн маркын сувдан цагаан өнгөтэй тээврийн хэрэгсэл, бизнесийн орлогыг тус тус барьцаалсан байна.

 

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйл болох 0000 улсын дугаартай, Тоёото эстима маркын мөнгөлөг өнгөтэй тээврийн хэрэгсэл, 0000 УНҮ улсын дугаартай, Тоёото кровн маркын сувдан цагаан өнгөтэй тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Д.Ж бүртгэлтэй болох нь тогтоогдсон.

 

8.1 Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-т зааснаар хөдлөх эд хөрөнгө нь барьцааны зүйлд хамаарах ба талуудын хооронд байгуулагдсан хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр байна. Иймд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж зааснаар хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйл болох 62-36 улсын дугаартай, Тоёото эстима маркын мөнгөлөг өнгөтэй тээврийн хэрэгсэл, 30-71 УНҮ улсын дугаартай, Тоёото кровн маркын сувдан цагаан өнгөтэй тээврийн хэрэгслүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэв.

 

9. Зээлийн гэрээний талууд 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн БГХ/201944497583 тоот хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээгээр бизнесийн орлого, 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгон 1 дүгээр хэсгийн задгайд байрлах хөргөгч-ийг барьцаалсан байна. Гэвч нэхэмжлэгчээс дээрх барьцааны гэрээнүүдийн зүйл болох бизнесийн орлого, хөргөгчөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч төлөх үүрэгтэй тул хариуцагчаас 763,770 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 763,770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Жоос 107,158,973 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х б ХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох М.Згийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 0000 тоотод байрлах, 32 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Д.Ж /Д.П/-ын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаартай, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 0000 тоот хаягт байрлах, 34 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Д.Жын өмчлөлийн 0000 улсын дугаартай, Тоёото эстима маркын мөнгөлөг өнгөтэй тээврийн хэрэгсэл, 0000 УНҮ улсын дугаартай, Тоёото кровн маркын сувдан цагаан өнгөтэй тээврийн хэрэгслүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 763,770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 763,770 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.БЯМБАЖАРГАЛ