Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2023/04578

 

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч :А.Ж  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Л.Б холбогдох

 

Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, А.Ж-, хариуцагч Л.Б-, нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч А.Ж- хариуцагч Л.Б-д холбогдуулан эд хөрөнгө хөлслүүлэх гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон.

Миний бие Л.Б-д 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 18 цаг 00 минутад 000 УНЭ улсын дугаартай хьюндай терракан маркийн авто машиныг түрээсэлсэн. Хариуцагч нь 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 17.00 цагийн орчим Дорноговь аймгийн Иххэт сумын Цагаан элэгний уурхай гэх тал газар авто машин зам тээврийн осол гаргасан бөгөөд эмнэлэг, даатгал, цагдаагийн байгууллагаас очиж шуурхай арга хэмжээ авсан байна.

Түүнчлэн миний түрээсэлсэн машинд учирсан хохирлыг даатгалын байгууллага судалж байна. Гагцхүү хариуцагч нь түрээсийн төлбөр болох 960,000 төгрөгийг төлөлгүй өнөөдрийг хүрлээ. Хариуцагч нь Иргэний хуулийн 42.2-т заасны дагуу гэрээг орлох гар бичмэлийг үйлдсэн бөгөөд тус гэрээнд Л овогтой Б миний бие зам тээврийн хууль, дүрэм, зорчигчийн амь нас эрүүл мэнд, авто машины эвдрэл гэмтлийг түрээслэх хугацаандаа хариуцна, цаг хоцорвол 1 цагийн 10,000 төгрөгөөр тооцно. Энэхүү гар бичмэл нь гэрээг орлох баримт бичиг болно хэмээжээ. Тиймээс гэрээний үүрэг хангуулж хариуцагч Л.Б-эс түрээсийн төлбөр болох 960,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

2.Нэхэмжлэгч 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: А.Ж- миний бие Л.Б-д холбогдуулан 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гэрээний үүрэг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд тус нэхэмжлэлд дурдагдсан 000 УНЭ Хьюндай Терракан авто машиныг хариуцагч өнөөдрийг хүртэл эргүүлэн өгөөгүй болоод нийт 528 цаг хоцроод байна. Түүнчлэн өмнө дурдсан зам тээврийн осол гэх боловч өнөөдрийг хүртэл үнэлгээ, даатгалын компанид материал өгөөгүйн улмаас засварлагдах мөнгөн дүн Практикал даатгал шийдвэрлээгүй. Тиймээс хариуцагчийн буруутай үйлдлээс улбаалан миний бие хохирч байгаа тул цагаан сараар унаа хөсөггүй автобусаар золгосныг биет бус үнэлгээ хохирлыг үл хамааран гагцхүү гэрээний үүрэг хангуулж Иргэний хуулийн 42.2-т заасан хариуцагчийн 1 цаг хоцорвол 10,000 төгрөгөөр тооцно гэх гар бичмэлийг үндэслэж 432 цагийн төлбөрт 4,320,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3.Нэхэмжлэгч А.Ж- 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: миний бие хариуцагч Л.Б-д 0000 УНЭ улсын дугаартай авто машинаа 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр түрээслүүлснээс хойш түрээсийн гэх төлбөр 200,000 төгрөгийг Төрийн банкны 00000 тоот дансаар хүлээн авсан байна. Түүнээс хойш буюу 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 18.00 цагт хүлээлгэж өгөх ёстой байтал хүлээлгэж өгөөгүй өдийг хүрсэн тул 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 18.00 цагийн байдлаарх хоцорсон цагийн төлбөр өнөөдрийг хүртэл 16,800,000 төгрөг болсон. Түрээсийн хоцорсон цагийн төлбөр гэрээг орлох баримт бичигт дурдсанаар түүний аав Л болон түрээслэн авсан Б удаа дараа мэдэгдсэн боловч машиныг авчирч өгөөгүй. Тиймээс урьд нэхэмжилсэн хоцорсон түрээсийн төлбөр болох 5,280,000 төгрөгийг 11,520,000 төгрөгөөр нэмэгдүүлж 16,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгч 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: миний бие хариуцагч Л.Б-д холбогдох иргэний хэрэгт 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 16,800,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Хариуцагч 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар түрээсэлсэн хьюндай терракан маркийн 0000 УНЭ улсын дугаартай авто машиныг хүлээлгэж өгөөгүй тул гэрээнд заасан хоцорсон цаг тутам 10,000 төгрөгөөр тооцож төлбөр барагдуулна гэх баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг 648 цагийн төлбөр болох 6,480,000 төгрөгийг нэмэгдүүлэн нэхэмжилж байна. Тиймээс урьд нэхэмжилсэн 16,800,000 төгрөг дээр 6,480,000 төгрөгийг хоцорсон цагийн төлбөр нэмэгдэж нийт 23,280,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч А.Ж- миний бие хариуцагч Л.Б-д холбогдох гэрээний үүрэг хангуулах тухай иргэний хэрэгт өмнө 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр, 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж нийт 23,280,000 төгрөг болсон бөгөөд өнөөдөр 2023 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн байдлаар түрээсэлсэн хьюндай терракан маркийн 0000 УНЭ улсын дугаартай авто машинаа хүлээлгэж өгөөгүй, Даатгалын байгууллагаас хулгайд алдагдсан эсэх нь тогтоогдоогүй хэмээн үзэж авто машины хулгайн эрсдэл тооцож нөхөн төлбөр гаргаагүй. Гэрээнд зааснаар хохирсон цаг тутамд 10,000 төгрөгөөр тооцож төлбөр барагдуулна гэх баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг ахин 16 хоногоор буюу 384 цагийн төлбөр болох 3,840,000 төгрөгийг нэмэгдүүлэн нийт 27,120,000 төгрөгийг хариуцагч Л.Б-эс гаргуулж өгнө үү гэжээ.

 

6.Нэхэмжлэгч 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:Миний бие хариуцагчид холбогдуулан тус иргэний хэрэгт 2023.04.11, 2023.05.08, 2023.05.24-ний өдрүүдэд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн нийт 27,120,000 төгрөг болсон бөгөөд 2023.06.06ны өдрийн байдлаар түрээслэсэн Хьюндай Терракан 0000 УНЭ автомашинаа хүлээлгэж өгөөгүй, гэрээнд заасан хоцорсон цаг тутам 10,000 төгрөгөөр тооцож төлөгдөр төлбөрт хүлээн зөвшөөрч өөрийн гараар гар бичмэл үйлдэн барагдуулна гэх баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг ахин 12 хоногоор буюу 288 цагийн төлбөр болох 2,880,000 төгрөгийг нэмэгдүүлэн нэхэмжилж байна. Урьд нэхэмжилсэн 27,120,000 төгрөг дээр 2,880,000 төгрөгийн хоцорсон цагийн төлбөр нэмэгдэж нийт 30,000,000 төгрөг болгож нэхэмжилж байна. Иргэний хуулийн 289.1.2-д заасны дагуу хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй, Түүнчлэн 292.3 талууд тохиролцсон бол нэмэлт зардлын төлбөрийг нэгэн адил төлнө. 292.4 хөлслөн авагч өөрийн буруугаар эд хөрөнгийг ашиглаж чадаагүй бол төлс төлөхөөс чөлөөлөгдөхгүй хэмээн заажээ. Гэрээг байгуулсанд тооцох туайд бол Иргэний хуулийн 196.1.1 эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр, 196.1.2 гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар. Дээрх заалтын хувьд Л.Б нь гэрээг орлох баримт бичгийг өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн гараар бичиж байгуулсан тул хуулийн өмнө гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй байгаа тул Иргэний хуулийн дагуу гэрээний үүргийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

7.Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.Б- миний бие А.Ж-гаас 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хоногийн 150,000 төгрөг төлөхөөр хьюндай терракан авто машиныг түрээсэлсэн. 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр уг автомашинаар Дорноговь аймгийн Иххэт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт зорчиж явахдаа автомашины осолд орсон. Уг ослоос болж машиныг Улаанбаатар хот руу авчрах боломжгүй нөхцөл үүссэн. Энэ тухайгаа А.Ж-д утсаар мэдэгдсэн. Мөн авто машины осолд орсныг цагдаа, даатгалын компанид мэдэгдсэн. Энэхүү автомашиныг ослын улмаас түрээсийн зориулалтаар ашиглаагүй болно. Иймд иргэн А.Ж-гийн надаас нэхэмжилж байгаа хоног тутмын түрээсийн төлбөрийг төлөх үндэслэл байхгүй тул энэхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

8.Нэхэмжлэгч А.Ж- шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: миний бие Л.Б-д 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хьюндай терракан маркийн 0000 УНЭ улсын дугаартай автомашиныг 1 хоногийн хугацаатай 150,000 төгрөгөөр түрээсэлсэн. Түрээслэхдээ Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу гар бичмэлийг Л.Б- үйлдсэн. Үүнд автомашин түрээслэхдээ зам тээврийн хууль дүрэм, осол гэмтэл, зорчигчийн амь нас, эрүүл мэнд, автомашины эвдрэл гэмтлийг хариуцна. Автомашин эвдэрч гэмтсэн бол засварлагдах хүртэл түрээсэлсэнд тооцно гэх зүйлүүдийг дурдсан. Ингээд автомашинаа хүлээлгэн өгсөн. Автомашин 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр өгсөн цагтаа ирээгүй тул орой 22 цагийн орчимд автомашин хулгайд алдагдаж аливаа эрсдэл үүсэх, автомашиныг авч гэмт хэрэг үйлдэх эрсдэлийг бууруулж өгнө үү гэсэн гомдлыг цагдаагийн 102 дугаарын утсанд өгсөн. Цагдаагийн 102 дугаарын утаснаас холбогдож энэ автомашин Дорноговь аймгийн Иххэт сумын Цагаан эргийн уурхай гэдэг газар орчим осолдсон, Чинзориг гэдэг байцаагч энэ асуудлыг хариуцна гэсэн. Чинзориг байцаагчтай холбогдоод энэ автомашин даатгалтай, тийм учраас яаралтай даатгалаас хохирлыг барагдуулаад амь нас, эрүүл мэндэд нь хохирол учирсан бол энэ тухай мэдээлэл өгсөн, ослын газар дээр эмнэлгийн байгууллага очсон, цагдаагийн байгууллагаас болон даатгалын байгууллагаас ирээгүй. Эмнэлгийн байгууллагын авсан зураг дээр үндэслэн цагдаагийн байгууллага тодорхойлолтоо гаргах, даатгалын байгууллага даатгалын хохирлыг үнэлэх тухай асуудал ярьсан. Тухайн үеийн хохирол дээр Л.Б-эс даатгалаар автомашины хохирлыг барагдуулах боломж бүрдээгүй. Учир нь Л.Б- мэдүүлэг өгөхдөө автомашин зүгээр явж байснаа гэнэт дугуй нь хагарсан, тэгээд би осолдсон гэх тайлбарыг өгсөн учраас дугуй даатгалд хамааралгүй байдаг, дугуйны бүрэн бүтэн байдлыг жолооч хариуцах ёстой гэдэг үүднээс даатгалаас хохирол барагдахгүй гэсэн.Л.Б- өөрөө 1 хоногийн түрээсийн төлбөрөө шилжүүлээд сунгасан.Цагийн 10,000 төгрөгөөр тооцно гэсэн баримт бичгээ үндэслээд нийт 30,000,000 төгрөгийн гэрээний үүрэг хангуулахаар шаардаж байна гэв.

 

9.Хариуцагч Л.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хариу тайлбартаа: Өдий хүртэл нөхөн төлбөр гаргаж өгөөгүй гол шалтгаан нь машины даатгалаас мөнгө гарахыг хүлээсэн. Даатгалын компани удсан, яагаад удсан бэ гэхээр А.Ж- нь өөрөө тийм байх боломжгүй, би хүлээн зөвшөөрөхгүй байна гээд санаатайгаар саад учруулж хариу гаргуулахгүй байсан. Анх ярихдаа эхлээд даатгалын компаниас мөнгө гаргуулаад тэр мөнгөн дээр нэмээд машины төлбөрийг гүйцэт оруулж өгнө гэж ярьсан. Гэтэл даатгалын компанитай учраа олохгүй байсан. Мөн ааваас 500,000 төгрөг авсан. Ямар ч мөнгө аваагүй гэж худал ярьж байна. Бас өдий хүртэл шүүх хурлын товыг хүлээж шүүхийн шийдвэр ямар гарахаас шалтгаалж хохирлыг барагдуулна гэсэн бодолтой байсан гэв.

 

10.Нэхэмжлэгчээс шүүхэд:2023.01.31-ний өдрийн гэрээ(хх4), тээврийн хэрэгслийн осолд өртсөн гэрэл зураг(хх27-31, 91), Дорноговь аймгийн Прокурорын газрын мэдэгдэх хуудас(хх66), Практикал даатгалын 2023.04.21-ний өдрийн 23-01/571 албан тоот(хх88,113), хөрөнгө эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан(хх90), Дорноговь аймгийн Цагдаагийн газрын албан тоот(хх114),тээврийн хэрэгслийн лавлагаа(хх115) зэргийг гаргаж өгсөн.

 

11.Хариуцагчаас шүүхэд :тээврийн хэрэгслийн техник гэрчилгээ эх хувийг шүүхэд гаргаж өгсөн.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Ж- нь хариуцагч Л.Б холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 960,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.. Хэрэг хянана шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 29,040,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн.

 

Хариуцагч Бат-Эрдэнэ нь гэрийн гадаа байсан машиныг манай найз н.Чингис барьж яваад осолдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.

 

12.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гар бичмэлд хариуцагч Л.Б- нь өөрийн өмчлөлийн Хьюндай терракан маркийн 0000 УНЭ улсын дугаартай автомашиныг 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 1 хоногийн хугацаанд 150,000 төгрөгийг төлж хөлслөхөөр нэхэмжлэгч А.Ж-тай тохиролцжээ. Хариуцагч Л.Б- уг гэрээнд зааснаар тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилд байлгах хугацаандаа хууль, дүрмийг сахин биелүүлж, зорчигчийн амь нас, эрүүл мэнд болон автомашины бүрэн бүтэн байдал, эвдрэл гэмтлийг хариуцахаар, хугацаа хэтэрвэл цагийн 10,000 төгрөгөөр тооцно гэж талууд харилцан тохиролцож, нэхэмжлэгчээс дээрх тээврийн хэрэгслийг шилжүүлэн авсан болох нь зохигчдын тайлбар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож, энэ талаар талууд маргаагүй. (1хх4,115)

 

12.1. Зохигчдын хоорондын тохирсон тохиролцоо нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нийцсэн буюу нэхэмжлэгч автомашинаа хариуцагчийн эзэмшилд шилжүүлж, хариуцагч автомашиныг тодорхой хугацаанд ашиглаж, хөлс төлөхөөр тохиролцон талууд хүсэл зоригоо илэрхийлснээс үзэхэд энэ хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.

 

12.2. Талууд хэлцлийн агуулгыг өөрсдөө тодорхойлж, хэлцлээр хүлээх эрх, үүргээ тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмыг зөрчөөгүй байх тул хэлцлийг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлтэй.

12.3. Хариуцагч автомашиныг эзэмшилдээ байлгах хугацаанд буюу 2022 оны 02 дугаар сарын 01-ний тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгсэлд 5,868,000 төгрөгийн хохирол учруулсан нь ХЭ ХХК-ийн 2023 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн үнэлгээний тайлан, гэрэл зураг, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 3/766 дугаар Гомдол шилжүүлэх тухай албан тоот зэрэг хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. (хх27-31, 66, 90-91,122)

12.4. Нэхэмжлэгч А.Ж- нь Практикал даатгал ХХК-д тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар хүсэлт гаргасныг даатгалын байгууллага хүлээн авч хянаад ...бидний хооронд байгуулсан 23108806300002 тоот тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохгүй нөхцөлд буюу 5 дугаар зүйлийн 5.25-д дугуй буудах, хагарах, задарснаас үүдэн гарсан зам тээврийн ослоос үүдэлтэй хохиролд гэж заасан заалтад хамаарч байх тул тус заалтыг үдээслэн нөхөн төлбөр олгохоос татгалзан шийдвэрлэснийг мэдэгдье гэж нөхөн төлбөр олгохоос татгалзан шийдвэрлэжээ. (хх113)

 

12.5. Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч Л.Б- ...би Дорноговь аймаг үүрээр очоод, унтаж байх үед манай найз н.Чингис авто машиныг жолоодон зам тээврийн осолд орсон, энэ тухай цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй, автомашин айлын гадаанаас алга болсон гэж тайлбарлаж байна.

 

12.6. Хариуцагч хэлцлээр хүлээсэн үүргээ зөрчсөний улмаас автомашинд гэмтэл үүсэж, хохирлыг арилгахтай холбоотой тээврийн хэрэгслийг ашигласан, эзэмшилдээ байлгасан эсэхээс үл хамааран автомашиныг гэрээнд заасан хугацаанд нэхэмжлэгчид буцааж өгөөгүй тул хөлс төлөхөөс чөлөөлөхгүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4-д Гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй. гэж заасны дагуу хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр хохирлоо шаардах эрхтэй.

12.7. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Дорноговь аймгийн Цагдаагийн газарт шалгагдаж байгаа хэрэг бүртгэлтийн 000000 дугаартай хэрэгт 0000 УНЭ улсын дугаартай, хьюндай терракан маркийн тээврийн хэрэгслийг эрэн сурвалжлах ASAP санд 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр зарлагдсан болох тогтоогдож байна.(хх114)

 

12.8. Хариуцагч Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д зааснаар гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх, 295 дугаар зүйлийн 295.4-д зааснаар гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлээгүй тул гэрээнд зааснаар хожимдуулсан хугацааны хөлс төлөх үүрэгтэй.

12.9. Түүнчлэн гэрээний зүйл болох тээврийн хэрэгсэл алга болж эрэн сурвалжлагдаж байгаа талаар талууд маргаагүй.

13. Хариуцагч Л.Б- 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс 02 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 3 хоногийн түрээсийн төлбөр 500,000 төгрөгийг аав төлсөн гэж маргасан.

 

13.1. Нэхэмжлэгч 500,000 төгрөгийг хариуцагчийн ааваас хүлээн авсан талаар маргаагүй, харин энэ мөнгө нь хөрөнгө үнэлүүлсэн үнэлгээний төлбөрийг надад шилжүүлсэн гэж маргах боловч энэ талаар баримтаар нотлоогүй болно.

 

13.2. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нотлох эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

 

Иймд хариуцагч Л.Б-эс эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 29,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд төлөгдөх улсын тэмдэгтийн хураамж 305,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Хариуцагч өөрт хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний 287 дугаар зүйлийн 287.1., 295 дугаар зүйлийн 295.4-д заасныг баримтлан хариуцагч Л.Б-эс эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 29,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 305,450 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Хариуцагч өөрт хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ