Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/01835

 

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 04 өдөр Дуга210/МА2023/01835

 

 

Н.*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2023/02801 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Н.*******ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б.*******д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг 358,656,300 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батсүх, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мандуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б.******* нь Н.*******ээс 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар 480,000 юань зээлж, 10,000 юанийн хүүтэй буцаан өгөхөөр авсан. Тухайн үед би эмнэлэгт хэвтэж байсан тул Д.*******ыг явуулж зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Сүүлд нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Шаардах эрх шилжүүлэх гэрээ-гээр Д.*******аас эрхээ шилжүүлэн авсан. Хариуцагч Б.******* нь 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр тооцоо нийлж эвлэрлийн гэрээ байгуулан , 730,000 юанийг 2022 оны 09 дүгээр сарын 17-ны дотор төлж барагдуулна гэсэн боловч өдийг хүртэл мөнгийг өгөхгүй намайг хохироосоор байна.

 

1.2. Зээлийн гэрээгээр үүрэг гүйцэтгээгүй хоног тутмын алданги 0,5 хувь буюу 2,400 юань байхаар тохирсон бөгөөд өнөөдрийн байдлаар 254 хоног буюу 609,600 юанийн алданги байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан алдангийг бууруулан 240,000 юань, 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн гэрээнд заасан 10,000 юанийн хамт 730,000 юанийг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Монгол банкны юанийн ханш 491.31 төгрөгөөр тооцоход 358,656,300 төгрөг болж байна.

Иймд хариуцагч Б.*******оос 358,656,300 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Миний бие Д.*******тай 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, Д.*******аас 480,000 юанийг долоо хоногийн хугацаатай зээлэхээр харилцан тохиролцож, Т.Мандухайгийн ХААН банк ХХК-ийн ******* тоот дансаар 216,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан. Н.******* нь Д.*******тай 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан Шаардах эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу дээрх 216,000,000 төгрөгийг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Д.******* Н.*******тэй байгуулсан дээрх шаардах эрх шилжүүлэх гэрээнээсээ 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр татгалзсан тул бидний хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 358,656,300 төгрөгийг Н.******* шаардах эрхгүй, иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.*******оос 358,656,300 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Н.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Энэбишийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,021,432 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн байна.

4.1. Зээлийн гэрээний талаар хариуцагч маргаагүй, нэхэмжлэгч Н.******* нь Д.*******ыг өөрийн өмнөөс гэрээ байгуулах эрх олгосны дагуу Д.******* зээлийн гэрээнд гарын үсэг зурсан боловч юанийг зээлдүүлсэн өмчлөгч нь Н.******* гэж үзэх үндэслэлтэй.

 

4.2. 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1634 бүртгэлийн дугаартай Шаардах эрх шилжүүлэх гэрээгээр Д.******* нь Н.*******т 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээгээр ... зээл нь иргэн Э.*******ын данснаас Д.*******ын данс руу шилжүүлсэн Н.*******ийн мөнгө бөгөөд зээлдэгч гэрээгээр тохирсон хугацаанд зээлээ төлж чадаагүй учраас шаардах эрхээ үнэ төлбөргүй шилжүүлэхээр, энэхүү шаардах эрх шилжүүлэх гэрээтэй холбоотой маргаан гарвал талууд харилцан зөвшилцөх, зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр гэрээний 6.5-д заасан. Гэвч Д.******* нь 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Н.*******т олгосон шаардах эрх шилжүүлэх гэрээнээсээ татгалзаж, хүсэлтээ мөн шүүхэд илэрхийлсэн нь дээрх гэрээний талуудын зөвшилцөлд нийцэхгүй, Шаардах эрх шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр хэвээр гэж үзнэ. Энэхүү гэрээг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр гараагүй. Хүсэлтээ Н.*******т илгээснээр шаардах эрхээсээ татгалзсан гэж үзэх боломжгүй. Зээлийн гэрээний 480,000 юанийг эх үүсвэрээс нэхэмжлэгч тал нотолсон.

 

4.3.Н.*******, Б.******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан болох нь 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн тооцоо нийлсэн эвлэрлийн гэрээнд Б.******* гарын үсэг зурж, зээлийн гэрээг Н.*******тэй байгуулснаа хүлээн зөвшөөрч баталгаажуулан шинээр гэрээ байгуулсан гэж үзэх боломжтой. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хариуцагч түүний төлөөлөгчийн тооцоо нийлэх, эвлэрэх гэрээнээс харахад нэхэмжлэгч нь шаардах эрхтэй гэж үзэхээр байна. Мөн Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. нь мөн адил зээлийн гэрээг хүлээн зөвшөөрсөн. Шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2023/01034 дугаартай захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж, 01034 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн байна. Д.******* анхнаасаа зээлийн гэрээний оролцогч тал биш, түүний мөнгө гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Зээлийн гэрээ хүчин төгөлдөр болсны дараа Д.******* нь шаардах эрх шилжүүлсэн гэрээнээсээ татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Д.******* нь Н.*******т шаардах эрх шилжүүлэх гэрээнээс татгалзсан тул Н.******* нь хариуцагчаас шаардах эрхгүй ба нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй.

5.1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар Д.*******, Б.******* нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан.

5.2. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгох эрхтэй. Түүнчлэн шүүх нэхэмжлэгч талын гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч гэрч шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгч тал хүсэлтээсээ татгалзсан бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан. Мөн гэрээний нэг тал гэрээнээс татгалзсан тохиолдолд тухайн хэлцэл хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй. Энэ талаар Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.5 дахь хэсэгт тодорхой заасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Б.*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 730,000 юань буюу 358,656,300 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

3.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0903 дугаартай зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Д.******* нь зээлдэгч Б.*******д 480,000 юань, зээлийн хүүд 10,000 юанийг 7 хоногийн хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нь зээл, хүүг гэрээний дагуу буцаан төлөх нөхцлийг тус тус харилцан тохиролцжээ. /хх-8-16/ Мөн өдрийн 0904 дугаартай барьцааны гэрээгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Манай байшин ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө буюу газрыг барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-10-12/

 

4.2 Д.******* нь гэрээний 3.4-т заасан дансанд буюу Т.Мандуухайгийн ХААН банк дахь ******* тоот данс руу 216,000,000 төгрөг шилжүүлсэн, Т.******* нь уг мөнгийг хүлээн авсан гэдгээ зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргасан байна. /хх-50/

 

4.3. Нэхэмжлэгч Н.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... би эмнэлэгт хэвтэж байсан тул Д.*******ыг явуулж Б.*******той зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 480,000 юанийг 10,000 юанийн хүүтэй, 7 хоногийн хугацаатай зээлдүүлсэн, ... сүүлд нь 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Шаардах эрх шилжүүлэх гэрээ-гээр Д.*******аас эрхээ шилжүүлэн авсан, ... ченж *******ын данснаас Д.*******ын данс руу шилжүүлсэн мөнгө нь Н.*******ийн мөнгө гэдгийг нотолсон ... гэж тайлбарласан, хариуцагч Б.*******ын хувьд татгалзлын үндэслэлээ Д.*******тай зээлийн гэрээ байгуулсан, ... Д.******* шаардах эрхээсээ татгалзсан тул Н.******* шаардах эрхгүй гэх агуулгаар тайлбарлан, талууд маргажээ.

 

4.4.Хэргийн 51, 82, 87 дахь талд авагдсан баримтаар иргэн н.*******ын данснаас Д.*******ын данс руу 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 106,000,000 төгрөг, 110,000,000 төгрөг, нийт 216,000,000 төгрөг шилжсэн, уг мөнгөн хөрөнгийг Б.******* нь Т.Мандуухайгийн данс руу шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

4.5.Хэрэгт Д.*******, Н.******* нарын хооронд байгуулагдсан 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн Шаардах эрх шилжүүлэх гэрээ авагдсан байх ба уг гэрээний 3.2-т Эрх шилжүүлэх болсон үндэслэлээ эрх шилжүүлэгчийн зээлдэгчид шилжүүлсэн 480,000 юань нь иргэн н.*******ын 5024729745 тоот данснаас Д.*******ын 5029452664 тоот дансанд шилжүүлсэн Н.*******ийн мөнгө бөгөөд зээлдэгч гэрээгээр тохирсон хугацаанд зээлээ төлж чадаагүй учраас шаардах эрхээ шилжүүлсэн. гэж тодорхойлжээ. /хх 16/

 

4.6.Мөн Б.*******, Н.******* нар 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, гэрээгээр талууд 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0903 тоот зээлийн гэрээ, 2022 оны 03 дугаар сарын 25-ний өдрийн 0904 тоот барьцааны гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах, дээрх гэрээний зүйл болох 490,000 юанийг, алдангийн хамт нийт 730,000 юанийг зээлдүүлэгч Н.*******ийн ХААН банк дахь 5070805042 тоот дансанд 2022 оны 9 дүгээр сарын 17-ны дортор үл маргах журмаар төлж барагдуулах нөхцөлийг харилцан тохиролцож, гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулсан байна. /хх18/

 

4.7.Нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.******* нар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, Н.*******ийн нэхэмжлэлтэй, Б.*******д холбогдох 2022 оны 03 сарын 25-ны өдрийн 0903 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн үндсэн зээлд 480,000 юань, зээлийн хүү 10,000 юань, алданги 240,000 юань, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрч, гэрээнд гарын үсэг зурж, баталгаажуулж байжээ. /хх-34/

 

4.8. Нөгөөтэйгүүр, хэргийн 55 дахь талд авагдсан Н.*******т хаягласан 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөр огноолсон Гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл хүргүүлэх тухай бичгийн баримтад Д.******* нь зээлийн гэрээний шаардах эрхээ үнэ төлбөргүйгээр Н.*******т 2022.05.25-ны өдөр шилжүүлсэн гэрээнээсээ татгалзаж байгаа болохыг мэдэгдсэн агуулга тусгагдсан байна. Уг гэрээнээс татгалзах мэдэгдэлд нэхэмжлэгч Н.******* хариу өгөөгүй байх тул талууд хуульд заасан журмын дагуу гэрээнээс татгалзсан гэж үзэхгүй юм.

 

4.9.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.*******ыг гэрчээр шүүхэд дуудан мэдүүлэг авах /албадан ирүүлэх/ ажиллагаа явуулсан боловч хүрэлцэн ирээгүй байна.

 

4.10.Нэхэмжлэгч Н.*******ийн шүүхэд цуглуулж өгсөн дээрх бичгийн нотлох баримтыг хариуцагч тал өөр баримтаар үгүйсгэж няцааж чадаагүй байх тул дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзээд нэхэмжлэгчийн тайлбарыг үнэн зөв гэж дүгнэх үндэслэлтэй. Иймээс нэхэмжлэгч Н.*******, хариуцагч Б.******* нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Гэрээний талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд хүсэл зоригоо илэрхийлэн, харилцан тохиролцон хүү тогтоосон, гэрээг бичгээр байгуулсан нь мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

5.Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ тогтоосон хугацаандаа гүйцэтгээгүй нь хэргийн баримтуудаар тогтоогдсон тул нэхэмжлэгч тал үндсэн зээл 480,000 юань, хүү 10,000 юань, алданги 240,000 юань, нийт 730,000 юанийг нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны ханшаар тооцон 358,656,300 төгрөгийг гаргуулахаар шаардаж буй нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсгийн заасантай нийцэх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

5.1.Харин Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам, Наадамчдын зам гудамж 1/10 байрны 14842 тоот байрны 464 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Манай байшин ХХК байх тул зээлийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар хариуцагч Б.*******оос нэхэмжлэгч Н.******* нь шаардах эрхгүй. Иймээс уг шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2023/02801 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.*******оос 358,656,300 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.*******т олгож, хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтад ...үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,951,231 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Н.*******т олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,021,432 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ч.ЦЭНД