Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2023/02801

 

 

 

 

 

     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *** тоотод оршин суух, *** овогт ***ын *** /рд:***/

 

Хариуцагч: *** тоотод оршин суух, *** овогт ***-ын *** /рд:***/

 

Зээлийн гэрээний үүрэгт 358,656,300 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогч:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б***,

хариуцагчийн өмгөөлөгч Б.М***,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анударь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Б.***оос зээлийн гэрээний үүрэгт 358,656,300 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарлав. Үүнд:

Хариуцагч Б.*** нь ***-ны өдөр нэхэмжлэгч Н.*** надаас яаралтай мөнгөний хэрэг гарсан тул ***-ний өдрийг хүртэл хугацаагаар 480,000 юань зээлж 10,000 юанийн хүүтэй буцаан өгье хэмээн авсан, тухайн үед би эмнэлэгт хэвтэж байсан учир Д.М***-ыг явуулж Зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Ингээд сүүлд нь ***-ны өдөр Шаардах эрх шилжүүлэх гэрээгээр Д.М***аас эрхээ шилжүүлэн авсан бөгөөд хариуцагч Б.*** нь ****-ны өдөр Тооцоо нийлэн эвлэрлийн гэрээ байгуулж 730,000 юанийг ***-ны дотор төлж барагдуулна гэсэн. Гэтэл өдийг хүртэл олон шалтаг хэлж миний мөнгийг буцаан өгөхгүй маш их цаг хугацаа хожиж, юанийн ханш ч унаж намайг хохироосоор байна. Зээлийн гэрээгээр үүрэг гүйцэтгээгүй хоног тутмын алданги 0,5 хувь буюу 2400 юань байхаар тохирсон бөгөөд өнөөдрийн байдлаар 254 хоног буюу 609,600 юанийн алдангид хүрээд байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзыг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиас хэтэрч болохгүй гэснийг баримтлан алдангийг бууруулан 240,000 юань буюу ***-ны *** тоот гэрээнд заасан 10,000 юанийн хамт 730,000 юанийг нэхэмжилж байна. Дээрх 730,000 юанийг ****-ний өдрийн Монгол банкны юанийн ханш 491.31 төгрөгт хөврүүлэн тооцоход 358,656,300 төгрөг болж байна. Иймд хариуцагч Б.***оос 358,656,300 төгрөгийг гаргуулж, үүрэг гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүрэг гүйцэтгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч Б.*** шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: Миний бие Д.М***тай харилцан тохиролцож ***-ны өдөр бүртгэлийн *** дугаар Зээлийн гэрээг байгуулсан билээ. Энэхүү зээлийн гэрээгээр би Д.М***аас 480,000 юанийг долоо хоногийн хугацаатай зээлэхээр харилцан тохиролцож, ***гийн Хаан банкны *** дугаар дансаар нийт 216,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан болно. Гэтэл Н.*** нь Д.М***тай ***-ны өдөр байгуулсан бүртгэлийн *** дугаар Шаардах эрх шилжүүлэх гэрээгээр надаас дээрх 216,000,000 төгрөгийг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Д.М*** нь Н.***тэй байгуулсан дээрх шаардах эрх шилжүүлэх гэрээнээсээ 2023.05.01-ний өдөр татгалзсан байх тул Н.*** нь бидний хооронд байгуулсан Зээлийн гэрээний үүрэгт 358,656,300 төгрөгийг шаардах эрхгүй байна. Иймд Н.***ээс надад холбогдуулан гаргасан Зээлийн гэрээний үүрэгт 358,656,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Нэхэмжлэл /хх1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх3, 19/, *** тоот зээлийн гэрээний төлбөрийн тооцоолол /Д.М***/ /хх6/, Н.***ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх7/, Зээлийн гэрээ /хх8-9/, Барьцааны гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/ /хх10-12/, *** ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх13/, *** ХХК-ийн дүрэм /хх14/, Шаардах эрх шилжүүлэх гэрээ /хх16-17/, Тооцоо нийлж эвлэрэх тухай /хх18/, итгэмжлэл /хх32/, Иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх61/, итгэмжлэл /хх65/,*** -ны өдрийн *** тоот Зээлийн гэрээний хуулбар /хх 67-68/, Гүйлгээний баримтын орчуулга /хх 69-70/, ***-гийн ***-ны өдрийн *** тоот албан бичиг /хх 106/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ***-ны өдрийн *** дугаартай шүүгчийн захирамж /хх/

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Б.***ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх26/, итгэмжлэл /хх 33/, Эвлэрлийн гэрээ /хх34/, итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.***ын тайлбар /хх 38/, хариу тайлбар /хх50/, ***гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 51/, Д.М***ын хүсэлт /хх52/, Д.М***ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх53/, Монгол шуудан ХК-ийн төлбөрийн баримт /хх 54/, Д.М***ын гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл хүргүүлэх тухай /хх 55/,

 

5. Дараах баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн. Үүнд: нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.М***ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 82/, ***ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 83-91/, *** ХХК-иас Б.***д олгосон итгэмжлэл /хх97/,

 

 

Зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

 

:

 

Нэхэмжлэгч Н.*** нь хариуцагч Б.***оос зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 358,656,300 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсэн ба хариуцагч Д.М***тай Зээлийн гэрээ байгуулсан, энэхүү зээлийн гэрээгээр Д.М***аас 480,000 юанийг долоо хоногийн хугацаатай зээлэхээр харилцан тохиролцож, ***гийн Хаан банкны *** дугаар дансаар нийт 216,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан. Н.*** нь Д.М***тай ***-ны өдөр байгуулсан бүртгэлийн *** дугаар Шаардах эрх шилжүүлэх гэрээгээр надаас дээрх 216,000,000 төгрөгийг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Д.М*** нь Н.***тэй байгуулсан дээрх шаардах эрх шилжүүлэх гэрээнээсээ татгалзсан байна гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Д.М*** нь хариуцагч Б.***той *** дугаартай Зээлийн гэрээ байгуулж 480,000 юанийг 7 хоногийн хугацаатай, 10,000 юань хүүтэй зээлжээ.

 

2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Д.М*** нь Н.***тэй *** дугаартай Шаардах эрх шилжүүлэх гэрээ-г байгуулж ***-ны *** дугаартай Зээлийн гэрээний эрх, үүргийг Н.***т шилжүүлсэн байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.6 дахь хэсгүүдэд харшлаагүй байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэг хүлээдэг талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заажээ. Нэхэмжлэгчээс ***-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний дагуу 480,000 юанийг хариуцагчид бодитоор шилжсэн эсэх талаарх нэхэмжлэгчийн тайлбар баримтаар нотлогдохгүй байна.

 

Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид бодитоор шилжүүлж өгөөгүй тохиолдолд зээлийн гэрээг байгуулсанд тооцохгүй талаар Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан байх тул ***-ны өдрийн барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн гэж үзэх боломжгүй юм.

 

Иймд нэхэмжлэгчийн Д.М***аас эрх үүргийг нь шилжүүлж авсан буюу ***-ны өдрийн *** дугаартай зээлийн гэрээг үндэслэж зохигчдын маргааныг шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэгч Н.***ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,021,432 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.***оос 358,656,300 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Н.***ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Э***-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,021,432 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН