Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2023/02864

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярсүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *** хаягт байрлах, *** ХХК,

 

Хариуцагч: *** тоотод оршин суух, *** овогт ***гийн ***,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А***,

хариуцагч Д.***,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Анударь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Д.***ээс 4,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгчийн зүгээс дараах байдлаар тайлбарлав. Үүнд: *** нь 2016 оноос эхлэн сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулж байна. Суралцагч ***ын *** нь тус сургуульд 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн элсэн суралцсан бөгөөд түүний ээж Д.***тэй Сургууль, суралцагчийн эцэг, эх, асран хамгаалагч хоорондын гэрээ-г байгуулан суралцуулсан. Тус гэрээгээр сурагч М.***г сургах, боловсрол олгох үүргийг сургууль хүлээж, эцэг, эх, асран хамгаалагч нь сургалтын төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн боловч Д.*** нь гэрээний үүргээ зөрчиж, сургалтын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй. Мөн ***-ны өдөр М.***гийн ээж *** нь 2019-2020 оны сургалтын төлбөр 2,400,000 төгрөг, 2020-2021 оны сургалтын төлбөр 2,000,000 төгрөгийн үлдэгдлийг 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэхэд гурав хуваан төлж барагдуулна гэж сургуульд бичгээр хүсэлт гаргасан боловч 400,000 төгрөгийг төлсөн ба бусад төлбөрийг гаргасан хуваарийнхаа дагуу төлж барагдуулаагүй тул сургуулийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, утсаар холбогдож байсан. Иймд Д.***тэй байгуулсан Сургууль, суралцагчийн эцэг эх, асран хамгаалагч хоорондын гэрээ нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар Хөлсөөр ажиллах гэрээний төрөлд хамаарах тул хариуцагч Д.***ээс Сургалтын төлбөрийн үлдэгдэл 4,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбартаа миний охин М.*** 2018-2019 оны хичээлийн шинэ жилд ***д 1-р ангид элсэн орсон. 2018-2019 оны 1 дүгээр анги танхимаар хичээл орсон. 2019-2020 оны 2-р ангийн хичээлийн нэгдүгээр улирал хичээл танхимаар орж, 2020 оны 2-р улирал хичээл эхлээд долоо хоног болоход боловсролын бүх байгууллагын хичээл каринтилагдсан. Энэ каринтиний хугацаанд хичээл танхим болон цахим аль ч хэлбэрээр орохгүй байсаар хичээлийн жил дууссан. 2020-2021 оны хичээлийн жил эхлэхэд сургуультай гэрээ хийхдээ өнгөрсөн нэг улирлын хичээлийн төлбөрийг өгөх боломжгүй гэдгээ илэрхийлж байсан. Хүүхдийн сэтгэл зүй байдал ангийн багш найзуудыгаа санасан удаан хугацааны хөл хорионы дараа шинэ сургуульд дасан зохицохгүй байх бий гэж айн үргэлжлүүлэн сургасан. Сургуулийн зүгээс ч мөн ижил зөвлөмж өгсөн. 2020 оны 9-р сарын 01-нээс 2020 оны 11-р сарын 11 хүртэл 50 хүрэхгүй хоног танхимаар орж 2020 оны 11-р сарын 11-нээс улс даяар хатуу хөл хорио хичээлийн сургалтын үйл ажиллагааг зогсоосон, зогсоосон даруйдаа цахим хэлбэрээр үргэлжлүүлэн орсон. Хөл хорио эхлэх үед сургуулийн захиргаа эцэг эх багш хамтарсан хурал хийж хүнд байдлыг хүүхдүүдийнхээ төлөө хамтдаа даваад гарна төлбөрт уян хатан хандаж хүнд байдлыг даван гарья гэж хэлж байсан. Ийнхүү хэлснээс сар гаруй хугацааны дараа сургууль нүүх болсон, мөн төлбөрийг нэмэх болсон гэдгээ мэдэгдсэн. Иймд хүүхдээ шилжүүлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн. Хүүхдийн хичээлийн хоцрогдлыг арилгахын тулд одоог хүртэл багагүй цаг хугацаа мөнгө зарцуулж байна. Миний зүгээс 2019-2020 оны хичээлийн 2-р улирлын төлбөрийг өгөх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Хичээлээ хэрхэн яаж орсноо нотолж өгнө үү. Үлдсэн төлбөр болох 2,000,000 төгрөгийг сургуулийн захиргаатай тохиролцож 2023 оны 7-р сарын 01-нээс барагдуулах боломжтой гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: нэхэмжлэл /хх 1-2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 4/, шүүхэд төлөөлөх итгэмжлэл /хх 5, 34/, Сургууль, суралцагчийн эцэг эх, асран хамгаалагч хоорондын гэрээ, хавсралт /хх 6-14/, Д.***ийн өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 15, 16/, М.***гийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 17/, Харилцагчийн гүйлгээ /хх 18/,***ийн 3а ангийн сурагч М.***гийн 2020-2021 оны сургалтын төлбөр, алдангийн тооцоолол /хх 39/,***ийн 2020-2021 оны хичээлийн жилийн 3а ангийн цахим сургалтын хуваарь /хх 40/, Сурагч М.***гийн боловсролын *** систем дээрх шилжилт хөдөлгөөний мэдээлэл /хх 41/, *** ***-ын э-мэйл /хх 42/.

 

4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: хариу тайлбар /хх 26/.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгчийн зүгээс өөрийн шаардлагын үндэслэлээ ...гэрээгээр сурагч М.***г сургах, боловсрол олгох үүргийг сургууль хүлээж, эцэг, эх, асран хамгаалагч нь сургалтын төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн боловч Д.*** нь гэрээний үүргээ зөрчиж, сургалтын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэж тайлбарласан.

3. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрсөн. Тэрээр өөрийн татгалзлаа ...2019-2020 оны 2-р ангийн хичээлийн нэгдүгээр улирал хичээл танхимаар орж, 2020 оны 2-р улирал хичээл эхлээд долоо хоног болоход боловсролын бүх байгууллагын хичээл каринтилагдсан. Энэ каринтиний хугацаанд хичээл танхим болон цахим аль ч хэлбэрээр орохгүй байсаар хичээлийн жил дууссан гэж үгүйсгэсэн.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хэрэгт нэхэмжлэгч *** болон хариуцагч Д.*** нарын хооронд ***-ны өдөр, ***-ны өдөр тус тус хийгдсэн Сургууль, суралцагчийн эцэг эх, асран хамгаалагч хоорондын гэрээ авагджээ.

 

Дээрх гэрээнүүдээр ***ын ***г 2019-2020 оны хичээлийн жилд***ийн 2 дугаар ангид элсүүлэн сургах, хичээлийн 1 жилийн сургалтын төлбөрийг 4,000,000 төгрөг, 2020-2021 оны хичээлийн жилд мөн сургуулийн 3 дугаар ангид элсүүлэн сургах, хичээлийн 1 жилийн сургалтын төлбөрийг 4,000,000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцсон байна.

 

Талууд Сургууль, суралцагчийн эцэг эх, асран хамгаалагч хоорондын гэрээ байгуулагдсан эсэх талаар, мөн суралцагч М.*** нь 2018-2021 оны хичээлийн жилүүдэд ***д суралцсан болон суралцсан хугацааны төлбөрт нийт 7,500,000 төгрөг төлсөн талаар маргаагүй, харин хариуцагч Д.*** нь 2019-2020 оны 2 дугаар улирлаас эхлэн хичээл танхим болон цахим аль ч хэлбэрээр ороогүй гэж маргасан.

 

Талуудын хооронд 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хийгдсэн***ийн захиргаа, суралцагчдын эцэг эх, асран хамгаалагчдын хооронд хийгдсэн гэрээний агуулгаас үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба нэгэнт нэхэмжлэгч***иас Сургууль, суралцагчийн эцэг эх, асран хамгаалагч хоорондын гэрээ-ний дагуу тодорхой хугацаанд сургалтын үйлчилгээг гүйцэтгэсэн тул хөлсөө шаардах эрхтэй.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчид өөрсдийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа өөрөө шүүхэд цуглуулан гаргаж өгөх үүрэгтэй ба энэхүү үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх зэрэг эрхийг эдэлж оролцдог.

 

Хэдийгээр хариуцагч талаас ...2020 оны 2-р улирал хичээл эхлээд долоо хоног болоход ...хичээл танхим болон цахим аль ч хэлбэрээр орохгүй байсаар хичээлийн жил дууссан гэж тайлбарласан боловч уг тайлбараа нотлоогүй, хариуцагч талын тайлбарыг нотлох баримт хэрэгт байхгүй болно.

 

Иймд хариуцагч Д.***ээс нийт 4,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт нийцнэ гэж шүүхээс үзлээ.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.***ээс 78,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.***ээс 4,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ерөнхий боловсролын *** ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.***ээс 78,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРСҮРЭН