Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/00043

 

 

 

 

 

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/00043

 

2023 12 27 210/МА2024/00043

 

А.Ж-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч М.Баясгалан, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/04578 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч А.Ж-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.Б-д холбогдох,

Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Ж-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Гэрэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Л.Б- нь 2023 оны 01 сарын 31-ний өдрийн 18:00 цагт 00-00- УНЭ улсын дугаартай Х-маркийн автомашиныг надаас түрээслэн авч явсан. Хариуцагч нь 2022 оны 02 сарын 01-ний өдрийн 17.00 цагийн орчим Д- гэх тал газар автомашины зам тээврийн осол гаргасан бөгөөд эмнэлэг, даатгал, цагдаагийн байгууллагаас очиж шуурхай арга хэмжээ авсан байна.

Уг түрээслүүлсэн автомашинд учирсан хохирлыг даатгалын байгууллага судалж байна. Хариуцагч нь түрээсийн төлбөрийг төлөлгүй өнөөдрийг хүрлээ. 00-00- УНЭ улсын дугаартай автомашиныг надад буцаан хүлээлгэж өгөөгүй бөгөөд гэрээнд зааснаар хоцорсон цаг тутам 10,000 төгрөгөөр тооцож төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн. Иймд хоцорсон 1 цаг 10,000 төгрөг нь нэг хоногийн 240,000 төгрөг бөгөөд 2023 оны 02 сарын 02-ны өдрөөс 2023 оны 06 сарын 06-ны өдрийн байдлаар 125 хоногоор тооцож 30,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2, 292 дугаар зүйлийн 292.3, 292.4, 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.2-т тус тус зааснаар Л.Б-нь гэрээг орлох баримт бичгийг өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн гараар бичиж байгуулсан тул хуулийн өмнө гэрээний үүргээ биелүүлэх үүрэгтэй байгаа тул нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Би А.Ж-гаас 2023 оны 01 сарын 31-ний өдөр хоногийн 150,000 төгрөг төлөхөөр Х-автомашиныг түрээсэлсэн. Уг автомашинаар 2023 оны 02 сарын 01-ний өдөр Д- 2 дугаар багийн нутаг дэвсгэрт зорчиж явахдаа авто машины осолд орсон. Уг ослоос болж автомашиныг Улаанбаатар хотруу авчрах боломжгүй болсон. Энэ тухайгаа А.Ж-д утсаар мэдэгдсэн. Мөн авто машины осолд орсныг цагдаа, даатгалын компанид мэдэгдсэн. Энэхүү автомашиныг ослын улмаас түрээсийн зориулалтаар ашиглаагүй болно. Иймд иргэн А.Ж-гийн надаас нэхэмжилж байгаа хоног тутмын түрээсийн төлбөрийг төлөх үндэслэлгүй тул энэхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний 287 дугаар зүйлийн 287.1, 295 дугаар зүйлийн 295.4-д зааснаар хариуцагч Л.Б-эс эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 29,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 305,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагч өөрт хохирол учирсан гэж үзвэл буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Би 2023 оны 01 сарын 30-ний өдөр А.Ж-гаас Х- маркийн 00-00- УНЭ улсын дугаартай автомашиныг 1 хоногийн хугацаатай 150,000 төгрөгөөр түрээлсэн 02 сарын 01-ний өдөр тухайн машинаар Д- нутаг дэвсгэрт явах үед гэнэт дугай хагарч зам тээврийн осол гарсан. Тухайн үед цагдаа, даатгал, эмнэлэг дуудаж ослын газарт ирж үзлэг хийсэн. Би А.Ж-тай автомашиныг зориулалтаар нь ашигласны түрээс төлөх талаар бичиг хийж өгсөн. Осолд орсны улмаас түрээсийн хөрөнгийг зориулалтаар нь ашиглах боломжгүй болсон бөгөөд Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-д зааснаар тухайн эд хөрөнгийг ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй гэсэн нь ослоос хойшхи хугацаанд автомашиныг зориулалтаар нь ашиглах боломж байхгүй. Би зөвхөн ашигласан хугацааны түрээсийн төлбөрийг автомашин осолд орох хүртэл хугацаанд тооцох, мөн уг автомашины үнийг барагдуулах талаар маргаагүй байхад нэхэмжлэгч нь автомашины үнийг бус түрээсийн төлбөрийг цагаар үржүүлэн их хэмжээний төлбөр үндэслэлгүйгээр нэхэмжилж байна. Иргэний хуулийн 292.4-т талууд тохиролцсон бол нэмэлт зардлын төлбөрийг нэгэн адил төлнө гэх заалтыг үндэслэн хэрэглэсэн нь шударга бус, буруу гэж үзэж байна. Учир нь А.Ж-гын нэхэмжилж байгаа 30.000.000 төгрөг нь зардал бус, түүний хувьд ашиг юм.

Даатгалын компанийн үйл ажиллагаанд саад учруулж үнэлгээ тогтоолгохгүй байх олон арга саам хэрэглэсэн ба миний хувьд ч хохиролтой байна. Анхан шатны шүүх энэ маргааныг шийдвэрлэхэдээ зөвхөн нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалж, нэг талыг барьж шударга бус шийдвэр гаргасанд гомдолтой байна. Хуулийн үндэслэлтэйгээр аль нэг талыг хохироохгүйгээр шийдвэрлэх ёстой байсан. Би ч гэсэн хохирсон, автомашиныг хүлээлгэж өгөхдөө машины дугуй муу талаар огт яриагүй, бичиг хийж өгөөд л автомашиныг аваад явсан, тухайн үед автомашины эд анги, бусад бүрдлийн дутагдлын талаар ярьж анхааруулж өгсөн бол би урьдчилан сэргийлж засварлах, шинэ дугуй тавиад явах байсан.

Би хохирлоо А.Ж-гаас нэхэмжлэх эрхтэйг анхан шатны шүүх шийдвэртээ дурдсан. А.Ж-д автомашины үнэ чухал бус, түрээсийн төлбөрөө цагаар үржүүлж их хэмжээний мөнгийг надаас гаргуулах сонирхолтой байна. Үндэслэлгүйгээр төлбөр бус, ашиг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, энэ маргааныг хуулийн дагуу шударгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Хариуцагч нь түрээсийн төлбөрт 150,000 төгрөг төлөөд тээврийн хэрэгслийг авч явсан ч өнөөдрийг хүртэл уг тээврийн хэрэгсэл алга болсон, эвдэрсэн эсэх нь тодорхойгүй, тээврийн хэрэгслийг буцааж хүлээлгэж өгөөгүй. Энэ хугацаанд маш олон баяр ёслол болсон бөгөөд би тээврийн хэрэгслээ ашиглаж чадаагүй. Уг хугацааны төлбөрийг гэрээнд заасны дагуу хоцорсон цаг тутамд 10,000 төгрөгөөр тооцож төлөх ёстой. Түрээсийн төлбөрийг 1 цагийн 10,000 төгрөгөөр тооцоход нийт 30,000,000 төгрөг болсон учраас нэхэмжлэл гаргасан.

Түрээсийн зүйл нь тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын бүрэн даатгалтай, Сувдан авто сервисээр үйлчлүүлдэг байсан. Тээврийн хэрэгслийн зургаас харахад өнгө үзэмж сайн, дугуйны хээ хэвийн байгаа нь харагддаг. Гэтэл хариуцагч нь тэгш зам дээр явж байгаад осол гаргасан гэдэг асуудал ярьдаг. Гэрээ болон хуульд зааснаар тээврийн хэрэгсэл эвдэрсэн тохиолдолд тээврийн хэрэгслийг засварлах хүртэлх хугацааг түрээсийн хугацаанд оруулж тооцох ёстой. Уг хугацаанд түрээсийн төлбөрийг 1 цагийн 10,000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцож бичгээр баталгаажуулсан. Зам тээврийн осол гарсны дагуу хариуцагчийн аав нь төлбөрийг төлнө, тээврийн хэрэгслийг задлаад зарна гэж хэлснийг нь би зөвшөөрсөн. Гэтэл тээврийн хэрэгслийг задалж зараагүй, мөн даатгалын байгууллагаас дугуй хагарсан гэх шалтгаанаар нөхөн төлбөр олгоогүй.

Тээврийн хэрэгсэл алга болсон учраас цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилсан. Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.4-т заасны дагуу хариуцагч нь үүрэг хүлээх буюу гэрээнд заасны дагуу төлбөрийг төлөх ёстой. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан тул уг шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэл илэрсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч А.Ж- нь хариуцагч Л.Б-д холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 30,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримттай харьцуулан дүгнэж, тодруулах замаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүрэг болох эд хөрөнгө ашигласны төлбөрийг шаардаж байгаа эсхүл нэхэмжлэгчийн хариуцагчаас шаардаж буй 30,000,000 төгрөгийн шаардлагын агуулгад гэрээгээр шилжүүлсэн автомашины үнэ, өөрт учирсан хохирлоо хамтатган шаардаж буй агуулга байгаа эсэхийг тодруулж, энэ талаар зохих ажиллагааг явуулах шаардлагатай гэж үзлээ.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй.

3.1. Хариуцагч Л.Б- нь нэхэмжлэгч А.Ж-гийн өмчлөлийн Х- маркийн 00-00- УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1 хоногийн хугацаагаар ашиглаж, хөлсөнд 150,000 төгрөг төлөхөөр тохиролцон 2023 оны 01 сарын 31-ний өдөр авч явсан. Улмаар 2023 оны 02 сарын 01-ний өдөр Д- нутагт уг тээврийн хэрэгсэлтэй зорчиж явахдаа зам тээврийн осол гаргаж, уг хугацаанаас хойш тээврийн хэрэгслийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон нь талуудын тайлбар, хэргийн баримтаар тогтоогджээ.

3.2. Уг зам тээврийн ослыг цагдаагийн байгууллага шалгах явцад буюу тээврийн хэрэгсэл хариуцагчийн эзэмшилд байх үед хулгайд алдагдсаны улмаас нэхэмжлэгчид буцаан өгөх боломжгүй болсныг хариуцагч тайлбарласан. Уг асуудлыг цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, тээврийн хэрэгслийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байгаа талаар Д- аймаг дахь Цагдаагийн газрын 2023 оны 07 сарын 14-ний өдрийн 11-0/0000- тоот албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн байна.

3.3. Нэхэмжлэгч нь 2023 оны 02 сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 сарын 06-ны өдрөөр тооцож тээврийн хэрэгслийг хөлслүүлсний төлбөр 30,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байх боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд, өнөөдрийг хүртэл автомашин алга болсон, эвдэрсэн эсэх нь тодорхойгүй, автомашиныг буцааж өгөөгүй байгаа, автомашиныг нэхэмжлэхгүй, автомашин болон түрээсийн хугацаа, хохирол нийлээд 29,500,000 төгрөгийг хариуцагчаас аваад дуусгавар болгоно гэх агуулгаар тайлбарлаж байна.

 

4. Дээрх баримтаар маргааны зүйл болсон Х- маркийн 00-00- УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг осол болсон 2023 оны 02 сарын 02-ны өдрөөс хойш хариуцагч зориулалтын дагуу ашиглаагүй, улмаар тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсанаар нэхэмжлэгчид буцаан өгөх боломжгүй нөхцөл үүсчээ. Энэ байдлыг нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх 11-0/0000- тоот албан бичгийн дагуу мэдсэн байна.

4.1. Нэхэмжлэгч 2023 оны 01 сарын 31-ний өдрийн баримтыг үндэслэн 2023 оны 06 сарын 06-ны өдрийг хүртэлх 125 хоногийн хөлсийг шаардахдаа гэрээний зүйлийг хариуцагч, нэхэмжлэгчид буцаан өгснөөр гэрээ дуусгавар болно гэх агуулгаар гэрээ үргэлжилж байгаа гэж үзэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо дээрх үйл явдал, баримттай хэрхэн уялдаж байгаа үндэслэлээ анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч тодорхой тайлбарлаагүй, шүүх нэхэмжлэгчээс тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэжээ.

4.2. Зам тээврийн осол гарч, тээврийн хэрэгсэл хулгайд алдагдсанаар гэрээ бодитой хэрэгжих боломжтой эсэх, гэрээний зүйлийг хариуцагч, нэхэмжлэгчид буцаан өгснөөр гэрээ дуусгавар болно гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл нь хэргийн байдалтай тохирч байгаа эсэхэд шүүх дүгнэлт өгөхийн тулд нэхэмжлэлийг тодруулж, зохигчийн нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын үндэслэлийн талаарх байр суурь тодорхой болгож, сонсохгүйгээр хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй юм.

 

5. Түүнчлэн тээврийн хэрэгслийг гэрээний дагуу ашиглах явцад гэм хорын хохирол үүссэн нь гэрээг ердийн байдлаар үргэлжлүүлэх, үүргийг шаардахад саад болж, гэрээг дуусгавар болгоход чиглэдэг үр дагавартай. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэл зоригийн бодит илэрхийллийг тодруулах үүрэгтэй бөгөөд зохигчийн хооронд гэрээний үүрэгтэй холбоотой маргаанаас гадна гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаа үүсэх үр дагавартайг шүүх анхаараагүй байна.

 

6. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад тээврийн хэрэгслийн үнэ, хохирол багтсан гэх агуулгаар давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан нь нэхэмжлэгч зөвхөн тээврийн хэрэгслийг хөлслүүлсэн хугацааны хөлсөө хариуцагчаас шаардсан бус, нэхэмжлэлийн шаардлага 30,000,000 төгрөгт тээврийн хэрэгслийн үнэ, хохирол багтсан гэж ойлгогдохоор байна. Хэргийн оролцогч энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд хангалттай, тодорхой мэтгэлцсэн гэж үзэхээргүй, өөр агуулгатай тайлбарыг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан нь анхан шатны шүүх маргааны бодит байдлыг тодруулан тогтоох чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ. Иймд давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах ажиллагаа хийж, улмаар хэргийн оролцогчийн тайлбар гаргах, нотлох баримт бүрдүүлэн мэтгэлцэх боломжийг олгохгүйгээр нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан зохигчоос хэргийн үйл баримт, шаардлага, татгалзлаа нотлох үүргийн хүрээнд мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэхэд нь шүүх тодорхойгүй байдлыг тодруулах, чиглүүлэх байдлаар эрхийг хангах үүрэгтэй. Анхан шатны шүүх дээрх ажиллагааг явуулснаар зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтын талаарх зохигчийн байр суурийг зөв тогтоож, хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт өгч, эрх зүйн харилцааг зөв тодорхойлох ач холбогдолтой ба энэ нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцнэ.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч өөрөө тодорхойлох үүрэгтэй боловч шүүх уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн бол нэхэмжлэлийг тодруулж, тодорхойлсны эцэст хэргийг шийдвэрлэх нь шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцнэ. Дээрх ажиллагааг давж заалдах шатны нөхөн гүйцэтгэж хэргийг шийдвэрлэх, шийдвэрийг өөрчлөх боломжгүй байх тул уг ажиллагааг анхан шатны шүүх гүйцэтгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар шүүх процессийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэлд хамаарна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/04578 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Л.Бат-Эрдэнийн төлсөн 305,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

Э.ЭНЭБИШ