Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2023/01676

 

2023 08 28 210/МА2023/01676

  

М.С, Б.Ц нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 08-ны өдрийн 102/ШШ2023/02273 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.С, Б.Ц нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Н-д холбогдох, үнэлгээ хүчингүй болгуулах, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, түүний өмгөөлөгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 24-ний өдрийн 3087 дугаар шийдвэрээр М ХХК, Г.Л, С.Ч, Б.Ц, Г.Н, М.С нараас 434,598,362 төгрөгийг гаргуулж *** банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Тус хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөрт хураагдсан О аймгийн Б сумын У баг, ***-р хороолол, ***-р байрны *** тоот хаягт байрлах эрхийн *** дугаар бүртгэлтэй, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 127,229,700 төгрөгөөр үнэлгээ тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Л-ийн 2023 оны 01 сарын 05-ны өдрийн *** дугаар шинжээч томилох тухай тогтоолд Ц.Т-ийг шинжээчээр томилсон байдаг. Гэтэл орон сууцыг үнэлсэн тухай 2023 оны 01 сарын 10-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлтийг хөрөнгийн үнэлгээний Д ХХК хийж гүйцэтгэсэн байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10, 3.1.11, 15 дугаар зүйлийн 15.1, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээний тайлангийн хэлбэр, шаардлагыг тодорхойлсон. Хөрөнгийн үнэлгээний тайланг Д ХХК хийж гүйцэтгэсэн байх тул шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд дурдсан шинжээч Ц.Т үнэлгээний тайлан гаргаагүй болох нь харагдаж байна. Иймд шинжээчийн тогтоолд дурдаагүй шинжээч үнэлгээ гаргасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэгчийн томилсон шинжээч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож, үнэлгээ гаргах тухай заалтыг ноцтой зөрсөн байна. Шинжээч бол тусгай мэдлэг бүхий, тусгай зөвшөөрөлтэй этгээд ба худалдааны сайт руу ороод үнийг хараад, дундаж үнээр үнэлгээг гаргах нь мэргэжлийн бус бөгөөд ямар ч аргачлал ашиглаагүй, стандартад үл нийцэж байна. Үнэлгээчин биднээс ямар ч санал, мэдээлэл, баримт бичиг аваагүй. Мөн тухайн үл хөдлөх хөрөнгө 5 давхрын угсармал байр бөгөөд хотын төвд ойрхон, аймгийн захиргаа, соёлын ордон, үйлчилгээний төвүүдийн хажууд, аймгийн төвийн хамгийн үнэ цэнтэй байрлалд байрладаг зэргийг огт харгалзаагүй. Энэ бүсэд иргэд бидний үнэлгээгээр гэхэд ихэнх байрууд 300,000,000 төгрөгөөс 400,000,000 төгрөгийн үнэтэй байхад миний үл хөдлөх хөрөнгийг 127,229,700 төгрөгөөр үнэлсэн нь хэтэрхий бага байна. 2022 оны 12 сарын 22-ны өдөр эд хөрөнгө хураах тогтоол болон шинжээч томилсон тогтоолыг танилцуулаагүй бөгөөд зөвхөн Б.Ц-д танилцуулсан нь өмчлөгч М.С миний өмчлөх эрхийг ноцтойгоор зөрчсөн тул 2023 оны 01 сарын 10-ны өдрийн *** дугаартай үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

Мөн дээрх байдлаар үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг үргэлжлүүлэн анхны дуудлага худалдааг 2023 оны 02 сарын 17-ны өдрийн 10 цагт зохион байгуулж, миний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг 93,060,790 төгрөгөөр худалдсан байна. Ингэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүчин төгөлдөр үнэлгээчний үнэлгээнд үндэслэхгүйгээр дуудлага худалдааг зохион байгуулсан байна. Дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг 2023 оны 02 сарын 14-ний өдөр хүргүүлсэн бөгөөд дуудлага худалдаанд оролцох эрхээр хангаагүй. Дуудлага худалдааны ялагч тодорхойгүй, үнийг бүрэн төлсөн эсэх болон эд хөрөнгө чөлөөлөх хугацааг тодорхой заагаагүй байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14 дэх хэсэгт заасны дагуу анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 24-ний өдрийн 3087 дугаар шийдвэрээр М ХХК, Г.Л, С.Ч, Б.Ц, Г.Н, М.С нараас 434,598,362 төгрөг гаргуулж *** банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, төлбөр төлөгч М.С-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын *** дугаарт бүртгэлтэй, О аймгийн Б сумын ***-р баг, У ***-р байрны *** тоот хаягт байрлах 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжлэн, хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 01 сарын 05-ны өдрийн *** дугаар шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Д ХХК-ийн үнэлгээчин Ц.Т-ийг шинжээчээр томилон үнэлгээ тогтоолгоход үл хөдлөх эд хөрөнгийг 2023 оны 01 сарын 10-ны өдрийн байдлаар 127,229,700 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг төлбөр төлөгч М.С, хамтран өмчлөгч Б.Ц нарт 2023 оны 01 сарын 13-ны өдрийн ***  дугаартай албан бичгээр тайланг хавсарган Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт зааснаар баталгаат шуудангаар хүргүүлж, холбоо барих утсаар мэдэгдэж, тэмдэглэл хөтөлсөн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.   Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа: Хариуцагч нарт холбогдох төлбөрийн үлдэгдэл 344,598,362 төгрөг байна. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д зааснаар Н-аас үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий үнэлгээ хийх эрхтэй этгээд болох үнэлгээчин Ц.Т-ийг шинжээчээр томилсон нь хуулийн шаардлагыг хангасан. Хөрөнгийн үнэлгээний тайлан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан. Түүнчлэн, хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д заасны дагуу уг үнэлгээг хүчингүй болгуулахаар мэргэжлийн байгууллагад гомдол гаргаагүй. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар Н холбогдох, О аймгийн Б сумын ***-р баг, У ***-р байр, *** тоот 38 м.кв талбайтай, гурван өрөө, орон сууцны зориулалттай, *** эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн шинжээчийн 2023 оны 01 сарын 10-ны өдрийн *** дугаартай үнэлгээг хүчингүй болгуулах болон орон сууцыг худалдсан 2023 оны 02 сарын 17-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч М.С, Б.Ц нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

5.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...шинжээч Ц Т нь О аймгийн Б сумын ***-р баг, У ***-р байр, *** тоот 38 мк.в талбайтай, гурван өрөө орон сууцны зориулалттай, *** эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг нийт 127,229,000 төгрөгөөр үнэлж, хөрөнгийн үнэлгээний тайланг Д ХХК-ийн нэрээр ирүүлсэн байна. Энэ нь тусгай мэдлэггүй этгээд дүгнэлт гаргасан, эсхүл шинжээчээр томилогдоогүй этгээд үнэлгээ гаргасан гэсэн үндэслэлд хамаарахгүй тул нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан тайлбар үндэслэлгүй юм... гэжээ. Гэтэл энэхүү үнэлгээний тайлангаас харахад Д ХХК буюу үнэлгээний хуулийн этгээд хөрөнгийн үнэлгээ хийж гүйцэтгэсэн байх тул шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд дурдсан шинжээч буюу үнэлгээчин Ц.Т үнэлгээний тайлан гаргаагүй болох нь харагдаж байгаа тул шинжээчээр томилогдоогүй этгээд үнэлгээ гаргасан болох нь илэрхий байхад шүүх үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй байна.

5.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...шинжээч хөрөнгийн үнэлгээг Д ХХК-ийн 2007 оноос 2022 оны мэдээлпийн баазад тулгуурлан харьцуулалт хийж, хөрөнгийн үнэлгээ хийх ҮОУСтандарт болон зах зээлийн хандлагаар тооцооллыг хийж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосон байна. Ийнхүү шинжээч хөрөнгийн зах зээлийн үнэлгээ гаргахдаа ойролцоо байршлын, ижил шинж чанарын хөрөнгөтэй харьцуулан, хөрөнгийн талбай, байршил, өмчлөх эрх, сайжруулалт, хөрөнгийн биет байдал зэрэгт тохируулга хийсэн байна. Дээрх хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй гэх бодит үндэслэл тогтоогдохгүй байна... гэжээ. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу Д ХХК хөрөнгийн үнэлгээг хийхдээ, ҮОУСтандарт болон зах зээлийн хандлагын аргыг хэрэглэсэн гэж үнэлгээний тайланд тусгагдсан боловч тухайн аргыг хэрэглэхдээ зах зээлийн арилжааны сайт бус фейсбүүк платформ дээр хэн дуртай этгээд нийтлэх боломжтой, өөрөө ч нийтлээд тавих боломжтой посттой харьцуулан үнэлгээ гаргасан нь мэргэжлийн бус бөгөөд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 8 дугаар зүйлийн 8.2.3, 8.3.10-т тус тус заасныг ноцтой зөрчсөн болно.

5.3. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж зааснаар үнэлгээчнийг томилсон зах зээлийн үнийн 70 хувиар тооцож тогтоожээ гэжээ. Гэвч маргаан бүхий хөрөнгийн үнэлгээ нь шинжээчээр томилогдсон этгээд гаргаагүй, мөн үнэлгээний тайлан нь бодит бус эргэлзээтэй, зах зээлийн дундаж үнийг тооцохын тулд хэрэглэсэн зах зээлийн хандлагын аргыг хэрэглэхдээ арилжааны албан ёсны сайт бус фейсбүүкийн зартай харьцуулан үнэлгээ гаргаж мэргэжлийн бус хандсан, мөн анхны албадан дуудлага худалдаа явуулсан тухай мэдэгдэлд шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.11-т заасныг баримтлаагүй, дуудлага худалдааны ялагчийн талаарх мэдээлэл дурдаагүй, тодорхойгүй, үнийг бүрэн төлсөн эсэх болон эд хөрөнгө чөлөөлөх хугацааг тодорхой заагаагүй шийдвэр гаргасан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.  Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

2.  Нэхэмжлэгч М.С, Б.Ц нар хариуцагч Н холбогдуулан О аймаг, Б сум, ***-р баг, У ***-р байр, *** тоот хаягт байршилтай, 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 127,229,700 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, мөн 2023 оны 02 сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан... гэсэн үндэслэлээр бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 24-ний өдрийн 102/ШШ2021/03087 дугаар шийдвэрээр хариуцагч М ХХК, Г.Л нар 434,598,362 төгрөгийг нэхэмжлэгч *** банк ХХК-д төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд М.С-ын өмчлөлийн О аймаг, Б сум, ***-р баг, У ***-р байрны *** тоот хаягт байршилтай, 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Н даалгаж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 сарын 21-ний өдрийн 142 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.  Дээрх хүчин төгөлдөр шийдвэр, магадлалыг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд шийдвэр гүйцэтгэх байгууллага 2022 оны 05 сарын 10-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шийдвэр, магадлалд дурдагдсан орон сууцыг 2022 оны 12 сарын 12-ны өдөр битүүмжилж, 2022 оны 12 сарын 22-ны өдөр хураан авч, дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2023 оны 01 сарын 05-ны өдөр шинжээчээр үнэлгээчин Ц.Т-ийг томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад тус тус нийцжээ.

 

5.  Шийдвэр гүйцэтгэх байгууллага шинжээч Ц.Т-д 2023 оны 01 сарын 06-ны өдөр хуульд заасан эрх, үүргийг нь тайлбарлаж, энэ талаар баримт үйлдсэн байна.

 

6.  Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шаардлагын үндэслэл, түүнийг нотлох баримтыг өөрөө цуглуулж, гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч тал биелүүлээгүй гэж зөв дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь ...үнэлгээчин орон сууцыг зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн, тус орон сууц нь 300,000,000 400,000,000 төгрөгийн үнэ ханштай... гэсэн тайлбараа баримтаар нотолж чадаагүй.

 

7.  2023 оны 01 сарын 11-ний өдрийн *** тоот үнэлгээний тайланд үнэлгээчин Ц.Т мэргэшсэн үнэлгээчин гэж гарын үсэг зурсан байх тул ...шинжээч томилох тухай тогтоолоор томилогдсон этгээд үнэлгээ гаргаагүй... гэсэн нэхэмжлэгч талын тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

8.  ...Үнэлгээ мэргэжлийн бус, ямар ч арга, аргачлал ашиглаагүй, үнэлгээчин нь орон сууцны байршлыг харгалзан үзээгүй... гэсэн нэхэмжлэгч талын тайлбар, давж заалдах гомдлыг мөн хангах үндэслэлгүй.

Учир нь, үнэлгээчин нь орон сууцны байршил, шинж чанарыг үнэлгээний тайландаа тодорхой дурдсан, мөн өртгийн хандлага, орлогын хандлага, зах зээлийн хандлагын арга, аргачлалыг ашиглан үнэлгээг гаргасан байна.

Түүнчлэн, дээрх үнэлгээ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэл хэргийн баримтаар нотлогдохгүй байна.

9.  Шинжээч Ц.Т-ийн гаргасан үнэлгээ хууль зөрчөөгүй байх тул ...хүчин төгөлдөр үнэлгээчний үнэлгээнд үндэслэхгүйгээр дуудлага худалдааг зохион байгуулсан... гэсэн үндэслэлээр 2023 оны 02 сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох боломжгүй.

 

10.    Нэхэмжлэгч тал ...шинжээч үнэлгээ гаргахдаа биечлэн очоогүй... гэх боловч үнэлгээний тайланд орон сууцны дотор зохион байгуулалтын фото зургууд хавсаргагдсан, мөн нэхэмжлэгч тал ...үнэлгээний талаар мэдэгдээгүй... гэх боловч үнэлгээний мэдэгдлийг баталгаат шууданд хийсэн талаарх шуудангийн дардас дарагдсан, өмчлөгч М.С-ын утас руу залгахад холбогдох боломжгүй, өмчлөгч Б.Ц-гийн утас руу залгахад ...Мэдэгдлийг баталгаат шуудангаар авна. М.С сайжруулсан түлш зөөвөрлөж байгаа учир утас нь холбогдохгүй байгаа... гэсэн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд тусгагдсан байна.

 

11.    Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 08-ны өдрийн 102/ШШ2023/02273 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 07 сарын 19-ний өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

 ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 Д.НЯМБАЗАР