Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/01880

 

2023 10 20 210/МА2023/01880

 

 

 

Б.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2023/02996 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.*******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Л.*******д холбогдох,

 

Дундын эд хөрөнгөөс өөрт ногдох 11,641,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов. 

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Б.******* нь сонсгол, хэл яриа, харааны бэрхшээлтэй бөгөөд эх Д.*******гийн асран хамгаалалтад байдаг. Б.******* Л.*******тай 2012 онд танилцаж, 2019 оны 11 дүгээр сараас хамт амьдарсан боловч гэрлэлтээ батлуулаагүй. Б.******* нэг хүүтэй, Л.******* нэг охинтой. Б.*******, Л.******* нар хамт амьдрах хугацаандаа орон сууц худалдан авах зорилгоор тэнцүү хэмжээгээр мөнгөн хөрөнгө хуримтлуулж, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан тохиолдолд хамтран өмчлөхөөр тохиролцсон. Гэтэл Л.******* нь тэнцүү хэмжээгээр мөнгөн хөрөнгө хуримтлуулах үүргээ биелүүлээгүйгээс гадна Б.*******ы шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулсан. Л.******* мөнгөн хөрөнгө хуримтлуулаагүй тохиолдолд Б.*******ы шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг өөрийн дансанд хадгалах үүрэгтэй байсан. Б.******* 11,641,000 төгрөгийг Л.*******ын дансанд шилжүүлсэн тул уг мөнгөн хөрөнгийг гаргуулна гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Б.*******ы тайлбар үндэслэлгүй. Л.******* хань ижилтэй боллоо, хамт амьдарна гэж цалингийн болон тэтгэврийн зээл авч машины урьдчилгаа, ор, буйдан, ахуйн хэрэгцээндээ зарцуулсан. Л.*******, Д.******* болон Б.******* нартай ямар нэгэн хэлцэл хийгээгүй. Л.******* нь Б.*******тай 2019-2022 оны хооронд хамт амьдарсан.Л.*******, Б.******* нарын хооронд шилжүүлсэн мөнгөн хөрөнгө нь ахуйн хэрэглээний зүйлд зарцуулагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Л.******* Б.*******тай 2019 оноос хамт амьдарсан. Б.******* нь хамт амьдрах хугацаандаа захиран зарцуулсан мөнгөн хөрөнгийг хуримтлал үүсгэж байсан гэж нэхэмжлэл гаргасан. Л.******* ор 740,000 төгрөгөөр худалдсан авсан. Мөн Б.******* автомашин худалдан авахад 2,000,000 төгрөг өгсөн. Иймд Б.*******аас 2,740,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.Сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

Л.******* 740,000 төгрөгөөр ор худалдан авсан талаар баримтгүй. Сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлага нотлогдохгүй байна. Мөн автомашин худалдан авахад 2,000,000 төгрөг өгсөн гэх тайлбараас 1,000,000 төгрөгийг зөвшөөрч байна. Л.*******ын дансны хуулга болон Ц.Гантөгсийн мэдүүлгээр 1,000,000 төгрөг дутуу байсан. Л.******* Б.*******ы мөнгийг хадгалж байсан мөнгөнөөс шилжүүлсэн гэж тайлбарласан. Харин 1,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн гэх тайлбар нотлогдохгүй байна. Л.*******ын данснаас 2020 оны 09 дүгээр сарын 01-ний бэлэн мөнгөний зарлага гарсан хэдий ч автомашин худалдсан Ц.Гантөгс ... 1,000,000 төгрөг дутуу гэж мэдүүлсэн. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас харилцан тооцоод 1,000,000 төгрөгийг Б.*******ы нэхэмжлэлийн шаардлагаас хасах боломжтой гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1.Иргэний хуулийн 425 дугаар зүйлийн 425.1-д заасныг баримтлан Л.*******аас 5,333,145 төгрөгийг гаргуулан Б.*******д олгож, нэхэмжлэлээс 6,307,854 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

5.2.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д заасныг баримтлан Б.*******аас 1,000,000 төгрөгийг гаргуулан Л.*******д олгож, сөрөг нэхэмжлэлээс 1,740,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

5.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөг, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 58,790 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс дутуу төлсөн 1,590 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Л.*******аас 100,280 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д, нэхэмжлэгч Б.*******аас 28,550 төгрөгийг гаргуулан хариуцагч *******д тус тус буцаан олгож шийдвэрлэжээ.

 

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх Л.*******аас 5,333,145 төгрөгийг гаргуулж, сөрөг нэхэмжлэлээс 740,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 1,000,000 төгрөгийн хасахдаа буруу дүгнэлт хийсэн.

Шүүх Хариуцагч Л.*******ын ХААН банк ХК дахь ******* тоот дансны хуулгаас үзвэл 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Б.*******аас шилжүүлсэн 4,500,000 төгрөгийг хадгал гэсэн утгатайгаар өөрийн 5059707232 тоот данс руу шилжүүлсэн, хожим буюу 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хугацаатай хадгаламжийн дансаа хаасан байна. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны үед тодруулахад мэдэхгүй гэх хариулт өгсөн.

Л.******* 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Да хүрээ зах дээр бэлнээр 1,000,000 төгрөг, АТМ-ээр 1,000,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөгийг Б.*******ыг автомашин авахад зориулж өгсөн гэж тайлбарлаж, уг мөнгийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дах хэсэгт зааснаар буцаан шаардсан. Хариуцагч тал хадгалуулсан мөнгө биш, өөрийн мөнгө-өөс өгсөн болохоо баримтаар нотолж чадаагүй" гэж,мөн Нарантуул худалдааны төвд зарагдаж байсан буйдангийн үнэ 740,000 төгрөгийг Чингэлтэй дүүрэг дэх АТМ-ээс бэлнээр авч төлбөрийг төлсөн гэж үзэхэд эргэлзээтэй байна гэж тус тус дүгнэсэн. Буйдан авсан талаар маргаагүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдэхгүй гэх хариулт өгөөгүй. Л.******* нь хадгаламжийн дансаа хаагаад 5,000,000 төгрөгийг байр хөлсөлсний төлбөрт шилжүүлсэн гэж тайлбарласан боловч шүүх энэ талаар дүгнээгүй. Тодруулбал, нэхэмжлэгч, хариуцагч нар Хан-Уул дүүрэгт орон сууц хөлсөлдөг байсан бөгөөд уг хөлс, СӨХ-ны төлбөр төлсөн баримт авагдсан. Б.******* Л.*******д 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 2,000,000 төгрөг шилжүүлээгүй байхад өөрийн мөнгө гэдгийг нотлоогүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. Б.*******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Л.*******ын сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

7.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрч байна. Зохигчийн харилцан фэйсбүүк чатад үзлэг хийсэн тэмдэглэлтэй хариуцагч танилцаж гарын үсэг зурсан. Энэ талаар маргаагүй. Хариуцагч нэхэмжлэгчийн мөнгөн хөрөнгийг хадгалж байсан нь баримтаар тогтоогдсон. Ор 740,000 төгрөгөөр авсан талаар баримтгүй. Нэхэмжлэгч 1,000,000 төгрөг төлснийг зөвшөөрсөн гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

2.Нэхэмжлэгч Б.******* хариуцагч Л.*******д холбогдуулан дундын эд хөрөнгөөс өөрт ногдох 11,641,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч дундын эд хөрөнгө болох буйдангийн үнэ 740,000 төгрөг, автомашины үнэд төлсөн 2,000,000 төгрөг, нийт 2,740,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

 

3.Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан хэргийн нотлох баримт үнэлэх журам зөрчсөн байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлох баримтыг үнэлж, маргааны үйл баримтыг тогтоон хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, ... хамт амьдрах хугацаандаа орон сууц худалдан авах зорилгоор тэнцүү хэмжээгээр мөнгөн хөрөнгө хуримтлуулж, үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан тохиолдолд хамтран өмчлөхөөр тохиролцсон, ... Л.******* үүргээ биелүүлээгүй ..., ... шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулсан гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ, ... 2019-2022 онд хамтран амьдарсан, ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй ..., ... харилцан мөнгөн хөрөнгө шилжүүлдэг байсан түүнийг хэрэглээний зүйлд зарцуулдаг байсан ... гэж тус тус тайлбарлан, талууд маргасан байна.

 

5.Хэргийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

5.1.Б.*******, Л.******* нар 2019 оноос 2022 оны хооронд хамт амьдарсан, хамтран амьдрах хугацаандаа дундын хөрөнгө бий болгох зорилгоор мөнгөн хөрөнгө хуримтлуулахаар тохиролцсон болох нь талуудын гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэл, талуудын тайлбар зэрэг баримтуудаар нотлогдсон. /1хх-238-241, 2хх-63-64/

5.2.Мөн талууд өөрсдийн ХААН банк ХК дахь эзэмшлийн данснаасаа харилцан бие биедээ мөнгөн хөрөнгө шилжүүлж байсан үйл баримт хэрэгт авагдсан ХААН банкны депозит дансны хуулга болох бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. /1хх-10-27, 48-90/

5.3.Уг шилжүүлсэн мөнгөн хөрөнгөөс хуримтлал үүсгэн дундын хөрөнгө бий болгосон гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хамт амьдрах хугацааны ахуйн хэрэглээнд зарцуулж байсан гэх хариуцагчийн тайлбарыг үнэн зөв гэж үзнэ.

5.4.Харин нэхэмжлэгчээс 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр ХААН банк дахь өөрийн эзэмшлийн ******* тоот данснаасаа хариуцагчийн эзэмшлийн ******* тоот данс руу4,800,000 төгрөг шилжүүлсэн байна. (1х-ийн 84)

Уг 4,800,000 төгрөгөөс 4,500,000 төгрөгийг нь хариуцагч Л.******* 2021 оны 7 дугаар сарын 12-ны өдөр өөрийн хадгаламжийн 5059707232 тоот данс руу шилжүүлэхдээ гүйлгээний утгад xadgal гэж бичжээ. /1хх-85/

5.5.Мөн хариуцагч Л.******* нь 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хадгаламжийн 5059707232 дугаартай данснаасаа өөрийн ******* дугаартай харилцах данс руу хххаав гэсэн утгаар 6,333,145 төгрөг орлого хийсэн байна.

6.Дээрх бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбарыг харьцуулан үзээд хариуцагчийн хадгаламжийн дансанд байршиж байсан 6,333,145 төгрөгийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар талуудын дундын өмч гэж үзнэ. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн өмчийн харилцааг Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1 дэх хэсэгт заасан хадгалалтын гэрээний харилцаа гэж тодорхойлон, хэргийг шийдвэрлэхдээ гэрээний үүргийн шаардах эрхийн зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу байна.

7.Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.******* нь дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авахаар шаардах эрхтэй.

7.1.Хариуцагч Л.******* нь дундын өмчлөлийн зүйл болох 6,333,145 төгрөгөөс хамт амьдарах явцдаа орон сууц хөлсөлж байсан, 5,000,000 төгрөг орон сууцны хөлсөнд төлсөн гэж тайлбарлан, өөрийн эзэмшлийн ******* дугаартай дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг нотлох баримтаас үзвэл, Л.******* нь 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 5021054988 дугаартай данс руу 5,000,000 төгрөг шилжүүлж гүйлгээний утгад jijgee bn bayrlalaa гэж бичсэн байна.

7.2.Мөн хариуцагчийн фэйсбүүк хаягт үзлэг хийж бэхжүүлсэн тэмдэглэлээр талууд орон сууц хөлсөлж, хөлсийг дундын хөрөнгөөс төлж байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

8.Дээрх нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар харьцуулан дүгнэхэд талууд харилцан тохиролцон дундын хөрөнгөөс захиран зарцуулсан гэж үзэх боломжгүй тул хамтран өмчлөх дундын хөрөнгөөс нэхэмжлэгчид ногдох хэсгийг 4,800,000 төгрөгөөр тодорхойлох нь Игэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт заасантай нийцнэ. Иймд хариуцагчаас 4,800,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,841,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.

 

8. Хариуцагч Л.*******ын сөрөг нэхэмжлэлийн тухайд:

8.1.Хариуцагч Л.******* нь нэхэмжлэгч Б.*******аас автомашин худалдан авахад зориулж шилжүүлсэн 2,000,000 төгрөг, буйдангийн үнэ 740,000 төгрөг, нийт 2,740,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэгч 1,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

8.2.Хэргийн нотлох баримтаар хариуцагч Л.******* нь автомашин худалдан авахад зориулж 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******ы данс руу шилжүүлж байсан үйл баримт тогтоогдож байх тул хариуцагчийн давж заалдах гомдлын энэ хэсгийг хангах нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт заасантай нийцнэ. /1хх-73, 2хх-59-60/

8.3.Харин хариуцагч Л.******* нь Б.*******тай хамтран амьдрах хугацаанд 740,000 төгрөгийн үнэ бүхий буйдан худалдан авсан гэх тайлбар нь баримтаар нотлогдоогүй гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч Л.*******ын ХААН банкны ******* тоот данснаас 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 740,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн нь буйдангийн үнэ төлсөн гэх байдлыг эргэлзээгүй нотлохгүй байна. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлын энэ хэсгийг хангах боломжгүй.

 

9. Талуудын хэн аль нь дундын өмчлөлийн зүйлээс ногдох хэсгийг харилцан буцааж өгч байгаа тул ариуцагч Л.*******аас гаргуулах 4,800,000 төгрөгөөс нэхэмжлэгч Б.*******ы буцаан төлөх 2,000,000 төгрөгийг хасаж тооцоод дундын өмчлөлийн зүйлээс ногдох хэсэг болох 2,800,000 төгрөгийг хариуцагч Л.*******аас гаргуулан, нэхэмжлэгч Б.*******д олгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

10.Түүнчлэн шийдвэрт хууль хэрэглээний алдааг залруулж, тогтоох хэсгийн 1,2 дахь заалтыг нэгтгэж найруулгын өөрчлөлт оруулах нь оновчтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2023/02996 дугаар шийдвэрийн 1, 2 дахь заалтыг нэгтгэн, Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.*******аас 2,800,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,841,000 төгрөгт холбогдох хэсэг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2,740,000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

 

3 дахь заалтыг 100,280 гэснийг 59,750 гэж, 28,550 гэснийг 46,950 гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн 3, 4 гэсэн дугаарлалтыг 2, 3 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Л.*******ын урьдчилан төлсөн 112,121 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД