Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2019/01312

 

2019 оны 06 сарын 05 өдөр                 Дугаар 183/ШШ2019/01312                               Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, өөрийн байранд байрлах, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн ... өөрийн байранд байрлах, А ХХК /РД.../-д холбогдох,

 

нийгмийн даатгалын шимтгэлийн өр 80,341,109.69 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С , Н.Г, прокурор П.Э , хариуцагчийн төлөөлөгч Л.Н , нарийн бичгийн даргаар Т.Ган-Эрдэнэ нар оролцов.         

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

            Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч А ХХК нь 2011 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ажиллагсдынхаа нийгмийн даатгалын шимтгэл 53,560,739.79 төгрөг, хугацаа хэтэрсэн алданги 26,780,369.90 төгрөг, нийт 80,341,109.69 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүссэн байна. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлд нийгмийн даатгалын хууль тогтоомж зөрчигсдөд хүлээх хариуцлага, мөн хуулийн 20.1.2 дахь хэсэгт шимтгэл төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 354 дүгээр дүрэм, журам батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын байгууллагын дүрмийн 3 дахь хэсгийн 3.3.1-д заасан нийгмийн даатгалын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн өр, авлага үүссэн, нийгмийн даатгалын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг зөвшөөрөлгүй, дутуу төлсөн, торгууль, алдангийг төлөхөөс татгалзсан, зайлсхийсэн зэрэг тохиолдолд даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хангах зорилгоор ажил олгогч, даатгуулагчийн төлбөл зохих шимтгэл, алданги, торгуулийг төлүүлэхээр нийгмийн даатгалын байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргана гэсэн заалтуудыг тус тус үндэслээд 80,341,109.69 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.              

 

 

 

            Хариуцагчийн төлөөлөгч Л.Н  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Гадаадын компани манай улсын зах зээлд орж ирсэн учраас манай компанийн үйл ажиллагаа нэг хэсэг зогссон. Үүний дараа 2016 онд үйл ажиллагаагаа сэргээж дахин явуулсан боловч банкнаас авсан зээлээ төлж чадахгүй үйл ажиллагаа зогссон. Бид нийгмийн даатгалын төлбөрөө боломжоороо төлдөг байсан боловч сүүлд банкнаас авсан зээлээ төлж чадахгүйгээс болж манай компанийн үйл ажиллагаа зогссон. Манайх нийгмийн даатгалын шимтгэлийг албаар төлөөгүй гэсэн зүйл байхгүй, компанийн хувьцаа эзэмшигч нар компанийн өр төлбөрийг төлж дуусгаад байгууллагыг татан буулгах санаатай байгаа. Манай А ХХК тухайн үедээ үйл ажиллагаагаараа Азид 2-т ордог байсан боловч гадны өрсөлдөгч орж ирээд манай үйл ажиллагаа зогсохоос аргагүй байсан гэв.

 

 

 

Хан-Уул дүүргийн хяналтын прокурор П.Э  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчин нийт 80,341,109.69 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэсэн байна. Иймд Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь хэсэгт “Дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заасан байх тул 80,341,109.69 төгрөгийг А ХХК-иас гаргуулж Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгох нь зүйтэй гэсэн тайлбарыг гаргаж байна” гэв.

 

          

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

            Хариуцагч А ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр  80,341,109.69 төгрөг гаргуулахыг хүссэн Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ. 

 

Хэргийн баримтаас үзэхэд А ХХК нь 2011 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэл 53,560,739.79 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 26,780,369.90 төгрөг, нийт 80,341,109.69 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгэсэн болох нь тус компанийн 2017, 2018 оны нийгмийн даатгалын шимтгэлийн ногдуулалт, төлөлтөд хийсэн алдангийн тооцоо, заавал даатгах даатгуулагчдын НДШ-ийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл, Нийгмийн даатгалын шимтгэлийн авлага барагдуулах талаар хийсэн уулзалтын тэмдэглэл, Хан-Уул дүүргийн НДХ-ийн улсын байцаагчийн 2018.05.03, 2018.08.29-ний өдрийн албан шаардлагууд зэрэг бичгийн баримтуудаар  тогтоогдсон байна.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “ажил олгогч болон энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагч нь шимтгэл төлөх талаар дор дурдсан үүрэг хүлээнэ”, 17.1.1 дэх хэсэгт “хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 1, 20 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хугацаандаа төлөгдөөгүй шимтгэл, хугацаа хэтрүүлсний алдангийг хариуцагч компани төлөх үүрэгтэй тул нийгмийн даатгалын шимтгэлийн өр 80,341,403.69 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.                 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                                     ТОГТООХ нь:

 

 

 

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1, 17.1.1, 20 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар А ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр 80,341,403.69 төгрөг гаргуулж Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгосугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 559,657 төгрөг гаргуулж  улсын төсөвт оруулж, нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ                                            Д. ЭНХЦЭЦЭГ