Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/00041

 

 

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/00041

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2023/03917 дугаар шийдвэртэй

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

М ХХК-д холбогдох,

7,425,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Бямбасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч А.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, хариуцагчийн өмгөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр М ХХК-тай оффисын талбай хөлслөх гэрээ байгуулж, Баянгол дүүрэг ** дугаар хороо Сөүлийн гудамжны **/* тоотод байрлах барилгын ** давхарт оффисын зориулалттай 275 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэлх хугацаанд 1 м.кв талбайг 27,000 төгрөгөөр тооцож 7,425,000 төгрөгийн хөлс төлөхөөр тохирч, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд оффисын талбайг ашигласан.

1.1. Дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор нэг сарын хөлсний хэмжээтэй тэнцэх 7,425,000 төгрөгийг барьцаа болгож авсан бөгөөд гэрээ дуусгавар болоход буцааж өгнө гэж тохирсон.

1.2. Манайх 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нүүж гарахдаа оффисын хананд гаргасан нүхийг бөглөж, эмульс түрхэж хэвийн байдалд нь буцааж оруулсан, гэрээний хугацаанд оффисын дрожийг цэвэрлэх зорилгоор зориулалтын тоос сорогчоор цэвэрлэж байсан, оффис дотроо улавчтай байдаг бөгөөд дрожийг бохирдуулах үндэслэл байхгүй.

Иймд гэрээний үүргээ биелүүлж хөлсөө бүрэн төлсөн, хариуцагчид ямар нэг хохирол учруулаагүй тул барьцааны 7,425,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Манай компанийн өмчлөлийн Баянгол дүүргийн ** дугаар хороо, Сөүлийн гудамж **/* тоот хаягт оффис, үйлчилгээний барилгад офисын талбайнуудыг А ХХК нь хөлсөлж байсан. Бидний хооронд байгуулагдсан оффиссын талбай хөлсөх гэрээний 2.6 дахь хэсэгт заасан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлгүй байна.

2.1. Оффисын талбай хөлсөх гэрээний 2.6-д хөлслөгчийн хүсэлтээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тохиолдолд барьцааны мөнгөний 50 хувийг олгохгүй гэж заасны дагуу 3,712,500 төгрөгийг буцаан олгох үндэслэлгүй.

Мөн гэрээний 2.6-д Барьцааны мөнгийг гэрээгээр тохиролцсоны дагуу аливаа хохирол төлбөр үүсвэл хохирлын зах зээлийн өртөгт үндэслэн тооцож барагдуулах зорилгоор зарцуулна гэж заасны дагуу барьцааны мөнгөнөөс зарцуулж, хивсэнцэрийг 1,110,000 төгрөгөөр цэвэршүүлсэн, оффисын хана цоолсон байсныг хэвийн байдалд оруулж засварлах, хагалсан цонхыг шиллэх зардалд 1,240,417 төгрөгийн зардал гарах тооцоог төсөвчнөөр хийлгэсэн.

2.2. Дээрх үндэслэлээр нийт 6,062,917 төгрөгийг буцааж өгөх үндэслэлгүй бөгөөд үлдсэн мөнгийг өгөхөд татгалзахгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М ХХК-иас 7,425,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,750 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 133,750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг буруу тодорхойлсон, Иргэний хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

4.1. Талуудын хооронд 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр байгуулагдсан Оффисын талбай хөлслөх гэрээ нэртэй гэрээг шүүх Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж буруу дүгнэсэн байна. Нэхэмжлэгч нь мэдээллийн технологийн үйл ажиллагаа, вэб сайт хийх зэрэг чиглэлээр бизнесийн үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө хуулийн этгээд юм. Нэхэмжлэгч нь хариуцагчийн оффисын талбайг өөрийн дүрэмд заасан зорилгоо биелүүлэх буюу ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах зорилгоор ашигласан тул талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна. М ХХК нь түрээсийн талбай байрлах барилгын 5-р давхарын 306 м.кв талбайн өмчлөгч бөгөөд нэхэмжлэгчид 275 м.кв талбайг түрээслүүлсэн тул түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага байхгүй юм.

Хариуцагч нь гэрээний 2.6 дахь заалтад зааснаар нэг сарын төлбөртэй тэнцэх мөнгийг нэхэмжлэгчээс барьцаа болгож авсан. Гэтэл анхан шатны шүүх уг заалтыг Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан барьцааны гэрээний агуулгагүй байхаас гадна мөнгөн хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй буюу барьцааны зүйл болж чадахгүй, харин Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан дэнчингийн тохиролцоо хийгдсэн гэж дүгнэжээ. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасан бөгөөд талуудын хүсэл зориг нь нэг сарын төлбөртэй тэнцэх мөнгийг барьцаанд өгөх байсан, мөн барьцааны тохиролцоо нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан бичгээр байгуулах шаардлагыг хангасан тул шүүх барьцааны талаар буруу дүгнэсэн байна. Мөн шүүх гэрээ цуцлагдсан нь хэний буруутайгаас үл хамааран дэнчингийн 50 хувийг буцаан олгохгүй гэж тохирсон нь хөлслөгчийн гэрээ цуцлах эрхийг хязгаарлаж, агуулгаараа хууль зөрчсөн байна, иймд гэрээний 2.6-д зааснаар дэнчингийн 50 хувийг хариуцагч өөртөө үлдээх эрхгүй гэж дүгнэжээ. Гэрээний 2.6, 5.4-д тус тус заасан нь Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1 дэх хэсэгт заасантай нийцүүлсэн зохицуулалт байсан.

4.2. Нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний хугацаа нь 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байсан бөгөөд гэрээний 2.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дуусахаас өмнө үргэлжлүүлэн 1 жилийн хугацаагаар гэрээг сунгах хүсэлтээ амаар хэлснийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн боловч талууд гэрээний хугацааг сунгасан баримт үйлдэж амжаагүй байсан. Гэтэл нэхэмжлэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нүүхээсээ 1 сарын өмнө амаар нүүх болсноо мэдэгдсэн бөгөөд шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэгчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102 дугаартай гэрээ цуцлах мэдэгдлийг хариуцагч хүлээж аваагүй, шүүхэд анх удаа харсан болно. Энэ баримтыг хариуцагчид хэзээ хүлээлгэж өгсөн ямар нэг баримт нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч нь гэрээний 5.4-д заасан, хөлслөгч өөрийн санаачилгаар гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар бол 2 сарын өмнө хөлслүүлэгчид бичгээр мэдэгдэх үүргээ зөрчсөн тул хариуцагч нь барьцааны мөнгөний 50 хувь болох 3,712,500 төгрөгийг өөрийн хохиролд тооцон суутган авах эрхтэй юм.

Мөн хариуцагч нь 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нүүж гарахад цас орж байсны улмаас түрээсийн талбайн хивсэнцэр шавар шавхайтай, бохирдолтой болж үлдсэн. Энэ бохирдлыг нэхэмжлэгч нь цэвэрлэж өгөхөөр амласан боловч 10 хоног хүлээгээд ирээгүй тул 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч нь мэргэжлийн хивс цэвэрлэгээний байгууллагаар 1,110,000 төгрөгөөр цэвэрлүүлсэн. Мөн нэхэмжлэгчийн түрээсийн байранд учруулсан хохирлыг арилгахын тулд хийх шаардлагатай засварын ажлууд нь цонх шиллэх, жижиг нүх бөглөх, ханыг цемент шохойн зуурмагаар гараар шавардах, хананд замаскан тэгшилгээ 2 үе хийх, хана эмульсэн будгаар 2 үе будах зэрэг байгаа бөгөөд уг засварын ажлуудыг хийж гүйцэтгэхэд шаардлагатай зардлын төсвийг мэргэжлийн байгууллага түрээсийн байранд үзлэг хийж, хохирлын бодит байдалд үндэслэн хийсэн байхад шүүх уг нотлох баримтыг бодитой, үнэн зөв талаас нь үнэлээгүйд гомдолтой байна.

Хариуцагч нь өөрт учирсан хохирол 6,062,917 төгрөгийг барьцаанаас хасч, үлдэгдэл 1,362,083 тогрөгийг буцаан өгөхийг шүүх хуралдаанд зөвшөөрсөн болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт, хариуцагчаас гаргуулах мөнгийг 6,062,917 төгрөгөөр багасгаж, 1,362,083 төгрөг болгон өөрчилж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр гэдэгт талууд маргаагүй.

5.1. Анхан шатны шүүх талуудын хооронд эд хөрөнгө түрээслэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн. Мөн талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө түрээслэх гэрээ байгуулсан. Нэхэмжлэгчээс 7,425,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч гэрээг хүчин төгөлдөр эсэх асуудлаар талуудын хэн аль нь маргаагүй. Анх дэнчин авахаар тохиролцсон атлаа гэрээг хугацаанаасаа өмнө цуцалсан тохиолдолд дэнчингийн 50 хувийг өгөхгүй гэж үзсэн нь хууль зөрчсөн мөн гэрээг цуцлах талаар 2 сарын өмнө мэдэгдэх ёстой учраас нэхэмжлэгчээс амаар болон бичгээр мэдэгдсэн. Гэрээ цуцлах талаарх албан бичгийг хүргүүлсэн талаар хариуцагчийн зүгээс маргаагүй.

5.2. Хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд гэрээ цуцлах талаар мэдэгдэл өгөөгүй гэж тайлбарласан нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгчээс хариуцагчид гэрээг цуцлах талаар бичгээр мэдэгдсэн. Барьцаа төлбөрөөс 3,712,500 төгрөгийг суутган авсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Мөн нэхэмжлэгчийн зүгээс тухайн түрээсийн талбайн хивсэнцрийг цэвэрлэж өгсөн. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн түрээсийн талбайг цэвэрхэн байлгахын тулд хивс цэвэрлэгээний машин 1,000,000 гаруй төгрөгөөр худалдаж авсан гэх нотлох баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн. Хариуцагчийн зүгээс тухайн түрээсийн талбайн цонх хагалсан, хана цоолсон, хананд нүх гаргасан гэдгийг нотлох баримтыг хэрэгт хавсаргаж өгөөгүй. Иргэний хуулийн 25 дугаар зүйлд зааснаар тайлбар татгалзлаа хариуцагч нотолж чадаагүй. Хариуцагчийн зүгээс тухайн түрээсийн талбайд үнэлгээ хийлгэсэн гэх баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн. Тухайн үнэлгээний дүгнэлтийг анхан шатны шүүхээс нотлох баримтаар үнэлсэн. Уг үнэлгээний дүгнэлтэд үндэслэж, тухайн түрээсийн талбайн хана цоолсон, цонх хагалсан, хананд нүх гаргасныг үнэлэх боломжгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд 6,062,917 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч М ХХК-д холбогдуулан 7,425,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч 1,602,500 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

3. Талууд 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Оффисын талбай хөлслөх гэрээ-г байгуулж, уг гэрээгээр М ХХК нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, ** дугаар хороо, Сөүл гудамж, **/* тоотод байрлалтай барилгын 5 давхарт 275 м.кв талбай бүхий оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг А ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, нэхэмжлэгч нь хөрөнгийг ашигласан төлбөрт сар бүр 7,425,000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн, нэхэмжлэгч нь ажилчдын тоо нэмэгдэж, түрээсийн талбай ажилчдад хүрэлцэхгүй болсоны улмаас 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102 дугаар албан бичгээр түрээсийн гэрээг цуцлах санал хариуцагчид гаргасан, талууд түрээсийн гэрээг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр цуцалж, нэхэмжлэгч түрээсийн талбайг хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон байна.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа гэж буруу тодорхойлжээ. Учир нь гэрээний зүйл оффисын талбай байх ба худалдааны зуучлал, мэдээлэл технологийн үйл ажиллагаа, вэбсайт хийх, компьютерийн зөвлөгөө өгөх болон компьютерийн системийн чиглэлээр иж бүрэн үйлчилгээ үзүүлэх аж ахуйн үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд зориулж түрээсэлсэн байна. Нэхэмжлэгч ашиг орлого олох буюу аж ахуй эрхлэх зорилгоор уг гэрээг байгуулсан тул талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. Иймд шүүх гэрээний харилцааг Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ гэж буруу дүгнэсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй тул давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар залруулан дүгнэх нь зүйтэй.

Түрээсийн зүйл нь оффис, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 5 дугаар давхрын 275 м.кв талбай тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлага тавигдахгүй.

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ дуусгавар болсон учраас барьцаа төлбөрөө буцаан шаардах эрхтэй гэж тодорхойлжээ.

Талуудын хооронд байгуулагдсан Оффисын талбай хөлслөх гэрээ-ний 2.6-д Хөлслүүлэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаа мөнгө болгож нэг сарын төлбөртэй тэнцэх төгрөгийг гэрээгээр тохирсон хугацаанд хөлслүүлэгчид шилжүүлнэ. Барьцааны мөнгийг гэрээгээр тохиролцсоны дагуу аливаа хохирол, төлбөр үүсвэл хохирлын зах зээлийн өртөгт үндэслэн үйлдсэн актад заасан үнээр тооцож барагдуулах зорилгоор зарцуулна. гэж заасан.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт зааснаар энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэх бөгөөд 288 дугаар зүйлийн 288.2.2-т зааснаар хөлслөгч хөлслөн авсан эд хөрөнгийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгахгүй байх үүргээ биелүүлээгүйгээс хөлслүүлэгч нь өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

5.1. Нэхэмжлэгч оффисын талбайг ердийн элэгдлээс илүү муутгасан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна. Хариуцагч засварын ажлын төсөв болон засвар хийсэн гэх гэрэл зургуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн хэдий ч эдгээр баримт нь нэхэмжлэгч оффисын талбайг ердийн элэгдлээс илүү муутгасан гэдгийг нотлохгүй тул шүүх нотлох баримтыг бодитой, үнэн зөв талаас нь үнэлээгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.2. Хариуцагч нь нэхэмжлэгчийн бохирдуулсан хивсэнцрийг цэвэрлүүлэхэд гарсан зардал 1,110,000 төгрөгийг барьцааны мөнгөнөөс хасч тооцуулна гэж маргаж, О ХХК-ийн төлбөрийн баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгчээ. /хх-58/ Нэхэмжлэгч 275 м.кв хэмжээтэй талбай түрээсэлсэн байхад О ХХК-ийн төлбөрийн баримтад 370 м.кв хэмжээтэй хивс цэвэрлэсэн гэсэн байх тул уг нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай гэж үзэх үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

5.3. Түрээсийн гэрээний 2.6-д Мөн хөлслөгчийн хүсэлтээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тохиолдолд барьцааны мөнгөний 50 хувийг олгохгүй гэж заажээ.

Түрээсийн гэрээг 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай байгуулсан, гэрээний хугацаа 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдөр дууссан боловч 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл гэрээний харилцаа үргэлжилсэн талаар талууд маргаагүй. Иймд зохигчийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт зааснаар тодорхой бус хугацаагаар тухайн нөхцлөөр сунгасанд тооцно.

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна.

Түрээсийн гэрээний 2.6 дахь заалт нь түрээслэгчийн хүсэлтээр гэрээг нэг жилийн хугацаанаас өмнө цуцлах тохиолдолд хэрэгжих бөгөөд түрээслэгч гэрээний хугацаа дууссанаас хойш гэрээ цуцлах санал гаргасан байна. Иймд гэрээний 2.6-д зааснаар барьцааны мөнгөний 50 хувийг буцаан олгохгүй гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Гэрээний 2.1-д гэрээний хугацаа дуусгавар болоход талууд үргэлжлүүлэн хамтран ажиллах хүсэлтэй бол гэрээг талуудын тохиролцсон хугацаагаар сунгахаар, 5.12-д гэрээний аливаа зүйлд нэмэлт өөрчлөлт оруулахдаа талууд хоорондоо бичгээр мэдэгдэж харилцан зөвшилцсөний үндсэн дээр нэмэлт өөрчлөлтийг бичгээр үйлдэн гэрээнд хавсаргахаар тус тус заажээ. Гэрээний хугацааг сунгасан талаарх баримт хэрэгт авагдаагүй тул талууд гэрээний хугацааг нэг жилээр сунгахаар амаар тохиролцсон гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгч нь ирээдүйд учруулж болзошгүй хохирол төлбөрийг төлөхөө нотолж, нэг сарын түрээсийн төлбөртэй тэнцэх мөнгө төлснийг Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан дэнчин төлсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Нэхэмжлэгчид хохирол төлбөрийг барагдуулах үүрэг үүсээгүй тул хариуцагч дэнчинд авсан 7,425,000 төгрөгийг буцаан өгөх үүрэгтэй. Анхан шатны шүүх дэнчин 7,425,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв тул шүүх барьцааны талаар буруу дүгнэсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлээс 6,062,917 төгрөгийг хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 102/ШШ2023/03917 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

Д.БЯМБАСҮРЭН