Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/02156

 

 

 

 

 

 

 

   2023       12           15                                     210/МА2023/02156

 

 

Х.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2023/04668 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х.О-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.О-д холбогдох,

4,869,660 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Б.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Б.О-той Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороолол, 5 дугаар хороо, 2 дугаар байрны 00 тоотод байрлах өөрийн үйлчилгээний 3 өрөө байранд түрээсийн гэрээ байгуулан оруулсан. Түрээсийн төлбөрийг 1 сарын 1,500,000 төгрөгөөр 5 жилийн хугацаатай гэрээ хийсэн. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс түрээсийн төлбөр нэмэгдэж 2,000,000 төгрөг болсон. Гэтэл 2022 оны 01 дүгээр сарын төлбөрөөс 600,000 төгрөг надад өгсөн ба 3 дугаар сараас төлбөрөө бүрэн төлнө гэсэн боловч төлөөгүй. Үүнээс хойш 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 740,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 100,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 300,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 500,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 100,000 төгрөг, 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 2,350,000 төгрөг тус тус төлсөн.

Үлдэгдэл төлбөртөө 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ хийж төлбөрийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж дуусгахаар тохирсон боловч түрээсийн төлбөрөө өгөлгүй 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байр чөлөөлж өгсөн. Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээгээр түрээсийн төлбөр болон ус дулаан, цахилгааны төлбөрт нийт 4,198,840 төгрөгөөс 1,000,000 төгрөг төлж 3,198,840 төгрөг үлдсэн. Өнөөдрийг хүртэл төлбөр тооцоогоо төлөөгүй учир нийт алданги 3,198,840 төгрөгийн 50 хувь буюу 1,599,420 төгрөг болж байна. Б.О- нь оршин суугаа хаяг дээрээ байхгүй байсан тул эрэн сурвалжпуулсан төлбөр 71,400 төгрөг. Иймд үлдэгдэл төлбөр болох 3,198,840 төгрөг, алданги 1,599,420 төгрөг мөн эрэн сурвалжлуулсан 71,400 төгрөг нийт 4,869,660 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.

Би улирлын чанартай цэцгийн дэлгүүр ажиллуулдаг. Бид 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр түрээсийн гэрээг 5 жилийн хугацаатай бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Түрээсийн эхний жил манайх байранд урсгал засвар хийсэн. Нэхэмжлэгч түрээсийн төлбөрийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үндэслэлгүйгээр сарын 2,000,000 төгрөг болгож нэмсэн. Цар тахал болж хөл хорионд орсноос хамаг цэцгээ үхүүлсэн хэдий ч түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлж байсан. Би түрээсийн байранд өнгө үзэмжээ сайжруулах зорилгоор засвар хийж, ажил жигдрээгүй тул түрээс төлж чадаагүй. Нэхэмжлэгчтэй 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ хийсэн. 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байрыг хүлээлгэж өгсөн. Манайх байрнаас гарахдаа дөнгөж засвар хийгээд байсан ба тэр обьектод тасралтгүй 4 жил түрээслэн үйл ажиллагаа явуулж, түрээсийн төлбөрөө төлсөөр ирсэн. Түрээсийн гэрээний хугацаа дуусаагүй байхад гэрээг цуцалснаас бид алдагдалд орсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.О-гоос 1,552,340 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.О-ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,223,160 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 92,864 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнйн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 39,787 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ маргаан бүхий үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул нэхэмжлэгчийн зүгээс шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.4-т “ ...нэхэмжлэгчийн түрээсийн төлбөрт 3,198,840 төгрөг гаргуулах шаардлагаас хариуцагчийн засвар хийсэн зардал 1,646,500 төгрөгийг хасаж үлдэгдэл 1,552,340 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.” гэж зааж засварын зардал 1,646,500 төгрөгийг хасаж тооцсон нь үндэслэгүй юм. Учир нь Иргэний хуулийн 288 дугаар зүүйлийн 288.2.4-т “гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслөн авсан эд хөрөнгөд өөрийнх нь зөвшөөрөлгүй хийсэн салгаж үл болох засан сайжруулалтын үнийг хөлслөгчид төлөхөөс татгалзах” эрхтэй гэж заасны дагуу татгалзсан. Манайхаас зөвшөөрөл өгөөгүй байхад, өөрсдийн үйл ажиллагаандаа зориулж байна, бид өөрсдөө мэдье гээд түрээсийн төлбөрөө ч өгөөгүй байж засварчнаар биш өөрсдөө чанарын шаардлага хангаагүй засвар хийсэн. Мөн эцсийн байдлаар 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээгээр төлбөрийг 2022 оны 06 сарын 10-ны дотор төлнө, төлөөд байраа чөлөөлж өгнө гэж гэрээ хийгээд төлөөгүй учир байраа чөлөөлж өгсөн. Үүнээс хойш үлдсэн төлбөрөө удахгүй өгнө гэсээр 1 сарын дараа 1,000,000 төгрөг өгч үлдэгдэл 3,198,840 төгрөгийг удахгүй төлнө гэсээр төлөөгүй. Гэтэл засвар хийсэн зардал болох 1,646,500 төгрөгийг шүүхээс хасаж тооцож байгаа нь үндэслэлгүй. Мөн тэр төлбөрийн 2 баримт нь хэнээс хэнд зориулсан нь тодорхойгүй, Е-баримт, нөат-ын баримт байхгүй, төлбөр төлсөн дансны хуулга байхгүй учир нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж байна.

4.б. Хөлслөгч тал Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй, хөлслүүлэгч тал 288.2.3-т “ .. хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж зааснаар хөлслөгч тал түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөөгүйтэй холбоотойгоор шүүхэд хандаж оршин суугаа хаягтаа байхгүй байсан учир эрэн сурвалжлуулж 71,400 төгрөгийн зардал гарч хаягийг тогтоосон. Иймд надад эрэн сурвалжлуулсан төлбөр 71,400 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс дээрх байдлаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлээгүй шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Б.О-гоос тооцоо нийлж төлбөр барагдуулах гэрээний үлдэгдэл төлбөр 3,198,840 төгрөг, эрэн сурвалжлуулсан төлбөр 71,400 төгрөг, нийт 3,270,240 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Би түрээсэлж байх хугацаандаа 2 удаа засвар хийсэн. Анхан шатны шүүх засварын мөнгийг 500,000 гаруй төгрөгөөр тооцож хассан. Эхний засвар хийсэн үйл баримтаа нотолсон нотлох баримтаа гаргаж өгөөгүй байна гэсэн. 500,000 төгрөгөөр тогтооход нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс эхний засварын мөнгийг нь хасаагүй байна гээд давж заалдахгүйгээр 1,500,000 төгрөгөөр тогтоё гэж хэлж байсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч Х.О- нь хариуцагч Б.О-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 3,198,840 төгрөг, алданги 1,599,420 төгрөг, хариуцагчийг эрэн сурвалжлуулсны зардал 71,400 төгрөг, нийт 4,869,660 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Х.О- нь Б.О-той байгуулсан 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “Түрээсийн гэрээ”-гээр өөрийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203005679 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, 2 дугаар байр 00 тоот хаягт байршилтай, 38 м.кв талбайтай нэг өрөө орон сууцыг, цэцгийн дэлгүүрийн зориулалтаар ажиллуулахаар 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаатайгаар түрээслэх, түрээслэгч Б.О- нь сарын 1,500,000 төгрөгийг түрээсийн төлбөрт төлөх үүргийг тус тус  хүлээсэн байна./хх6-7/

 

2.а. Түүнчлэн, талууд 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулж, хариуцагч нь түрээсийн гэрээний төлбөрт 4,198,840 төгрөгийн үлдэгдэлтэй, уг төлбөрийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцжээ. /хх8/

 

3. Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээний харилцаа үүссэн байх боловч уг гэрээг талууд мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул гэрээ мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэсэн шүүхийн дүгнэлт зөв.

 

4. Харин анхан шатны шүүх, хариуцагч талаас шүүхэд гаргасан тайлбар болон  ирүүлсэн баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангана.

 

4.а. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар талууд уг хэлцлээр шилжүүлсэн зүйлээ буцаан шилжүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргийн хүрээнд хариуцагчаас түрээсийн зүйлийн  ашиглалтыг буцааж болохгүй тул түүнээс  талуудын тохиролцсон төлбөрийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн хэсгийг гаргуулах нь мөн  хуулийн 493 дугаар зүйлийн 493.4 дэх хэсэгт нийцнэ.

 

4.б. Хариуцагч талаас түрээсийн зүйл болох байранд засвар хийсэн гэж анхан шатны шүүхэд ирүүлсэн зарлагын баримтуудад худалдан авагчийн нэр тодорхойгүй, огноо засвартай, хэзээ, хэрхэн, хэдэн төгрөгийн засвар хийж гүйцэтгэсэн зэрэг байдлууд бүрэн тогтоогдоогүй байхад уг баримтуудыг шүүх үнэлж талуудын тохиролцсон 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ”-нд заасан үнээс хасч тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна. /хх24-27/

 

4.в. Түүнчлэн, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад гарсан зардалд нэхэмжилсэн 71,400 төгрөгийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчид учирсан эд хөрөнгийн алдагдал буюу түүнээс гарсан зардлыг Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.4 дэх хэсэгт зааснаар гаргуулна. Харин нэхэмжлэгчийн шаардсан уг зардлыг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2023/00326 дугаар шийдвэрт дурдсан 70,200 төгрөгийн хэмжээгээр хангах нь зүйтэй гэж дүгнэлээ./хх 4, 21/

 

4.г. Харин, талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгчийг алданги шаардах эрхгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

 

5. Иймд хариуцагчаас 3,198,840 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөг, бүгд 3,269,040 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2023/04668 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1,552,340” гэснийг “3,269,040” гэж, “3,223,160” гэснийг “1,600,620” гэж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “39,787” гэснийг “67,255” төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,436 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ЗОЛЗАЯА

 

       ШҮҮГЧИД                                    Д.ЦОГТСАЙХАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ