Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2023/02945

 

 

 

 

 

   2023            08              08                                            184/ШШ2023/02945

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 5 дугаар хороо, ******* 30 дугаар гудамж, 9 тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар: *******4/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* дүүрэг, 20 дугаар хороо, Үйлдвэрийн 2-12 тоот хаягт байрлах, “******* *******” ХХК /регистрийн дугаар: *******/-д холбогдох,

 

Өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, олговор гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Дагдансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ш.******* нь “******* *******” ХХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олговор гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: *******ийн ******* миний бие 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс “******* *******” ХХК-д ажиллаж эхэлсэн. Миний хувьд байгууллагын удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж  гүйцэтгэж байсан. Хэдийгээр хөдөлмөрийн гэрээнд зааснаар 15:00-00:00 цагийн хооронд ажиллах ёстой боловч үйлдвэрийн захиалга тогтмол их байсны улмаас илүү цагаар ажиллаж байсан. Ажиллаж байхдаа миний бие нэг ч өдөр ажил тасалж, хоцролгүй чин сэтгэлээсээ ажлаа хийж ирсэн. Тэр ч бүү хэл технологийн ажлыг хөнгөвчилж аль болох хамт олонтойгоо зохицож санаачилга гарган ажиллаж байсан гэж боддог. Ийнхүү ажиллаж байхдаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй юм. 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ээлжийн үндсэн 2 технологич, 13 цагийн хүнтэй ажил эхэлсэн. Тэр өдөр шинээр 1 төрлийн бүтээгдэхүүний захиалга огцом их хэмжээгээр орж ирсэн. Мөн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн асуудалтай байсан. Ажлаа хийж байхад үхэр, тахиа хоёр бүтээгдэхүүний баглаа боодол холилдсон байсныг ээлжийн технологич Саруулд мэдэгдсэн боловч арга хэмжээ аваагүй. Орой болж бүтээгдэхүүнээ тоолж гаргах явцад холилдсон бүтээгдэхүүнээ эргэн задалж ангилах явц өрнөсөн. Бүтээгдэхүүн боох ажилд үндсэн ажилтан болох Ш.*******, Ш.*******, Л. бид нар байсан бөгөөд үлдсэн хүмүүс нь бүгд цагийн ажилтан байсан. Цагтаа бүтээгдэхүүнээ гаргахын тулд нэг замаа зогсоож үйлдвэрлэл явагдаж байхад ээлжийн технологич Энхболд 19:45 цагт орж ирэн замаа зогсоож холилдсон бүтээгдэхүүнээ задалж янзал гэж үүрэг өгсөн. Тэр үед үндсэн ажилчид цөөхөн, цагийн ажилчид олон байсан тул цагийн ажилчид 00:00 цагт бууж явсан. Захиалга өдөр бүр их байдаг тул үндсэн ажилчид бид тогтмол илүү цагаар ажилладаг. Бид нар удирдлагууддаа удаа дараа цагтаа тарж баймаар байна гэж технологичоороо дамжуулж шаардлага тавьдаг боловч удирдлагаас дорвитой арга хэмжээ авч байгаагүй. Тухайн өдөр цагийн ажилчид 00:00 цагт тарсан тул бид цөөхүүлээ 4000 кимбабыг хийх боломжгүй гэдгээ хэлсэн. Орой үйлдвэрийн гүйцэтгэх захирал орж ирж биднээс ажлын явцын талаар асууж лавлаад гараад явсан. Бид нар холилдож задалсныг эргүүлж боож байхад шөнийн 01:00 цаг өнгөрч байхад үндсэн ажилчид үлдсэн. Тэгж байтал бүтээгдэхүүний боодол цаас дуусаж ахин гаргаж тавьсан нөөц дуусаж байхгүй гэж бидэнд хэлсэн. Цаашид яах талаар асуухад ерөнхий технологич “Та нар цагийн хүмүүсээ яв гэж явуулчхаад одоо яаж хийх юм. Үйлдвэрлэлээ зогсоо. Наад ажлыг чинь хийх дараагийн хүмүүс байгаа” гэж хэлээд биднийг тарахыг шаардсан. Ингээд бид харьж амарсан. Ингээд маргааш нь захирал П., Э., Б., Ж.******* бид нарыг дуудан ажил хаяж явсан гэдэг үндэслэлээр ажлаас халж байгаа тухай хэлсэн. Бид тухайн өдрийн талаар тайлбар хийх гэсэн боловч сонсоогүй. Ийнхүү “******* *******” ХХК-ийн Ерөнхий захирлын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/04-05 тоот тушаал гаргаж Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.2, 80 дугаар зүйлийн 80.1.2 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журам”-ын 6.14.2, 6.15.3, 6.15.4, 6.15.12 дахь заалтыг тус тус үндэслэн туршилтын хугацааг дуусгавар болгох тушаал гаргасан байна. Ш.******* миний бие дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Ш.******* би Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Учир нь ажил олгогч “Дүүрэн *******” ХХК нь ажилтан бидний гаргасан тайлбар зэргийг сонсолгүй хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д заасан Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй” гэж заасан үүргээ биелүүлэхгүй байгаа явдал нь бидний Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж байгаа тул маргаан шийдвэрлэх байгууллагад шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзэж байна” хэмээн тайлбарласан.

2. Хариуцагч “******* Фүүд” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ: “Манай “******* Фүүд” ХХК нь хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний үйлдвэрлэгч компани болно. 2022 оноос бид бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлсэн бөгөөд үүнийгээ дагаад ажлын байр шинээр бий болгож, түүнийхээ хирээр ажилтнуудынхаа тоог ч мөн нэмэгдүүлэн ажиллах болсон билээ. Нэхэмжлэгч Ш.******* нь нэхэмжлэлдээ 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс “******* Фүүд” ХХК-д ажиллаж эхэлсэн гэжээ. Энэ үед Ш.******* нь манай компанид цагийн ажил хийдэг байсан. Харин 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс “******* Фүүд” ХХК-ийн үйлдвэрт, “Кимбаб цех”-ийн оройн ээлжид туршилтын ажилтнаар, 3 cap ажиллуулах ’’Хөдөлмөрийн гэрээ” байгуулсан болно. Энэхүү гэрээний хугацаа 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дуусах байсан. Гэтэл гэрээний хугацаа дуусахаас 13 хоногийн өмнө буюу 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ажилтан Ш.******* нь үйлдвэрлэлийн ээлжийн ажил эхлэх 15:00 дагийг дур мэдэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 1 цагаар хойшлуулж, компанийн хэвийн үйл ажиллагаанд саад учруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн үйл ажиллагааг 1 цаг зогсоож, ажил олгогчийг болон хамтран ажиллагсдаа хохироосон. Түүгээр ч зогсохгүй мөн өдрийн ээлжийн ажлыг гүйцэтгэх явцдаа эрхэлсэн ажилдаа өөриймсөг бус, сэтгэлгүй хайхрамжгүй хандаж, бүтээгдэхүүний сав баглаа боодлыг сольж савлан бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэд ноцтой алдаа гаргасан. Түүний энэхүү алдааг арилгуулах ажлыг зохион байгуулж, үүрэг даалгавар өгч ажилласан шууд удирдлагын шаардлагыг эсэргүүцэж, улмаар энэ ажлыг чинь хийж чадахгүй, ажлын цаг тарах болсон байна гэж хэрэлдэн ажлын байрыг орхиж явсан. Ийнхүү ажлын байрыг орхин явахдаа тус цехэд ажиллаж байсан бусад ажилтан, цагийн ажилтнуудыг хамтдаа тарахыг уриалан дуудаж, үлдэж ажилласан хүмүүсийг муу сайн пялдага юмнууд гэж хэл амаар доромжилж, олон ажилтнуудыг уруу татан авч явсан. Үүний улмаас ажил олгогч нь тухайн өдрийн төлөвлөгөөт ажил болон захиалгат барааг цагт нь үйлдвэрлэх боломжгүй болж хохирсон ба доголдолтой бүтээгдэхүүнийг дахин задалж, сав баглаа боодлыг зөв болгон солих ажлыг хийхэд ажил олгогч болон үлдэж ажилласан хүмүүс маш их цаг зарцуулж хохирсон. Бидний хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 6.19-д Ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас бүтээгдэхүүний доголдол үүсэх, борлуулалтад саад учирсан тохиолдолд тухайн ажилтан хариуцлага хүлээх буюу хохирлыг барагдуулах үүрэгтэй гэж заасан. Гэтэл Ш.******* нь өөрийнх нь буруутай үйл ажиллагааны улмаас үүссэн доголдлыг арилгах тал дээр огт сэтгэл гаргалгүй, хариуцлагаа ухамсарлахгүй, хамт ажиллагсдынхаа амрах цагийг булааж, компанийнхаа бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, борлуулалтын ажилд саад учруулж хохироосон. Иймээс ажил олгогчийн зүгээс 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Ш.*******ийн гаргасан зөрчлийн асуудлыг хэлэлцэж, түүнтэй байгуулсан туршилтын гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шийдвэр гаргасан болно. Энэхүү хурал дээр  Ш.******* нь өөрийнх нь гаргасан зөрчилд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж байгааг эсэргүүцэлгүйгээр буруугаа ойлгон хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн. Гэтэл Ш.******* нь болсон явдлыг гуйвуулж, өөрийг нь огт алдаа дутагдал гаргаагүй байхад нь ажил олгогч ажлаас халсан мэтээр худал гүтгэн нэхэмжлэл гаргасныг ойлгохгүй байна. Ажил олгогч нь гаргасан шийдвэрээ хууль ёсны гэж үзэж байгаа болно. Тэгээд ч анхнаасаа манай компанитай гэрээ байгуулан ажиллахдаа ажлын ачаалал их байгаа гэдгийг мэдэж, өөрийгөө ачаалал даан ажиллаж чадна гэж үзсэний үндсэн дээр сайн дураараа гэрээ байгуулан ажилласан болно. Манай компанийн хувьд оргил ачааллын үед ажилчдаа илүү цагаар ажиллуулдаг. Ингэхдээ хууль болон журамд заасны дагуу илүү цагийн мөнгийг бодож олгодог. Мөн ажилчдыг илүү цагаар ажиллуулахдаа хуульд зааснаас хэтрүүлэн ажиллуулдаггүй болно. Иймд “******* Фүүд” ХХК-ийн Ерөнхий захирлын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/011-05 дугаар “Туршилтын хугацааг дуусгавар болгох тухай тушаал” нь хууль зүйн үндэслэлтэй зөв шийдвэр тул нэхэмжлэгч Ш.*******ийн Үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн болохыг тогтоож, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинг “******* Фүүд” ХХК-иас гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үүгэж тайлбарласан.

3. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: Иргэний үнэмлэхийн лавлагаа, “******* *******” ХХК-ийн ажлын байрны тодорхойлолт, 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ.

4. Хариуцагчаас шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: “******* *******” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 23/02/32 тоот итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, “******* *******” ХХК-ийн ерөнхий захирлын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/01-26 тушаал, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Хариуцлагатай жижүүрийн мэдээ, 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Э.Саруултуяагийн гараар бичсэн тайлбар, 2023 оын 04 дүгээр сарын 13-ны өдрийн Хурлын тэмдэглэл, “******* *******” ХХК-ийн ерөнхий захирлын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “Туршилтын хугацааг дуусгавар болгох тухай” Б/04-05 тушаал, “******* *******” ХХК-ийн ерөнхий захирлын 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай” 20/15 тушаал, “******* *******” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, “******* *******” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 23/02/40 дугаартай албан бичиг,

5. Шүүхийн журмаар дараах нотлох баримтыг бүрдүүлсэн. Үүнд: Э., Г.Мандуухай нарын гэрчийн мэдүүлэг, Ш.*******ийн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх ажилласан цагийн бүртгэл, 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх ажлын гүйцэтгэлийн бүртгэл, “ ” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 663 дугаартай албан бичиг, түүний хавсралт.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

1. Нэхэмжлэгч Ш.******* хариуцагч “******* *******” ХХК-д холбогдуулан өмнө эрхэлж байсан кимбабны цех дэх үйлдвэрийн ажилтны ажлын байранд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, олговор гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

1.1 Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох “шаардлага” гаргасан боловч энэ нь шүүх хууль хэрэглэж шийдвэрлэвэл зохих нэхэмжлэлийн шаардлага биш, харин нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гэж үзсэн болно.

            2. Нэхэмжлэгч Ш.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, сахилгын зөрчил гаргаагүй байхад зөрчил гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан, мөн туршилтын хугацаа дуусгавар болсон гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлгүй гэж тодорхойлсон.

3. Хариуцагч “******* *******” ХХК татгалзлын үндэслэлээ, Ш.*******тэй 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр туршилтын хугацаагаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд энэ хугацаанд алдаа дутагдал гаргасан тул Ш.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн гэж тайлбарласан.

4. Нэхэмжлэгч Ш.******* нь хариуцагч “******* *******” ХХК-тай байгуулсан 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний дагуу тус компанийн кимбабны цехэд үйлдвэрийн ажилтнаар, 1 сард 1,000,000 төгрөгийн үндсэн цалин, 80,000 төгрөгийн унааны мөнгө, 100,000 төгрөгийн оройн ээлжийн нэмэгдэл хөлс авахаар харилцан тохиролцож хөдөлмөр эрхэлж байгаад ажил олгогчийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/04-05 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгджээ.

4.1 Нэхэмжлэгч Ш.*******тэй байгуулсан дээрх хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасан туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ мөн болох нь гэрээний 2.10 дугаар зүйлд: “Туршилтын хугацаа 3 сар”, 2.11 дүгээр зүйлд: “Туршилтын хугацааны цалинг үндсэн цалингаар тооцно” гэх талуудын тохиролцоо, ажил олгогчийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/01-26 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал баримтуудаар тогтоогдож байна.

5. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/04-05 дугаартай тушаалаас үзвэл, ажил олгогчийн зүгээс Ш.*******тэй байгуулсан 3 сарын хугацаатай, туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг цааш сунгахаас татгалзсан байна.

6. Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Хөдөлмөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д хөдөлмөрийн харилцаанд оролцогчдын хоорондын зохистой тэнцвэрт байдлыг хангах явдал нь уг хуулийн зорилт мөн болохыг тодорхойлж, улмаар мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.1.2-т туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж болохоор заажээ.

6.1 Хуулийн дээрх зорилт болон зохицуулалтаас үзвэл, ажилтантай 3 сараас илүүгүй хугацаатай туршилтын гэрээ байгуулах замаар, гэрээ байгуулах хүнээ чөлөөтэй сонгох, мэргэжил, дадлага, зан байдлыг нягтлан шалгах боломжийг ажил олгогчид олгосон гэж үзэхээр байна.

6.2 Ийнхүү хууль тогтоогч ажил олгогчид 3 сараас илүүгүй хугацаагаар ажилтныг туршилтаар ажиллуулах эрх олгосон тул энэ хугацаанд ажилтан сахилгын зөрчил гаргасан, уг зөрчил нотлогдсон эсэхээс үл хамаараад гэрээг сунгахаас татгалзах эрхтэй юм.

6.3 Нөгөө талаас, гэрээний хугацаа дуусгавар болох нь талуудын хүсэл зоригоос хамаарах “хэлцэл” биш харин үйл явдал буюу хуул зүйн факт юм. Иймд ажил олгогчийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/04-05 дугаартай тушаал нь гэрээг цуцлах хүсэл зоригийн илэрхийлэл биш, харин үндсэн ажилтнаар ажиллуулах гэрээг шинээр байгуулахаас татгалзаж буй хүсэл зоригийн илэрхийлэл буюу гэрээний саналын хариу юм.

6.4 Иргэний хуулийн 369 дүгээр зүйлийн 369.3-т зааснаар хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд Иргэний эрх зүйн суурь зарчмууд хэрэгжих боломжтой байдаг. Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар хэнтэй гэрээ байгуулах, байгуулахгүй байхыг тухайн этгээд өөрөө шийдвэрлэх эрхтэй тул хөдөлмөрийн гэрээ байгуулахыг хөндлөнгөөс албадан хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд “******* *******” ХХК-ийн үйлдвэрийн ажилтнаар эгүүлэн тогтоолгохыг хүссэн Ш.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс: Ш.******* нь 2022 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн “******* *******” ХХК-д ажиллаж байсан, ажилтан болон ажил олгогчийн энэхүү хоорондын харилцаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй байсан, 2022 оны 9 дүгээр сараас тооцвол туршилтын 3 сарын хугацаа өнгөрсөн тул туршилтын хугацаа дууссан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь буруу гэж үзсэн.

7.1 Нэхэмжлэгч Ш.******* нь 2022 оны 9 дүгээр сараас эхлэн Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний үндсэн дээр ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн өөрийн тайлбараар тогтоогдсон. Тодруулбал, нэхэмжлэгч Ш.******* шүүх хуралдаанд: “ ...би “******* *******” ХХК-д цагаар ажилладаг, цагаар ажиллана гэдэг нь хүн дутсан үед очиж ажиллахыг хэлдэг, ирээгүй тохиолдолд өөр ажилтан ажиллуулдаг буюу хариуцлага хүлээдэггүй...” гэх тайлбараар тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар зохигч шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй байдаг ба энэ үүргийг шүүх урьдчилан сануулсан тул нэхэмжлэгчийн тайлбарыг үнэн, зөв гэж үзнэ.

7.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д: " хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг хэлнэ” гэж заажээ.

7.3 Хуулийн дээрх хэсэгт заасан: “..  ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналт доор ажил үүргээ гүйцэтгэх ...” шинж нь хөдөлмөрийн гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээний үндсэн ялгагдах шинж юм. Тодруулбал, хөдөлмөрийн гэрээгээр ажиллах үед ажилтан нь ажил олгогчоос баталсан ажил амралтын цаг, горим, дотоод дүрэм журамд чанд захирагддаг бөгөөд, зөрчвөл хөдөлмөрийн сахилгын хариуцлага хүлээдэг. Хөлсөөр ажиллах гэрээгээр ажил үйлчилгээ үзүүлэх үед ажиллагч нь ажиллуулагчаас харьцангуй хараат бусаар ажил үйлчилгээгээ эрхэлдэг байна. Иймд Ш.*******ийг 2022 оны 9 дүгээр сараас эхлэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан гэж үзэх боломжгүй юм.

7.4 Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т ажил олгогч хөдөлмөр эрхлэлтэй шинжтэй харилцааг үүсгэсэн атлаа хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулах тохиолдлыг зохицуулжээ. Харин хөдөлмөр эрхлэлтийн шинжтэй бус харилцаа үүсгэх буюу хөлсөөр ажиллах эсэх, хөдөлмөрийн гэрээ байгуулах эсэх нь гэрээний чөлөөт байдлын зарчмаас үүдэлтэй аливаа этгээдэд олгогдсон эрх юм. 

8. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс, ажилтан туршилтын хугацаагаар ажиллаж байсан гэж үзвэл 3 сарын хугацаа 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болохоор байсан, гэтэл ажил олгогч уг хугацаа дуусгавар болохоос өмнө хөдөлмөр эрхлэлтийн харилцааг урьдчилж дуусгавар болгосон нь буруу гэж үзсэн.

            8.1 Дээр дурдсанаар гэрээний хугацаа дуусгавар болж байгаа нь аль нэг талын хүсэл зоригийн илэрхийллээр хэрэгждэг гэрээг цуцлах ойлголт биш үйл явдал буюу хууль зүйн факт юм. Энэ үндэслэлээр ажил олгогчийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/01-26 дугаартай тушаал нь үндсэн гэрээ байгуулахаас татгалзсан саналын хариу гэж үзнэ. Саналын хариуг урьдчилж өгөхийг Иргэний хууль болон бусад хуулиар хориглоогүй байна. Иймд туршилтын 3 сарын хугацаа дуусахаас өмнө гарсан ажил олгогчийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн тушаал /хариу/ хууль зөрчөөгүй байна.

            9. Харин ажил олгогч ажилтантай 3 сарын хугацаатай туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан атлаа 3 сарын цалин хөлсийг бүрэн олгоогүй, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг олгохоор шийдвэртээ заасан нь буруу байна.

9.1 Ажил олгогч ажилтантай 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулж, 2023 оны 01 дүгээр сарын 22–ны өдрөөс ажил үүргийг гүйцэтгүүлсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар хөдөлмөрийн гэрээний хугацааг хуанлийн жил, сар, өдрөөр тооцдог тул Ш.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3 сарын хугацаа 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр дуусгавар болохоор байна.

9.2 Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар ажил олгогч хөдөлмөрийн гэрээний хугацаанд ажилтанд харилцан тохиролцсон цалин хөлсийг олгох үүрэгтэй тул 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл ажлын 7 хоногийн дутуу олгогдсон цалин, хөлс 384,188 төгрөг /1,180,000/ 21.5 хоног=54,884төгрөг*7/-ийг хариуцагч “******* *******” ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Ш.*******өд олгох нь зүйтэй гэж үзлээ.

9.3 Нэхэмжлэгч Ш.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа “ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах” гэж ерөнхий байдлаар тодорхойлсон нь ажилд эгүүлэн тогтоолгох, мөн мөнгөн хөрөнгө гаргуулах шаардлага гэж үзэхээр байгаа тул дутуу авсан цалин хөлсийг энэ шаардлагын хүрээнд шүүх шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

10. Талуудын хооронд хууль хэрэглээтэй холбоотой маргаан үүссэн ба туршилтын хугацаагаар ажиллаж байсан эсэх үйл баримтыг тогтоох шаардлагатай болсон. Энэ тохиолдолд гэрч Э., Г.Мандуухай нарын шүүхэд мэдүүлсэн Ш.******* сахилгын зөрчил гаргасан эсэх талаарх мэдүүлэг, ажлын цагийн бүртгэл болон бусад баримтууд нь нотолгооны ач холбогдолгүй байх тул эдгээр баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

11. Хариуцагч “******* *******” ХХК-д хөдөлмөрийн маргаан таслах комисс байдаггүй талаарх баримт хэрэгт авагдсан, мөн ******* дүүрэгт маргаан таслах комисс байдаггүй үндэслэлээр ажилтан шууд шүүхэд хандсан тул ажилтны ажлаас халагдсан талаарх гомдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т зааснаар шүүх шууд хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

11.1 Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т ажилтан хөдөлмөрийн маргаан таслах байгууллагад шүүхээс өмнө хандах “эрхтэй” талаар заасан ба энэ талаар үүрэг хүлээгээгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон талаарх гомдлыг хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагаар шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шууд шүүхэд хандах эрхтэй талаар тус тус заажээ. Энэ нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн зарим төрлийн маргааныг шийдвэрлүүлэх харьяаллыг сонгох боломжийг талуудад олгосон зохицуулалт мөн юм.

12. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч шүүхэд гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй нь зөв байна.

12.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан байдлаар талуудад хариуцуулахаар заасан тул 384,188 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж болох 12,175 төгрөгийг хариуцагч “******* *******” ХХК-иас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасныг тус тус баримтлан “******* *******” ХХК-иас 384,188 төгрөгийг гаргуулан Ш.*******өд олгож, нэхэмжлэлээс “******* *******” ХХК-ийн кимбабын цех дэх үйлдвэрийн ажилтнаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч “******* *******” ХХК-иас 12,175 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХИШИГБААТАР