Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2023/02278

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2023/02273

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Зүмбэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: М.С

 

Нэхэмжлэгч: Б.Ц

 

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-3, өөрийн байранд байрлах Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

 

.....гурван өрөө, орон сууцны зориулалттай,..... эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ШГ23-02 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах болон орон сууцыг худалдсан 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, түүний өмгөөлөгч Б.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 3087 дугаар шийдвэрээр М ХХК, Г.Л, С.Ч, Б.Ц, Г.Н, М.С нараас 434,598,362 төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан ... дугаар бүртгэлтэй, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 127,229,700 төгрөгөөр үнэлгээ тогтоосон байдаг бөгөөд дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. 1. Шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Л-н 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 1/7 дугаар шинжээч томилох тухай тогтоолд Ц.Т-г шинжээчээр томилсон байдаг. Гэтэл орон сууцыг үнэлсэн тухай 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ШГ23-02 дугаартай шинжээчийн дүгнэлтийг хөрөнгийн үнэлгээний Д ХХК хийж гүйцэтгэсэн байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1.10-т үнэлгээний хуулийн этгээд гэж хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан компанийг, 3.1.11-т үнэлгээчин гэж энэ хуулийн 15.1 дэх хэсэгт заасан үнэлгээ хийх эрх авсан иргэний хэлнэ гэж тус тус заасан бөгөөд үнэлгээний хуулийн этгээд, үнэлгээчин нар тус тусдаа эрх зүйн байдал нь тодорхойлогдсон байна. Эрхийн гэрчилгээ олгох шалгуур, тавигдах шаардлага зэрэг нь ялгаатай хуульчлагдсан. Мөн тус хуулийн 8.4-т хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин, эсхүл үнэлгээний хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулсан байна гэж заасны дагуу хөрөнгийн үнэлгээний тайлангийн хэлбэрийн шаардлагыг тодорхойлсон бөгөөд үнэлгээчин хийх тохиолдолд үнэлгээчин гарын үсэг зурах, хуулийн этгээд хийсэн тохиолдолд гүйцэтгэх захирал болон үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулах шаардлага тавьсан. Энэхүү үнэлгээний тайлангаас харахад Дамно ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийж гүйцэтгэсэн байх тул шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд дурдсан шинжээч Түвшинцэнгэл үнэлгээний тайлан гаргаагүй болох нь харагдаж байна. Иймд шинжээчийн тогтоолд дурдаагүй шинжээч үнэлгээ гаргасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчийн томилсон шинжээч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож, үнэлгээ гаргах тухай заалтыг ноцтой зөрсөн байна. 2. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1.9-д үнэлгээний тайлан гэж холбогдох хууль тогтоомж болон үйлчлүүлэгч, захиалагчтай хийсэн гэрээний дагуу үнэлгээчний бэлтгэн гаргасан, үнэлгээний зорилго, үнийн суурь, он, сар, өдөр, хэрэглэсэн хандлага, арга, ашигласан мэдээллийн эх сурвалж, дэвшүүлсэн төсөөлөл, үнийн талаарх дүгнэлт зэргийг багтаасан баримт бичгийг хэлнэ, мөн хуулийн 8.2, 8.3 дахь хэсэгт үндэсний болон олон улсын стандарт шаардлагад нийцүүлэн гаргах ёстой бөгөөд зөвхөн зах зээлийн ханшид үндэслэж үнэлгээ хийх нь учир дутагдалтай байна. Шинжээч бол тусгай мэдлэг бүхий, тусгай зөвшөөрөлтэй этгээд хийж байгаа бөгөөд иргэн бид нар шиг худалдааны сайт руу ороод үнийг хараад, дундаж үнээр үнэлгээг гаргах нь мэргэжлийн бус бөгөөд ямар ч аргачлал ашиглаагүй, стандартад үл нийцэж байна. Шинжээчийн дүгнэлтээс харахад хөрөнгө үнэлгээний тайланд ямар баримт, мэдээлэлд үндэслэж, ямар аргачлалаар хөрөнгийн үнэлгээ хийсэн эсэх нь тодорхойгүй, хаанаас ямар арга замаар олж авсан эсэх нь нотлогдоогүй байна. Үнэлгээчин биднээс ямар ч санал, мэдээлэл, баримт бичиг аваагүй болно. Дээр дурдсан зүйлсийг нарийн тодорхойлоогүй, зарим хэсгийг тодорхойлсон ч түүнийгээ нотлох баримтыг тайланд хавсаргаагүй атлаа зах зээлийн ханшаар манай байрыг үнэлсэн нь үндэслэлгүй байна. Мөн тухайн үл хөдлөх хөрөнгө нь 5 давхрын угсармал байр бөгөөд хотын төвд ойрхон, аймгийн захиргаа, соёлын ордон, үйлчилгээний төвүүдийн хажууд аймгийн төвийн хамгийн үнэ цэнтэй байрлалд байрладаг зэргийг огт харгалзаагүй байгаа болно. Энэ бүсэд иргэд бидний үнэлгээгээр гэхэд ихэнх байрууд 300,000,000 төгрөгөөс 400,000,000 төгрөгийн үнэтэй байхад миний үл хөдлөх хөрөнгийг 127,229,700 төгрөгөөр үнэлсэн нь хэтэрхий бага үнийн дүнгээр үнэлсэн байна. 3. 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр эд хөрөнгө хураах тогтоол болон шинжээч томилсон тогтоолыг танилцуулаагүй бөгөөд зөвхөн Б.Ц-д танилцуулсан байгаа нь өмчлөгч М.С миний өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн ажиллагаа явагдаж байна. Иймээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хууль зөрчин ... 3 өрөө орон сууцыг үнэлсэн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ШГ23-03 дугаартай үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

Мөн дээрх байдлаар үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үргэлжлүүлэн анхны дуудлага худалдааг 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 10 цагт зохион байгуулж, миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 93,060,790 төгрөгөөр худалдсан байна. Ингэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүчин төгөлдөр үнэлгээчний үнэлгээнд үндэслэхгүйгээр дуудлага худалдааг зохион байгуулсан байна. Дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүргүүлсэн байдаг бөгөөд дуудлага худалдаанд оролцох эрхээр хангаагүй байдаг. Дуудлага худалдааны ялагч тодорхойгүй, үнийг бүрэн төлсөн эсэх болон эд хөрөнгө чөлөөлөх хугацааг тодорхой заагаагүй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14 дэх хэсэгт заасны дагуу анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 3087 дугаар шийдвэрээр М ХХК, Г.Л, С.Ч, Б.Ц, Г.Н, М.С нараас 434,598,362 төгрөг гаргуулж Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч М.С-н үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын ... дугаарт бүртгэлтэй, .... 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/6 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Д ХХК-ийн үнэлгээчин Ц.Т-г шинжээчээр томилон үнэлгээ тогтоолгоход үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар 127,229,700 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг төлбөр төлөгч М.С, хамтран өмчлөгч Б.Ц нарт 2023 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 4-145/01010 дугаартай албан бичгээр тайланг хавсарган Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар баталгаат шуудангаар хүргүүлж холбоо барих утсаар мэдэгдэж, тэмдэглэл хөтөлсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд гаргасан тайлбартаа: ... хариуцагч нарт холбогдох төлбөрийн үлдэгдэл 344,598,362 төгрөг байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д зааснаар үнэлгээчин гэж хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага нь энэ хуулийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу шалгалтын дүнг үндэслэн үнэлгээчний эрхийг иргэнд гурван жилийн хугацаагаар олгоно гэж заажээ. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээ хийх эрхтэй этгээд болох үнэлгээчин Ц.Т-г шинжээчээр томилсон нь хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Үнэлгээчин нь хөрөнгийн үнэлгээний тайланг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3.1.9-д заасны дагуу бэлтгэн гаргаж, гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулан ирүүлсэн байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээний тайланд үнэлгээчин эсхүл үнэлгээний хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, үнэлгээчин гарын үсэг зурж, тэмдэг даран баталгаажуулна гэж зохицуулсан тул ирүүлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан нь дээрх шаардлагыг хангасан гэж үзэж байна. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас М.С-т мэдэгдэл хүргүүлж байсан байна. 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг баталгаат шуудангаар, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол болон 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө хураах тогтоолыг гэр бүлийн насанд хүрсэн гишүүн болох эхнэр Б.Ц-д, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 4-145/01010 дугаартай зах зээлийн үнэлгээ тогтоосон мэдэгдлийг баталгаат шуудангаар тус тус мэдэгдсэн байна. Эдгээр баримтаас харахад М.С-т шийдвэр гүйцэтгэх ажиллагааг огт мэдэгдээгүй гэдэг нь үндэслэлгүй байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд эд хөрөнгө хураах тогтоол, шинжээч томилсон тогтоолыг эд хөрөнгийн хамтран өмчлөгч этгээдэд заавал танилцуулсан, мэдэгдсэн байхаар заагаагүй байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлагын аль хэсгийг зөрчсөний улмаас шинжээчийн үнэлгээ хүчингүй гэж үзэж буй нь тодорхой бус байна. Түүнчлэн хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 10.1.3-д заасны дагуу уг үнэлгээг хүчингүй болгуулахаар мэргэжлийн байгууллагад нь гомдол гаргаагүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4. Нэхэмжлэгчээс ... аймгийн шуудангийн үйлчилгээний газрын 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/11 дугаар тодорхойлолт /хх 7/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 4-145/01010 дугаартай үнэлгээ мэдэгдэх тухай албан бичиг /хх 9/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1845 дугаартай зохигчийн эвлэрлийг баталсан тухай шүүгчийн захирамж /хх 11-13/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 4-145/2664 дугаартай дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдэл /хх 31/, 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол /хх 32/ зэрэг баримтуудыг, хариуцагчаас гуравдагч этгээдийн гаргасан баримтаас /86-98/ гадна хас банкны 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 2б/2350 дугаартай хүсэлт /хх 99/, 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 22370517 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /хх 100/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 4-145/13055 дугаартай албан бичиг болон тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 101/, Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 22370517/145-3, 22370517/145-4 дугаартай тогтоолууд /хх 102/, ... эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар /хх 103/, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх 104/, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл /хх 105/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2-145/17175 дугаартай албан бичиг /хх 106/, 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 22370517/05 дугаартай шийдвэр гүйцэтгэгчийн даалгавар /хх 107/, Шийдвэр гүйцэтгэх албаны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03/3132 дугаар албан бичиг /хх 108/, Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01/2056 дугаар албан бичиг /хх 109/, 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 110/, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх 111/, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 112/, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх 113/, 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 114/, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүчингүй болгох тухай тогтоол /хх 115/, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 22370517/11 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол /хх 116/, 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 117/, 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 1/6 дугаар шинжээч томилох тухай тогтоол /хх 118-121/, Д ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 122-139/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 4-145/01010 дугаартай үнэлгээ мэдэгдэх тухай албан бичиг болон мөн өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /хх 140/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 4-145/01012 дугаартай төлбөр авагчид хөрөнгийн үнэлгээ мэдэгдэх тухай албан бичиг /хх 141/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 4-145/2664 дугаартай, анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдэл болон албадан дуудлага худалдаа явуулах тогтоол /хх 142/, 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн албадан дуудлага худалдааны зар /хх 145/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон анхны албадан дуудлага худалдааны 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэл /хх 146/ зэрэг баримтуудыг, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 0711 дугаартай гүйцэтгэх хуудас /хх 49-50/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 7699 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж /хх 51-52/, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 320 дугаартай гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоол /хх 53/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар магадлал /хх 54-64/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 3087 дугаар шийдвэр /хх 66-72/, гуравдагч этгээдийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан хүсэлт /хх 164/, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн барьцааны гэрээ /хх 165-184/ зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүх хариуцагчийн хүсэлтээр гэрчээр Ц.Т-г асуусан /хх 198-201/ байна.

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

5. Шүүхээс нэхэмжлэгч нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

6. Нэхэмжлэгч нар нь үнэлгээг шинжээчээр томилогдоогүй этгээд гаргасан, зах зээлийн ханшнаас доогоор үнэлэгдсэн, эд хөрөнгө хураах тогтоол болон шинжээч томилсон тогтоолыг нэхэмжлэгч М.С-т мэдэгдээгүй, үнэлгээтэй холбоотой шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад анхны албадан дуудлага худалдаа явуулсан, дуудлага худалдаанд оролцох эрхээр хангаагүй тул ... үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ШГ23-02 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах болон орон сууцыг худалдсан 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1845 дугаартай зохигчийн эвлэрлийг баталсан тухай шүүгчийн захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 3087 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 142 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 320 дугаартай гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай тогтоолоор М ХХК, Г.Л нар нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1845 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу 434,598,362 төгрөгийг нэхэмжлэгч Х ХХК-д төлөх үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд ... М.С-н өмчлөлийн ... 3 өрөө орон сууцыг ... худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

 

8. Дээрх шийдвэрийг хариуцагч М ХХК, Г.Л нар сайн дураар биелүүлээгүйгээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 0711 дугаартай гүйцэтгэх хуудас, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 7699 дугаартай шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр үүсгэж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 7 хоногоор тогтоож, уг тогтоосон хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс барьцаа хөрөнгийг битүүмжлэх, хураан авах ажиллагааг хийсэн байна. Эд хөрөнгө хураах тухай тогтоолыг төлбөр төлөгчийн эхнэр буюу эд хөрөнгийн хамтран өмчлөгчид мэдэгдэж, уг ажиллагааг мөн өдрийн тэмдэглэлээр баталгаажуулжээ. Энэхүү ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үйл явц, үр дүнг баталгаажуулах зорилгоор тэмдэглэл үйлдэнэ, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт Шаардлагатай тохиолдолд энэ хуулийн 14.1-д заасан мэдэгдэх хуудсыг утас, ... мэдэгдэж болно., мөн зүйлийн 14.6 дахь хэсэгт Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих хүн оршин суугаа газар, эсхүл ажлын байрандаа байхгүй бол мэдэгдэх хуудсыг түүний хамт амьдардаг арван найман насанд хүрсэн хүн, ...хүлээлгэн өгч, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна гэж заасантай нийцэж байна. Иймд нэхэмжлэгч М.С-н эд хөрөнгө хураах тогтоол болон шинжээч томилох тогтоолыг танилцуулаагүй бөгөөд зөвхөн Б.Ц-д танилцуулсан байгаа нь өмчлөгчийн эрхийг ноцтой зөрчиж байна гэсэн талаарх тайлбар үндэслэлгүй болжээ.

 

9. Шийдвэр гүйцэтгэгч нь ... эд хөрөнгийг битүүмжилж, төлбөр төлөх хугацааг дахин 2022 оны 12 дугаар сарын 22-ний өдрөөс 7 хоногоор тогтоосон боловч төлбөр төлөгдөөгүй байна.

 

10. Иймээс Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч нараас үнийн санал авсан боловч үнийг тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1/6 дугаар тогтоолоор шинжээчээр Ц.Т-г томилж, үнэлгээ тогтоолгожээ.

 

11. Шинжээч Ц.Т нь ... эд хөрөнгийг нийт 127,229,700 төгрөгөөр үнэлж, хөрөнгийн үнэлгээний тайланг Д ХХК-ийн нэрээр ирүүлсэн байна. Энэ нь тусгай мэдлэггүй этгээд дүгнэлт гаргасан эсхүл шинжээчээр томилогдоогүй этгээд үнэлгээ гаргасан гэсэн үндэслэлд хамаарахгүй тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан тайлбар үндэслэлгүй юм.

 

12. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд хөрөнгийн үнэлгээг үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний стандарт, хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлохоор заасан.

 

Шинжээч хөрөнгийн үнэлгээг Д ХХК-ийн 2007 оноос 2022 оны мэдээллийн баазад тулгуурлан харьцуулалт хийж, хөрөнгийн үнэлгээ хийх ҮОУСтандарт болон зах зээлийн хандлагаар тооцооллыг хийж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон байна. Ийнхүү шинжээч хөрөнгийн зах зээлийн үнэлгээ гаргахдаа ойролцоо байршлын, ижил шинж чанарын хөрөнгөтэй харьцуулан, хөрөнгийн талбай, байршил, өмчлөх эрх, сайжруулалт, хөрөнгийн биет байдал зэрэгт тохируулга хийсэн байна. Дээрх хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзвэл хөрөнгийн үнэлгээний дүгнэлтүүд Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй гэж үзэх бодит үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нарын Энэ бүсэд ихэнх байрууд 300,000,000-400,000,000 төгрөгийн үнэтэй гэсэн тайлбар үндэслэлгүй байх ба энэхүү ажиллагаа нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

13. Хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гарч 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, төлбөр төлөгчид 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэнэ гэсэн журмыг зөрчөөгүй байх тул үнэлгээг хүчингүй гэж үзэх үндэслэл болохгүй.

 

14. Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой төлбөр төлөгч нарын шүүхэд гаргасан гомдлын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад 2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 2/8 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор хураагдсан орон сууцны анхны албадан дуудлага худалдааг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр явуулахаар тогтоож, энэ ажиллагааны талаар мэдэгдсэн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 4-145/2664 тоот мэдэгдлийг хаягийн дагуу шууданд хийжээ.

 

Шийдвэр гүйцэтгэгч анхны албадан дуудлага худалдааны талаар 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдөр олон нийтэд зарлаж, хуульд заасан журмын дагуу шуудангаар мэдэгдсэн байх тул нэхэмжлэгчийг дуудлага худалдаанд оролцох эрхээр хангаагүй гэж үзэхээргүй байна.

 

15. Мөн хариуцагч байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 64.5-д зааснаас бусад хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор, төлбөр төлөгчийн өөрийн хөрөнгийг бие даан худалдан борлуулах тухай саналыг хүлээн авсан тохиолдолд 3 сарын дотор албадан худалдан борлуулах ажиллагааг явуулна гэж зааснаар мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт заалтыг баримтлан анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг гаргасан байна.

 

Энэ хугацаанд төлбөр төлөгчийн төлөх төлбөрийн хэмжээ багассан боловч бүрэн төлж барагдуулаагүй талаар нэхэмжлэгч маргаагүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 175 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж зааснаар дуудлага худалдаа явуулах тогтоол гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

 

16. Түүнчлэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж зааснаар үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцож тогтоожээ.

 

17. Иймд ...эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцыг үнэлсэн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ШГ23-02 дугаартай үнэлгээ болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Иргэний хуулийн холбогдох заалтыг дагуу явуулахаар шийдвэрлэсэн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2/8 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол нь хууль болон төлбөр төлөгч нарын эрхийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

18. Нэхэмжлэгч М.С 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдөр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлт гаргасан боловч урьд болсон шүүх хурлуудад хүсэлтээ дэмжээгүй атлаа шүүхийн хэлэлцүүлгийн үед хүсэлтээ дэмжиж байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөрт хураан авах хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлнэ гэж заажээ.

 

Иймд нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт нь хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байх ...үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг энэхүү хэргийг хянан шийдвэрлэж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэсэгчлэн түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч нарын төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, Иргэний хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ШГ23-02 дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах болон орон сууцыг худалдсан 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч М.С, Б.Ц нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т зааснаар....гурван өрөө, орон сууцны зориулалттай,  эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг энэхүү шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэсэгчлэн түдгэлзүүлсүгэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  А.ЗҮМБЭРЭЛ