Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 01512

 

И.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/01378 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч И.Т-ийн хариуцагч И.Ш, Б.Ц нарт холбогдуулан гаргасан газрын үнэд шилжүүлсэн 6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч И.Ш, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч И.Ш гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.Ш нь И.Т-ийн төрсөн ах нь бөгөөд эгч И.Алтанчимэгээс газар худалдаж аваад буцааж жаахан мөнгө нэмээд зарах боломж байна, та мөнгө олоод өгөөч гэж гуйсны дагуу И.Алтанчимэг нь И.Т-тэй ярьж мөнгө өгөхөөр болсон. Ингээд И.Алтанчимэгийн 99269944 дугаарын утсанд Ш-гийн 99919995 дугаараас ирүүлсэн Хаан банкны 5024519863 данс Б.Ц гэсэн дансруу 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр өөрийн Хаан банкны 50400432354 дугаар данснаас Хаан банкны 5024519863 данс руу И.Ш газрын үнэ гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Түүнээс хойш газарч байхгүй, мөнгө ч байхгүй, удаа дараа мөнгөө авахаар холбогдоход өгнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариу тайлбар гаргаагүй тул хамтран хариуцагчаар Хаан банкны 5024519863 тоот дансны эзэмшигч Б.Ц-ыг оролцуулах хүсэлтийг гаргасан. Иймд хариуцагч И.Ш, Б.Ц нараас газрын үнэнд шилжүүлсэн 6 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч И.Ш-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунболд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хуульд хариуцагч гэдэг нь үүргээ биелүүлээгүй эсвэл зохих ёсоор биелүүлээгүй этгээдийг хариуцагчаар татах хуулийн заалт байдаг бөгөөд И.Ш  болон И.Т-ийн хооронд эрх зүйн харилцаа үүссэн талаарх нотлох баримт байхгүй. Утсаар мессеж бичсэн гэдэг ч энэ нь нотлох баримтын шаардлага хангадаггүй. Б.Ц-ын данс руу мөнгө орсон байсан учраас хамтран хариуцагчаар татсан байдаг. Б.Ц-ын данс руу мөнгө оруулахдаа Т.Ш-тэй холбоотой талаарх үйл баримт харагддаггүй. И.Ш газрын үнэ гэж бичсэн байдаг учраас эрх зүйн харилцаа үүссэн гэж байгаа нь үндэслэлгүй. Б.Ц-ын дансанд 6 000 000 төгрөг орсон болон зарлагадсан байдлыг харахад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд энэ мөнгө И.Ш-д хамаагүй юм. Учир нь Б.Ц-ын дансруу шилжүүлсэн 6 000 000 төгрөгийг би аваагүй, гүйлгээ хийж мөнгө шилжүүлсэн дансан дотор И.Ш-гийн нэртэй данснууд байхгүй байдаг. Эдгээр данснууд нь И.Ш-гийн данс биш болох нь хэрэгт авагдсан баримтаар харагдаж байх тул И.Ш-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: И.Ш-г танихгүй, миний бие нялх хүүхэдтэй тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэжээ.  

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч И.Ш, Б.Ц нараас 6 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.Т-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч И.Ш, Б.Ц нараас улсын тэмдэгтийн хураамжид 110 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.Тэгшээсүрэнд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч И.Ш-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Хаан банкны Б.Ц гэсэн эзэмшигчтэй 5024519863 тоот дансанд газрын үнэ гэж 6 000 000 төгрөг шилжүүлснийг И.Ш-гээс гаргуулахаар нэхэмжилсэн. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар хамтран хариуцагч Б.Ц нь 6 000 000 төгрөг шилжүүлсэн 5024519863 тоот данс нь өөрийн эзэмшдэг данс мөн ба дээрх мөнгийг хүлээн авсан болон зарлагдсан баримтыг гарган өгсөн, хариуцагч И.Ш нь дээрх данстай аливаа байдпаар холбогдоогүй хамтран эзэмшдэггүй тухай Хаан банк дахь дансны хуулгыг баримтаар гарган өгсөөр байтал И.Ш болон Б.Ц нараас хамтран гаргуулахаар шийдвэрлэсэн нь мөн хэрэгт авагдсан нотлох баримтад И.Т болон И.Ш  нарын хооронд эрх зүйн харилцаа үүсээгүйг баримтаар нотолсоор байтал И.Ш, И.Т-ийн өмнө аливаа хэлцэл болон гэрээгээр хүлээсэн үүрэг үүсээгүй байхад Иргэний хуулийн 492 дугаар зүйл 492.1.1-д үндэслэн шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцээгүй. Шүүх үндэслэх хэсэгтээ хариуцагч нар татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэжээ. Гэтэл хариуцагч И.Ш нь хэрэгт хамааралгүй буюу И.Т-гээс Б.Ц гэсэн эзэмшигчтэй 5024519863 тоот дансанд шилжүүлсэн 6 000 000 төгрөгөөс аливаа байдлаар аваагүйг мөн дээрх мөнгийг хэрэглээгүй тухай хангалттай нотлох баримт (хаан банкны дансны лавлагаа, хариуцагч Б.Ц-ын дансны хуулга болон зарлагын мэдээлэл) ирүүлсээр байтал шүүх татгалзлын үндэслэлээ нотлоогүй гэсэн нь үндэслэлгүй. Иймд И.Ш-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч И.Т нь газрын үнэд шилжүүлсэн 6 000 000 төгрөгийг И.Ш, Б.Ц нараас гаргуулахаар шаардсаныг хариуцагч И.Ш эс зөвшөөрч марган, үндэслэлээ мөнгийг Б.Ц-ын дансанд шилжүүлсэн, уг мөнгийг би аваагүй гэж маргажээ.

Харин хариуцагч Б.Ц нь шүүх хуралдаанд оролцож чадахгүй, И.Ш-г танихгүй гэж бичгээр тайлбар гаргасан боловч нэхэмжлэлд дурдсан 6 000 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын гаргасан үндэслэлийг эсэргүүцээгүй гэж үзнэ.

Нэхэмжлэгч И.Т хариуцагч Б.Ц-ын 5024519863 тоот данс руу “Шагдарсүрэн газрын үнэ” гэх утгатайгаар 6 000 000 төгрөгийг шилжүүлсэн нь баримтаар нотлогдож байна. /хх5,42/

Хариуцагч И.Ш мөнгийг авч ашиглаагүй, надад хамаагүй гэж тайлбарласан боловч гэрч И.Алтанчимэг нь ...ах И.Ш-гийн 99919995 дугаарын утсаар мессежээр явуулсан “5024519863 Б.Ц” гэсэн данс руу түүний гуйлтаар 6 000 000 төгрөгийг шилжүүлсэн талаар мэдүүлжээ.

Иймд хариуцагч тайлбар татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүйгээс гадна гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байх тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас газрын үнэ гэж шилжүүлсэн 6 000 000 төгрөгөө буцаан шаардах эрхтэй, анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан нь үндэслэлтэй байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасанд нийцүүлэн үнэлсэн байна.

Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч И.Ш-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2019/01378 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч И.Ш-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 111 112 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

                                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                А.МӨНХЗУЛ

                                                               ШҮҮГЧИД                                М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ