Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 102/ШШ2023/03917

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо   тоот “А” ХХК

 

Хариуцагч: Баянгол дүүрэг 19 дүгээр хороо   тоот “М” ХХК 

 

7,425,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Н, хариуцагчийн төлөөлөгч С.А

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Намуун

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан 7,425,000 төгрөг гаргуулахаар шаардсан. Уг шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.1. 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр “М” ХХК-тай оффисын талбай хөлслөх гэрээ байгуулж, Баянгол дүүрэг 2 дугаар хороо *тоотод байрлах барилгын 5 давхарт оффисын зориулалттай 275м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд 1 м.кв талбайг 27,000 төгрөгөөр тооцож 7,425,000 төгрөгийн хөлс төлөхөөр тохирч, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд оффисын талбайг ашигласан.  

 

1.2. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор нэг сарын хөлсний хэмжээтэй тэнцэх 7,425,000 төгрөгийг барьцаа болгож хариуцагч авсан бөгөөд гэрээ дуусгавар болоход буцааж өгнө гэж тохирсон.

 

1.3. Манайх 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нүүж гарахдаа оффисын хананд гаргасан нүхийг бөглөж, эмульс түрхэж хэвийн байдалд нь буцааж оруулсан, гэрээний хугацаанд оффисын дрожийг цэвэрлэх зорилгоор зориулалтын тоос сорогч авч цэвэрлэж байсан, оффис дотроо улавчтай байдаг бөгөөд дрожийг бохирдуулах үндэслэл байхгүй. Иймд гэрээний үүргээ биелүүлж хөлсөө бүрэн төлсөн, хариуцагчид ямар нэг хохирол учруулаагүй тул барьцааны 7,425,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.   

 

2. Хариуцагч “М” ХХК нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

 

2.1. Гэрээний 2.6 дахь хэсэгт “Хөлслөгчийн хүсэлтээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тохиолдолд барьцааны мөнгөний 50 хувийг олгохгүй” гэж заасны дагуу  3,712,500 төгрөгийг буцаан олгох үндэслэлгүй.

 

2.2. Мөн гэрээний 2.6 дахь хэсэгт “Барьцааны мөнгийг гэрээгээр тохиролцсоны дагуу аливаа хохирол төлбөр үүсвэл хохирлын зах зээлийн өртөгт үндэслэн тооцож барагдуулах зорилгоор зарцуулна” гэж заасны дагуу барьцааны мөнгөнөөс зарцуулж хивсэнцэрийг 1,110,000 төгрөгөөр цэвэрлүүлсэн, оффисын хана цоолсон байсныг хэвийн байдалд оруулж засварлах, хагалсан цонхыг шиллэх зардалд 1,240,417 төгрөгийн зардал гарах тооцоог төсөвчнөөр хийлгэсэн. 

 

2.3. Дээрх үндэслэлээр нийт 6,062,917 төгрөгийг буцааж өгөх үндэслэлгүй бөгөөд үлдсэн мөнгийг өгөхөд татгалзахгүй гэжээ.  

 

3. Нэхэмжлэгч талаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: Голомт банкны мемориалын баримт,  2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн оффисын талбай хөлслөх гэрээ, гэрэл зургууд, НӨАТ-ын баримт, зарлагын падаан, төлбөрийн баримт зэргийг гаргаж өгсөн байна.  /ХХ-ийн 6-8, 70-78 дугаар тал/

 

4. Хариуцагчаас дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна. Үүнд: “М” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102 дугаартай албан бичиг, Орших сервисийн төлбөрийн баримт, төсөвт өртгийн нэгдсэн товчоо, цалингийн нэгтгэл, нийт барилгын материалын хэрэгцээ, нийт барилгын машин механизмын хэрэгцээ,  /ХХ-ийн 25-27, 51, 58, 60-64  дугаар тал/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Гэрээний дагуу оффисын талбайг ашиглаж, нүүж гарахдаа хэвийн байдалд буцаан оруулж зохих засвар үйлчилгээг хийсэн, оффисын дрожийг зориулалтын тоос сорогчоор цэвэрлэж байсан бөгөөд хариуцагчид ямар нэг хохирол учруулаагүй тул барьцааны мөнгийг буцааж авахаар шаардаж байна.  

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд: Нэхэмжлэгчийг нүүж гардаг өдөр цастай байсны улмаас дрожийг бохирдуулж цэвэрлэж өгөөгүйгээс хивс цэвэрлэгээний газраар цэвэрлүүлж зардал гарсан, оффисын талбайг өмнөх хэвийн байдалд оруулж өгөх үүргээ биелүүлээгүй засварын ажлыг дутуу хийснээс дараагийн түрээслэгчид шилжүүлэхдээ өөрийн зардлаар засвар хийж зардал гарсан, хөлслөгч талын хүсэлтээр гэрээ цуцлагдсан тохиолдолд барьцааны 50 хувийг буцааж өгөхгүй гэж гэрээгээр тохирсон. Иймд дээрх зардал болон гэрээгээр тохиролцсоны дагуу 6,062,917 төгрөгийг барьцаанаас суутгаж тооцсон, үлдэгдэл мөнгийг өгөхийг зөвшөөрнө гэжээ.  

 

4. Хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1. Зохигчид 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдөр “Оффисын талбай хөлслөх гэрээ” гэсэн нэртэй гэрээг бичгээр байгуулсан байх ба уг гэрээгээр “М” ХХК нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг 2 дугаар хороо  тоотод байршилтай барилгын 5 дугаар давхарт 275м2 талбай бүхий оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг “А” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, “А” ХХК нь хөрөнгийг ашигласан төлбөрт сар бүр 7,425,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээж, гэрээний хугацааг 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл гэж тогтоожээ. /ХХ-ийн 7-8 дугаар тал/      

 

Энэхүү гэрээний агуулга, шинж, нөхцөл, талуудын хүлээсэн эрх, үүргээс дүгнэвэл Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан байна. Өөрөөр хэлбэл дээрх гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн хөрөнгийг оффисын зориулалтаар ашиглаж, ийнхүү ашигласны хөлсийг төлөх үүрэг хүлээсэн байх ба уг эд хөрөнгийг ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах тохиролцоо хийгдээгүй байна. Харин түрээсийн гэрээний хувьд аливаа этгээдэд аж ахуйн үйл ажиллагаа явуулахад нь зориулж тодорхой эд хөрөнгийг эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, нөгөө этгээд нь эд хөрөнгийг ашигласны хөлс төлөх үүргийг хүлээх боловч эд хөрөнгө хөлслөх гэрээнээс ялгагдах гол шинж нь эд хөрөнгийг ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах явдал бөгөөд гэрээний зүйл нь үр шим бий болгох бололцоо бүхий эд хөрөнгө байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

Дээрх гэрээгээр хүлээсэн үндсэн үүргээ биелүүлсэн эсэх асуудлаар талууд маргаагүй ба тэдний маргааны зүйл нь барьцаа гэх 7,425,000 төгрөгийг хөлслөгчид буцааж өгөх эсэх асуудал болсон байна. Нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 7,425,000 төгрөгийг барьцаа хөрөнгө гэж талууд тодорхойлж байх бөгөөд уг мөнгөний 50 хувь болох 3,712,500 төгрөгийг нэхэмжлэгч буюу хөлслөгчийн санаачилгаар гэрээ цуцлагдсан үндэслэлээр буцааж өгөхгүй, үлдсэн нь эд хөрөнгөд учруулсан хохиролд тооцно гэж хариуцагч маргасан. Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор талуудын хороонд дараах тохиролцоог хийжээ. Үүнд: Гэрээний 2.6-д “Хөлслөгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаа мөнгө болгож нэг сарын төлбөртэй тэнцэх төгрөгийг гэрээгээр тохирсон хугацаанд хөлслүүлэгчид шилжүүлнэ. Барьцааны мөнгийг гэрээгээр тохиролцсоны дагуу аливаа хохирол, төлбөр үүсвэл хохирлын зах зээлийн өртөгт үндэслэн үйлдсэн актад заасан үнээр тооцож барагдуулах зорилгоор зарцуулна. Мөн хөлслөгчийн хүсэлтээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тохиолдолд барьцааны мөнгөний 50 хувийг олгохгүй. Хөлслүүлэгч нь гэрээний хугацаа дуусгавар болсон өдөр буюу оффисын талбайг хүлээн авах өдөр энэхүү гэрээний ямар нэгэн заалт зөрчигдөөгүй, аливаа хохирол учраагүй, хөлслөгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд уг барьцаа мөнгийг 100 хувь хөлслөгч талд буцаан олгоно” гэжээ.         

 

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй” гэж барьцааг тодорхойлсон. Өөрөөр хэлбэл барьцааны эрх гэж барьцаалагчид өөрийн шаардлагаа бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс буюу барьцааны эд хөрөнгийг худалдан борлуулах замаар хангуулж авах эрхийг олгодог. Харин гэрээний 2.6-д заасан талуудын тохиролцоо нь барьцааны гэрээний агуулгагүй байхаас гадна мөнгөн хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй буюу барьцааны зүйл болж чадахгүй юм. Талуудын дээрх тохиролцооны агуулга нь хөлслөгчийн урьдчилан төлсөн 7,425,000 төгрөгийг хөлслөгчийн гүйцэтгээгүй үүрэгт тооцох, аливаа хохирлыг барагдуулах хүсэл зоригийг илэрхийлсэн байгаагаас үзвэл Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан дэнчингийн тохиролцоо хийгдсэн гэж үзэхээр байна.  

 

Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1, 233.2 дахь хэсэгт зааснаар дэнчин нь гэрээ байгуулсны нотолгоо болгож гэрээний үүрэгт оролцуулан төлж буй төлбөр бөгөөд үүнийг гэрээ дуусгавар болоход үүргийн гүйцэтгэлд оролцуулан тооцно эсвэл үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгэгчид буцаан олгох үүрэгтэй гэж ойлгоно.    

 

Талуудын эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа нэхэмжлэгчийн хүсэлтээр 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болсон байх ба энэ хүртэл хугацааны хөлс төлөх үүргээ нэхэмжлэгчийг биелүүлээгүй гэж хариуцагч маргаагүй, татгалзлын үндэслэл болоогүй байна. Харин гэрээ дуусгавар болоход оффисын талбайг гэрээ байгуулахаас өмнөх хэвийн байдалд оруулж өгөх үүргээ биелүүлээгүйгээс засвар хийх зардалд 1,240,417 төгрөг, оффисын бохирдуулсан дрожийг цэвэрлүүлсэн зардал 1,110,000 төгрөг, гэрээгээр тохирсоны дагуу дэнчингийн 50 хувь болох 3,712,500 төгрөг нийт 6,062,917 төгрөгийг дэнчингээс тооцож, үлдэгдэл 1,362,083 төгрөгийг өгөхөд татгалзахгүй гэжээ.    

 

Хариуцагч нь учирсан хохиролтойгоо холбогдуулан засвар хийх зардлын тооцоог төсөвчнөөр хийлгэсэн гэж баримт гаргасан бөгөөд уг төсвөөр цонх шиллэх, жижиг нүх бөглөх, ханыг цемент шохойн зуурмагаар гараар сайн чанартай шавардах, хананд замаскан тэгшилгээ 2 үе хийх, хана эмульсэн будгаар гар аргаар 2 үе будах ажлыг 1,240,417 төгрөгөөр хийж гүйцэтгэх зардлын тооцоо гаргасан байна. Уг тооцоог хийхдээ засварын ажлын хэмжээг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй, талуудын маргаж буй оффисын засварын ажлын тооцоо мөн эсэх нь тодорхойгүйгээс тухайн төсвийн тооцоог бүхэлд нь үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байна. Мөн хариуцагч нь нэхэмжлэгчийн хийгээгүй үлдээсэн гэх засварыг өөрийн зардлаар гүйцэтгэсэн гэж тайлбарласан атлаа тухайн засварын ажлын зардалтай холбогдох баримт гаргаж өгөөгүй болно. Иймд хариуцагчид бодитоор 1,240,417 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх баримтгүй байна.

 

Мөн Орших сервис хивс цэвэрлэгээний газрын үнийн санал бүхий баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн ба уг баримтад 370м2 талбайтай хивсийг 1м2-ын үнийг 3,000 төгрөгөөр тооцож нийт 1,110,000 төгрөг болохыг тодорхойлжээ. Энэхүү баримт нь 370м2 талбайтай хивсийг 1,110,000 төгрөгөөр цэвэрлэх болохыг санал болгож байгаа үнэ бөгөөд нэхэмжлэгчийн ашиглалтад байсан 275м2 талбай бүхий оффисын дрожийг /хивсэнцэр/ цэвэрлэсэн, ийм хэмжээний зардал хариуцагчаас гарсан болохыг нотлохгүй байна.   

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас өөрт нь хохирол учирсан болохоо нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг татгалзаж буй тайлбар, үндэслэл түүнтэй холбоотой баримтыг нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэв.

 

Гэрээний талууд хууль болон гэрээнд заасан үндэслэлээр гэрээг хугацааны өмнө цуцлах эрхтэй бөгөөд гэрээ цуцлагдсан нь хэний буруутайгаас үл хамааран дэнчингийн 50 хувийг буцаан олгохгүй гэж тохирсон нь хөлслөгчийн гэрээ цуцлах эрхийг хязгаарлаж агуулгаараа хууль зөрчсөн байна. Талууд гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй боловч  гэрээний тэгш эрхийн зарчимд үндэслэх бөгөөд энэ нь хэн аль талынхаа эрхийг зөрчөөгүй, хязгаарлаагүй буюу хэн хэндээ хохиролтой нөхцөл байдлыг бий болгоогүй байх нь хуульд нийцнэ. Иймд гэрээний 2.6-д “хөлслөгчийн хүсэлтээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тохиолдолд барьцааны мөнгөний 50 хувийг олгохгүй” гэж зааснаар дэнчингийн 50 хувийг хариуцагч өөртөө үлдээх эрхгүй.      

 

Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас дэнчингийн 7,425,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.  Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас 7,425,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,750 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 133,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах  эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Т.ГАНДИЙМАА