Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/00022

 

 

 

 

 

 

  2023          12            25                                        210/МА2024/00022

 

З.Ц гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Энэбиш, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2023/04525 дугаар шийдвэртэй

З.Ц-гийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 18-ны өдрийн 101/ШШ2021/008781 дүгээр шийдвэрээр Б.А , З.Ц , С.С нараас 105,868,074 төгрөг гаргуулж “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан.

1.2. 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/15 тоот ахлах шийдвэр гүйцэтгэгчийн хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тогтоолоор дуудлага худалдааны товыг 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гэж тогтоосон нь дуудлага худалдаа явуулахаас 30 хоногийн өмнө дуудлага худалдааны тов тогтоох хуулийн зохицуулалтыг зөрчсөн. Дуудлага худалдаа зохион байгуулахаас 14 доошгүй хоногийн өмнө дуудлага худалдааны зарыг олон нийтэд дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч хүргэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй. Гэтэл 2 дахь албадан дуудлага худалдааны процесс ажиллагааны үеэр төлбөр төлөгч З.Ц, Б.А нарын эрхийг хэлбэрийн төдий байдлаар хангаж шийдвэр гүйцэтгэлийн дуудлага худалдааны процесс ажиллагааг хууль зөрчиж явуулснаас гадна Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааг хууль зөрчиж явуулсан тул дуудлага худалдааны ялагчид нэр шилжүүлэх тухай 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 4-161/5285 тоот ахлах шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэл үндэслэлгүй.

1.3. Хоёр дахь албадан дуудлага худалдаатай холбоотой маргаан үүсэж байгаа тул хууль бус ажиллагааг эрх бүхий байгууллага албан тушаалтнаар хянуулах гомдол гаргах эрхээ эдлэх, уг асуудлыг эцэслэн шийдвэрлэх хүртэл үргэлжилсэн хууль бус ажиллагаа буюу нэр шилжүүлэх процесс ажиллагааг гүйцэтгэхгүй байх арга хэмжээ авч өгнө үү гэх гомдлыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргасан боловч 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр боломжгүй нэр шилжүүлэх процесс ажиллагаа явагдаж байна гэх агуулга бүхий хариу өгсөн. Хариу авсан даруйд мөн өдөр ерөнхий шийдвэр гүйцэтгэгч гомдол гаргасан боловч хуульд заасан хугацаанд хариу өгнө гэж хэлээд хүлээж аваагүй ба нөхцөл байдлаа хэлж 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр очиж уулзсан боловч боломжгүй хариу гараагүй гэх шалтгаанаар хариу өгөхөөс татгалзсан тул гомдлоо дахин шууданд хийж шуудангийн баримтаа хавсаргаж дахин шүүхэд хандаж байна. Урьдчилан шийдвэрлэх журмын хүрээнд гомдлоо гаргасан ч 2 дахь дуудлага худалдааны ялагч гэх этгээдэд нэр шилжих хүртэл гомдолд хариу өгөхгүй байх тул бид гомдлын хариу хүлээгээд суувал орон сууцаа алдах тул нэхэмжлэлээ ахлах шийдвэр гүйцэтгэгчээс хариу авч ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдлоо гаргаж шуудангийн баримтаа хавсаргаж нэхэмжлэл гаргасан.

1.4. Нэхэмжлэгчийн 2 дахь дуудлага худалдаагаар зарагдсан гэх орон сууц зуслангийн зориулалттай бөгөөд үүнээс өөр очих орон гэр байхгүй. Тухайн орон сууц Улаанбаатар хотоос 25 км алслагдсан зайтай, хууль бус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны улмаас орон сууцаа алдаж нэр шилжвэл энэ айл гудамжинд гарахад бэлэн нөхцөлтэй байна. Гэвч шийдвэр гүйцэтгэх байгууллага иргэдийг хохироож өөрсдийн давуу байдлаа ашиглаж үйл ажиллагаа явуулж нэхэмжлэгчийг шахаанд оруулж эд хөрөнгийн хууль бусаар авч байна.

Иймд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын богино 3 дугаар хэсгийн 05 тоот хаягт байрлах 136 м.кв хувийн орон сууц, нэгж талбарын 18641331356181 дугаарт бүртгэлтэй газрыг худалдан борлуулсан 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч З.Ц гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220302**** дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын богино /14094/ 3 дугаар хэсгийн 05 тоотод байрлах 336 м.кв талбайтай хувийн орон сууц, гараж, газрын хамт 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 21260781 дугаартай хураах тогтоолоор хураасан.

2.2. Төлбөр төлөгч нарын ирүүлсэн үнийн саналыг төлбөр авагч тал хүлээн зөвшөөрөөгүй тул 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2/30 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор “А” ХХК-ийн шинжээч Ч.Жамьянг томилоход барьцааны зүйл болох Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын богино /14094/ 3 дугаар хэсгийн 05 тоотод байрлах 336 м.кв талбайтай газрын хамт 86,156,531 төрөгөөр үнэлсэнийг анхны албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй.

2.3. Шинжээчийн тогтоосон үнэ болох 86,156,531 төгрөгийн 50 хувь буюу 43,078,266 төгрөгөөр 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 62,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон бөгөөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэгч З.Ц гийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгч З.Ц гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/15 дугаартай хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гарч дуудлага худалдаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасан төлбөр төлөгч өөрийн хөрөнгөө худалдан борлуулах 1 сарын хугацаа олгох бөгөөд энэ хугацаанд худалдан борлуулаагүй тохиолдолд албадан дуудлага худалдаа явуулах байтал төлбөр төлөгчид хугацаа олголгүй худалдан борлуулагдсан. Анхан шатны шүүх энэ процесс алдааг хянаж үзэлгүй шийдвэрлэсэн байна. Мөн хууль зөрчиж албадан дуудлага худалдаа явуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

4.2. Өвлийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүлйийн 2 дахь хэсгийн 4-т өвлийн улиралд орон байрнаас албадан нүүлгэх тухай шийдвэрийг нүүн гарч байгаа этгээдийн амьдралын нөхцөлийг харгалзан өвлийн улирал дуустал тодорхой хугацаагаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хугацаагаар түдгэлзүүлнэ гэж заасан боловч шүүх энэ талаар ямар нэгэн арга хэмжээ авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай шийдвэрт тусгаагүй. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас худалдан борлуулах 1 сарын хугацаа авсан байдаг. 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр анхны дуудлага худалдааны тогтоол гарч, тухайн өдрөөс хойш талуудад мэдэгдсэн. Мөн дуудлага худалдааг 30 хоногийн дотор нийтэд мэдээлэх эрхээ эдлээгүй гэж тайлбарласан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдааг эхлэхээс өмнө 14 хоногийн дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ гэж зохицуулсан. Уг зохицуулалтын дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас сонин хэвлэл болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цахим хуудсанд мэдээлсэн байдаг. Иймд нэхэмжлэгчийн зүгээс мэдэгдээгүй гэх тайлбарласан нь үндэслэлгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх  зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч З.Ц нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбарлан, маргажээ./хх/

3. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар:

3.а. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 878 дугаар шийдвэрээр хариуцагч Б.А , З.Ц нараас  105,114,352.18 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Худалдаа  хөгжлийн банк” ХХК-д олгож, хариуцагч С.С т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, З.Ц гийн эзэмшлийн Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайтын богинод байрлалттай, зуслангийн зориулалттай, 700 м.кв талбай газар, З.Ц гийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайтын богино/14094/ 3 дугаар хэсгийн 5 тоот хаягт байрлах 136 м.кв талбайтай хувийн сууц, С.С ын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 21 дүгээр байрны 21-тоот хаягт байрлах 51м.кв талбайтай дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Худалдаа хөгжлийн банк” ХХК үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагын зарим хэсэг болох З.Ц гийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайтын богино/14094/, 3 дугаар хэсгийн 5 тоот хаягт байрлах гараашнаас үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагаас татгалзсаныг баталж тухайн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3.б. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 782 дугаартай магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШШ2021/00878 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “453 дугаар зүйлийн 453.1” гэснийг хасч, “хэргийг” гэснийг “хэсгийг” гэж өөрчилж, 2 дахь заалтын “Б.О” гэснийг “Б.А , З.Ц ” нар гэж, уг заалтаас ...2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн ЗБ/ВСС171121009-1-3-1 тоот гэрээгээр, ...ЗБ/ВСС171121009-1-3-2 тоот гэрээгээр, ...ЗБ/ВСС171121009-1-3-3 тоот гэрээгээр гэснийг тус тус хасч, “хувийн сууц” гэсний дараа “гарааш” гэж нэмж, “Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт” гэснийг “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт” гэж тус тус өөрчилж, 3 дахь заалтыг хүчингүй болгож, дугаарлалтыг өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 83-98/

3.в. Төлбөр төлөгч нар дээрх шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул төлбөр авагчийн гаргасан хүсэлтийг үндэслэн тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 996 дугаар гүйцэтгэх хуудаст үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор дээрх шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулжээ. /хх-ийн 81, 101/

3.г. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 21260781 дугаар тогтоолоор  эрхийн улсын бүртгэлийн Ү-220302**** дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайтын богино /14094/ 3 дугаар хэсэг, ** тоот хаягт байрлах, 136 м.кв талбайтай хувийн сууц, гараж, нэгж талбарын 18641331356181 дугаартай, эзэмших эрхтэй 700 м.кв талбайтай газрын хамт битүүмжлэн, 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 21260781/01 дугаар тогтоолоор газар, хувийн орон сууц, гаражийг тус тус хураах ажиллагаа явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Нэхэмжлэгч тал дээрх ажиллагааны талаар гомдол гаргаагүй болно. /хх-ийн 106-112/

3.д. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас эд хөрөнгийн талаарх үнийн санал авахад төлбөр төлөгч З.Ц гээс газар, орон сууц, гараж зэргийг нийт 500,000,000 төгрөг гэж үнэлсэн тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоох шаардлагатай гэж үзэн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2/30 тоот тогтоолоор “А” ХХК-ийн шинжээч Ч.Жамъяаныг шинжээчээр томилж, шинжээчид эрх, үүргийн тайлбарлажээ. /хх-ийн 111-116/

3.е. Шинжээч “А” ХХК нь Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайтын богино /14094/ 3 дугаар хэсэг, ** тоот хаягт байрлах, 136 м.кв талбайтай хувийн сууц, гараж, эзэмших эрхтэй 700 м.кв талбайтай газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийн зах зээлийн үнийг 86,156,531 төгрөгөөр үнэлж, тайланг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүлээлгэн өгсөн байна. /хх-ийн 122, 125-144/

4. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2/26 дугаар тогтоолоор анхны албадан дуудлага худалдааг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулахаар болсон тул төлбөр төлөгч З.Ц , Б.А нарт 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 4-161/2314 тоот мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлжээ. /хх-ийн 118-120/

4.а. Анхны албадан дуудлага худалдаа явуулсан боловч үнийн санал ирээгүй үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 3/15дугаартай тогтоолоор хоёр дахь албадан дуудлага худалдааг 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 10 цаг 00 минутад зохион байгуулахаар болсон тул төлбөр төлөгч З.Ц , Б.А нарт 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 4-161/4347 тоот мэдэгдлээр мэдэгдсэн байна. Түүнчлэн, хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах зарыг хариуцагч байгууллагын цахим хуудаст байршуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. /хх-ийн 145-146/

4.б. Хэргийн баримтаар төлбөр төлөгчийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан хоёр дахь албадан дуудлага худалдаагаар  Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хандгайтын богино /14094/ 3 дугаар хэсэг, 05 тоот хаягт байрлах, 136 м.кв талбайтай хувийн сууц, гараж, эзэмших эрхтэй 700 м.кв талбайтай газрын хамт шинжээчийн тогтоосон үнэ болох 86,156,531 төгрөгийн 50 хувь буюу 43,078,266 төгрөгөөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад 62,000,000 төгрөгөөр худалдан борлогдсон. Мөн 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлбөрийг бүрэн барагдуулаагүй тохиолдолд дуудлага худалдааны ялагчид өмчлөх эрх шилжүүлэх талаар болон мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 4-161/5285 дугаартай, 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 4-161/6931 дугаартай мэдэгдлээр тус тус 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дотор  чөлөөлөхийг мэдэгдэж, тогтоосон хугацаанд сайн дураар  чөлөөлөөгүй тохиолдолд 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр албадан чөлөөлөхийг төлбөр төлөгч Б.А , З.Ц нарт мэдэгдэж мэдэгдлийг хүргүүлсэн талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх-ийн 154/

4.в. Дээрхээс дүгнэхэд төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгөд анхны болон хоёр дахь албадан дуудлага худалдаа явагдаж, уг хөрөнгө худалдан борлогдсон байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээний талаар талууд гомдол гаргаагүй тохиолдолд төлбөр төлөгч энэ хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасан шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор өөрийн хөрөнгийг уг шийдвэрт зааснаас багагүй үнээр бие даан худалдан борлуулах тухай санал гаргаж болно гэсэн зохицуулалтыг хэрэглэхгүй. Учир нь дуудлага худалдаа явуулахаас өмнө төлбөр төлөгч нь хариуцагч байгууллагад барьцаа хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай санал гаргах байжээ. Гэтэл төлбөр төлөгч дээрх саналыг хариуцагчид гаргаж байгаагүй байна.

4.г. Нөгөөтэйгүүр хоёр дахь албадан дуудлага худалдаа 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр болсон бөгөөд үүнээс хойш Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр албадан чөлөөлөх мэдэгдлийг төлбөр төлөгч нарт мэдэгдсэн. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. /хх-ийн 153-154/

5. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хоёр дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй боловч нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд гомдол гаргасан байхад анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийн заалтыг баримталсан нь оновчгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШШ2023/04525 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...44 дүгээр зүйлийн 44.4-т ...” гэснийг “...122 дугаар зүйлийн 122.5, 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ш.ОЮУНХАНД

                                           ШҮҮГЧИД                                     Э.ЭНЭБИШ

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ