Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2023/04525

 

 

 

 

 

 

2023 10 19

101/ШШ2023/04525

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: З.Ц -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: НШШГГ-т холбогдох

 

2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Б.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч З.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол улсын үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн халдашгүй чөлөөтэй байх, Үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших ашиглах захиран зарцуулах эрхтэй байхаар хуульчилсан байдаг. МУ-ийн үндсэн хуулийн холбогдох уг заалтыг зөрчсөн хүнлэг, хууль бус, өөрийн давуу байдлыг ашиглаж төлбөр төлөгч нэрийн доор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд оролцож байгаа иргэнийг хохироож хууль бус үйл ажиллагаа явуулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргаж байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 18-ны өдрийн 101/ШШ2021/008781 дүгээр шийдвэрээр Б.А, З.Ц, С.С нараас 1**,868,074 төгрөг гаргуулж Х банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байдаг ба үүний дагуу дээрх төлбөрийг албадан гаргуулахаар НШШГГт ажиллагаа явуулж эхэлсэн байдаг.

 

2023.02.28-ны өдрийн 3/15 тоот ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоолоор дуудлага худалдааны товыг 2023.03.17-ны өдөр гэж тогтоосон нь дуудлага худалдаа явуулахаас 30 хоногийн өмнө дуудлага худалдааны тов тогтоох тухай хуулийн зохицуулалтыг зөрчсөн. Дуудлага худалдаа зохион байгуулахаас 14-с доошгүй хоногийн өмнө дуудлага худалдааны зарыг олон нийтэд дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч хүргэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй. Дуудлага худалдааны зарыг олон нийтэд хүртээмжтэй үр дүнтэй олон арга хэрэгсэл сонгон хүргэх нь дуудлага худалдаанд оролцох иргэдийн тоог өсгөх чухал үүрэгтэй ба ингэснээр төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө өндөр үнээр зарагдах бодит нөхцөл байдал бий болдог боловч 2 дахь албадан дуудлага худалдааны процесс ажиллагааны үеэр төлбөр төлөгч З.Ц, Б.А нарын эрхийг хэлбэрийн төдийн байдлаар хангаж шийдвэр гүйцэтгэлийн дуудлага худалдааны процесс ажиллагааг хууль зөрчиж явуулснаас гадна Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2023.3.17-ний өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааг хууль зөрчиж явуулсан учир тус дуудлага худалдаа хууль бус төдийгүй дуудлага худалдааны ялагч мөн хууль бусаар тодорсон. Иймд дуудлага худалдааны ялагчид нэр шилжүүлэх тухай 2023.03.21-ний өдрийн 4-161/5285 тоот ахлах шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэл мөн үндэслэлгүй юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны аль ч үе шатанд төлбөр төлөгч, авагч нарын эрхийг хангах, хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлэх нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцэх нэг үндэслэл юм. төлбөр төлөгчийн аливаа эрхийг хязгаарлаж явагдсан үйл ажиллагаа нь хууль бус төдийгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар оролцогч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гомдлоо ахлах шийдвэр гүйцэтгэгчид хандан гаргах эрхтэй ба ахлах гүйцэтгэгч 14 хоногийн хугацаанд хариу өгөх үүрэгтэй төдийгүй ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хариуг эс зөвшөөрвөл ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид 7 хоногийн дотор гомдол эрхтэй ба ерөнхий гүйцэтгэгч 30 хоногийн дотор хариу өгөх хуулийн зохицуулалттай ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн хариуг эс зөвшөөрвөл авсан өдрөөсөө хойш 14 хоногийн дотор харьяа шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа буюу 2 дахь албадан дуудлага худалдаатай холбоотой маргаан үүсэж байгаа тул тус хууль бус ажиллагааг эрх бүхий байгууллага албан тушаалтнаар хянуулах гомдол гаргах эрхээ эдлэх, уг асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл үргэлжилсэн хууль бус ажиллагаа буюу нэр шилжүүлэх процесс ажиллагааг гүйцэтгэхгүй байх арга хэмжээ авч өгнө үү гэх гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан боловч 2023.04.07-ны өдөр боломжгүй нэр шилжүүлэх процесс ажиллагаа явагдаж байна гэх агуулга бүхий ганцхан өгүүлбэр хариу өгсөн.

Хариу авсан даруй бид 2023.04.07-ны өдөр Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч Ерөнхий газрын дэд даргад гомдол гаргасан боловч хуульд заасан хугацаанд хариу өгнө гэж хэлээд хүлээж аваагүй ба нөхцөл байдлаа хэлж дахин 2023.04.10-ны өдөр очиж уулзсан боловч боломжгүй хариу хариу гараагүй гэх шалтгаанаар хариу өгөхөөс татгалзсан тул гомдлоо дахин шууданд хийж шуудангийн баримтаа хавсаргаж дахин шүүхэд хандаж байна. Урьдчилан шийдвэрлэх журмын хүрээнд гомдлоо гаргасан ч 2 дахь дуудлага худалдааны ялагч гэх этгээдэд нэр шилжих хүртэл гомдолд хариу өгөхгүй байх тул бид гомдлын хариу хүлээгээд суувал орон сууцаа алдах тул нэхэмжлэлээ ахлах шийдвэр гүйцэтгэгчээс хариу авч Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдлоо гаргаж шуудангийн баримтаа хавсаргаж нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгчийн 2 дахь дуудлага худалдаагаар зарагдсан гэх орон сууц зуслангийн зориулалттай бөгөөд үүнээс өөр очих орон гэр, сууц байхгүй. 2 дахь албадан дуудлага худалдаагаар худалдагдсан гэх орон сууц нь Улаанбаатар хотоос 25км алслагдсан зайтай, төлбөрийн асуудлаас болж том хүү А.Молор их сургуульд орж чадаагүй дунд хүү А.М, бага охин А.И нар өглөө бүр 6 цагт гэрээсээ гарч 2 дамжин сургуульдаа ирж буцдаг одоо уг хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны улмаас орон сууцаа алдаж нэр шилжвэл энэ айл гудамжинд гарахад бэлэн нөхцөлтэй байна. Гэвч шийдвэр гүйцэтгэх байгууллага нэг ч гэсэн материал хаах гэсэн ганцхан зорилгоор хууль бусаар ч хамаагүй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж энэ мэт иргэдийг хохироож өөрсдийн давуу байдлаа ашиглаж үйл ажиллагаа явуулж иргэдийг болоод нэхэмжлэгч З.Ц нарыг шахаанд оруулж эд хөрөнгийн хууль бусаар авч байна.

Иймд СБД, 19-р хороо, Хандгайтын богино 3 дугаар хэсгийн ** тоот хаягт байрлах 136м.кв хувийн орон сууц, нэгж талбарын 1864******6181 дугаарт бүртгэлтэй газрыг худалдан борлуулсан 2023 оны 03 сарын 17-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү.

Хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулахдаа 14 хоногийн өмнө олон нийтэд хүртээмжтэй байдлаар мэдээлэхээр хуульчлагдсан байдаг. Хоёр дахь албадан дуудлага худалдаа нь нэг дэх албадан дуудлага худалдаанаас бага дүнгээр явуулсан гэсэн үндэслэлтэй. З.Цгийн үл хөдлөх хөрөнгө нь хотын төвөөс хол байдаг тул өөрт нь худалдан борлуулах цаг зав байгаагүй. Иймд Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, Хандгайтын богино 3 дугаар хэсгийн ** тоот хаягт байрлах 136 м.кв хувийн орон сууц, нэгж талбарын 1864******6181 дугаарт бүртгэлтэй газрыг худалдан борлуулсан 2023 оны 03 сарын 17-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү.

Цд өөрөө мэдээгүй, санахгүй байгаа гэдэг нь гэр бүлийн харилцан хамаарал бүхий хүнээр өгсөн нь заавал өөрт нь мэдэгдэх ёстой гэж үзсэн. гэв.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Б.Х нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

З.Цгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах хариу тайлбарыг гаргаж байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2021/008781 дугаар шийдвэрээр С.С, Б.А, З.Ц нараас 1**,868,074 төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч З.Цгийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22******85 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын богино /14094/ 3 дугаар хэсгийн ** тоотод байрлах 336 мкв талбайтай газрын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 54 дүгээр зүйлийг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 21260781 дугаартай хураах тогтоолоор хураасан. Төлбөр төлөгч нарын ирүүлсэн үнийн саналыг төлбөр авагч тал хүлээн зөвшөөрөөгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2/30 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор Ашид билгүүн ХХК-ийн шинжээч Ч.Жамьянг томилоход барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын богино /14094/ 3 дугаар хэсгийн ** тоотод байрлах 336 мкв талбайтай газрын хамт 86,156,531 төрөгөөр үнэлсэнийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй тул шинжээчийн тогтоосон үнэ болох 86,156,531 төгрөгийн 50 хувь буюу 43,078,266 төгрөгөөр 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн хоёрдахь албадан дуудлага худалдаанд оруулахад 62,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14.6 дугаар зүйлд зааснаар хамаарал бүхий хүнд нь өгч болдог.

З.Ц нь дуудлага худалдааны талаар мэдээгүй гээд байна. Төлбөр төлөгч нараас үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байдаг. 3 шатны шүүхээр яваад бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байдаг. Энэ талаар манай талаар нотлох баримтаар өгөөгүй юм байна. 2021 оны 03 сарын 06-ны өдрийн мэдэгдлийг З.Ц нь мэдэгдэл хүлээн авсан байж дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэж байгаа нь үндэслэлгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

3. Нэхэмжлэгч тал хавтаст хэргийн 4-56, хариуцагч тал хавтаст хэргийн 81-154 дүгээр талд авагдсан баримтууд, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч З.Ц нь хариуцагч НШШГГт холбогдуулан хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлага гаргажээ.

2. Хариуцагч НШШГГ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, албадан дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг хуульд заасны дагуу төлбөр төлөгч З.Цд гардуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тайлбар гаргаж байна.

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2021/00878 дугаар шийдвэрээр, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д тус тус зааснаар хариуцагч Б.А, З.Ц нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 79,999,646.93 төгрөг, зээлийн хүүд 24,231,027.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 862,677.32 төгрөг, нийт 1**,093,352.18 төгрөг, нотариатын зардалд 21,000 төгрөг, нийт 1**,114.352.18 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож, хариуцагч С.Ст холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №ЗБ/ВСС171121009-1-3-1 тоот гэрээгээр З.Цгийн эзэмшлийн нэгж талбарын №1864******6181 дугаарт бүртгэлтэй №000*****7 тоот гэрчилгээний дугаартай, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайтын богинод байрлалттай, зуслангийн зориулалттай, 700 м.кв талбай газар, №ЗБ/ВСС171121009-1-3-2 тоот гэрээгээр З.Цгийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-22******85 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайтын богино/14094/ 3 дугаар хэсгийн * тоот хаягт байрлах 136 м.кв талбайтай хувийн сууц, №ЗБ/ВСС171121009-1-3-3 тоот гэрээгээр С.Сын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-22******86 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 21 дүгээр байрны **-тоот хаягт байрлах 51м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагын зарим хэсэг болох З.Цгийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайтын богино/14094/, 3 дугаар хэсгийн * тоот хаягт байрлах гараашнаас үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаас татгалзсаныг баталж тухайн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 753,722 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А, З.Ц нараас улсын тэмдэгтийн хураамжид 753,722 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Худалдаа Хөгжлийн банк ХХК-д олгож шийдвэрлэсэн байна. /хх-83-90/

Дээрх шүүхийн шийдвэрт зохигч гомдол гаргасныг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны ** дугаар сарын 17-ны өдрийн 782 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2021/00878 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас 453 дугаар зүйлийн 453.1 гэснийг хасч, хэргийг гэснийг хэсгийг гэж өөрчилж, 2 дахь заалтын Б.О гэснийг Б.А, З.Ц нар гэж, уг заалтаас ...2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ЗБ/ВСС171121009-1-3-1 тоот гэрээгээр, ...ЗБ/ВСС171121009-1-3-2 тоот гэрээгээр, ...ЗБ/ВСС171121009-1-3-3 тоот гэрээгээр гэснийг тус тус хасч, хувийн сууц гэсний дараа гарааш гэж нэмж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт гэснийг НШШГГт гэж тус тус өөрчилж, 3 дахь заалтыг хүчингүй болгож, 4 гэж дугаарласныг 3 гэж, 5 гэс дугаарласныг 4 гэж, 6 гэж дугаарласныг 5 гэж, 7 гэж дугаарласныг 6 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх-91-98/

4. Дээрх шийдвэр, магадлалын дагуу тус шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2021/12925 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 101/ГХ2021/00996 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудас бичигджээ. /хх-81, 99-100/

5. Шүүхийн шийдвэр, захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэн НШШГГ нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол гаргаж, төлбөр төлөгч Б.А, З.Ц нарт 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр эрх, үүрэг, хариуцлагыг танилцуулж, 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шүүхийн шийдвэрийг тогтоосон хугацаанд биелүүлэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүрэлцэн ирэх мэдэгдлийг төлбөр төлөгчид хүргүүлсэн байна. /хх-103-104/

6. 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 21260781 дугаартай эд хөрөнгийг битүүмжлэх тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-22******85 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайтын богино 3-р хэсэг, ** тоот хаягт байрлах, 136 м.кв талбайтай хувийн сууц, эзэмших эрхтэй 700 м.кв талбайтай газрыг битүүмжилсэн байна. /хх-106-107 тал/

2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 21260781/01 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-22******85 дугаарт бүртгэлтэй, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайтын богино 3-р хэсэг, ** тоот хаягт байрлах, 136 м.кв талбайтай хувийн сууц, эзэмших эрхтэй 700 м.кв талбайтай газрын хамт хураасан байна. /хх-109-110 тал/,

2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Б.А, З.Ц нар нь Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайтын богино 3-р хэсэг, ** тоот хаягт байрлах, 136 м.кв талбайтай хувийн сууц, эзэмших эрхтэй 700 м.кв талбайтай газар, 2 автомашины гараашийг 500,000,000 төгрөгөөр үнэлэх санал НШШГГт гаргасан байна. /хх-111-112 тал/

7. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заасан.

 

8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө-ийг шинжээчээр үнэлүүлнэ гэж заасны дагуу Нийслэлийн 161-р тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2/30 дугаартай тогтоолоор Ашид билгүүн ХХК-ийн шинжээч Ч.Ж-г шинжээчээр томилж, шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээллийг тодруулах, шинжээчид хууль тайлбарлах ажиллагаа хийсэн байна. /хх-113-116/

9. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө талууд харилцан тохиролцож тогтоох боломжтой ба ийнхүү талууд үл хөдлөх эд хөрөнгийн үнийг ийнхүү тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2-т зааснаар шинжээчээр үнэлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг 86,156,531 төгрөгөөр үнэлж, хөрөнгийн үнэлгээний тайлан хүлээлцсэн акт үйлджээ. /хх-122-144/

10. Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2/26 тогтоолоор үл хөдлөх хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ 86,156,531 төгрөгийн 70 хувь болох 60,309,572 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулах үнийг тогтоож, хугацааг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 10.00 цагт болох талаар төлбөр төлөгчид мэдэгдсэн болох нь 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагджээ. /хх-118-120/

11. Анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй тул Баянзүрх дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/15 тогтоолоор үл хөдлөх хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ 86,156,531 төгрөгийн 50 хувь болох 43,078,266 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, хугацааг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 10.00 цагт зохион байгуулахаар шийдвэрлэснийг төлбөр төлөгч Б.А, З.Ц нарт мэдэгджээ. /хх-145-146/

12. Улмаар төлбөр төлөгч З.Цд үл хөдлөх хөрөнгийг 62,000,000 төгрөгөөр худалдсан талаар, 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх шилжүүлэхийг мэдэгдсэн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 4-161/5285 дугаартай мэдэгдлийг З.Ц-д гарын үсэг зуруулан хүлээлгэн өгсөн байна. /хх-152-153/

Үүний дараа 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 4-161/6931 мэдэгдлээр худалдан борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дотор султган чөлөөлөх, чөлөөлөөгүй тохиолдолд албадан чөлөөлж, холбогдох зардлыг нөхөн гаргуулах талаар төлбөр төлөгч нарт мэдэгдсэн байна. /хх-154/

Дээр дурьдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас үзэхэд хариуцагч НШШГГ нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуульд заасан арга, журмын дагуу явуулсан, төлбөр төлөгчид албадан дуудлага худалдааны дуудах үнэ, дуудлага худалдаа явуулах газар, хугацааг тодорхой мэдэгдсэн, улмаар дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх шилжүүлэхээс өмнө төлбөр төлөгчид хугацааг олгож, хуульд заасан эрхийг эдлүүлсэн байна.

Иймд НШШГГт холбогдуулан гаргасан хоёр дахь албадан дуудлага худалдааны тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэгч З.Цгийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг баримтлан НШШГГ-т холбогдуулан гаргасан 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэгч З.Ц-гийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч З.Ц-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар тус шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШЗ2023/10219 дугаартай Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж нь энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ