Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2019/01378

 

2019 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2019/01378

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

  Нэхэмжлэгч: ... тоот хаягт оршин суух Бэйс овогт И  Т /РД:.../-ийн нэхэмжлэлтэй

 

  Хариуцагч: ... тоот хаягт оршин суух Бээс овогт И  Ш  /РД:.../,

 

Хариуцагч: ...  тоотод оршин суух Боржигон овгийн Бямбамсүрэнгийн Ц /.../ нарт холбогдох

 

  Газрын үнэнд шилжүүлсэн 6 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Цэен-Ойдов, хариуцагчийн төлөөлөгч Б.А , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Айсауле нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авав.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэхэмжлэгч И.Т  итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэен-Ойдов шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.Ш  нь И.Т  төрсөн ах нь бөгөөд эгч И.А  газар худалдаж аваад буцааж жаахан мөнгө нэмээд зарах боломж байна, та мөнгө олоод өгөөч гэж утсаар ярьж гуйсан байдаг. Энэ гуйлтын дагуу эгч И.А  нь И.Т  ярьж мөнгө өгөхөөр болсон байдаг. Ингээд И.А  99269944 дугаарын утсанд Ш гийн 99919995 дугаараас ирүүлсэн Хаан банкны 5024519863 данс Б.Ц гэсэн дансруу 2017 оны 3 дугаар сарын 9-ний өдөр өөрийн Хаан банкны 50400432354 дугаар данснаас Хаан банкны 5024519863 данс руу Ш  газрын үнэ гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Түүнээс хойш газарч байхгүй, мөнгө ч байхгүй, удаа дараа мөнгөө авахаар холбогдоход өгнө гэсэн тайлбар хэлдэг боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч ямар нэг хариу тайлбар өгөхгүй байгаа тул хамтран хариуцагчаар Хаан банкны 5024519863 тоот дансны эзэмшигч Б.Ц  оролцуулах хүсэлтийг гаргасан. Иймд хариуцагч И.Ш , Б.Ц нараас газрын үнэнд шилжүүлсэн 6 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч И.Ш гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А  шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хуульд хариуцагч гэдэг нь үүргээ биелүүлээгүй эсвэл зохих ёсоор биелүүлээгүй этгээдийг хариуцагчаар татах хуулийн заалт байдаг бөгөөд И.Ш  болон И.Т  хооронд эрх зүйн харилцаа үүссэн талаарх нотлох баримт байхгүй. Утсаар мессеж бичсэн гэдэг ч энэ нь нотлох баримтын шаардлага хангадаггүй. Б.Ц  данс руу мөнгө орсон байсан учраас хамтран хариуцагчаар татсан байдаг. Б.Ц  данс руу мөнгө оруулахдаа Т.Ш тэй холбоотой талаарх үйл баримт харагддаггүй. И.Ш  газрын үнэ гэж бичсэн байдаг учраас эрх зүйн харилцаа үүссэн гэж байгаа нь үндэслэлгүй байна. Б.Ц  дансанд 6 000 000 төгрөг орсон болон зарлагадсан байдлыг харахад Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд энэ мөнгө нь Ш д хамаагүй юм. Учир нь Б.Ц  дансруу шилжүүлсэн 6 000 000 төгрөгийг би аваагүй, гүйлгээ хийж мөнгө шилжүүлсэн дансан дотор Ш гийн нэртэй данснууд байхгүй байдаг. Эдгээр данснууд нь И.Ш гийн данс биш болох нь хэрэгт авагдсан баримтаар харагдаж байх тул И.Ш д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Уг хэргийн хариуцагч Ш г танихгүй, миний бие нялх хүүхэдтэй тул шүүхэд оролцож чадахгүй учраас шүүх хуралдаанд оролцуулахгүй шийдвэрлэж өгнө үү, мөн шүүх хуралдааныг яаралтай зарлуулах хүсэлтэй байна гэжээ.  

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад,              

            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И.Т хариуцагч И.Ш , Б.Ц нарт холбогдуулан Газрын үнэнд шилжүүлсэн 6 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаарджээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...ах И.Ш гийн гуйлтаар эгч И.А  ярьж газар авах гээд мөнгө хэрэг болсон тул яаралтай мөнгө олоод өгөөч гэж гуйсны дагуу түүний явуулсан ХААН банкны... дансанд мөнгө шилжүүлсэн. Гэтэл одоог хүртэл мөнгөө төлөхгүй байгаа тул И.Ш , Б.Ц нараас гаргуулж өгнө үү гэж тайлбар гаргасныг хариуцагч И.Ш  ...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Б.Ц  дансруу шилжүүлсэн 6 000 000 төгрөгийг би аваагүй тул үндэслэлгүй гэх тайлбарыг гаргаж, хариуцагч Б.Ц нь ...Ш  гэх хүнийг танихгүй гэх тайлбар гаргажээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигчдын тайлбар зэргээс дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч И.Т нь хариуцагч Б.Ц  ХААН банкны дансанд 2017 оны 03 сарын 09-ний өдөр 6 000 000 төгрөгийг Ш  газрын үнэ гэсэн утгаар гүйлгээ хийж, шилжүүлсэн байх ба энэ нь зохигчдын дансны хуулгаар тогтоогдож байна.

Харин хариуцагч И.Ш  нь уг мөнгийг авч ашиглаагүй, надад хамаагүй гэж тайлбарлаж байгаа хэдий ч энэ нь гэрч И.А  ...Миний ах И.Ш  нь надруу яриад ах нь газрын албанд таних хүн байгаа. Бид нарт хэрэгтэй, цаашид үнэ хүрэх газар байна. Үүнийг яаралтай авах мөнгө хэрэгтэй байна. 6 000 000 төгрөг олоод өгөөч гэж хэд хэдэн удаа ярьсан. ...тэгээд дүү И.Т рүү ярьж ахын дээрх хэлснийг яриад ахад итгээд ...мөнгө өгөхөөр болсон. И.Ш  ахын 99919995 дугаараас миний утас болох 99269944 дугаар руу 5024519863, Б.Ц гэсэн ХААН банкны данс мессэжээр ирсэн. ...тэгээд би уг дансыг дүү И.Т лүү явуулж мөнгө хийлгэсэн., Мобиком корпораци ХХК-ийн тодорхойлолт, хариуцагч И.Ш  нь нэхэмжлэл гардаж авахдаа утасны дугаараа 99919995 дугаар гэж бичсэн гэсэн тайлбар зэргээр үгүйсгэгдэж байна.

Тодруулбал, хариуцагч нар нь татгалзлалын үндэслэлээ хэрэгт авагдсан баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч талын гаргасан баримтуудыг баримтаар үгүйсгэж чадаагүй байна.

 

Дээрхээс дүгнэхэд хариуцагч И.Ш гийн гуйлтаар 6 000 000 төгрөгийг хариуцагч Б.Ц  дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх ба энэ нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй., хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй... тохиолдолд шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч И.Т нь хариуцагч И.Ш , Б.Ц нарт шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй байна.

Тус шүүх хуралдаанд Б.Цэрэнхандад биечлэн оролцох боломжгүй тул эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Ц  эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Дээрхийг нэгтгээд хариуцагч И.Ш , Б.Ц нараас 6 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.Тэгшээсүрэнд олгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч И.Ш , Б.Ц нараас 6 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.Тэгшээсүрэнд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч И.Ш , Б.Ц нараас улсын тэмдэгтийн хураамжид110 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.Тэгшээсүрэнд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Б.МӨНХЖАРГАЛ