Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/01790

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2023/01790

 

2023.09.22 210/МА2023/01790

Ш.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 сарын 08-ны өдрийн 184/ШШ2023/02945 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Ш.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д ф- ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.О-, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан, хариуцагчийн өмгөөлөгч Г.Буянбадрал, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Ш.О- би 2022 оны 09 сарын 05-ны өдрөөс Д ф- ХХК-д цагаар ажиллаж эхэлсэн. Хөдөлмөрийн гэрээнд зааснаар 15:00-00:00 цагийн хооронд ажиллах ёстой боловч үйлдвэрийн захиалга тогтмол их байсны улмаас илүү цагаар ажиллаж байсан. 2023 оны 04 сарын 12-ны өдөр шинээр 1 төрлийн бүтээгдэхүүний захиалга их хэмжээгээр орж ирсэн бөгөөд ажлаа хийж байхад үхэр, тахиа гэсэн хоёр бүтээгдэхүүний баглаа боодол холилдсон байсныг ээлжийн технологич н.С-д мэдэгдсэн боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Орой болж бүтээгдэхүүнээ тоолж гаргах явцад тухайн холилдсон баглаа боодолтой холбоотойгоор бүтээгдэхүүнийг дахин задалж ангилах явц өрнөсөн.

1.2. Бүтээгдэхүүнээ цагтаа багтааж гаргахын тулд үйлдвэрлэлийн дамжлагийн нэг замыг зогсоон ажил явагдаж байхад ээлжийн технологич н.Э- нь 19:45 цагт орж ирээд замаа зогсоож холилдсон бүтээгдэхүүнээ задалж янзал гэж үүрэг өгсөн. Тэр үед цагийн ажилтнууд 00:00 цагт бууж, үндсэн ажилтнууд үлдсэн ч 4000 кимбабыг хийх боломжгүй байсан. Цаашид яах талаар асуухад ерөнхий технологич н.Б- үйлдвэрлэлээ зогсоо, наад ажлыг чинь хийх дараагийн хүмүүс байгаа гэж хэлээд биднийг тарахыг шаардсан. Маргааш нь П.О, Э.О, Б.О-, Ж.О бид нарыг захирал дуудаж ажил хаяж явсан гэдэг үндэслэлээр ажлаас халж байгааг хэлсэн. Бид тухайн өдрийн ажлын талаар тайлбар хийх гэсэн ч сонсоогүй. Ийнхүү Д ф- ХХК-ийн Ерөнхий захирлын 2023 оны 04 сарын 13-ны өдрийн Б/04-05 тоот тушаал гаргаж миний туршилтын хугацаагаар ажиллаж байсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгомон тушаал гаргасан ба миний бие уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.3. Иймд үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн болохыг тогтоолгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Ажил олгогч Д ф- ХХК нь ажилтан бидний гаргасан тайлбар зэргийг сонсолгүй хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-д заасан үүргээ биелүүлэхгүй бидний эрхийг зөрчиж байга тул Ш.О- намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Ш.О- нь манай компанид анх цагийн ажилтнаар ажиллаж байгаад 2023 оны 01 сарын 25-ны өдрөөс Д ф- ХХК-ийн үйлдвэрт, Кимбаб цехийн оройн ээлжид туршилтын ажилтнаар 3 cap ажиллуулах хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний хугацаа 2023 оны 04 сарын 25-ны өдөр дуусах байсан. Ажилтан Ш.О- нь 2023 оны 04 сарын 12-ны өдөр үйлдвэрлэлийн ээлжийн ажил эхлэх 15:00 цагийг дур мэдэн 1 цагаар хойшлуулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн үйл ажиллагааг 1 цаг зогсоож, ажил олгогчийг болон хамтран ажиллагсдаа хохироосон. Эрхэлсэн ажилдаа өөриймсөг бус, сэтгэлгүй хайхрамжгүй хандаж, бүтээгдэхүүний сав баглаа боодлыг сольж савлан бүтээгдэхүүн үйлдвэрлэлтэд ноцтой алдаа гаргасан.

2.2. Түүний энэхүү алдааг арилгуулах ажлыг зохион байгуулж, үүрэг даалгавар өгч ажилласан шууд удирдлагын шаардлагыг эсэргүүцэж, улмаар энэ ажлыг чинь хийж чадахгүй, ажлын цаг тарах болсон гэж маргаан үүсгэн ажлын байраа орхиж явсан. Үүний улмаас ажил олгогч нь тухайн өдрийн төлөвлөгөөт ажил болон захиалгат барааг цагт нь үйлдвэрлэх боломжгүй болж хохирсон ба доголдолтой бүтээгдэхүүнийг дахин задалж, сав баглаа боодлыг зөв болгон солих ажлыг хийхэд ажил олгогч болон үлдэж ажилласан хүмүүс маш их цаг зарцуулсан.

2.3. Бидний хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.19-д ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас бүтээгдэхүүний доголдол үүсэх, борлуулалтад саад учирсан тохиолдолд тухайн ажилтан хариуцлага хүлээх буюу хохирлыг барагдуулах үүрэгтэй гэж заасан. Иймээс ажил олгогчийн зүгээс 2023 оны 04 сарын 13-ны өдөр Ш.О-ийн гаргасан зөрчлийн асуудлыг хэлэлцэж, түүнтэй байгуулсан туршилтын гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах шийдвэр гаргасан. Иймд нэхэмжлэгч Ш.О-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасныг баримтлан Д ф- ХХК-иас 384,188 төгрөг гаргуулан Ш.О-өд олгож, нэхэмжлэлээс Д ф- ХХК-ийн кимбабын цех дэх үйлдвэрийн ажилтнаар эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д ф- ХХК-иас 12,175 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх Ш.О-ийг "Д ф-" ХХК-тай 2023 оны 01 сарын 25-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.10-т "Туршилтын хугацаа 3 сар", 2.11-т "Туршилтын хугацааны цалингийн хэмжээ үндсэн цалин" гэсэн заалтуудыг заасан ч гэрээний 3 1-д талууд хөдөлмөрийн гэрээний хугацааг хугацаагүйгээр байгуулсан болох нь дээрх гэрээний заалтуудыг үгүйсгэж байна.

4.2. Талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн нь хэргийн баримтаар нотлогддог, талууд энэ талаар маргадаггүй. Хэрэв ийм тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 41.3-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжийг агуулж хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан тооцохоор заасан. Талуудын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болох үндэслэл болсон Ш.О-ийн хөдөлмөрийн зөрчлийн асуудал байгаа эсэхэд шүүх дүгнэлт хийх ёстой байсан ч энэ талаар дүгнээгүй. Анхан шатны шүүх ийнхүү тодорхой дугнэлт хийлгүйгээр хэт нэг талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэгч талаас хариуцагчийг Ш.О-тэй туршилтын хугацаагаар бус үндсэн ажилтнаар гэрээ байгуулан ажиллуулж байсан гэж тайлбар гаргасан бөгөөд шүүгч, нэхэмжлэгчээс Д ф- ХХК-д цагийн ажилтнаар ажиллаж байсан эсэхийг тодруулахад, нэхэмжлэгч би 2022 оны 09 сараас 2023 оны 01 сар хүртэл цагийн ажилтнаар ажиллаж байсан гэж хариулсан. Энэ талаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг зөв дүгнэсэн.

5.2. Нэхэмжлэгчийг туршилтын хугацаагаар ажиллуулах гэрээг дуусгавар болгосон тушаалыг хууль бус эсэх асуудлаа тусад нь шалгуулах нь зүйтэй. Талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.1-т гэрээг хугацаагүй байгуулсан гэх агуулга тусгагдаагүй. Ш.О-, Б.О- нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл тусдаа шийдвэрлэгдэх учир Б.О-ийн хэргийг хэрхэн шийдвэрлэсэн нь тус иргэний хэрэгт хамааралгүй юм.

5.3. Шүүх туршилтын хугацаатай гэрээг тайлбарлахдаа Иргэний хуулийн 369.3-т заасныг баримтлан хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Ажил олгогч нь ажилтны туршилтын хугацааг сунгах, ажлаас чөлөөлөх эрхтэй бөгөөд гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгосонтой холбоотой 384,188 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянан үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Ш.О- нь хариуцагч Д ф- ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан Д ф- ХХК-ийн Кимбабын цех дэх үйлдвэрийн ажилтны ажлын байранд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Хариуцагч, нэхэмжлэгчтэй 2023 оны 01 сарын 25-ны өдөр 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, гэрээний дагуу тус компанийн кимбабны цехэд үйлдвэрийн оройн ээлжийн ажилтнаар ажилд томилж, 1 сарын 1,000,000 төгрөгийн үндсэн цалин, 80,000 төгрөгийн унааны мөнгө, 100,000 төгрөгийн оройн ээлжийн нэмэгдэл хөлс олгохоор талууд тохиролцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2 дахь хэсэгт нийцсэн, хариуцагч нь туршилтаар ажиллуулах гэрээний хугацааг хуульд зааснаас илүү хугацаагаар тогтоогоогүй байна.

Улмаар хариуцагч Д ф- ХХК-ийн Ерөнхий захирлын 2023 оны 04 сарын 13-ны өдрийн Туршилтын хугацааг дуусгавар болгох тухай Б/04-05 дугаартай тушаалаар нэхэмжлэгч Ш.О-тэй туршилтаар ажиллуулахаар байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Хариуцагчаас 2023 оны 04 сарын 13-ны өдрийн хурлаар хэлэлцээд нэхэмжлэгчийг ажлаа орхиж явсан, ажлаа орхиж явахыг бусад ажилтнуудад уриалсан нь түүнтэй туршилтаар ажиллуулахаар байгуулсан хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т хамаарах бөгөөд энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

4. Туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээ нь ажил олгогч, ажилтныг тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэхийг шалгах зорилготой бөгөөд нэхэмжлэгч Ш.О- нь тухайн ажлын байранд ажиллах хугацаандаа ажлын байраа орхин явсан, ажлаа орхиж явахыг бусад ажилтнуудад уриалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, цаашид сунгахгүй байх үндэслэл болсон нь туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, сунгах эсэхийг шийдвэрлэх нь ажил олгогчийн бүрэн эрхэд хамаарах бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй юм.

Зохигчийн хооронд байгуулсан туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээг хариуцагч хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн үндэслэлд анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт хийгээгүйг хууль зөрчсөн гэж үзэхгүй, шүүх нэхэмжлэгчийн Д ф- ХХК-ийн Кимбабын цех дэх үйлдвэрийн ажилтны ажлын байранд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд нэхэмжлэгч сахилгын зөрчил гаргасан эсэхэд шүүх дүгнэлт хийх ёстой байсан гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

5. Талуудын 2023 оны 01 сарын 25-ны өдөр байгуулсан туршилтаар ажиллуулах хөдөлмөрийн гэрээний 2.10-т гэрээний хугацааг 3 сар гэж тохиролцсон боловч хариуцагч нь гэрээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгохдоо ажилтны ажиллаагүй үлдсэн хугацааны цалинг бүрэн олгоогүй, 2023 оны 04 сарын 12-ны өдрөөр тооцон цалин хөлсийг олгохоор заасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй. Учир нь хариуцагчаас нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг сунгахгүй, туршилтын хугацааг хугацаанаас нь өмнө дуусгавар болгосон гэх тайлбарыг шүүхэд гаргасан нь ажил олгогч энэ үндэслэлээр гэрээг дуусгавар болгосонд ажилтныг буруутгах үндэслэлгүй учир гэрээний үлдсэн хугацаанд тооцогдох цалинг ажилтанд нөхөн олгох үүрэгтэй.

Анхан шатны шүүх энэ талаархи үйл баримтыг зөв тогтоож, хариуцагч Д ф- ХХК-аас 2023 оны 04 сарын 12-ны өдрөөс мөн сарын 22-ны өдрийг хүртэл ажлын 7 хоногийн дутуу олгогдсон цалин, хөлс 384,188 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.О-өд олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасанд нийцжээ.

6. Анхан шатны шүүх Иргэний хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглэвэл зохих зохицуулалтыг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч талын гомдлын агуулгаар шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 сарын 08-ны өдрийн 184/ШШ2023/02945 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Э.ЭНЭБИШ