Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2023/04668

 

 

 

 

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Х.О нэхэмжлэлтэй

            Хариуцагч: Б.О холбогдох

4,869,660 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.б, хариуцагч Б.О , нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1.Нэхэмжлэгч Х.О хариуцагч Б.О д холбогдуулан 4,869,660 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон.

Миний бие Х.О нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Б.О той Сүхбаатар дүүрэг, 00 дугаар хороолол, 5 дугаар хороо, 0дугаар байрны 000тоотод байрлах өөрийн үйлчилгээний 3 өрөө байранд түрээсийн гэрээ байгуулан оруулсан. Түрээсийн төлбөрийг 1 сарын 1,500,000 төгрөгөөр 5 жилийн хугацаатай гэрээ хийсэн. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс түрээсийн төлбөр нэмэгдэж 2,000,000 төгрөг болсон. Гэтэл 2022 оны 1 дүгээр сарын төлбөрөөс 600,000 төгрөг надад өгсөн ба 3 дугаар сараас төлбөрөө бүрэн төлнө гэсэн боловч төлөөгүй. Үүнээс хойш 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 740,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 12-нд 100,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 300,000 төгрөг, 2022 оны 4 дүгээр сарын 20-нд 500,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 16-нд 500,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 18-нд 100,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 24-нд 2,350,000 төгрөг тус тус төлсөн.

Үлдэгдэл төлбөртөө 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ хийж төлбөрийг 2022 оны 6 дугаар сарын 10-ны дотор төлж дуусгахаар тохирсон боловч түрээсийн төлбөрөө өгөлгүй 2022 оны 6 сарын 10-ны өдөр байр чөлөөлж өгсөн. Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээгээр түрээсийн төлбөр болон ус дулаан, цахилгааны төлбөрт нийт 4,198,840 төгрөг ба энэнээс 1,000,000 төгрөг төлж 3,198,840 үлдсэн. Өнөөдрийг хүртэл төлбөр тооцоогоо төлөөгүй учир нийт алданги 3,198,840-ийн 50 хувь буюу 1,599,420 төгрөг болж байна. Б.О нь оршин суугаа хаяг дээрээ байхгүй байсан тул эрэн сурвалжпуулсан төлбөр 71,400 төгрөг. Иймд үлдэгдэл төлбөр болох 3,198,840 төгрөг, алданги 1,599,420 төгрөг мөн эрэн сурвалжлуулсан 71,400 төгрөг нийт 4.869.660 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжилж байгаа мөнгийг яагаад үндэслэлгүй гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй. Би улирлын чанартай Цэцгийн дэлгүүр ажиллуулдаг. Бид 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр бичгээр түрээсийн гэрээг 5 жилийн хугацаатай байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Хуулиндаа 3 талт гэрээ хийгээд 1 хувийг үл хөдлөхөд бүртгүүлэх ёстой юм байтал бүртгүүлээгүй. Түрээсийн эхний жил манайх урсгал засвар байранд хийсэн.Нэхэмжлэгч түрээсийн төлбөрийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үндэслэлгүйгээр сарын 2,000,000 төгрөг болгож нэмсэн.Цар тахал болж хөл хорионд орсноос хамаг цэцгээ үхүүлсэн гэсэн хэдий ч түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлж байсан. Би түрээсийн байранд өнгө үзэмжээ сайжруулах зорилгоор засвар хийж ажил жигдрээгүй түрээс төлж чадаагүй. Энэ хугацаанд Х.О нэхэмжлэгч түрээс нэхэж байнга дарамталж элдвээр загнаад аргагүй эрхэнд 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг хийсэн. Гэтэл нэхэмжлэгч танайх төлбөрөө төлөхгүй байна, ингээд байна, тэгээд байна, нэг бол танайх гарах юм уу зэрэг гэх зэргээр өдөр бүр хэрүүл хийж байж суухын аргагүйд хүрч 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр байрыг хүлэлэгэн өгөөд гарсан. Манайх гарч байхдаа дөнгөж засвар хийгээд байсан өөрөө ч мэднэ.Засвар хийсэн төлбөр хасагдах ёстой гэж хэлэхээр чи наадхаа хуулаад аваад яв гээд үл тоосон байдалтай байсан. Манайх тэр обьектод тасралтгүй 4 жил түрээслэн үйл ажиллагаа явуулж, түрээсийн төлбөрөө төлсөөр ирсэн. Одоо бол би дэлгүүргүй. Гэрээсээ борлуултаа хийж байгна.Түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцалснаас бид алдагдал зөндөө хүлээсэн. Наад зах нь завсарын мөнгө хасаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

3.Нэхэмжлэгч талаас шүүхэд: итгэмжлэл (хх3), 2023.01.04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт (хх 4), Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2023.06.15-ны өдрийн 28-ё1-3/2804 дугаар албан тоот (хх5), 2019.01.03-ны өдрийн Түрээсийн гэрээ (хх6-7), 2022.05.31-ний өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ (хх8), үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хх9), Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.26-ны өдрийн 101/ШЗ2023/0000дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж (хх10), Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.01.18-ны өдрийн 102/ШШ2023/0000дугаар шүүхийн шийдвэр (хх21) зэргийг готлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.

4.Хариуцагч талаас шүүхэд: зарлагын баримт (хх25-28)-ыг нотлох баримтын шаардлага ханган гаргаж өгсөн.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.О нь хариуцагч Б.О д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 3,198,840 төгрөг, алданги 1,599,420 төгрөг, эрэн сурвалжлуулсны зардал 70,200 төгрөг, нийт 4,869,660 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч түрээсэлсэн үл хөдлөх хөрөнгөд 2019 он, 2022 онд 2 удаа засвар хийсэн зардлыг түрээсийн төлбөрөөс хасах ёстой, намайг үндэслэлгүйгээр эрэн сурвалжлуулсан зардлыг төлөхгүй, түрээсийн гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хавтаст хэрэгт авагдсан баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.

1. Нэхэмжлэгч Х.О хариуцагч Б.О нар 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр түрээсийн гэрээг бичгээр байгуулж, нэхэмжлэгчийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар хороолол, 00 дугаар байр 000 тоот хаягт байршилтай, 38 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг цэцгийн дэлгүүр ажиллуулахаар 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл түрээслүүлэх, түрээслэгч нь сарын 1,500,000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлөхөөр харилцан тохиролцжээ.(хх6-7,9)

1.1. Зохигчдын тайлбар болон талууд хооронд байгуулсан гэрээний агуулга, талуудын хүсэл зоригын илэрхийлэлээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэв.

2. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1.-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ., 318.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ., 318.4-д уг түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байна. гэж заажээ.

2.1. Зохигчдын хооронд байгуулсан түрээсийн гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага хангасан боловч түрээсийн гэрээний зохицуулалтад хэлбэрийг шаардлага хангаагүй тохиолдолд уг гэрээ хүчин төгөлдөр бус байхаар нарийвчилан зохицуулахаар хуульчилсан.

2.2.Хариуцагч Онон нь үл түрээсийн зүйл болох үл хөдлөх хөрөнгийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл өөрийн эзэмшил ашиглалтад байлгаж, цэцгийн дэлгүүрийн зориулалтаар үйл ажиллагаа эрхэлж байсан талаар маргаагүй.

2.3.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт ... нэхэмжлэгч хуулийн мэдлэггүйн улмаас үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлээгүй, гэрээнд бичгээр нэмэлт өөрчлөлтийг оруулаагүй гэж тайлбарласан.

3. Зохигчдын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.2-т гэрээний хугацаанд түрээсийн төлбөр өөрчлөгдөнө. Мөнгөний ханшийн өөрчлөлттэй холбогдон өөрчлөгдөх бол хоногийн өмнө түрээслэгчид урьдчилан мэдэгдэнэ, 7.10-д гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас үл хөдлөх хөрөнгийн чанар байдал алдагдаж түрээслэх боломжгүй болсог, эрсдэл, алдагдал гарсан тохиодолд талууд тохиролцон засвар өөрчлөлт шинэчлэлт, өргөтгөл хийн гэрээний үйлчлэх хугацааг тухайн нөхцөл байдал арилах ххүртэл хойшлуулж болно., 7.12-т талууд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хүёвэл энэ тухай саналаа нөгөө талдаа мэдэгдэж, харилцн тохиролцсны үндсэн дээр нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж, гарын үсэг зурах бөгөөд гэрээний салшгүй хэсэг болно гэж тохирчээ. (хх6-7,9)

3.1. Нэхэмжлэгч түрээсийн төлбөрийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сарын 2,000,000 төгрөг болгон үнэдслэлгүй нэмэгдүүлсэн гэж хариуцагч маргасан талаар хариуцагчид мэдэгдсэн хэдий ч түрээсийн гэрээнд зааснаар талууд нэмэлт өөрчлөлтийг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан гэрээнд оруулаагүй хэдий ч хариуцагч 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл түрээсийн төлбөрийг төлж байснаас үзэхэд түрээсийн төлбөр нэмэгдсэнг хүлээн зөвшөөрсөн, хариуцагчийг 2022 оны 3 дугаар сард үл хөдлөх хөрөнгөд 1,646,500 төгрөгийн засвар хийж байхад нэхэмжлэгч мэдсэн болох зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар тогтоогдож байна.(хх)

3.2. Талууд 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээ-г байгуулж хариуцагч түрээсийн төлбөрт төлөх 4,198,840 төгрөгийг 6 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцсноос хойш хариуцагч 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэн өгчээ .(хх8)

3.3.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээгээр түрээсийн төлбөр, ус дулаан, цахилгааны төлбөрт 1,000,000 төгрөг төлсөн гэх талаар баримтыг, хариуцагчийн хийсэн засвар чанарын шаардлага хангаагүй гэж маргах боловч эрх бүхий байгууллагаас тогтоосон дүгнэлт зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох эрхээ хэрэгжүүлээгүй.

3.4.Хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь түрээсийн зүйл болох үл хөдлөх хөрөнгийг эзэмшил ашиглалтад байлгаж байсан талаар маргаагүй тул энэ хуулийн 493 дугаар зүйлийн 493.4-д зааснаар нэхэмжлэгчийн түрээсийн төлбөрт 3.198.840 төгрөг гаргуулах шаардлагаас хариуцагчийн засвар хийсэн зардал 1,6,46,500 төгрөгийг хасаж үлдэгдэл 1,552,340 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.

3.5.Нэхэмжлэгч түрээсийн гээрээг хуульд зааснаар үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгүүлээгүй, 2022 оны 01 дүгээр сараас түрээсийн гэрээг 2,000,000 төгрөг болгон нэмэгдүүлэхдээ талуудын хооронд 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан гэрээний 7 дугаар зүлйин 7.12-т заасан заалтыг зөрчсөн байх тул хариуцагчаас алданги шаардах эрхгүй. Өөөрөөр хэлбэл хууль мэдэхгүй нь хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй тул алданги 1,599,420 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.  

4.Нэхэмжлэгч хариуцагчийн эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандаж улсын тэмдэгтийн хураамж төлсөн 71,400 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

4.1.Хэрэгт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2023/00000 дугаар шийдвэр авагдсан. Шүүхийг шийдвэрээр хариуцагч Б.О г эрэн сурвалжилж, эрэн сурвалжлах ажиллагааг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст даалган шийдвэрлэжээ. (хх21)

Нэхэмжлэгч эрэн сурвалжлах ажиллагааны зардалд 70,200 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Улсын тэмдэгтийн хураамж гэдэг нь: эрх зүйн маргааныг шүүх хянан шийдвэрлэхтэй холбогдсон үйл ажиллагааны зардалд зориулж хуулиар тусгайлан заасан хэмжээгээр хэргийн зохигчоос төлж байгаа мөнгөн төлбөрийг хэлнэ.

Өөрөөр хэлбэл шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж буй мөнгөн хөрөнгө гэж ойлгоно. Шүүхийн зардлыг хэргийг шийдвэрлэх үед хэрхэн хувиарлах асуудал нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж улсын орлогод хэвээр үлдэх хуулийн зохицуулалттай бөгөөд хохирол гэж үзэхгүй болно.

Иймд эрэн сурвалжлуулсан ажиллагааны зардал 70,200 төгрөгийг, шүүхийн дэргэдэх киоск төхөөрөмжөөр үйлчлүүлсэн 1,200 төгрөг, нийт 71,400 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчаас 1,552,340 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлээс үлдэх 3,223,160 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдилан төлсөн 92,864 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,552,340 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчил олгохоор шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.4-д заасныг баримтлан хариуцагч Б.О 1,552,340 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.О олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,223,160 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 92,864 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнйн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 39,787 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ