Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 01514

 

ХУД НДХ-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/01312 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч ХУД НДХ-ийн  хариуцагч А ХХК-д холбогдуулан гаргасан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 80 341 109.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.  

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбартаа: “А” ХХК нь 2011 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэл 53 560 739.79 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 26 780 369.90 төгрөг, нийт 80 341 109.69 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүссэн байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлд нийгмийн даатгалын хууль тогтоомж зөрчигсдөд хүлээх хариуцлага, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т шимтгэл төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулахаар заасан. Энэхүү алдангийн хэмжээ төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 354 дүгээр дүрэм, журам батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын байгууллагын дүрмийн 3 дахь хэсгийн 3.3.1-д заасан нийгмийн даатгалын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн өр, авлага үүссэн, нийгмийн даатгалын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг зөвшөөрөлгүй, дутуу төлсөн, торгууль, алдангийг төлөхөөс татгалзсан, зайлсхийсэн зэрэг тохиолдолд даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хангах зорилгоор ажил олгогч, даатгуулагчийн төлбөл зохих шимтгэл, алданги, торгуулийг төлүүлэхээр нийгмийн даатгалын байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргана гэсэн заалтуудыг тус тус үндэслээд 80 341 109.69 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.  

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гадаадын компани манай улсын зах зээлд орж ирсэн учраас манай компанийн үйл ажиллагаа нэг хэсэг зогссон. Үүний дараа 2016 онд үйл ажиллагаагаа сэргээж дахин явуулсан боловч банкнаас авсан зээлээ төлж чадахгүй үйл ажиллагаа зогссон. Бид нийгмийн даатгалын төлбөрөө боломжоороо төлдөг байсан боловч сүүлд банкнаас авсан зээлээ төлж чадахгүйгээс болж манай компанийн үйл ажиллагаа зогссон. Манайх нийгмийн даатгалын шимтгэлийг албаар төлөөгүй гэсэн зүйл байхгүй, компанийн хувьцаа эзэмшигч нар компанийн өр төлбөрийг төлж дуусгаад байгууллагыг татан буулгах санаатай байгаа. “А” ХХК үйл ажиллагаагаараа тухайн үедээ Азид 2-т ордог байсан боловч гадны өрсөлдөгч орж ирээд манай үйл ажиллагаа зогссон гэжээ.

Хан-Уул дүүргийн хяналтын прокурор П.Э шүүх хуралдаанд тайлбартаа: Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1.1-д заасан заасныг зөрчиж нийт 80 341 109.69 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэсэн байна. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан байх тул 80 341 109 69 төгрөгийг “А” ХХК-аас гаргуулж ХУД НДХ-т олгох нь зүйтэй гэжээ.

Шүүх: Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1, 17.1.1, 20 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар А ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 80 341 403.69 төгрөг гаргуулж, ХУД НДХ-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр үгээр зүйлийн 41.1.4-т зааснаар хариуцагчаас 559 657 төгрөг гаргуулж, улсын төсөвт оруулж, нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч “А” ХХК нь 2003 онд байгуулагдан шатахуун хадгалах, түгээх үйл ажиллагаа явуулж байхдаа нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн төлж байсан боловч бидний бизнесийн үйл ажиллагаа доголдож нийгмийн даатгалын шимтгэл болон банкнаас авсан зээлээ төлж чадахгүй байснаас үйлдвэрлэлийн багаж болох шатахуун хадгалах түгээх обьектоо банканд 2013 оны 01 дүгээр сард битүүмжилж, 2014 оны 3 дугаар сарын 15-ны өдөр банкны өмчлөлд шилжүүлэх шийдвэр гарсан. Тус компани 2012 оны 02 дугаар сараас 2015 оны 10 дугаар сар хүртэл ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байсан ба энэ үед улс орны эдийн засгийн хямралд өртсөн. Түүнээс хойш 1 жил гаруй хураагдсан обьектдоо шатахуун түгээх үйл ажиллагааг бага багаар явуулж идэвхжүүлэхээр ажиллаж байсан боловч ажлын байргүй болж зогсоод байна. Энэ ажиллах хугацаандаа хуримтлагдсан нийгмийн даатгалын болон бусад өр төлбөрийг идэвхтэй төлж байсан болно. Цаашид ямар ч үйл ажиллагаа явуулах ажлын байр болон шатахууны объект байхгүй, ажиллагсдадаа чөлөөлсөн, хуримтлагдсан өр төлбөрүүд олон байгаа зэрэг байдлыг харгалзан үзэж нийгмийн даатгалын шимтгэлийн үндсэн төлбөрөөс тодорхой хувиас хасч, 26 780 369.90 төгрөгийн алдангиас чөлөөлж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч ХУД НДХ хариуцагч “А” ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэл 53 560 739,79 төгрөг, алданги 26 780 369 төгрөг, нийт 80 341 109,69 төгрөгийн өр төлбөрийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч байгууллага нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийн тооцоололд маргаагүй, харин хариуцагчийн төлөөлөгч компанийн үйл ажиллагаа зогссон, шимтгэлийг төлөх боломжгүй байгаа гэж тайлбарласан.

“А” ХХК нь татварын өр төлбөртэй болох нь 2017,2018 оны нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, 2018 оны 5 дугаар сарын тайлан, нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн уулзалтын тэмдэглэл зэрэг баримтаар нотлогдож байна. Түүнчлэн уг өр төлбөрийг төлөх талаар хариуцагчид 2018 оны 5 дугаар сарын 03, 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр тус тус шаардлага хүргүүлсэн байна.

Хариуцагч “А” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ заасан хугацаанд, зохих ёсоор биелүүлээгүй байх тул хариуцагчаас 80 341 409.69 төгрөгийг /53 560 739.79 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг алданги 26 780 369 төгрөгийн хамт/ гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Нийгмийн даатгэлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.1, 16 дугаар зүйлийн 16.1, 20 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасанд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй.

Хариуцагч давж заалдах гомдолдоо компанийн үйл ажиллагаа зогссон тул алдангийг хасч өгөхийг хүссэн ба уг асуудлаар анхан шатны журмаар хэрэг хэлэлцэхэд хүсэлт гаргаагүй, талууд мэтгэлцээгүй тул давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, “А” ХХК-ийн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийн алдангиас чөлөөлөх үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2019/01312 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 559 657 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            А.МӨНХЗУЛ

                                                                  ШҮҮГЧИД                           М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                                              А.ОТГОНЦЭЦЭГ