Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2023/01827

 

 

 

 

  2023         10           02                                        210/МА2023/01827

 

 

“Н” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/02864 дугаар шийдвэртэй

“Н” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Б-т холбогдох

4,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амарзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Алдар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Суралцагч М.А нь тус сургуульд 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн элсэн суралцсан бөгөөд түүний ээж Д.Б-тэй сургууль, суралцагчийн эцэг, эх, асран хамгаалагч хоорондын гэрээг байгуулан суралцуулсан. Тус гэрээгээр сурагч М.А-г сургах, боловсрол олгох үүргийг сургууль хүлээж, эцэг, эх, асран хамгаалагч нь сургалтын төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн боловч гэрээний үүргээ зөрчиж, сургалтын төлбөрийг хугацаандаа төлөөгүй. 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр М.А-гийн ээж Д.Б нь 2019-2020 оны сургалтын төлбөр 2,400,000 төгрөг, 2020-2021 оны сургалтын төлбөр 2,000,000 төгрөгийн үлдэгдлийг 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдөр гэхэд гурав хуваан төлж барагдуулна гэж сургуульд бичгээр хүсэлт гаргасан боловч 400,000 төгрөгийг төлсөн. Сургуулийн зүгээс гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, утсаар холбогдож байсан. Иймд хариуцагч Д.Б-ээс сургалтын төлбөрийн үлдэгдэл 4,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний охин М.А 2018-2019 оны хичээлийн шинэ жилд Нд 1 дүгээр ангид элсэн орсон бөгөөд 2019 оны 1 дүгээр анги танхимаар хичээл орсон. 2019-2020 оны 2 дугаар ангийн хичээлийн нэгдүгээр улирлын хичээл танхимаар орж, 2020 оны 2 дугаар улирал хичээл эхлээд долоо хоног болоход боловсролын бүх байгууллагад хөл хорио тогтоосон. Энэ хугацаанд хичээл танхим болон цахим аль ч хэлбэрээр орохгүй байсаар хичээлийн жил дууссан. 2020-2021 оны хичээлийн жил эхлэхэд сургуультай гэрээ хийхдээ өнгөрсөн нэг улирлын хичээлийн төлбөрийг өгөх боломжгүй гэдгээ илэрхийлж байсан. Хүүхдийн сэтгэл зүйн байдал ангийн багш найзуудыгаа санасан удаан хугацааны хөл хорионы дараа шинэ сургуульд дасан зохицохгүй байх бий гэж айн үргэлжлүүлэн сургасан. Сургуулийн зүгээс ч мөн ижил зөвлөмж өгсөн. 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 50 хүрэхгүй хоног танхимаар орж, 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс улс даяар хатуу хөл хорио хичээлийн сургалтын үйл ажиллагааг зогсоосон, тэр даруйдаа цахим хэлбэрээр үргэлжлүүлэн орсон. Хөл хорио эхлэх үед сургуулийн захиргаа эцэг эх багш хамтарсан хурал хийж хүнд байдлыг хүүхдүүдийнхээ төлөө хамтдаа даваад гарна төлбөрт уян хатан хандаж хүнд байдлыг даван гарья гэж хэлж байсан. Ийнхүү хэлснээс сар гаруй хугацааны дараа сургууль нүүх болсон, мөн төлбөрийг нэмэх болсон гэдгээ мэдэгдсэн тул хүүхдээ шилжүүлэхээс өөр аргагүй байдалд хүрсэн. Хүүхдийн хичээлийн хоцрогдлыг арилгахын тулд одоог хүртэл багагүй цаг хугацаа мөнгө зарцуулж байна. Миний зүгээс 2019-2020 оны хичээлээ хэрхэн яаж орсноо нэхэмжлэгч нотлоогүй тул 2 дугаар улирлын төлбөрийг төлөх үндэслэл байхгүй. Харин үлдсэн төлбөр болох 2,000,000 төгрөгийг сургуулийн захиргаатай тохиролцож төлж барагдуулах боломжтой гэжээ.

   

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Б-ээс 4,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-ээс 78,050 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад хууль зүйн хувьд үнэн зөв дүгнэлт хийхгүйгээр хэргийг хэт нэг талыг барьж шийдвэрлэж хариуцагчийн эрх, ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 2020 оны 2 дугаар улирлын хичээл эхлээд долоо хоног болоход боловсролын бүх байгууллагын хичээл каринтилагдсан. Энэ хугацаанд хичээл танхим болон цахим аль ч хэлбэрээр орохгүй байсаар хичээлийн жил дууссан. Хариуцагчаас 2020 оны 2 дугаар улирлаар хичээл орж байсан эсэх баримтыг гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч нэхэмжлэгч талаас уг баримтыг гаргаж өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нь хэзээ, ямар ажил, үйлчилгээний үзүүлсний төлөө хариуцагчаас хөлс шаардаж байгаагаа баримтаар нотлох үүрэгтэй атал энэ үүргээ биелүүлээгүй. Гэтэл шүүх хариуцагчаас нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй атлаа 2020 онд хичээл орсон эсэхийг хариуцагч нотлох үүрэгтэй мэтээр дүгнэж, хариуцагч өөрийн тайлбарыг нотлоогүй гэж дүгнэн улмаар нэхэмжлэлийг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 2,900,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын тайлбар:  Манай зүгээс 2020 оны 11 дүгээр сараас хөл хорио тогтоосон үеэс эхэлж бүх хичээлийг цахимаар орохоор болж сурагчийн өөрийнх нь цахим шуудангаар даалгавар, хичээлийг илгээж байсан. Энэ талаарх нотлох баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн. Мөн анги дэвшилт явагдаж 2 дугаар ангиа төгсөж, 3 дугаар ангид орсноос хойш 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд хичээл, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн үнийн дүнгийн хангасан хэмжээнд болон найруулгын өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч “Н” ХХК нь хариуцагч Д.Б-т холбогдуулан гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 2,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр “Сургууль, эцэг эхийн хооронд хамтарсан” гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр “Н” ХХК нь М.Агийн сургуульд суралцахтай холбогдуулан сургуулийн захиргаа, эцэг эх, асран хамгаалагчийн хооронд харилцан хүлээх эрх үүрэг, хичээлийн жилийн сургалтын төлбөрт 4,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.

 

Гэрээний агуулга, талуудын харилцан хүлээсэн эрх, үүргээс үзвэл Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. /хх-ийн 7-14/

 

3.а.Хариуцагч Д.Б-ийн охин М.А нэхэмжлэгч  “Н” ХХК-ийн сургуульд 2018-2019 онд 1 дүгээр ангид, 2019-2020 онд 2 дугаар ангид, 2020-2021 оны 2 дугаар улирал хүртэл 3 дугаар ангид тус тус суралцсан болох нь хэргийн баримт болон зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

 

Хариуцагч Д.Б нь охин М.А-гийн 2019-2020 оны сургалтын төлбөрт 2,400,000 төгрөг, 2020-2021 оны сургалтын төлбөрт 2,000,000 төгрөг дутуу төлснөөс нэхэмжлэгч “Н” ХХК-д 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 400,000 төгрөг төлж, 4,000,000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн болох нь хэргийн 15 дугаар тал дахь баримт болон талуудын тайлбараар нотлогджээ.

 

Хариуцагч Д.Б охин М.А-гийн 2020-2021 оны сургалтын төлбөрт 2,000,000 төгрөг нэхэмжлэгчид төлөх эсэх нь зохигчдын маргааны зүйл болсон байна. /хх-ийн 18/

 

3.б. Анхан шатны шүүх нотолгооны үүргийн хувиарлалтын талаар буруу дүгнэлт хийснээс болж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байгааг дараах байдлаар залруулах боломжтой.

 

Хариуцагч Д.Б татгалзлаа “нэхэмжлэгч “Н” ХХК-ийг 2020 оны 2 дугаар улирал эхлээд 7 хоног болоход ... хичээл танхим болон цахим аль ч хэлбэрээр орохгүй байсаар хичээлийн жил дууссан” гэж тайлбарласан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан.

 

Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь 2020 оны 2 дугаар улиралд цахимаар хичээл орсон гэх байдлаа баримтаар нотлох учиртай. Нэхэмжлэгч нь хариуцагчийн татгалзлыг баримтаар няцааж чадаагүй нөхцөлд нэхэмжлэлээс 2020 оны 2 дугаар улирлын сургалтын төлбөрт 2,000,000 төгрөгийг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Харин хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас охин М.А-гийн 2019-2020 оны сургалтын төлбөрт 2,000,000 төгрөг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргажээ. /хх-ийн 26/

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч Д.Б-ийн охин М.А-гийн 2019-2020 оны сургалтын төлбөрт 2,000,000 төгрөгийг нэхэмжлэгч  “Н” ХХК-д гаргуулж,  нэхэмжлэлээс үлдэх 2020 оны 2 дугаар улирлын сургалын төлбөр 2,000,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

4. Түүнчлэн, шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Ерөнхий боловсролын” гэдэг үгийг гэж 2 удаа бичигдэж техникийн шинжтэй алдаа гаргасныг зөвтгөнө.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/02864 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх  заалтын “Ерөнхий боловсролын Ерөнхий боловсролын” гэснийг “Ерөнхий боловсролын” гэж, “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Б-ээс 2,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Н” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,000,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, 

2 дахь заалтын “...78,950” гэснийг “...46,950” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Б-ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61,350 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

           

    

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.БАТЗОРИГ

 

                                         ШҮҮГЧИД                                  Ш.ОЮУНХАНД

 

                                                             Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ