Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2023/02996

 

 

 

 

 

                                         2023           08           15

                 184/ШШ2023/02996

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 7 дугаар хороо, ******* Б-12 дугаар гудамж, 334 тоот хаягт оршин суух, ******* ******* овогт *******гийн ******* /регистрийн дугаар:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 24 дүгээр хороо, ******* 2 дугаар гудамж, 12 тоот хаягт оршин суух, ******* овогт ын /регистрийн дугаар: /-д холбогдох,

Гэрээний үүрэгт 11,641,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хэсгээр өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дагдансүрэн  нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Л.д холбогдуулан 11,641,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Б.******* нь сонсгол, хэл яриа, харааны бэрхшээлтэй бөгөөд ээж Д.гийн асран хамгаалалтад байдаг. 2012 онд Б.******* нь Л.тай танилцаж, 2019 оны 11 сараас нэг гэрт амьдарч эхэлсэн ба гэр бүлийн баталгаагүй. Б.******* нэг хүүтэй, Л. нэг охинтой. Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Л. нар нь хамтын амьдралтай байсан бөгөөд хамтран амьдарч байх үедээ дундын өмч бий болгох зорилгоор буюу хамтран амьдрах орон сууц худалдан авах зорилгоор тэнцүү хэмжээгээр мөнгөн хуримтлал үүсгэж, тухайн мөнгөн хөрөнгөө хариуцагч Л.ын харилцах дансанд хадгалахаар харилцан тохиролцсон. Б.*******, Л. нар нь тус бүрдээ тэнцүү хэмжээгээр мөнгөн хөрөнгө нийлүүлж, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан тохиолдолд тухайн эд хөрөнгө нь тэдний дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө болох байсан боловч Л.Сайнжаргал нь тэнцүү хэмжээгээр мөнгөн хөрөнгө нийлүүлэх үүргээ биелүүлээгүйгээс гадна Б.*******аас шилжүүлсэн үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зорилгоор хадгалж байсан мөнгөн хөрөнгийг зориулалтын бусаар захиран зарцуулсан. Л. нь өөрөөс нийлүүлэх мөнгөн хөрөнгийг оруулаагүй тохиолдолд Б.*******ы мөнгийг өөрийн дансанд хадгалах үүрэгтэй буюу энэ талаар амлалт өгсөн. Иймээс нэхэмжлэгч, хариуцагч нар нь хэлцлийнхээ агуулгыг өөрсдөө тодорхойлж, харилцан үүрэг хүлээсэн бөгөөд хариуцагч нь өөрийн хүлээсэн үүргийг биелүүлээгүй тул Б.******* нь хариуцагчид шилжүүлсэн буюу хадгалуулсан мөнгөн хөрөнгө болох 11,641,000 төгрөгийг буцаан шаардаж байгаа болно гэж тодорхойлсон.

 

2. Хариуцагч Л. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Хариуцагч татгалзлын үндэслэлийн талаараа: “Б.*******ы ярьж буй зүйл нь огт үндэслэлгүй, худал зүйл ярьж надаас мөнгө нэхэмжилж байна. Миний хувьд хань ижилтэй боллоо цаашид хамт сайхан амьдарна гэж бодоод цалингийн зээл, тэтгэврийн зээл авч амьдралдаа зарцуулж байсан бөгөөд машины урьдчилгаа өгсөн, гэрт нь ор, буйдан авч тавьсан, би цалингаараа бүх идэх юмыг дэлгүүрээс авдаг байсан. Хариуцагч Л. нь Д. болон Б.******* нартай ямар нэгэн мөнгөн хөрөнгө өгч авалцах хэлцэл, зээлийн гэрээ зэрэг эрх  үүргийн харилцаанд огт оролцож байгаагүй. Хариуцагч Л. нь Б.*******тай 2019-2022 оны хооронд хамтран амьдарч байсан нь үнэн боловч нэхэмжлэгч нь Л., Б.******* нарын хамтран амьдарсан бүх хугацаанд бие бие рүүгээ шилжүүлж байсан бүх гүйлгээг шүүж тус дансны хуулгыг нэхэмжлэлийнхээ үндэслэл болгосон. Гэвч бодит байдал дээр Л., Б.******* нарын хоорондын банкны гүйлгээнүүд нь хамтран амьдрах хугацааны хоол унд, бусад ахуйн хэрэглээний л зардал энгийн гүйлгээнүүд байна. Б.******* нь Л.тай амьдарч байхдаа архи согтууруулах ундаа хэрэглэх мөн хэрэглэсэн үедээ гар хүрэх, дарамтлах үйлдлүүд ч гаргаж байсан. Л. нь тулгуур эрхтний, сонсголын, харааны бэрхшээлтэй мөн өрөөсөн гар нь дутуу хөгжилтэй хэдий ч ХХК-д савлагчаар 4 дэх жилдээ ажиллаж өөрийн хэрэгцээ шаардлагаа хангах тогтмол орлоготой. Л. нь Б.*******тай хамтран амьдарч байхдаа болон одоо ч бие махбод, сэтгэл санааны хохиролтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж тайлбарлажээ.

 

3.Хариуцагч Л. шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Л. миний бие 2019 оноос 2021 оны хугацаанд Б.*******тай хамтран амьдардаг байсан. Б.******* нь тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үндэслэлээ дундын өмч бий болгох зорилгоор буюу хамтран амьдрах орон сууц худалдан авах зорилгоор тэнцүү хэмжээгээр мөнгөн хуримтлал үүсгэж, тухайн мөнгөн хөрөнгөө миний дансанд хадгалахаар тохиролцсон гэж 11,641,000 төгрөг шаарддаг. Бодит байдал дээр Б.Энхтайваны өмнө миний бие ямар нэгэн байдлаар үүрэг хүлээгээгүй, цаашид хамт жаргалтай амьдарна гэсэн сэтгэлээр хандан хоол, унд, хувцас, гар утас, өдөр бүрийн хэрэглээний зүйлсээ ярилцаад миний дансанд байсан мөнгөнөөс бэлнээр олон дансаар авч зарцуулдаг байсан. Мөн бидний хооронд дансаар болон бэлнээр мөнгө өгч, авсан зүйл ч олон байдаг. Нэгэнтээ Б.******* нь хамт амьдарч байсан үеийн нөхцөл байдлаа үгүйсгэж дээрх байдлаар үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байгаа учир миний бие ор худалдаж авахад төлсөн 740,000 төгрөг Б.*******ыг машин худалдаж авахад төлсөн 2,000,000 төгрөгийг тус тус Б.*******аас гаргуулах шаардлагыг гаргаж байна. Б.******* нь хамт амьдарч байхдаа над руу шилжүүлсэн мөнгөө нэхэмжилж байгаа учир миний бие одоогоор нотлох баримттай байгаа ор, машины мөнгөө нэхэмжлэх нь зөв гэж үзэж байна. Иймд үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Б.*******аас 2,740,000 төгрөг гаргуулж өгнө үү

 

4. Нэхэмжлэгч Б.*******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас 2,740,000 төгрөгийн нэхэмжилж байгаагийн 740,000 төгрөг нь орны мөнгө гэж тайлбарлаж байна. Гэтэл 740,000 төгрөгийн баримт хэргийн материалд байгаа эсэхийг би мэдэхгүй байна. 740,000 төгрөгийн баримт байхгүй байна гэж харж байгаа учир уг 740,000 төгрөгийн шаардлага нотлогдохгүй байна. Мөн 2,000,000 төгрөгийг автомашин авахад зарцуулсан гэж тайлбарлаад нэхэмжилж байгаа юм байна гэж ойлголоо. Нэхэмжлэгчийн зүгээс уг 2,000,000 төгрөгийн 1,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Л.ын дансны хуулга болон автомашины ченж Цогтсайханы гэх мэдүүлгээр 1,000,000 төгрөг дутуу байсан. 1,000,000 төгрөгийг шилжүүлж авсан нь үнэн гэж тайлбарлаж байгаа. Өмнө шүүх хуралдаанд Л. оролцож байхдаа Б.*******ы мөнгийг хадгалж байхдаа хадгалж байсан мөнгөнөөс нь шилжүүлсэн гэж удаа дараа тайлбарлаж байсан байдаг. Харин 1,000,000 төгрөгийг бэлнээр авч өгсөн гэх тайлбар нь нотлогдохгүй байна. 2020.09.01-ний өдөр Л.ын данснаас бэлнээр гарсан байгаа ч гэрчээр мэдүүлэг өгсөн машин зарсан этгээд болох Ц. мэдүүлэхдээ 1,000,000 төгрөг дутуу байсан. Уг 1,000,000 төгрөгөө дансаар шилжүүлсэн талаар хэлсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас харилцан тооцоод 1,000,000 төгрөгийг Б.*******ы нэхэмжлэлийн шаардлагаас хасах боломжтой байна гэж харж байгаа гэв.

 

5.Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 0233 дугаартай Б.*******аас Д.д олгосон итгэмжлэл, Нийгмийн даатгалын хэлтсийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актын хуулбар, Д., Б.******* нарын иргэний үнэмлэхийн хуулбар, Б.*******ы ХААН банкин дахь тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Л.ын иргэний үнэмлэхийн хуулбар, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШЗ2022/ дугаар захирамж, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай Б.*******аас Б.-д олгосон итгэмжлэл,

 

6. Хариуцагч тал дараах баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн дугаартай Л.аас Д.цэцэгт олгосон итгэмжлэл, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 0687 дугаартай Л.аас С.Энхбатад олгосон итгэмжлэл, Нийслэлийн тойргийн нотариатч Н.Алтанзулын 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 0001 дугаартай Нотариатчийн тэмдэглэл, Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн хуулбар, Л.ын ХААН банкин дахь тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Л.ын ХААН банкин дахь тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Л.ын ХААН банкин дахь тоот зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 22 дугаартай Хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, өмгөөлөгчийн үнэмлэхийн хуулбар, Х.гийн нас барсны гэрчилгээний хуулбар, Татварын ерөнхий газрын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 06/1882 тоот албан бичиг, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1581 дугаартай Л.аас Л.Сайнзаяад олгосон итгэмжлэл, Нийслэлийн тойргийн нотариатч Ө.Мөнхтуяагийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай Нотариатчийн тэмдэглэл, ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/123 дугаартай тодорхойлолт, Л.ын цалингийн тодорхойлолт, Л.ын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Ханан салхит ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 22/п8 тоот албан тодорхойлолт, Тайгын булаг авто ХХК, Сайн авто ламбардын төлбөрийн хуулга, фото зургийн хуулбар, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн чатаар харилцсан фото зураг, Худалдаа хөгжлийн банкны орлогын ордер баримт, дэлгүүрүүдийн фото зураг, 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 1575 дугаартай Л.аас Э.д олгосон итгэмжлэл, ХААН банк ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 29/ тоот албан бичиг.

 

7. Шүүхийн журмаар дараах баримтыг нотлох баримтаар цуглуулсан.Үүнд: Б.ын гэрчийн мэдүүлэг, Д.гийн иргэний үнэмлэхийн хуулбар, Т.-Эрдэнийн жолоочийн үнэмлэхийн хуулбар, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн үзлэг хийсэн тэмдэглэл, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн газрын төв Улсын үйлдвэрийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 01/371 тоот Нотлох баримт хүргүүлэх тухай албан бичиг, Б.*******ы төлбөрийн системд бүртгүүлсэн худалдан авалтын баримтын мэдээлэл, Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 311 тоот албан бичиг, Б.*******ы тээврийн хэрэгслийн бүртгэл, Тээврийн хэрэгслийн лавлагаа өмнөх өмчлөгчөөр, 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэл, ХААН банк ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 29/146 тоот албан бичиг, Тайгын булаг авто ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 23/2-001 тоот албан бичиг, 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 23000325 дугаартай Зээлийн гэрээний хуулбар, 2020 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 23000325 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө шилжүүлэх фидуцийн гэрээний хуулбар, Б.*******ы 23000325 дугаартай Барьцаат зээлийн тооцооны хуудас, Б.*******ы зээлийн төлбөрийн хуулга, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 262 тоот албан бичиг, Ц.ийн гэрчийн мэдүүлэг, Ц.ийн оршин суугаа газрын бүртгэлийн лавлагааны хуулбар, 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Үзлэг хийсэн тэмдэглэл болон үзлэгийн хавсралт, ХААН банк ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 29/7260 тоот албан бичиг, Л.ын ХААН банк дахь тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга

 

ҮНДЭСЛЭХ нь:

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

1. Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Л.д холбогдуулан, хадгалуулсан 15,318,100 төгрөгөө буцаан гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа багасгаж, 11,641,000 төгрөг нэхэмжилжээ.

2. Хариуцагч Л. нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэл гаргаж, дундаа хэсгээр өмчлөх эд хөрөнгө болох орны үнэ 740,000 төгрөг, автомашины үнээс 2,000,000 төгрөг, нийт 2,740,000 төгрөг гаргуулахаар шаарджээ. Сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч бүхэлд нь эс зөвшөөрсөн.

3. Нэхэмжлэгч Б.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, Л.тай 2 жилийн хугацаанд хамтран амьдрахдаа байрны урьдчилгаа төлбөр цуглуулах зорилгоор Л.д нийт 8 удаагийн шилжүүлгээр 11,641,000 төгрөг хадгалуулсан тул буцаан авах үндэслэлтэй гэж тодорхойлсон.

4. Хариуцагч Л. татгалзлын үндэслэлээ тодорхойлохдоо, миний данс руу Б.******* мөнгө хийдэг байсан боловч тухай бүр буцаан авдаг, мөн өөрт хэрэгтэй эд зүйл авахад зарцуулж дууссан гэх үндэслэлээр тайлбарласан.

5. Хариуцагч Л. сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ, Б.*******тай хамт амьдарч байх хугацаанд 740,000 төгрөгөөр Нарантуул худалдааны төвөөс буйдан худалдаж авсан ба одоо уг ор Б.*******ы эзэмшилд байгаа тул үнийг гаргуулах үндэслэлтэй, мөн Б.******* Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авахад миний бие 1,000,000 төгрөгийг АТМ-ээр шилжүүлсэн, 1,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн ба тээврийн хэрэгсэл Б.*******ы эзэмшилд байгаа тул өөрт ногдох хэсэг болох 2,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж үзсэн.

6. Нэхэмжлэгч Б.******* сөрөг нэхэмжлэлээс автомашин худалдан авахад АТМ-ээс шилжүүлсэн гэх 1,000,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрсөн ба үндэслэлээ тайлбарлахдаа, бэлнээр 1,000,000 төгрөг аваагүй, мөн хариуцагчаас 740,000 төгрөг авч буйдан аваагүй гэж тайлбарласан.

7. Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Л. нар 2019 оны сүүлээс 2021 оны сүүл үе хүртэл 2 жил орчмын хугацаанд хамтран амьдарч байсан ба ийнхүү хамтран амьдрахдаа гэрлэлтээ бүртгүүлээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар зохигчид нэг үйл баримтын талаар маргаагүй бол тухайн үйл баримтыг тогтоогдсон гэж үздэг.

7.1 Мөн нэхэмжлэгч Б.******* 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 8 удаагийн гүйлгээгээр, нийт 11,641,000 төгрөгийг Л.д шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй.

8. Нэхэмжлэгчийн: “...хамтран амьдрах хугацаандаа дундын хэрэгцээгээ хангах зорилгоор хариуцагчид мөнгө хадгалуулдаг байсан...” гэх тайлбар, хариуцагчийн: “... Б.******* нь өөрийн мөнгийг түр байлгаж байгаач гэж хэлсний дагуу хариуцагч өөрийн дансандаа мөнгийг хадгалаад, дараа нь нэхэмжлэгч за одоо хэдэн төгрөг гаргаад өг, одоо үүнийг авах шаардлагатай боллоо гэж хэлээд мөнгөө буцаан авч байсан гэх ...” гэх тайлбар, нэхэмжлэгчийн Хаан банк дахь дугаартай дансны хуулга, хариуцагчийн Хаан банк дахь , дугаартай дансны хуулга зэргээс үзвэл нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Л.д тодорхой хугацаа заалгүй, хариу төлбөргүйгээр мөнгөн хөрөнгө хадгалуулахаар Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д зааснаар харилцан тохиролцсон гэж үзэхээр байна.

8.1 Мөнгөн хөрөнгө хуримтлуулж байр авах зорилготой байсан болох нь хэрэгт авагдсан баримтын хэмжээнд тогтоогдохгүй байна. Энэ тохиолдолд талууд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан “тодорхой” зорилгод хүрэхээр хамтран ажилласан гэж үзэх үндэслэлгүй.

8.2 Мөн талуудын нас, хамтран амьдарсан байдал, шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн дүн зэргээс үзвэл, хариуцагч Л. эрх зүйн үр дагаврыг ухамсарлалгүйгээр Б.*******ы мөнгийг хадгалсан буюу ердийн туслалцаа үзүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, талууд хамтран амьдарч байсан байдал нь тэдний хооронд хэлцэл огт хийгдээгүй буюу Л.ыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй байна.

8.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар талууд хэн аль нь өөрийн маргаан бүхий тайлбар татгалзлаа баримтаар нотлох үүрэг хүлээдэг. Энэ үүргээ биелүүлээгүй бол талуудын тайлбар болон тухайн үйл баримтыг тогтоогдоогүй гэж үздэг. Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар шүүх эргэлзээтэй тайлбар, үйл баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байдаг.

8.4 Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 600,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 600,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 610,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 200,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 3,900,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 770,000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 290,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 4,800,000 төгрөгийн гүйлгээг “байр авахад зориулж” хадгалуулсан гэж дурджээ. Гэтэл мөнгөн хөрөнгө шилжүүлсэн хугацаанд талууд хамтын амьдралтай байсан бөгөөд зохигч талууд хэн аль нь, харилцан бие бие рүүгээ шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн зориулалтыг “ялгаж, зааглаагүй”, зарим мөнгөн гүйлгээний хувьд “хадгалуулсан” гэх тайлбараа нэхэмжлэгч нотолж чадаагүй. Иймд нэхэмжлэгчийн шилжүүлэг, түүний дансны хуулгыг бүхэлд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар “үнэн, зөв”, “эргэлзээгүй” гэж үзэх боломжгүй байна.

8.5 Харин хариуцагч Л.ын Хаан банк дахь дугаартай дансны хуулгаас үзвэл, 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Б.*******аас шилжүүлсэн 4,500,000 төгрөгийг “хадгал” гэсэн гүйлгээний утгатайгаар /латин бичвэрийг крилл үсэг рүү хөрвүүлсэн талаар зохигчид маргаагүй/ өөрийн Хаан банк дахь 5059707232 дугаарын данс руу шилжүүлсэн, хожим буюу 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хугацаатай хадгаламжийн данснаасаа нийт 6,333,145.13 төгрөгийг авч хугацаатай хадгаламжийн дансаа хаасан байна. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны үед тодруулахад “мэдэхгүй” гэх хариултыг өгсөн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар уг ажиллагаа бүхэлдээ мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгждэг бөгөөд “мэдэхгүй” гэх хариулт нь тухайн үйл баримтыг няцааж чадаагүй гэж үзэх үндэслэл болно. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийг бүрэн төлөөлөх эрхтэйгээр оролцож байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хариуцагч болон түүний төлөөлөгчийг “нэг этгээд” гэж шүүх үзнэ. Энэ эрх зүйн үр дагаврын талаар хэргийн оролцогчдод 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн болно. /2хх, 86-р тал/  

            8.6 Дээр дурдсанаар хариуцагч Л. Б.*******аас шилжүүлэн өгсөн 4,500,000 төгрөгийг “хадгалах” гэсэн гүйлгээний утгатайгаар өөрийн хугацаатай хадгаламжийн данс руу шилжүүлсэн, уг дансанд нийт 6,333,145.13 төгрөг хадгалж байсан, энэ гүйлгээний утга, дансны үлдэгдлийг  хариуцагч няцааж чадаагүй тул Б.*******аас нийт 6,333,145.13 төгрөгийг хадгалуулж байсан гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасантай нийцэж байна.

            8.7 Нэхэмжлэгчээс хадгалуулсан 6,333,145.13 төгрөгөөс 1,000,000 төгрөгийг хасаж тооцох нь зүйтэй байна. Тодруулбал, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 15:39 минутад Да хүрээ зах дээрээс 1,000,000 төгрөгийг хариуцагч өөрийн данснаас бэлнээр гаргуулан авсан болох нь Хаан банкны дансны хуулга баримтаар тогтоогдож байна. Энэ гүйлгээг нэхэмжлэгч тал “хамт явж байгаад авсан” хэмээн тайлбарласан. Энэ тохиолдолд Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.5-д зааснаар хадгалуулагчийн зөвшөөрөлтэйгөөр уг мөнгөн хөрөнгийг захиран зарцуулсан гэж үзнэ.  

9. Хариуцагч тал 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Да хүрээ зах дээр бэлнээр 1,000,000 төгрөг, АТМ-ээр 1,000,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөгийг Б.*******д машин авахад зориулж өгсөн хэмээн тайлбарлаж, уг мөнгийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар буцаан шаардсан. Хариуцагч тал хадгалуулсан мөнгө биш, “өөрийн мөнгө”-өөс өгсөн болохоо баримтаар нотолж чадаагүй.

9.1 Харин нэхэмжлэгч тал 1,000,000 төгрөгийг Да хүрээ захын АТМ-ээр дамжуулан хариуцагчаас авч Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авсан, уг тээврийн хэрэгсэл нэхэмжлэгчийн эзэмшилд байгааг хүлээн зөвшөөрсөн. Иймд хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан талуудын зарчимд нийцнэ.

9.2 Хариуцагч тал Нарантуул худалдааны төвөөс 740,000 төгрөгөөр буйдан худалдаж авсан, буйдан нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа, 740,000 төгрөгийг 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ******* дүүргийн нутаг дэвсгэр дээрх АТМ-ээс бэлнээр авсан хэмээн тайлбарласан.

Нарантуул худалдааны төвд зарагдаж байсан буйдангийн үнэ болох 740,000 төгрөгийг ******* дүүрэг дэх АТМ-ээс бэлнээр авч төлбөрийг төлсөн гэж үзэхэд эргэлзээтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байдаг.

10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч тал Б.оос гэрчийн мэдүүлэг авхуулсан, хариуцагч тал Ц.өөс гэрчийн мэдүүлэг авхуулсан. Эдгээр гэрчүүд нь зохигч талуудтай садан төрлийн холбоотой хүмүүс байхаас гадна эдгээр гэрчүүд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд шилжсэн олон удаагийн мөнгөний тоо хэмжээ, зориулалтыг мэдэж байсан гэж үзэхэд эргэлзээтэй байна.

11. Түүнчлэн, нэхэмжлэгч болон хариуцагч нар нь хоорондоо фэйсбүүк мессенжэрээр харилцсан гэх хувийн захидал харилцааны мэдээлэл /харилцан бичвэрүүд/-ийг бэхжүүлэн авч /screen shot/ улмаар уг мэдээллийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн байх ба энэ мэдээлэлдээ үзлэг хийлгэсэн.

11.1 Дээр дурдсанаар хувь хүний захидал харилцааны мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр бэхжүүлэн авсан /screen shot/ нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасантай нийцэхгүй байх тул дээрх үзлэгийн тэмдэглэл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

12. Иргэний хуулийн 425 дугаар зүйлийн 425.1-д: “хадгалалтын гэрээг тодорхой хугацаатай байгуулсан эсэхээс үл хамааран хадгалуулагч хадгалуулсан эд хөрөнгөө хэдийд ч буцаан авахаар шаардах эрхтэй.” гэж заасан тул нэхэмжлэгч Б.******* 5,333,145.13 /нэхэмжлэгчийн зөвшөөрсөн 1,000,000 төгрөгийг хасаж тооцсон/ төгрөгийг хариуцагч аас шаардах эрхтэй байна. Мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д: “дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй.” гэж заасан тул хариуцагч Л. машин авахад өгсөн 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******аас буцаан шаардах эрхтэй байна.

12.1 Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд хийгдсэн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй, хэн алины шаардлага дуусгавар болоогүй, шаардлага гаргах хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

Иймд хариуцагч Л.аас 5,333,145.13 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгч Б.*******аас 1,000,000 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг талуудад хариуцуулдаг. Иймд нэхэмжлэгч Б.*******ы тэмдэгтийн  хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөг, хариуцагч Л.ын сөрөг нэхэмжлэлдээ төлсөн тэмдэгтийн хураамж 58,790 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 1,590 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Л.аас 100,280 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д, нэхэмжлэгч Б.*******аас 28,550 төгрөгийг гаргуулан хариуцагч д тус тус олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 425 дугаар зүйлийн 425.1-д заасныг баримтлан Л.аас 5,333,145 төгрөгийг гаргуулан Б.*******д олгож, нэхэмжлэлээс 6,307,854 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д заасныг баримтлан Б.*******аас 1,000,000 төгрөгийг гаргуулан Л.д олгож, сөрөг нэхэмжлэлээс 1,740,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 1,590 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Л.аас 100,280 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д, нэхэмжлэгч Б.*******аас 28,550 төгрөгийг гаргуулан хариуцагч д тус тус буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХИШИГБААТАР