Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2023/04367

 

 

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б.О нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б.Ж

 

Хариуцагч: Ш.Т нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 29,736,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд. Нэхэмжлэгч Б.О , хариуцагч нарын өмгөөлөгч Л.Батжаргал/1996/, нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.         Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэлээ тодорхойлохдоо:Б.Ж , Ш.Т нар 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр надаас Богд банкнаас 650,000,000 төгрөгийн зээлийг авахын тулд өмнөх зээлийн үлдэгдлийг хаах тул 28,400,000 төгрөгийг 4 хоногийн хугацаатай өдрийн 4 хувийн хүүтэй зээлдүүлээч гэж гуйсан. Би Б.Ж ыг сайн танихгүй өгмөөргүй байна гэхэд Ш.Т ... энэ зээлийг гаргахад банкны нөлөө бүхий хүмүүст их хэмжээний авлигал хээл хахуул өгсөн. Би өөрөө энэ зээлийг зуучилж гаргаж байгаа учраас үнийн дүнгийн 10 хувь болох 65,000,000 төгрөгийг авна. Б.Ж ыг би батлан дааж гарын үсэг зуръя.Учир нь: би өөрөө энэ зээлийг хөөцөлдөж гаргаж байгаа, хэзээ чиний итгэлийг алдаж байлаа намайг найдвартай төлдгийг чи мэднэ, ердөө 4 хоног, хүүтэй нь бүгдийг төлөх учраас энэ 2 гэрчилгээг түр аваад байж бай. Угаасаа надад 650,000,000 төгрөгийн зээлээ авна гэж хуурч мэхэлж 28,400,000 төгрөгийг Б.Ж ын дансаар авсан. Үүнээс хойш Түвшинтөр ...найз нь чамд их хэмжээний хүү төлнө, чи дуугай надад итгээд тэвчээртэй хүлээж бай, том ажил бүтээх гэж байна, чамайг шагнана, чамд том тус хүргэнэ гэж худлаа ярьсаар нэг жил намайг аргацаан хохироож байна.Сүлдээ элдвээр харааж, уурлаж ...цагдаа шүүхээрээ яв, би тэр мөнгийг чинь аваагүй, Жавзандуламаас ав гэж хүний ёсонд баймааргүй муухай зан гаргаж, итгэсэн итгэл рүү минь нулимж, өөрийгөө ямар хүн болохоо харуулсан.Жавзандуламаас мөнгөө нэхэхээр би наад мөнгөнөөс 3,500,000 төгрөгийг авсан. Намайг Түвшинтөр дуудаад ингэж хэлж хуурч ...Одонтуяагаас мөнгө салгая гэсэн. Би Одонтуяагийн итгэлийг олоод авсан, дагуулж очих хүн хэрэгтэй байна. зээл батлагдсан гэж хуурч мөнгө салгаад өгчих, харин би чамд шагналд нь 3,500,000 төгрөг өгье гэж Жавзандулам хэлсэн.

Б.Ж , Ш.Т нар үгсэн хуйвалдаж миний итгэлийг эвдэж хуурч мэхэлсэнд гомдолтой байна.Иймд 28,400,000 төгрөгийн 4 өдрийн 4 хувийн хүү 1,136,000 төгрөг, алданги 14,200,000 төгрөг болно. Т надад 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 8,000,000 төгрөг, 8 дугаар сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөгийг төлснийг үндсэн зээлээс хасаж тооцно. Б.Ж , Ш.Т нараас үндсэн зээл 14,400,000 төгрөгийг 4 өдрийн 4 хувийн хүү 1,136,000 төгрөгийг, алданги 14,200,000 төгрөгийг нийт 29,736,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2.      Хариуцагч Б.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Мөнгийг залилж авсан зүйл огт болоогүй.Найз Түвшинтөрөөр дамжуулан 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Одонтуяагаас 14,400,000 төгрөгийг 4 хоногийн хугацаатай нэг хоногийн 1 хувийн хүүтэй зээлсэн. Нэхэмжлэгч Б.О д 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 8,000,000 төгрөгийг, 8 дугаар сарын 23-ны өдөр 3,000,000 төгрөгийг төлсөн.Иймд хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагын 14,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд 15,736,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3.      Хариуцагч Ш.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.Иргэн Б.О гаас 28,400,000 төгрөгийг зээлж авсан.Энэ ямар ч залилангийн шинж байхгүй.Иргэн Ш.Т миний бие 2017 оноос хойш Б.О гаас мөнгө зээлж авч байсан. 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр найз Б.Ж д мөнгө зээлж авч өгсөн. Б.О г зодож хөөж туусан асуудал байхгүй. 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр О 14,400,000 төгрөгийг 4 хоногийн хугацаатай нэг хоногийн 1 хувийн хүүтэй зээлсэн. Нэхэмжлэгч Б.О д 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 8,000,000 төгрөгийг, 8 дугаар сарын 23-ны өдөр 3,000,000 төгрөгийг төлсөн.Иймд хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагын 14,400,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд 15,736,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

4.      Хариуцагч нарын өмгөөлөгч Л.Батжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай үйлчлүүлэгч нар 28,400,000 төгрөгийг хоногийн 1 хувийн хүүтэй зээлж авсан. Түүнээс хойш ямар нэгэн байдлаар сунгалт хийсэн зүйл байхгүй. Хоёрт нэхэмжлэлийн шаардлагыг алданги гэж нэхэмжлээд байгаа 14,400,000 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т заасны дагуу алдангийг бичгээр тохиролцоогүй. Мөн нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн бичмэл нотлох баримт нь засвартай. 0,5 гэснийг 1 тоо болгосон ч юм шиг 0,5 гэдгийг өөр бичгийн хэвээр зурсан байна гээд шинжээчийн дүгнэлт гарсан. Үүнтэй холбоотойгоор манай талаас 14,400,000 төгрөгийг зөвшөөрнө. Шүүх хуралдааны явцад 28,400,000 төгрөгийн 1 хоногийн хүүг манай талаас зөвшөөрөх боломжтой болов уу гэж бодож байна гэв.

5.      Нэхэмжлэгч шүүхэд: зээлийн гэрээ(хх4), иргэний үнэмлэхийн хуулбар(хх5),Хаан банкны депозит хуулга(хх48-50), зэргийг эх хувь буюу нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.

6.      Хариуцагч Ш.Т өөс Хаан банкны депозит хуулга(хх42-47)-ыг гаргаж өгсөн.

7.      Шүүхээс зохигчийн хүсэлтээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023.08.09-ний өдрийн 2579 дугаар шинжээчийн дүгнэлт(хх62-69) зэргийг бүрдүүлсэн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа: ...Ш.Т , Б.Ж нар 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 28,400,000 төгрөгийг 4 хоногийн хугацаатай, хоногийн 1 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээнд гарын үсэг зурж зээлсэн. Хариуцагч Ш.Т үндсэн зээлээс 14,000,000 төгрөгийг буцаан төлсөн. Зээлдэгч нараас үндсэн зээл 14,400,000 төгрөг, зээлийн хүү 1,136,000 төгрөгийг, алданги 14,200,000 төгрөгийг нийт 29,736,000 төгрөгийг гаргуулна. гэж тодорхойлсон.

 

Хариуцагч Б.Ж ...би уг зээлийг аваагүй, Ш.Т авсан, Нэхэмжлэгч Б.О д 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 8,000,000 төгрөгийг, 8 дугаар сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөгийг, 8 дугаар сарын 23-ны өдөр 3,000,000 төгрөгийг төлсөн.Иймд хариуцагч нарын зүгээс 15,736,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж,

Хариуцагч Ш.Т ...миний бие 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр найз Б.Ж д мөнгө зээлж авч өгсөн. Б.О д 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 8,000,000 төгрөгийг, 8 дугаар сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөгийг, 8 дугаар сарын 23-ны өдөр 3,000,000 төгрөгийг төлсөн.Иймд хариуцагч нарын зүгээс 15,736,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. гэж тус тус маргасан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн тайлбар, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдов.

8.      Зохигчдын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 28,400,000 төгрөгийг 4 хоногийн хугацаатай, хоногийн 1 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн хүү төлөхөөр харилцан тохиролцож, Гар хүсэлт гаргах нь гэсэн нэртэй зээлийн гэрээг бичгээр байгуулснаас үзэхэд талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсжээ.(хх4)

8.1.  Нэхэмжлэгч Б.О 2022 оны 4 дугаар сарын 04-ний өдөр Хаан банкны 000000 данснаас хариуцагч Б.Ж ын Хаан банкны 000000 дансанд 28,400,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн, хариуцагч нар дээрх мөнгөн хөрөнгийг хүлээн авсан талаар маргаагүй.

8.2.  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, энэ хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т: Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заасны дагуу зохигчдын хооронд зээлийн харилцаа үүссэн тул нэхэмжлэгч нь хариуцагч Б.Ж ын дансанд шилжүүлсэн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

8.3.  Дээрх үйл баримтаас үзэхэд 2022 оны 4 дугаар сарын 04-ний өдрийн  зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Ш.Т өөс 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 8,000,000 төгрөгийг, 8 дугаар сарын 13-ны өдөр 3,000,000 төгрөгийг, 8 дугаар сарын 23-ны өдөр 3,000,000 нийт 14,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.О гийн данс руу шилжүүлсэн, нэхэмжлэгч дээрх мөнгөн хөрөнгийг дансаар хүлээн авсан талаар маргахгүй байна.

8.4.   Зохигчийн шүүхэд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд: талууд 2022 оны 4 дүгээр сарын  04ий өдрөөс 28,400,000 төгрөгийг 4 хоногийн хугацаатай, хоногийн 1 хувийн хүү төлөхөөр тохиролцон Гар хүсэлт гаргах нь гэх бичвэрийг хариуцагч Б.Ж бичсэн, уг гэрээний хүчин төгөлдөр эсэхийн талаар талууд маргаагүй.

8.5.  Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т:Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж зааснаас үзэхэд  нэхэмжлэгч зээлийн гэрээг бичгээр байгуулсан хугацаанд үндсэн зээлийн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй.

8.6.  Хариуцагч нарын өмгөөлөгчөөс ...зээлийн гэрээнд дурдсан 28,400,000 төгрөгийн 1 хувийн хүүтэй, 4 хоногийн хүү 1,136,000 төгрөгийг хариуцагч нар төлөхөд татгалзах зүйлгүй. гэж шүүхийн хэлэлцүүлэгт зээлийн хүү 1,136,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн.

8.7.  Харин хариуцагч нарын өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт ...зээлийн гэрээнд алданги төлнө гэж тохироогүй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д заасан шаардлагыг хангаагүй тул алдангийг зөвшөөрөхгүй гэж, нэхэмжлэгч ...зээлийн гэрээнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 1 хувийн хүү тооцож төлөх болно гэж Б.Ж бичсэн. Хуульд 0.5 хувь гэж заасан байдаг гэж хэлснээр 1 хувь гэдгийг 0.5 хувь болгож засварласан. гэж тус тус тайлбарласан.

8.8.  Шүүхээс хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 2579 дугаар шинжээчийн дүгнэлтэд ... Гар хүсэлт гаргах нь гэсэн гарчигтай гар бичвэрийн баруун дунд хэсэгт ... хугацаа хэтэрсэн хоног тутамд .. гэсэн бичвэрийн ард 0.5 % гэсэн тоон бичвэрийг 0.5-ын тооны доор 1 гэсэн тоон бичвэр байсныг дарж засварласан байна.гэх дүгнэлтээс үзэхэд нэхэмжлэгчийн ...1%-ийг, 0.5 % болгон засварласан гэх тайлбар үндэслэлтэй гэж үзэв.

8.9.  Зохигчдын хооронд байгуулсан дээрх гэрээ Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан бол бичгээр хэлцэл хийсэн гэж үзнэ,189 дүгээр зүйлийн 189.1 Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй  гэж зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлж, мөнөгн хөрөнгийг хүлээн авснаас үзэхэд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэв.

8.10.               Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. зааснаар хариуцагч нараас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд ногдох 7,200,000 төгрөгийн алдангийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

 

Иймд хариуцагч Б.Ж , Ш.Т нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 14,400,000 төгрөгийг, зээлийн хүүд 1,136,000 төгрөгийг, алданги 7,200,000 төгрөгийг нийт 22,736,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,940,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Б.Ж , Ш.Т нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн дээл 14,400,000 төгрөгийг, зээлийн хүү 1,136,000 төгрөгийг, алданги 7,200,000 төгрөгийг нийт 22,736,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,940,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 306,630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 271,630 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

 

5.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ