Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2023/04834

 

 

 

 

 

 

 

                               2023        11          06

                   101/ШШ2023/04834

           

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Г даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “О” ББСБ ХХК /рд:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  “Д” ХХК /рд:/,

Хариуцагч: А.Б /рд:/,

Хариуцагч:  Б.Б /рд:/,

Хариуцагч: Б.Б /рд:/,

Хариуцагч: Т.Н /рд:/,

Хариуцагч: х “М” ХХК /рд:/,

Хариуцагч: М.Т /рд:/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт нийт 2,113,068,834.16 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Е, Ч.Б, О.Б, хариуцагч “М” ХХК-ийн төлөөлөгч бөгөөд хариуцагч М.Т, түүний өмгөөлөгч А.З, хариуцагч “Д” ХХК, А.Б, Б.Б, Б.Б, Т.Н нарын төлөөлөгч Г.С, Ч.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.         Нэхэмжлэгч “О ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага болон түүний төлөөлөгч Г.Е, Ч.Б, О.Б нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д” ХХК, “М” ХХК, А.Б, Б.Б, Б.Б, М.Т нар нь “О ББСБ” ХХК-тай 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 1,400,000,000 төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэй, 181 хоногийн хугацаатай зээлдүүлсэн. Ковид-19 цар тахлын нөхцөл байдлыг харгалзан зээлийг хүүг сарын 2,7 хувийн хүүтэй болгон бууруулж, гэрээний хугацааг 365 хоног болгож шинэчлэн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ,, дугаартай Зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон “М” ХХК /РД:/-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэгдсэн, ,,,, 1260 м.кв талбайтай, Үйлдвэрлэлийн зориулалттай объект, ,,,,, тоот хаягт байрлах ,,, дугаарт бүртгэгдсэн ,,, нэгж талбарын дугаартай 750 м.кв эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, ,,, маркийн цамхагт крануудыг барьцаалан ,,,, тоот үл хөдлөх эд хөрөнгүүдийг Барьцааны гэрээ байгуулан барьцаалсан.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 2.5-д “Зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн төлбөрийг энэхүү гэрээнд өөрөөр заагаагүй бол Хавсралт-1-д заасан хуваарийн дагуу төлнө”, 2.9-т “Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол Зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлнө”, 4.2.1-д “Зээлдэгч үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг сар бүр “Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

Гэтэл зээлдэгч “Д” ХХК, “М” ХХК, А.Б, Б.Б, Б.Б, Т.Н, М.Т нар нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлтөө зохих ёсоор гүйцэтгээгүй гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлдэгч нар үндсэн зээлийн үлдэгдэл 1,399,999,999.38 төгрөг, хүү 340,579,177.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,895,911.00 төгрөг буюу нийт 1,756,475,088.26 төгрөгийн зээлийн өр төлбөртэй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотойгоор нотариатын үйлчилгээний төлбөрт 42,000 төгрөгийн зардал гарсан. Иймд

Нэг. Зээлдэгч “Д” ХХК, “М” ХХК, А.Б, Б.Б, Б.Б, Т.Н, М.Т нараас үндсэн зээлийн үлдэгдэл 1,399,999,999.38 төгрөг, хүү 340,579,177.88 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,895,911.00 төгрөг буюу нийт 1,756,475,088.26 төгрөг, нотариатын зардал 42,000 төгрөг, нийт 1,756,517,088.26 төгрөг гаргуулж,

Хоёр. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг “М” ХХК /РД:/-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэгдсэн, ,,,, тоот хаягт байрлах, 1260 м.кв талбайтай, Үйлдвэрлэлийн зориулалттай объект,

,,,,, тоот хаягт байрлах ,,, дугаарт бүртгэгдсэн ,,, нэгж талбарын дугаартай 750 м.кв эзэмших эрхийн гэрчилгээтэй газар,

,,,,,маркийн цамхагт крануудыг барьцаалан ,,,, тоот хөдлөх хөрөнгө болон үл хөдлөх эд хөрөнгүүдээр хангуулж өгнө үү.

1а. Тус шүүхэд хянагдаж буй “Д” ХХК, “М” ХХК, А.Б, Б.Б, Б.Б, Т.Н, М.Т нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,756,517,088.26 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчээс дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Хариуцагч нар нь зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар зээлийг төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, хээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээсэн бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш огт төлөлт хийгээгүй байна. 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар нийт 1,963,691,517.07 төгрөгийн өр төлбөр үүссэн байна.Үүнд:

1.         Үндсэн зээл 1,399,999,999.38 төгрөг,

2.         Хүү 515,805,478.74 төгрөг,

3.         Нэмэгдүүлсэн хүү 47,844,038.95 төгрөг,

4.         Нотариатын зардал 42,000 төгрөг,

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ИХШХШтХ-ийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар 207,174,428.81 /хоёр зуун долоон сая нэг зуун далан дөрвөн мянга дөрвөн зуун хорин найм төгрөг наян нэг мөнгө / төгрөгөөр ихэсгэж, хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 1,963,691,517.07 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг гаргуулж өгнө үү.

1б. Тус шүүхэд хянагдаж буй “Д” ХХК, “М” ХХК, А.Б, Б.Б, Б.Б, Т.Н, М.Т нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,963,691,517.07 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчээс дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээ ихэсгэж байна.

Хариуцагч нар нь зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар зээлийг төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг хүлээсэн бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш огт төлөлт хийгээгүй байна.

2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар нийт 2,113,068,834.16 төгрөгийн төлбөр үүссэн байна.Үүнд:

1.         Үндсэн зээл 1,399,999,999.38 төгрөг,

2.         Хүү 640,079,450.74 төгрөг,

3.         Нэмэгдүүлсэн хүү 72,947,384.04 төгрөг,

4.         Нотариатын зардал 42,000 төгрөг,

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ИХШХШтХ-ийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар 149,377,317.09 /нэг зуун дөчин есөн сая гурван зуун далан долоон мянга гурван зуун арван долоо/ төгрөгөөр ихэсгэж байна.

Хариуцагч “Д” ХХК, “М” ХХК, А.Б, Б.Б, Б.Б, Т.Н, М.Т нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 2,113,068,834.16 төгрөгийг тус тус тэнцүү хэмжээгээр гаргуулж, барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг гаргуулж өгнө үү.

1в. Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээл олгосон. Зээлдэгч нараас зээлийн хүсэлт гаргаснаар 2022.4.18-нд дахин санхүүжүүлэх хэлбэрээр 1,4 тэр бумын зээл олгосон. Дахин санхүүжүүлэлт гэдгийг зээлийн гэрээний зориулалт дээр бичсэн байдаг. Үүнээс хойш хариуцагч нар нь төлбөр төлөөгүй хугацаа хэтрүүлж зээлийн гэрээг зөрчиж эхэлсэн. Үүний улмаас нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451-д заасан зээлийн гэрээ юм. Иргэний хуулийн 451.2-т зааснаар бичгээр байгуулсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч Мэйнстрийт компанийн өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгийг барьцаалсан. Барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж хуулийн хүчин төгөлдөр болсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуулийн 21.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж үндсэн зээлд 1,399,999.38, хүү 640,079,450.74, нэмэгдүүлсэн хүү 72,947,384.04, нэхэмжлэл гаргах зардал 42,000, нийт 2,113,068,834.16 төгрөгийг хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулна. Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна. Хариуцагч нар нь зээл олгосон эсэх талаар баримт гаргасан байдаг. Зөвшөөрлийн хуулийн 8-д зааснаар ББСБ нь зээл олгохдоо СЗХ-с зөвшөөрөл авдаг. Мөн төлбөр тооцооны эрхийг авсан баримтыг гаргаж өгсөн юм. Зээлийг бодитоор олгоогүй гэж байна. Иргэний хуулийн 451-д заасан нь төлбөр тооцооны үүрэг гэдэг бүлэгт орж байдаг. 2020 оны зээлийн гэрээний үүрэг зөрчигдөөд, өрөндөө эд хөрөнгө өгөөд дахин зээл авах хүсэлт гаргасан. Өрийн удирдлагын хуулийн 4.1.12-т өрийн дахин санхүүжүүлэх гэх ойлголтын талаар дурдсан байдаг. Дахин зээлийн гэрээ байгуулсан нь хариуцагч нарт ашигтай байсан бөгөөд хүсэлт гаргаснаар байгуулагдсан. Хувьцаа эзэмшигч нар нь иргэний хувиар үүргээ ойлгоод гэрээ байгуулсан юм. Манай захирал хүүхэд асрах чөлөөтэй байсан тул итгэмжлэл олгосноор шаардлага нэмэгдүүлсэн тул эрхгүй этгээд гэж үзэх боломжгүй. Банк, эрх бүхий этгээдийн хуулийн 9.1-д зааснаар харилцах зээлийн дансны үйлчилгээ үзүүлнэ гэсэн байдаг. Харилцах данс нээх бүрд Монгол банкнаас зөвшөөрөл авахгүй бөгөөд бид СЗХ-с нэг удаа авсан зөвшөөрлөөр л харилцах данс нээсэн. Бид хариуцагч нарын хүсэлтэд үндэслэж зээлийн данс уруу нь зээл олгосон юм. Наран-Эрдэнийн хувьд хувьцаа эзэмшигч болон иргэний хувиар гэрээнд гарын үсэг зурсан. Зээлийн гэрээнд гарын үсэг зурчхаад одоо төлөхгүй гэдэг нь үндэслэлгүй. Нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч нар зээлээ төлөх ямар ч санаачилга гаргаагүй. Сөрөг нэхэмжлэл гаргаагүй байж хүчин төгөлдөр бус хэлцэл гэж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэл дэмжих ба хариуцагч нарын тайлбар үндэслэлгүй. Барьцааны гэрээ хүчин төгөлдөр юм.

2022.4.18-ны өдрийн зээлийн гэрээгээр зээл олгосон эсэх нь тодорхой бус гэж байна. Хэрэгт харилцах дансны хуулга байгаа бөгөөд үүн дээр зээл олгогдсон бөгөөд мөнгө орж ирсэн байдаг. Улмаар 2020 оны зээлийн гэрээ 2020 оны 3 сард хугацаа дууссан тул данснаас автоматаар татагдаж байгаа юм. Хар Н нь ТУЗ-н бүрэлдэхүүнд байсан. Иймд хамааралтай этгээд мөн юм. 1,4 тэр бумыг шилжүүлэх эрхтэй этгээд гэдгийн хувьд журмын 4.1.5-д дээр цахим төлбөр тооцоо хийх талаар заасан байдаг. Өмнөх 2020 оны зээлийг 1,409 тэр бумаар 2022 оны гэрээгээр хаасан байдаг. Зээлийг хаахдаа манай дээр байгаа харилцах дансанд гүйлгээ хийгдсэн бөгөөд банк дахь дансанд гүйлгээ хийгдээгүй юм. Бид 2020 болон 2022 оны гэрээг тус тусдаа зээлийн харилцаа гэж үзэж байгаа бөгөөд энэ хэрэгт 2022 оны гэрээний үүрэг шаардаж байгаа юм. Сүүлийн гэрээгээр зээл олгогдсон гэдэг нь бидний гаргасан дансны хуулгаар нотлогдоно. Цахим дансны гүйлгээ хийх эрхтэй бөгөөд энэ дагуу цахим гүйлгээгээр дараагийн зээлээр өмнөх зээлийг хаасан. Манай дээр байгаа цахим харилцах данс болон банк дахь харилцах данс нь өөр боловч бид өөр дээрээ байгаа дансанд гүйлгээ хийх замаар зээлийг олгосон гэв.

 

2.         Хариуцагч Т.Н нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Монгол Улсын иргэн Т.Н Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалт, 72 дугаар зүйлийн 72.2 дэх хэсгийг тус үндэслэн “О” ББСБ-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцаад хариу тайлбарыг шүүхэд гаргаж байна.

Д ХХК нь О ББСБ-тай 2020 оны 9 дүгээр сарын 10- өдөр №ЗГ20/252 дугаар Зээлийн гэрээ байгуулж 1,400,000,000 төгрөгийн зээл авсан байх бөгөөд би энэ гэрээнд гарын үсэг зураагүй тул эргүүлэн төлөх ямарваа үүрэг хүлээх ёсгүй. Миний бие уг гэрээг байгуулах Д ХХК-д хувьцаа эзэмшиж байгаагүй ба энэ зээлийн мөнгөн хөрөнгийг авч ашиглаагүй. Энэ үйл баримтыг зээлийн гэрээнд оролцсон буюу гарын үсэг зурсан этгээдүүдээс харж болно. Тийм учраас надаас зээлийн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт шаардсаныг ойлгохгүй байна.

Харин нэхэмжлэлд дурдагдсан 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ130108000299 дугаар Зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгч гэх тал болгож, надаар гарын үсэг зуруулсан. Гэвч нэхэмжлэгч О ББСБ нь уг гэрээнд заасан зээлийн мөнгөн хөрөнгө болох 1,400,000,000 төгрөгийг бидэнд шилжүүлээгүй.

Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “...зээл

олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл. журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Нэгэнт зээлийн мөнгөн хөрөнгийг бидэнд шилжүүлээгүй тул зохигч нарын хооронд байгуулагдсан 2022 оны зээлийн гэрээг бодитоор байгуулагдсан хэлцэл гэж үзэх боломжгүй бөгөөд зээл аваагүй, авч ашиглаагүй надаас мөнгө нэхээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Түүнчлэн уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор Д ХХК нь ,,,, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан болохыг надад хэлж байсан. Нэгэнт тухайн гэрээг хүчин төгөлдөр эсэх асуудлаар иргэний хэрэг үүссэн байх учраас тухайн хэргээс өмнө уг хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж би ойлгож байна. Иймд дээрх үндэслэлүүдээр иргэн Т.Н миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно гэжээ.

 

3.         Хариуцагч “Д” ХХК, А.Б, Б.Б, Б.Б, Т.Н нарын төлөөлөгч С.С, Ч.Г нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д” ХХК болон 4 хариуцагч нар нь нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Талуудын хооронд 2020 онд зээлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээний дагуу компанид мөнгөн хөрөнгө шилжүүлсэн. Үүний дагуу зээлийн харилцаа үүсээд явж байсан. Харин 2022 оны зээлийн гэрээний дагуу бид мөнгө аваагүй, захиран зарцуулаагүй. Талуудын хооронд 2020 оны зээлийн гэрээний дагуу төлбөр тооцоо байгаа бол байгаа юм. Харин 2022.4.18-ны өдрийн зээлийн гэрээгээр бид мөнгө аваагүй бөгөөд үүнийг баримтаар нотолсон. Гэрээнд банкны дансанд зээлийг шилжүүлэх талаар заасан. Улмаар уг дансанд мөнгө ороогүй баримтыг хуулгаар гаргаж өгсөн байдаг. Хариуцагч Н бол 2020 оны гэрээний оролцогч биш. Гэтэл 2022.4.18-ны гэрээнд оролцогч болсон байдаг. Гэтэл мөнгө аваагүй байж төлбөр төлөх болж байгаа нь үндэслэлгүй. Бидний гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул энэ талаар тайлбар гаргаж байна. 2022 оны зээлийн гэрээ нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Зээл шилжүүлээгүй. Нэхэмжлэгчээс зээл шилжүүлсэн баримтыг гаргаж өг гэхээр 2020 оны баримтыг л гаргадаг. Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөлтэй гэдэг. Бид зээл олгох тусгай зөвшөөрлийн талаар маргаагүй. Зээл олгосон үйл баримтыг нотлогдохгүй байгаа бөгөөд өөр дээрээ байгаа дансанд шилжүүлж өгөх талаарх нэг албан тоотыг гаргаж өгсөн байдаг. Тусгай зөвшөөрөл дээр байгаа цахим төлбөр тооцоо хийх эрхийн хувьд цахим төлбөр тооцооны хуулийн 4-т зааснаар банк дахь дансыг ашиглаж гүйлгээ хийхийг хэлнэ гэж хэлсэн. Зээл олгосон бол ямар ч байсан банкаар л дамжих ёстой. Банк, эрх бүхий хуулийн 5.1.8-д төлбөр тооцоо хийх эрхтэй этгээд гэж хэнийг хэлэхийг заасан. 1,4 тэр бумыг шилжүүлж байгаа бол яагаад төлбөрийн баримт үйлдэхгүй байгаа юм. Зээл олгосноо нотлох үүрэг нь нэхэмжлэгчид байдаг. Банк, эрх бүхий хуулийн 5.1.5-д төлбөрийн дансны талаар зохицуулсан байдаг. Албан тоотоор зээл олгосон гээд захиран зарцуулаад байгаа нь үндэслэлгүй. Хэрэв гэрээний хугацааг сунгасан бол өөр гэрээ байх ёстой. Зээлийн хүү багассан гэх боловч 2022 оны зээлийн гэрээ нь хууль зөрчсөн гэрээ юм. Хуулиар мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүрэг хүлээдэг. Мөнгө шилжүүлээгүй байж зээлийн гэрээний үүрэг шаардахгүй юм. Шинэ зээл гэж 2022 оны гэрээгээр шаардаж байгаа боловч 2020 оноос эхэлсэн дансны хуулга гэж гаргаж өгсөн нь ойлгомжгүй юм. Уг дансны хуулга дээр зарлага гэж байгаа нь хэн хийгээд хэний зөвшөөрлөөр хийгдээд байгаа юм. Хариуцагч Д нь зээлийг аваад захиран зарцуулсан зүйл байхгүй. Хэрэв дансанд өгөөд өмнөх зээлийг хаасан бол өөр зүйл юм. Банк, эрх бүхий хуулийн 19-д зээлийн данс нээлгээд зээл олгоно гэсэн. Үүнээс үзэхэд зээлийг шилжүүлэх байсан юм. Хариуцагч Н нь хувьцаа эзэмшигчээр гарын үсэг зурсан тул төлбөр төлөх үндэслэлгүй. Зоригтбаатар өмгөөлөгч цаг хугацаатай нь тайлбар хэлсэн боловч нэхэмжлэгчийн төлөөлөгч нь энэ талаар тайлбар хэлсэнгүй. Бид бодит харилцааны талаар дүгнэлт өгөх ёстой. Өрийн удирдлагын хууль нь өөр зорилт, зохицуулалттай тул иш татах шаардлагагүй. Төлбөр тооцоог хэний зөвшөөрлөөр хийсэн талаар л бид ярьж байгаа юм. Эхлээд бид гэрээгээ унших ёстой. Банк, эрх бүхий этгээдийн хуулийг ярьж байна. Энэ хуулиар зээл олгосон юм бол 19-д зааснаар зээлийг бодитоор олгосноо нотолчих. Цахимаар зээл олгох төлбөр тооцоо хийсэн юм бол энэ талаар хүсэлт, төлбөрийн даалгавар гэх мэт баримтаа гаргах ёстой. Харилцах данс нээсэн эсэх талаар баримтаа гаргачих гэсэн бөгөөд бид данс нээлгэх хүсэлт гаргаж байгаагүй юм. Зээлийн гэрээний 2.7-д зээл хүлээн авах дансыг заасан байдаг. Дансны хуулганаас харахад зээл шилжүүлсэн зүйл алга. Гэтэл зээл олгосон баримт алга. Нэхэмжлэгч нь шүүхэд үнэн зөв тайлбар гаргаж баримтаа өгөх үүрэгтэй байдаг. Цахимаар шилжүүлсэн бол тэр баримтаа гарга л гэж байгаа юм. Хүсэлтгүйгээр дураар гүйлгээ хийгээд байдаг бол энэ нь үндэслэлгүй юм. Зээл олгосон бол үнэхээр дансанд шилжүүлэх ёстой байсан юм. Зээл олгогдоод өмнөх зээлийг хаасан бол болох боловч эхлээд зээл олгогдох л ёстой байсан юм гэв.

 

4.         Хариуцагч бөгөөд хариуцагч “М” ХХК-ийн төлөөлөгч М.Т, түүний  өмгөөлөгч А.З нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нөгөө хариуцагч нарын тайлбарыг дэмжинэ. 2020 онд анх зээлийн харилцаа үүссэн. Энэ гэрээний дагуу зээлдэгч нар нь төлбөр төлсөн байдаг. Энэ нь нэхэмжлэгч талаас гаргасан хуулгаар нотлогдоно. Гэтэл 2022 онд гэрээ байгуулаад өмнөх зээлийг төлүүлэх зорилгоор 1,4 тэр бумын зээлийн гэрээ байгуулсан. Зээлийг дансанд олгосон юм бол буцаагаад таталт хийчихсэн байдаг юм. Үүнээс үзэхэд зээлийг авч ашиглаагүй байгаа нь нотлогдоно. Банк, эрх бүхий хуулийн 19.5-д зааснаар зээл олгогдоогүй, шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох ёстой. 2022.4.18-ны гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр 1,4 тэр бумыг дахин авахыг болон гэрээ байгуулахыг зөвшөөрсөн байдаг. Мөн хувьцаа эзэмшигчийн шийдвэрийн хуулбар эргэлзээтэй бөгөөд нэгэнт талууд маргаагүй тул энэ талаар маргах боломжгүй юм. Хуулбар баримтыг гэрчлүүлж оруулснаар шаардлага хангасан баримт болоод байгаа юм. Иймд уг баримт нь шийдвэрийн үндэслэл болохгүй. Учир нь зээл авах талаар шийдвэр гараагүй байна. Зээлийн гэрээнд хувьцаа эзэмшигчийн хувиар гарын үсэг зураад байгаа юм уу эсхүл зээлдэгчээр оролцож байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй байна. Миний ойлгож байгаагаар бол иргэний хувиар оролцоод байна. Уг зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус талаар шүүх дүгнэлт хийх учиртай. Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд 2 удаа нэмэгдүүлсэн бөгөөд үүнийг хангах үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгчийн ТУЗ-н тогтоолоор гүйцэтгэх захирлын эрхийг шилжүүлсэн байдаг. Болор нь итгэмжлэл олгохдоо хугацаа заагаагүй тул 1 жилийн хугацаанд хүчинтэй. Улмаар хүчин төгөлдөр бус итгэмжлэлээр шаардлагыг нэмэгдүүлсэн тул үндэслэлгүй. Тодруулбал, Болорт олгосон итгэмжлэлийн хугацаа дууссанаар түүний төлөөлөгчид олгосон итгэмжлэлийн хугацаа дуусна. Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлаад нэхэмжлэл гаргасан гэж ойлгож байна. Зээлийн гэрээг цуцалж байгаа юм бол Иргэний хуульд заасан гэрээг цуцлах журамд нийцэж байгаа эсэхийг шүүх дүгнэх учиртай. Гэрээг цуцлах талаар дахин мэдэгдээгүй бол цуцлах эрхээ алдана. Мэдэгдлийг Д-д өгдөг боловч хариуцагч М болон Тт мэдэгдэж байгаа юм. Нэхэмжлэл гаргахдаа Тулгыг хариуцагч гэдэг боловч гэрээг цуцлахдаа яагаад мэдэгдээгүй юм бэ. Нэг ч мэдэгдэл өгөөгүй байж үүргийн гүйцэтгэлийг хангахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй. Гэрээг цуцалснаас хойш хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй юм уу. Мэдэгдэлгүй гэрээг цуцалсан тул үүнээс хойших хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй юм. Мөн гэрээний хугацаа дууссанаас хойш төлөгдөөгүй бол нэмэгдүүлсэн хүү тооцох талаар хуульд заасан байдаг. Иймд нэмэгдүүлсэн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл байхгүй юм. Гэрээнд мөн адил хүү, нэмэгдүүлсэн хүүг гэрээний хугацаатай уялдуулан тохиролцсон байдаг. Гэрээг цуцалсан бол хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх талаар тохиролцоогүй. 2022 оны зээлийг аваагүй, 2020 оны гэрээний хүү, нэмэгдүүлсэн хүү төлөгдсөн. Нэхэмжлэгч нь тухайн салбартаа мэргэжлийн оролцогч тул хуульд нийцүүлэн нэхэмжлэл гаргах ёстой. Өрийн удирдлагын тухай хууль нь энэ хэрэгт хамааралгүй юм. Гэхдээ өнөөдөр энэ тайлбарыг гаргаж байгаа нь нэхэмжлэгч тал анхнаасаа хуулийг ингэж ойлгоод үйл ажиллагаа явуулчихсан бөгөөд зээл олгогдоогүйг нотолж байна. Гэрээний 2.1.7-г зөрсөн ба гэрээгээр өөрийнх данс уруу шилжүүлэхээр тохиролцоогүй юм. Үүнээс нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчсөн тул хариуцагч нараас шаардах эрх байхгүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч нарын тайлбар хоорондоо зөрөөд байна. Нэхэмжлэгчийн төл Б нь зээл олгоод автоматаар татагдсан гэсэн бол төлөөлөгч Е нь өмнөх зээлийг хаахаар гэрээ хийсэн гэж байна. Үүнээс үзэхэд бодитойгоор зээл олгогдоогүй байна. Зээлийн төлөлтийг татан авахад хариуцагч нараас зөвшөөрөл авсан юм уу, мэдэгдсэн баримт байгаа юм уу. Өөрийн эрх мэдэлд байдаг дансанд хийгээд татаж авсан байна. Гэрээг цуцалсан ч гэсэн хүү нэхнэ гэж байна. Гэтэл гэрээгээр энэ талаар тохиролцоогүй. Хэлцэл хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг гаргаагүй гэж байгаа ба энэ талаар сөрөг гаргах бол үр дагавар шаарддаг юм. Дээд шүүхийн 2023 оны тогтоолоор 38.9-г тайлбарласан бөгөөд хэргийн оролцогч хүсэлт гаргаагүй тул шүүх уг хуулийг хэрэглэх боломжгүй. Газрыг барьцаалсан гэрээ хүчинтэй болоогүй байна гэв.

 

5.         Зохигчид дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.

5а. Нэхэмжлэгчээс өөрийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх7/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хх8-10/, ТУЗ-н 2023 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийн 23/01 дугаар тогтоолын хуулбар /хх11/, 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар /хх13-16/, бэлэн бус зарлагын баримт /хх17/, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний хуулбар /хх18-21/, мөн өдрийн барьцааны гэрээний хуулбар 2 ширхэг /хх22-23, 24-26/, зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол /хх27/, “Д” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх28/, Барилга, Хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрлийн хуулбар /хх29/, “Д” ХХК-ийн дүрмийн хуулбар /хх30-34/, “Д” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 22/06 дугаар албан тоотын хуулбар /хх35/, “М” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх36/, “М” ХХК-ийн газар эзэмших эрхийн ,,, дугаар гэрчилгээний хуулбар /хх37/, “М” ХХК-ийн дүрмийн хуулбар /хх38-40/, “М” ХХК-ийн ТУЗ-н 2022 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 1/39 дүгээр тогтоолын хуулбар /хх41/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн,,, дугаар гэрчилгээ, кадастрын зургын хуулбар /хх42, 43/, “О ББСБ” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 22/353 дугаар алба тоотын хуулбар /хх44/, мөн оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 22/474 дүгээр албан тоотын хуулбар /хх45/, мөн оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 22/545 дугаар албан тоотын хуулбар /хх46-47/, нотариатчийн мөнгөний тасалбар /хх48/, Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 437 дугаар тодорхойлолтын хуулбар /хх49/, нэмэгдүүлсэн шаардлагын зээл, хүүгийн тооцоолол /хх108/, “Д” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 22/109 дүгээр албан тоот /хх162/, мөн оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 22/097 дугаар албан тоотын хуулбар /хх163/, нэмэгдүүлсэн шаардлагын зээл, хүүгийн тооцоолол /хх170/, харилцагчийн дансны хуулга /хх188/, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх189/

5б. Хариуцагч “Д” ХХК-с өөрийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх161/, Хаан банк дахь өөрийн дансны хуулга /хх165/, Монгол банкны 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Б-10/808 дугаар албан тоот.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

        ҮНДЭСЛЭХ нь:

1.         Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.         Нэхэмжлэгч “О ББСБ” ХХК нь шаардлагаа 2 удаа нэмэгдүүлж, улмаар 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ130108000299 дугаар зээлийн гэрээний үүрэгт нийт 2,113,068,834.16 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг мөн өдрийн ,,,, ,,,-1 дугаар барьцааны гэрээний зүйлээр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.

 

3.         Хариуцагч “Д” ХХК, А.Б, Б.Б, Б.Б, Т.Н нар нь 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн ЗГ20/252 дугаар зээлийн гэрээнд хариуцагч Т.Н оролцоогүй, 2022 оны ЗГ130108000299 дугаар зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө олгогдоогүй тул буцаан төлөх үүрэг үүсэхгүй бөгөөд энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж маргасан.

 

4.         Хариуцагч бөгөөд хариуцагч “М” ХХК-ийн төлөөлөгч М.Т нь бусад хариуцагч нарын тайлбарыг дэмжиж, улмаар 2022 оны ЗГ130108000299 дугаар зээлийн гэрээ нь хариуцагч “Д” ХХК-ийн хувьд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл, нэхэмжлэлийн шаардлагыг эрхгүй этгээд нэмэгдүүлсэн, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах талаар бусад хариуцагч нарт мэдэгдээгүй тул цуцлах эрхгүй бөгөөд ийнхүү цуцалснаар нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэж маргасан.

 

5.         Нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээний үүрэгт 1,756,517,088.26 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, улмаар 2023 оны 07 дугаар сарын 04-ны өдөр зээлийн гэрээний үүргийг 1,963,691,517.07 төгрөг болгож, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээний үүргийг 2,113,068,834.16 төгрөг болгож тус тус нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байна.

5а. Нэхэмжлэгч “О ББСБ” ХХК-ийн ТУЗ-ын 2023 оны 01 дүгээр сарын 01-ны өдрийн 23/01 дүгээр тогтоолоор Ч.Б-г тус хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгчээр 2023 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн дуусталх хугацаанд томилсон байна. /хх11/

Улмаар Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т зааснаар гүйцэтгэх удирдлагын үүргийг хэрэгжүүлэгч Ч.Болор нь 2023 оны 02 дугаар сарын 14-ны өдөр Г.Е, Г.Н нарт итгэмжлэл олгожээ. /хх12/

Энэхүү итгэмжлэлд заасан эрхийн дагуу төлөөлөгч Г.Е нь 2023 оны 07 дугаар сарын 04-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. /хх106/

Цаашлаад, нэхэмжлэгч хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагаар Г.Ц бүртгэлтэй болох нь улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарт хийгдсэн бичилтээр тогтоогдсон. /хх7/

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д зааснаар гүйцэтгэх удирдлага нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бөгөөд энэхүү эрхийн дагуу Г.Ц нь 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. /хх167/

Дээрх үйл баримтаас үзэхэд төлөөлөгч Г.Ед олгосон итгэмжлэл хугацаа заагаагүй тул Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.5-д зааснаар 1 жилийн хугацаанд хүчинтэй. Түүнчлэн гүйцэтгэх удирдлагын үүргийг хэрэгжүүлж байсан Ч.Болор нь компанийг төлөөлөх эрхийг итгэмжлэлээр хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл, төлөөлөгчид шууд итгэмжлэл олгож байх тул Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.6-д заасан шилжүүлсэн итгэмжлэлийн зохицуулалт хамаарахгүй.

Үүнээс үзэхэд төлөөлөгч Г.Е нь хүчин төгөлдөр итгэмжлэлийн дагуу нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн бөгөөд харин төлөөлөгч Г.Ц нь дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх эрхтэй.

Иймд хариуцагч бөгөөд хариуцагч “М” ХХК-ийн төлөөлөгч М.Т-н өмгөөлөгч А.З-н нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн гэх тайлбар үндэслэлгүй.

 

6.         Нэхэмжлэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагч “Д” ХХК, А.Б, Б.Б, Б.Б, “М” ХХК, М.Т нартай, мөн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “Д” ХХК, А.Б, Б.Б, Б.Б, Т.Н, “М” ХХК, М.Т нартай тус тус зээлийн гэрээ байгуулсан байна. /хх13-16, 18-21/

Улмаар нэхэмжлэгч нь 2022 оны ЗГ130108000299 дугаар зээлийн гэрээний мөнгөн хөрөнгө дээр хариуцагч “Д” ХХК нь нэмж төлбөр төлснөөр 2020 оны ЗГ20/252 дугаар зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон. Иймд 2022 оны ЗГ130108000299 дугаар зээлийн гэрээний үүргийг энэхүү нэхэмжлэлээр шаардана гэж тайлбарласан.

6а. Зохигчдын хооронд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан ЗГ130108000299 дугаар зээлийн гэрээнд хариуцагч “Д” ХХК-г төлөөлж хувьцаа эзэмшигч Б.Б, Т.Н, Б.Б, А.Б нар, хариуцагч “М” ХХК-ийг төлөөлж М.Т гарын үсэг зурсан бөгөөд хариуцагч Б.Б, Т.Н, Б.Б, А.Б, М.Т нар нь тус гэрээнд хувь хүний хувьд гарын үсэг зурсан ба гэрээний удиртгал хэсэгт оролцогчдыг тодорхой заажээ. Иймд хариуцагч “Д” ХХК, А.Б, Б.Б, Б.Б, Т.Н нарын төлөөлөгч С.С-ийн зээлийн гэрээнд хувь хүний хувьд оролцогч биш гэх тайлбар үндэслэлгүй.

 

7.         Хариуцагч “Д” ХХК нь 2022 онд 4 хувьцаа эзэмшигчтэй байсан үйл баримтын талаар зохигч маргаагүй бөгөөд хувьцаа эзэмшигчид нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 22/06 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчээс 1,400,000,000 төгрөгийг зээл авахыг зөвшөөрч, улмаар хувьцаа эзэмшигч А.Б, Б.Б, Б.Б, Т.Н нь зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байна. Иймд хувьцаа эзэмшигчид Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.10-т заасан эрхийг эдлэх тул 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан ЗГ130108000299 дугаар зээлийн гэрээ нь их хэмжээний хэлцэл тул хүчин төгөлдөр бус гэх тайлбар үндэслэлгүй.

 

8.         Нэхэмжлэгч “О ББСБ” ХХК нь зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд болох нь тус хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон. /хх7, 8/

Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан байна. Энэхүү гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаа, нөхцөлтэйгөөр зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан бол хүүгийн хамт буцаан төлөх үүрэг хүлээнэ.

Зээл олгох гэдэг нь мөнгөн хөрөнгийг хариу төлбөртэй, эсхүл хариу төлбөргүйгээр тодорхойгүй хугацаанд ашиглуулахыг ойлгоно. Өөрөөр хэлбэл, мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан зориулалтын дагуу захиран зарцуулах эрх олгоно гэсэн үг юм.

8а. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээг талууд чөлөөтэй байгуулах бөгөөд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлдог. Гэрээний 2.1.4-т зааснаар зээлийн зориулалтыг дахин санхүүжүүлэх гэж тодорхойлсон байна. Улмаар гэрээний 2.1.7-д зээлийг Хаан банк дахь хариуцагч “Д” ХХК-ийн ,,,, дугаар дансанд олгох, 2.4-т буцаан төлөлтийг Хаан банк дахь нэхэмжлэгчийн ,,,, тоот дансанд шилжүүлэхээр тохиролцсон байна.

8б. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1, 198.2-т зааснаар гэрээг үгийн шууд утгаар тайлбарлах бөгөөд аль нэг утга ойлгомжгүй бол гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар ойлгодог. Энэхүү 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн зээлийн гэрээг бүхэлд үзэхэд 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг дуусгавар болох зориулалтын талаар тохиролцоогүй байна. Түүнчлэн гэрээний 2.1.6-д заасан дахин санхүүжүүлэх гэх зорилго нь нэмж гэсэн агуулгаар ойлгогдож байна.

8в. Өрийн удирдлагын тухай хуулиар энэ хэрэгт маргаж буй зээлийн гэрээний харилцааг зохицуулахгүй. Мөн хуулийн 4.1.12-т заасан өрийг дахин санхүүжүүлэх гэдэг нь өмнөх зээлийн гэрээний үүргийг дахин зээлийн гэрээ байгуулж дуусгавар болгох гэсэн ойлголт биш юм. Өөрөөр хэлбэл, гэрээнд зээлийн зорилгыг дахин санхүүжүүлэх гэдэг нь өмнөх зээлийн үүргийг дуусгавар болгох гэж ойлгогдохгүй. Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Е-ий 2022 оны зээлийн зорилгыг дахин санхүүжүүлэх гэсэн нь өмнөх зээлийн үүргийн дуусгавар болох зориулалттай байсан гэх тайлбар үндэслэлгүй юм.

 

9.         Дээр дурдсанаар зээл олгох гэдэг нь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрх олгосон байхыг хэлнэ. Тодруулбал, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар олгосон зээлийг зээлдэгч захиран зарцуулах эрхтэй байх учиртай. Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 53 дугаар тогтоолын төлбөр тооцоо хэсгийн 1.1-д зааснаар Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.1-д заасан бэлэн бусаар хийх төлбөр тооцоо гэдгийг банк, эрх бүхий хуулийн этгээд нь тооцооны баримтын үндсэн дээр харилцагчийн дансаар дамжуулан, тэдгээрийн хооронд үүссэн гэрээний харилцааны үүргийн дагуу гүйцэтгэхийг ойлгоно. Мөн тогтоолын 1.3-т зааснаар Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.4-т “Төлбөр тооцоо гүйцэтгэгч нь харилцагчийн өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог гүйцэтгэнэ.” гэж заасныг төлбөр тооцоог гүйцэтгэх үүрэг бүхий банк, эрх бүхий хуулийн этгээдээс харилцагч талуудтай байгуулсан төлбөр тооцооны гэрээний дагуу зөвхөн харилцагчийн бичгээр өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр төлбөр тооцоог гүйцэтгэхийг, мөн 1.4-т зааснаар хуулийн 445.5-д “данс дахь мөнгөн хөрөнгөө захиран зарцуулах харилцагчийн эрхийг төлбөр тооцоо гүйцэтгэгч  хязгаарлах, хянах эрхгүй” гэдгийг харилцагч нь банк, эрх бүхий хуулийн этгээдэд байршуулсан данс дахь мөнгөн хөрөнгөө өөрийн дураар захиран зарцуулах эрхтэй бөгөөд харин банк, эрх бүхий хуулийн этгээд түүний мөнгөн хөрөнгөө захиран зарцуулахад нь хувь, хязгаар тогтоож, биелэлтийг нь тооцож хянах зэргээр эрхийг хязгаарлаж болохгүй гэж тус тус ойлгоно. Улмаар Иргэний хуулийн 445 дугаар зүйлийн 445.3-д төлбөр тооцоог бэлэн бусаар хийх хэрэгслийн талаар “Бэлэн бусаар хийх төлбөр тооцоог төлбөрийн даалгавар, аккредитив, инкасс, чек, вексель, төлбөрийн карт, электрон төлбөр тооцоо, зээлжих эрх, зээлээр хийх төлбөр тооцоо болон төлбөр тооцооны бусад хэрэгслээр гүйцэтгэж болно” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчийг эдгээр хэрэгслийн аль нэгийг хэрэглээгүй гэдэг талаар маргаагүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь ЗГ130108000299 дугаар зээлийн гэрээний дагуу хариуцагч нарын зөвшөөрөлгүйгээр өөрийн дотоодын дансанд зээл олгосон бичилт хийж, буцаан өмнөх зээлийг хаасан бичилт хийжээ. Мөн хэрэв зээлийн гэрээнд зээлийн зориулалтыг тусгайлан заасан тохиолдолд уг зориулалтын дагуу зээлдүүлэгч нь өмнөх зээлийн үүргийн гүйцэтгэлийг дуусгавар болгохоор гүйлгээ хийсэн бол энэ нь мемориалын баримтаар тогтоогдох учиртай.

Цаашлаад, зохигчдын хооронд 2022 онд байгуулагдсан ЗГ130108000299 дугаар зээлийн гэрээний дагуу бодитоор мөнгөн хөрөнгө шилжигдээгүй болох нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Е-ний “мөнгийг хариуцагчийн банк дахь дансанд шилжүүлсэн бол захиран зарцуулах байсан тул хариуцагч “Д” ХХК-ийн хүсэлтээр өөрийн дотоод харилцах дансанд шилжүүлсэн” гэх, нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б-н “банк дээр бодитоор мөнгө шилжүүлээгүй” гэх тайлбараар тогтоогдсон.

Харин зээлдэгч банк бус санхүүгийн байгууллага нь өөрийн дотоодын харилцах дансанд бичилт хийснээр зээл бодитоор олгогдсон гэж үзэхгүй. Учир нь зээл бодитоор олгогдоогүй бөгөөд маргаж буй ЗГ130108000299 дугаар зээлийн гэрээгээр өмнөх 2020 оны зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгохоор тохиролцоогүй.

 

10.       Түүнчлэн нэхэмжлэгч нь 2020 оны ЗГ20/252 дугаар зээлийн гэрээ, 2022 оны ЗГ130108000299 дугаар зээлийн гэрээ нь тус тусдаа гэрээний харилцаа гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагч Т.Н нь 2020 оны ЗГ20/252 дугаар зээлийн гэрээний оролцогч биш, харин 2022 оны ЗГ130108000299 дугаар зээлийн гэрээний оролцогч байх тул 2022 оны ЗГ130108000299 дугаар зээлийн гэрээ нь өмнөх 2020 оны ЗГ20/252 дугаар зээлийн гэрээний үргэлжлэл буюу өмнөх гэрээний хугацааг сунгаж нэмэлт өөрчлөлт оруулсан гэж үзэх үндэслэлгүй.

 

11.       Дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэвэл нэхэмжлэгч нь 2022 оны ЗГ130108000299 дугаар зээлийн гэрээний дагуу хариуцагч нар буюу зээлдэгчид мөнгөн хөрөнгө олгоогүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар уг зээлийн гэрээ хэдийгээр байгуулагдсан боловч хүчин төгөлдөр болоогүй байна. Иймд хариуцагч нарт 2022 оны ЗГ130108000299 дугаар зээлийн гэрээний дагуу үүрэг үүсэхгүй юм.

 

12.       Эдгээрээс гадна нэхэмжлэгч нь анх нэхэмжлэл гаргахдаа 2022 оны ЗГ130108000299 дугаар зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан. Гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн талаар маргаагүй бөгөөд хариуцагч “Д” ХХК нь өмнөх 2020 оны ЗГ20/252 дугаар зээлийн гэрээний төлбөрийг тодорхой хэмжээнд төлж байсан гэж тайлбарласан. Иймд нэхэмжлэгчид хэрэв 2022 оны зээлийн гэрээ хүчин төгөлдөр байсан бол гэрээнээс татгалзах эрх үүснэ. Хэрэв хүчин төгөлдөр зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан бол түүнээс хойших хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Учир нь гэрээг цуцалснаар  гэрээний үүрэг дуусгавар болж, тухайн үеэс хойших хугацааны гэрээний үүрэг шаардах эрхгүй болно.

 

13.       Зохигчид 2022 оны ЗГ130108000299 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ,,,, ,,,-1 дугаар барьцааны гэрээг байгуулжээ. /хх22-23, 24-26/

Энэ хэргийн үндсэн маргааны зүйл нь зээлийн гэрээний үүрэг бөгөөд хэрэв үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэмэлт шаардлага гаргасан.

Иймд нэхэмжлэлийн үндэслэл болсон 2022 оны ЗГ130108000299 дугаар зээлийн гэрээ хүчин төгөлдөр болоогүй, хариуцагч нарт уг гэрээний дагуу үүрэг үүсээгүй байх тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага мөн адил үндэслэлгүй юм.

 

14.       Зээлийн гэрээний үүрэгт мөнгөн хөрөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага үндэслэлгүй байх тул гэрээний үүргээ биелүүлээгүйгээс  шүүхэд нэхэмжлэл гаргахад учирсан хохирол шаардах эрхгүй.

 

15.       Үүнээс гадна ,,, дугаар барьцааны гэрээг бичгээр байгуулж, уг гэрээний зүйл болох эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаарт бүртгэгдсэн 1,206 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн хувьд улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлснээр хүчин төгөлдөр болсон. Харин уг гэрээний зүйл болох эрхийн улсын бүртгэлийн ,,, дугаар бүртгэгдсэн эзэмших эрхтэй газрын хувьд улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу тэмдэглэгээ хийлгэсэн баримтгүй тул гэрээний энэ хэсэг хүчин төгөлдөр бус юм.

Мөн ,,,-1 барьцааны гэрээний хувьд гэрээний зүйл болох цамхагт краны арлын болон улсын дугаар гэх зэрэг мэдээлэл дутуу байгаа нь гэрээний зүйлийг тодорхойгүй болгосон. Барьцааны гэрээний зүйл тодорхойгүй байгаа нь уг эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй юм.

 

16.       Нэхэмжлэгч нь 2022 оны ЗГ130108000299 дугаар зээлийн гэрээ болон ,,,, ,,,-1 дугаар барьцааны гэрээтэй холбогдуулан нэхэмжлэл гаргасан тул шүүх 2020 оны ЗГ20/252 дугаар зээлийн гэрээтэй холбоотой дүгнэлт өгөөгүйг дурдав. Тодруулбал, нэхэмжлэгч нь 2020 оны ЗГ20/252 дугаар зээлийн гэрээтэй холбогдуулан жич нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүй.

 

17.       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүхээс эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан зохигчид төлөх мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгч төлөх бөгөөд нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох журамтай. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 11,109,394.44 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

          ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “Д” ХХК, А.Б, Б.Б, Б.Б, Т.Н, “М” ХХК, М.Т нарт холбогдох 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ЗГ130108000299 дугаар зээлийн гэрээний үүрэг, үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 2,113,068,834.16 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэгч “О ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 11,109,394.44 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.Г