Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жагарын Байгалмаа |
Хэргийн индекс | 182/2023/00029/И |
Дугаар | 182/ШШ2023/03117 |
Огноо | 2023-11-06 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 182/ШШ2023/03117
2023 11 06 | 182/ШШ2023/03117 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б тоот хаягт оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ч тоот хаягт оршин суух, ******* ******* овогт *******гийн ******* /РД:*******/-т холбогдох,
2015.07.07-ны өдрийн орон сууц Бэлэглэлийн гэрээ, 2014.10.24-ний өдрийн болон 2015.06.12-ны өдрийн Зээлийн гэрээ-нүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, дүүргийн 32 дугаар хороо, дугаар хороолол, гудамж, дүгээр байр, тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Хариуцагчийн, нэхэмжлэгчид холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 171 738 610 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2022 оны 12 дугаар сарын 16-нд хүлээн авснаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ц.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Хариуцагч Б.*******,
Хариуцагчийн өмгөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түмэнхүслэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ц.*******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан 2015.07.07-ны өдрийн орон сууц Бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, тус орон сууцыг Ц.*******ийн нэр дээр өмчлөгчөөр шилжүүлж бүртгүүлэхийг даалгах, 2014.10.24-ний өдрийн зээлийн гэрээ, 2015.06.12-ны өдрийн зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нэхэмжлэлээ бүрэн дэмжиж байна.
Талуудын хооронд байгуулсан 2014.10.24-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шалтгаан нь мөн өдөр дээрх гэрээгээр 35 000 000 төгрөг, 1 жилийн хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй төлөхөөр тохиролцсон. Гэвч бодит байдал дээр хариуцагчаас нэхэмжлэгч 35 000 000 төгрөг аваагүй байдаг. Хариуцагч Б.*******ээс дансаар 24 948 000 төгрөг авсан. Иймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасны дагуу зээлдэгч нь зээлдүүлэгчээс авсан мөнгө, түүнтэй тохирох хэмжээний хүүг буцаан төлөх үүрэг хүлээсэн. Гэтэл 35 000 000 төгрөг аваагүй мөртлөө энэ хэмжээнээс тооцож төлбөр өгнө гэдэг нь хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймээс энэ зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хүсэлттэй байна.
2015.06.12-ны өдөр 21 000 000 төгрөг зээлийн гэрээ байгуулсан. Энэ зээлийн гэрээгээр 13 сарын хугацаатай, сард 12 хувийн хүүтэйгээр зээлсэн. Ц.*******ийн хувьд энэ зээлийг өөрөө аваагүй, үүнийг Р.Алтанцэцэг гэх хүн авсан гэж тайлбарладаг. 21 000 000 төгрөгийг аваагүй гэдгийг хариуцагч мэдэж байсан. Ийм учраас энэ зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан.
Талуудын хооронд 2015.07.07-ны өдөр байгуулсан Бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, үүний үр дагаварт орон сууцыг өөрийн нэр дээр бүртгүүлэхийг хариуцагчид /Улсын бүртгэлийн ерөнхий газарт/ даалгуулахаар шаардсан. Уг бэлэглэлийн гэрээ нь анхнаасаа бэлэглэх хүсэл байгаагүй. Үүнийг гэрч Б.Алтанхөлөг барьцаанд тавих зорилгоор баталгаажуулах үүднээс нэр дээр шилжүүлж өгсөн гэж хэлдэг. Энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т заасан дүр үзүүлж хийсэн гэрээ юм. Тухайн орон сууцыг бэлэглэх хүсэл зориг талуудад байгаагүй. Чиний өмчлөлд шилжүүлбэл, чамд баталгаатай гэх байдлаар дүр үзүүлсэн хэлцэл юм. Бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцох хуульд заасан 2 үндэслэл байна. Энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Гэрээний нэг төрөл учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэж хүчин төгөлдөр бусд тооцуулъя гэж байгаа юм.
Хариуцагч Б.******* нь Ц.*******аас удаа дараа зээлээ төлөөч гэж шахаж, шаардаад тайван байлгахгүй маш хэцүү байсан учраас Ц.******* байраа нэр дээр чинь шилжүүлье, чамд баталгаатай гэх байдлаар 2015 оны барьцааны гэрээг дуусгавар болгож, 2015.07.07-ны өдөр найдвартай болгож байгаа гэдэг үүднээс Б.*******ийн нэр дээр тоот орон сууцыг Бэлэглэлийн гэрээгээ-р шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч өөрт байгаа бэлэглэлийн гэрээг өгсөн бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаанд Б.*******ийг өмчлөгчөөр бүртгэсэн лавлагаа хэрэгт авагдсан. Барьцааны гэрээг өөр хэлбэрээр Б.*******т баталгаатай болгох гээд хүчин төгөлдөр бус хэлцэл хийж, хариуцагчийн нэр дээр шилжүүлсэн гэсэн үг юм. Талууд тохиролцож, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгье, зээлийг дараа нь гүйцээж өгнө гэж тохиролцсон. Нэхэмжлэгч нь Б.*******т орон сууцаа бэлэглэлийн гэрээгээр бүр мөсөн шилжүүлэх хүсэл, зориг байхгүй. Галыг унтраах зорилгоор дүр үзүүлж хийсэн гэрээ юм. Хариуцагч зээлээ их олон удаа дараа шахаж шаардсан учир хэрэв үүнийг төлж чадахгүй бол нэгэнт байр чиний нэр дээр чинь байгаа, баталгаатай, орон сууц хөлслөх гэрээний дагуу төлбөрөө төлнө гэж хэлж, 2020 оноос хойш сар бүр мөнгө төлөөд байсан. Нэхэмжлэгчийг хөөж удаа дараа мөнгөө шаардаж байсан байдаг. Нэхэмжлэгч эхний зээлийн гэрээнээс огт мөнгө төлөөгүй биш, 2 удаа 1 250 000 төгрөг төлсөн, энэ нь баримттай, үүнээс өөр төлөлт байхгүй. 2015.07.07-ны өдөр бэлэглэлийн гэрээг Ц.******* нь зээлийн мөнгөө төлөөч гээд хариуцагчаас удаа дараа шахаж шаардсан учраас санааг нь амраах зорилгоор байраа бэлэглэлээр нэр дээр нь шилжүүлж өгсөн. Надад бол Б.*******т бэлэглэе гэх хүсэл зориг байгаагүй гэдэг. Мөнгөө нэхдэг байсан учир 2020-2022 оны хооронд орон сууц хөлслөх гэрээ хийгээд төлбөр гээд 8 898 000 төгрөг төлсөн, хариуцагч авсан байдаг, үүнд маргаагүй. Би үүнийг Б.*******ийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байна. Тухайн бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр бус байхад түүнээс үүсэж гарсан орон сууц хөлслөх гэрээ ч хүчин төгөлдөр бус юм. Энэ гэрээний дагуу орон сууц хөлслөх төлбөр авч байгаа нь үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаа асуудал юм. Орон сууц хөлслөх гэрээний үүргийн дагуу төлбөр төлөх үүрэг байхгүй тул түрээсийн төлбөрт авсан мөнгийг зээлийн төлбөрт тооцуулж хасуулах хүсэлттэй байна гэв.
2.Хариуцагч Б.*******ээс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ц.******* эгчтэй 2014.10.24-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, дансаар 21 000 000 төгрөг шилжүүлж, бэлнээр 14 000 000 төгрөг аваачиж өгсөн. Нотариатчийн дэргэд нийт 35 000 000 төгрөг болгож өгсөн. Үүнээс хойш 6-7 хоногийн дараа барьцааны гэрээ хийж, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар дээр очиж бүртгүүлсэн. Ц.******* эгч өөрөө надад Найман нэрийн дэлгүүр нээх гэж байгаа учраас 35 000 000 төгрөг зээлэх гэж байгаа юм гэж хэлсэн. Ц.******* яагаад одоо ийм тайлбар гаргаж байгааг мэдэхгүй. Ц.******* нь өөрөө нягтлан бодогч хүн, ямар зээлийн гэрээнд гарын үсэг зурж, ямар хариуцлага хүлээх талаар мэднэ. Хүүгийн төлбөр алдаг, оног төлдөг байсан. 2014.10.24-ний өдрийн зээлээс үүрэгт юу ч төлөөгүй. Хүүнд л бага зэргийн мөнгө төлсөн. 2015.06.12-ны өдөр бас зээлийн гэрээ хийсэн. Ц.******* найман нэрийн дэлгүүрээ ажиллуулах гэж байгаа учраас мөнгө зээлээч гэхэд нь 21 000 000 төгрөг өгсөн. Энэ зээлийн гэрээнд надад нэг ч төгрөг төлөөгүй.
Дараа нь 6 900 ам.долларыг Ц.*******т 2015.12.18-ны өдөр зээлүүлсэн. Ц.******* байр чиний нэр дээр барьцаалсан учраас мөнгө зээлээч, болохгүй бол байраа өгнө, санаа зоволтгүй гэсэн. Тухайн үед бид харилцан тохиролцсон, зөвшөөрсөн зүйлүүд байсан. Бэлэглэлийн гэрээг байгуулсан, энэ талаар маргаангүй хүчин төгөлдөр гэрээ юм. тоот байр нь Ц.*******ийн өмчлөлд очиж, гэрчилгээ олгогдсон, улсын бүртгэлийн лавлагаагаар нотлогдсон. Ц.*******, Б.******* нар байрнаас чөлөөлөгдөх хүртлээ мөнгөө төлнө гэж тохирсон боловч төлөхгүй байсан. Ц.******* нь авсан мөнгүүдийг огт төлөөгүй, бэлэглэлийн гэрээ байгуулснаар зээл төлж дууссан гэж үзэхгүй. Зээлээ төлж чадахгүй бол байраа өгнө гээд байсан, тэгээд 2015.07.07-нд бэлэглэлийн гэрээ хийгээд гэрчилгээг надад олгосон. Маш олон удаа энэ хугацаанд байнга л мөнгөө нэхэж байсан, би мөнгөө л авах ёстой гэж бодож байна. Эхний зээлийн гэрээ бэлэглэлийн гэрээ хийж дуусгавар болсон, дараа нь нэхсэн мөнгөнүүд бол байраа чөлөөлж өгөхгүй байсан учир сар бүр 500 000 төгрөг өгнө гээд нэхэж байсан. Одоо бид зээлийн мөнгөө л авах хүсэлтэй байна. Орон сууцыг хуулийн дагуу шийдвэрлүүлье. Орон сууцандаа Ц.******* өөрөө амьдарч байгаа. Зээлийн гэрээнүүд хүчин төгөлдөр учир Ц.******* зээлээ, хүү алдангитай нь төлөх үүрэгтэй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3.Хариуцагч Б.*******ээс шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.******* нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар 2014.10.24-нд зээлсэн 35 000 000 төгрөг, түүний хүүд 10 500 000 төгрөг, алданги 22 750 000 төгрөг, нийт 68 250 000 төгрөг, 2015.06.12-нд зээлсэн 21 000 000 төгрөг, түүний хүүд 30 240 000 төгрөг, алданги 25620 төгрөг, нийт 76 860 000 төгрөг, 2014.12.18-нд зээлсэн 6 900 ам.долларыг сөрөг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож 24 128 610 төгрөг, 2015.02.14-нд зээлсэн 2 000 000 төгрөг, 2014.12.03-нд зээлсэн 500 000 төгрөг, бүгд 171 738 610 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.
Талууд 2014.10.24-нд байгуулсан зээлийн гэрээгээр 35 000 000 төгрөг, сард 2,5 хувийн хүүтэй, 1 жилийн хугацаатай зээлэхээр тохиролцож дүүргийн 32 дугаар хороо, 3 дугаар хороолол, гудамж, дүгээр байр, тоот, дугаартай бүртгэлтэй орон сууцыг барьцаалан барьцааны гэрээг байгуулж, улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. 21 000 000 төгрөгийг Хас банк ХК дахь дансаар, 14 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн.
Мөн 2015.06.12-ны өдөр Ц.******* найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулна гээд 21 000 000 төгрөг сард 12 хувийн хүүтэй жилийн хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийг 2016.07.12-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцсон. Ц.*******т ХААН банк ХК дахь дансаар дамжуулан 21 000 000 төгрөг өгсөн. Эдгээр зээлүүдийг бичгээр гэрээ байгуулж өгсөн. Зээлийн гэрээний хугацаанд Ц.******* нь огт төлбөр төлөөгүй. Ц.*******тай амаар тохиролцож, 2014.12.03-ны өдөр 500 000 төгрөг, 2015.02.14-нд 2 000 000 төгрөг, 2015.12.18-ны өдөр 6 900 ам.доллар буюу 24 128 610 төгрөг, нийт 26 628 610 төгрөгийг Ц.*******ийн ХААН банк ХК дахь дансаар нь өгсөн. Өнөөдрийн байдлаар ч Ц.******* нь зээлүүдийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй. Иймд зээлийн гэрээний үүрэгт болон хугацаа хэтрүүлсний алдангид нийт 171 738 610 төгрөг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэсэн үндэслэлгүй, зээлийн төлбөрийг байнга нэхэж шаардаж байсан талаар өөрсдөө тайлбарласан. Хөөн хэлэлцэх хугацаа хуульд зааснаар тасалдсан байна. Нэхэмжлэгч орон сууцаа барьцаалж авсан зээлээ төлөөгүй учраас надаас авсан зээлийн мөнгийг хүү алдангитай нь төлөх үүрэгтэй учир сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.
4.Нэхэмжлэгч Ц.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оос сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Эдгээр зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-т заасны дагуу гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жилийн хугацааг хэтрүүлсэн. Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. 2014.10.24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ нь 2015.10.24-ний өдөр дуусгавар болох бөгөөд 2018.10.24-ний өдрийн дотор шаардлага гаргах байсан. Гэтэл энэ хугацаанд шаардлага гараагүй. Нэхэмжлэгчээс дээрх хугацаанд ямар нэг төлөлт байхгүй. Мөн 2015.06.12-ны өдрийн зээлийн гэрээ нь 2016.07.12-ны өдөр хугацаа нь дуусгавар болсон. Үүнээс хойш 3 жил гэхээр 2019.07.12-ны өдөр хүртэл хөөн хэлэлцэх хугацаан дуусгавар болсон бөгөөд энэ 3 жилийн хугацаанд Б.******* шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан, мөн Ц.*******аас ч зээлийн төлөлт хийгдээгүй.
Мөн 500 000 төгрөг, 2 000 000 төгрөг, 6 900 ам.долларын хувьд ч бүгд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй. Нэхэмжлэгч дансаар шилжиж орж ирсэн 6 900 ам.доллар, бусад мөнгүүдийг авснаа хүлээн зөвшөөрч байгаа, нэгэнт баримттай учир. Хариуцагч зээлийн төлбөрүүдийг амаар нэхэж шаардаж байсан боловч энэ талаар бичгийн ямар нэгэн баримт хэрэгт байхгүй. Хэргийн баримтаас харахад Ц.******* нь эхний зээлийн гэрээний хугацаанд 1 250 000 төгрөг төлсөн байдаг, үүнийг хариуцагч зөвшөөрч байна. Зээлийн гэрээнүүд хүчин төгөлдөр бус тул 2020 оноос хойш бол орон сууцны түрээсийн төлбөр гээд үндэслэлгүй төлсөн 8 898 000 төгрөгөөс 1 250 000 төгрөгийг хасаж үлдэх хэсгийг эхний 2 зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн төлбөр болох 45 948 000 төгрөгөөс хасахад 36 050 000 төгрөгийг хариуцагчид төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
5.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар, Ц.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2015.07.07-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, нотариатчийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, 2015.07.07-ны өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай баримт, 2014.10.24-ний өдрийн Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, Монголын Нотариатчдын танхимын 2022.11.04-ний өдрийн 786 тоот албан бичиг, 2015.06.12-ны өдрийн Зээлийн гэрээ, Ц.******* болон Р.Алтанцэцэг нарын хооронд байгуулсан 2015.06.12-ны өдрийн Зээлийн гэрээ, 2022.10.13-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын, эрхийн улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаа, 2020.09.22-ны өдрийн болон 2021.12.20-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тоот гэрчилгээ, Ц.*******ийн ХААН банк ХК дахь дансны хуулга /хх-ийн 4-42/, ХААН банк ХК, Голомт банк ХК-ийн Wester union мөнгө илгээх маягтууд /хх-ийн 69-74/ зэргийг,
6.Хариуцагч талаас нотлох баримтаар, төлөөлөгч томилсон итгэмжлэл, Б.*******ийн ХААН банк ХК дахь дансны хуулга, орлогын мэдүүлгүүд, төлбөрийн баримт, валют арилжааны баримт, /хх-ийн 55-59/, Б.*******ийн Хас банк ХК дахь дансны хуулга, Ц.*******, Б.******* нарын гарын үсэг бүхий баримт зэргийг тус тус нотлох баримтаар гаргасан.
7.Тус шүүхийн шүүгчийн 2023.04.12-ны өдрийн 4521 дугаар захирамжийн дагуу нэхэмжлэгч талын хүсэлтээр гэрч Р.Алтанцэцэг, Б.Алтанхөлөг нарын мэдүүлэг хэрэгт авагдсан.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Б.*******т холбогдуулан, талуудын хооронд байгуулагдсан 2015.07.07-ны өдрийн орон сууц Бэлэглэлийн гэрээ, 2014.10.24-ний өдрийн болон 2015.06.12-ны өдрийн Зээлийн гэрээ-нүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулж, дүүргийн 32 дугаар хороо, 3 дугаар хороолол, гудамж, дүгээр байр, тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* уг нэхэмжлэлийг үл зөвшөөрч зээлийн гэрээнүүдийн үүрэгт нийт 171 738 610 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч Ц.*******т холбогдуулах гаргажээ.
Шүүхээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу талуудын хооронд байгуулагдсан 2015.07.07-ны өдрийн орон сууц Бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулж, дүүргийн 32 дугаар хороо, 3 дугаар хороолол, гудамж, дүгээр байр, тоот орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгах тухай шаардлагыг, сөрөг нэхэмжлэлээс 141 154 461 төгрөгийн шаардлагыг тус тус ханган, үндсэн нэхэмжлэлийн болон сөрөг нэхэмжлэлийн бусад шаардлагуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ, орон сууц гэрээний дагуу талуудад анхнаасаа орон сууц бэлэглэх хүсэл зориг байгаагүй, зээлийн үүргээ төлөх хугацааг хойшлуулах зорилгоор чиний өмчлөлд шилжүүлбэл, чамд баталгаатай гэх байдлаар дүр үзүүлсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул орон сууцыг буцаан шилжүүлэх ёстой, 2014.10.24-ний өдрийн зээлийн гэрээгээр 35 000 000 төгрөг шилжүүлээгүй тул хүчин төгөлдөр бус, 2015.06.12-ны өдөр 21 000 000 төгрөг зээлийн гэрээ байгуулсан, 21 000 000 төгрөгийг аваагүй, Р.Алтанцэцэг авсан гэдгийг хариуцагч өөрөө мэдэж байгаа, авч хэрэглээгүй учир хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Зээлийн мөнгийг олон удаа нэхэж шахаж шаардаж байсан учир хариуцагчийн санааг амраах зорилгоор орон сууцыг нэр дээр шилжүүлсэн гэж тайлбарлан мэтгэлцсэн.
2.Хариуцагч нь дээрх нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ, нэхэмжлэгч нь бичгээр гэрээ байгуулж 2014.10.24-ний өдөр 35 000 000 төгрөгийг сард 2,5 хувийн хүүтэй, 2015.06.12-ны өдөр 21 000 000 төгрөгийг сард 12 хувийн хүүтэйгээ авсан, амаар тохиролцон 2014.12.18-нд 6 900 ам.доллар, 2015.02.14-нд 2 000 000 төгрөг, 2014.12.03-нд 500 000 төгрөг тус тус зээлж авсан. Гэвч дээрх зээлүүдийг төлөхгүй байсан тул мөнгөө байнга нэхэж шаардахад би байраа өгнө, санаа зоволтгүй гэж хэлсэн, 2015.07.07-нд орон сууц бэлэглэлийн гэрээ хийгээд бүртгүүлээд, гэрчилгээг надад олгосон, бэлэглэлийн гэрээ болон зээлийн гэрээнүүд хүчин төгөлдөр гэж үзэж байна, одоо би зээлүүлсэн мөнгөө авах хүсэлттэй бөгөөд орон сууцандаа Ц.******* амьдарч байгаа, орон сууцыг хуулийн дагуу шийдвэрлүүлнэ, Ц.******* нь зээл, хүү, алдангийг хуулийн дагуу надад төлөх ёстой гэж тайлбарлан маргасан.
3.Хариуцагч Б.******* сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ, Ц.******* нь хүчин төгөлдөр зээлийн гэрээний дагуу нийт 171 738 610 төгрөгийг төлөх үүрэгтэй, 2 бичгээр байгуулсан гэрээний дагуу эхний зээлд 21 000 000 төгрөгийг дансаар, 14 000 000 төгрөг бэлнээр өгсөн, дараагийн зээлд 21 000 000 төгрөг дансаар шилжүүлсэн, амаар тохиролцон 2014.12.18-нд 6 900 ам.доллар, 2015.02.14-нд 2 000 000 төгрөг, 2014.12.03-нд 500 000 төгрөг дансаар шилжүүлсэн баримтууд хэрэгт өгсөн, эдгээрээс нэхэмжлэгч ямар ч төлбөр хийгээгүй, 2014.10.24-нд зээлсэн 35 000 000 төгрөгийн зээл, түүний хүүд 10 500 000 төгрөг, алданги 22 750 000 төгрөг, бүгд 68 250 000 төгрөг, 2015.06.12-нд зээлсэн 21 000 000 төгрөгийн зээл, түүний хүүд 30 240 000 төгрөг, алданги 25 620 000 төгрөг, бүгд 76 860 000 төгрөг, 2014.12.18-нд зээлсэн 6 900 ам.долларыг сөрөг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож 24 128 610 төгрөг, 2015.02.14-нд зээлсэн 2 000 000 төгрөг, 2014.12.03-нд зээлсэн 500 000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж тайлбарласан.
4.Нэхэмжлэгч Ц.*******аас сөрөг нэхэмжлэлийг татгалзаж байгаа үндэслэлээ эдгээр зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-т заасны дагуу гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. 2014.10.24-ний өдрийн зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 2018.10.24-нд дууссан, 2015.06.12-ны өдрийн зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 2019.07.12-нд дууссан, энэ хугацаанд нэхэмжлэгчээс нэг ч төлөлт хийгээгүй, мөн 500 000 төгрөг, 2 000 000 төгрөг, 6 900 ам.долларын хувьд ч бүгд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэл үндэслэлгүй. Ц.******* нь эхний зээлийн гэрээний хугацаанд 1 250 000 төгрөг төлсөн, 2020 оноос хойш нэхэмжлэгчээс орон сууцны түрээсийн төлбөр гээд үндэслэлгүйгээр 8 898 000 төгрөг төлсөн байдаг, үүнээс 1 250 000 төгрөгийг хасаж үлдэх хэсгийг эхний 2 зээлийн гэрээний дагуу төлөх үндсэн төлбөр болох 45 948 000 төгрөгөөс хасахад 36 050 000 төгрөгийг хариуцагчид төлөхөд татгалзах зүйлгүй гэж тайлбарлан маргасан.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, зохигчдоос гаргасан дээрх нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдсон.
5.1.Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Б.*******ээс 2014.10.24-нд 35 000 000 төгрөгийг сард 2,5 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлж, зээлийн гэрээний үүргийн хангуулахаар өөрийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаартай дүүргийн 8 дугаар хороо, ын гудамж, дүгээр байрны тоот 52,45 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан байх бөгөөд гэрээний дагуу 2014.10.24-нд 24 948 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн,
мөн нэхэмжлэгч нь 2015.06.12-нд 21 000 000 төгрөгийг сард 12 хувийн хүүтэйгээр 13 сарын хугацаатай зээлж, уг гэрээний дагуу 21 000 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн болох нь тус тус талуудын хооронд байгуулсан 2014.10.24-ний өдрийн Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, 2015.06.12-ны өдрийн Зээлийн гэрээ, Ц.*******ийн эзэмшлийн ХААН банк ХК дахь 5029763373 тоот дансны хуулга, 2014.10.24-ний өдрийн 21 000 000 төгрөгийн дүн бүхий Хас банк ХК-ийн төлбөрийн баримт, ХААН банк ХК-ийн 2015.06.12.-ны өдрийн 21 000 000 төгрөгийн дүн бүхий орлогын мэдүүлэг, зохигчдын тайлбараар нотлогдсон.
Дээрхээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан ...зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө...шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн зээлийн гэрээнүүд байгуулагдаж, уг гэрээнүүд нь 282 дугаар зүйлийн 282 дугаар зүйлийн 282.1.-д Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, 282.3.-т Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэсэн шаардлагыг хангасан төдийгүй 2014.10.24-ний өдрийн Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1., 156.2.-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээнүүд байна.
5.2.Түүнчлэн нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагчаас дээрх бичгээр байгуулсан 2 зээлийн гэрээний хооронд 2014.12.03-нд 500 000 төгрөг, 2014.12.18-нд 6 900 ам.доллар, 2015.02.14-нд 2 000 000 төгрөгийг тус тус зээлж, дээрх мөнгийг Ц.*******ийн эзэмшлийн ХААН банк ХК дахь 5029763373 тоот данс болон 5447024018 тоот дансанд шилжүүлсэн үйл баримт нь ХААН банк ХК-ийн орлогын мэдүүлгүүд, валют арилжааны баримт зэргээр нотлогдож, талуудын хооронд мөн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасан шаардлагыг хангасан зээлийн гэрээ байгуулагджээ.
5.3.Зохигчдын хооронд байгуулагдсан 2014.10.24-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа 2015.10.24-нд, 2015.06.12-ны өдрийн зээлийн гэрээний хугацаа 2015.07.12-ны өдөр тус тус дууссан байх бөгөөд энэ хугацаанд Ц.*******ийн эзэмшлийн ХААН банк ХК дахь 5029763373 тоот дансны хуулгаар нэхэмжлэгчээс зээлийн гэрээнүүдийн үүрэгт 2014.12.01-нд 1 250 000 төгрөгийг төлснөөс өөрөөр ямар нэгэн төлөлт хийгээгүй байна.
5.4.Хэрэгт талуудын хооронд 2015.07.07-ны өдөр байгуулсан Бэлэглэлийн гэрээ, Ц.*******ийн нэр дээрх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000340851 тоот гэрчилгээ, Монголын нотариатчдын танхимын бүртгэлийн дэвтэр зэрэг нь хуулбараар авагдсан бөгөөд нэхэмжлэгч Ц.******* нь дээрх бэлэглэлийн гэрээний дагуу өөрийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн дугаартай 3 өрөө орон сууцыг 72 000 000 төгрөгийн үнэлгээтэйгээр хариуцагч Б.*******т шилжүүлэн, 2015.07.23-ны өдөр Б.*******ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тоот гэрчилгээ олгогдсон байна.
Эдгээр үйл баримт нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэлийн мэдээллийн сангийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон бөгөөд зохигчид хэн аль нь 2015.07.07-ны өдөр орон сууц бэлэглэлийн гэрээг бичгээр үйлдэж байгуулсан, эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн талаар маргаагүйн дээр энэ талаар баримт нэмж гаргаагүй, хэн аль шүүхэд хүсэлт гаргаагүй байна.
5.5.Хэрэгт, талуудын хооронд байгуулсан 2020.09.22-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээ, 2021.12.20-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээ авагдсан байх бөгөөд уг гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч Ц.******* нь дүүргийн 8 дугаар хороо, ын гудамж, дүгээр байрны тоот хаягт байрлах 52,45 м.кв, 3 өрөө орон сууцаа хөлслөн, 2020.09.22-ноос 2021.09.22-ныг хүртэл хугацаанд сард 300 000 төгрөгийн хөлс төлөхөөр, 2021.12.20-ноос 2022.12.20-ны хүртэл хугацаанд сард 600 000 төгрөгийн хөлс төлөхөөр тохиролцож, Ц.*******аас 2020.10.02-ноос 2022.11.09-нийг хүртэл хугацаанд 7 948 000 төгрөг төлсөн нь Ц.*******ийн эзэмшлийн ХААН банк ХК дахь 5029763373 тоот дансны хуулгаар нотлогджээ.
6.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасан бөгөөд 56.1.2.-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна.
Хэрэгт авагдсан, талуудын хооронд үйлдсэн 2015.07.07-ны өдрийн Үүрэг дуусгавар болсон тухай баримтад ...бид харилцан тохиролцож 2014.10.24-ний өдөр байгуулсан Зээлийн болон барьцааны гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэсэн тул тус гэрээг ...Иргэний хуулийн 236 дугаар зүйлийг үндэслэн дуусгавар болсонд тооцсон болно. Иймд үүргийн гүйцэтгэлийн барьцаанд тавигдсан ... дүүргийн 8 дугаар хороо, ын гудамж, дүгээр байрны тоот хаягт байрлах 52,45 м.кв, 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлж өгнө үү... гэсэн байх боловч зохигчдын тайлбараар, нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Б.*******ээс 2014.10.24-нөөс 2015.06.12-ныг хүртэл хугацаанд 48 448 000 төгрөг, 6 900 ам.доллар зээлж, энэ хугацаанд 1 250 000 төгрөгөөс өөрөөр зээлийн төлбөрийг төлөөгүй буюу зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй, зээлдүүлэгчээс дээрх зээлүүдийг байнга нэхэж шаардаж байсан үйл баримт тогтоогдсон.
Түүнчлэн хариуцагч төлөгдөөгүй зээлийн гэрээнүүдийн үүргийг сөрөг нэхэмжлэлээр шаардсан байна.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Ц.******* нь өөрийн өмчлөлийн орон сууцыг бэлэглэх хүсэл зоригийн дагуу хариу төлбөргүйгээр хариуцагчид шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1.-д Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө үнэ төлбөргүйгээр шилжүүлнэ гэж заасан бөгөөд үүний дагуу нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагчид бэлэглэх хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх боломжгүй юм.
Тодруулбал, бэлэглэлийн гэрээний үндсэн шинж болох хариу төлбөргүйгээр эд хөрөнгийг шилжүүлэх хүсэл зориг нэхэмжлэгчид байсан гэж үзэх бодит нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба харин зохигчид зээлийн гэрээний харилцаатай байсны улмаас нэхэмжлэгч хариуцагчид зээлийн мөнгийг төлөхөө баталгаажуулан илэрхийлэх, зээлийн гэрээний үүргийг төлөх хугацааг хойшлуулах зорилго агуулсан гэж үзэхээр байна.
Дээрхээс үзэхэд гэрээний талууд тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, бэлэглэлийн гэрээг хийх хүсэл, зориг эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн гадаад илэрхийллийг бий болгох зорилгоор тухайн орон сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл байх тул талуудын хооронд байгуулагдсан гэх 2015.07.07-ны орон сууц Бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д зааснаар уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүргийн дагуу дээрх 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгчид буцаан өгөх үүргийг хариуцагч хүлээх бөгөөд хуульд заасны дагуу хүсэл зоригоо илэрхийлэн хариу төлбөргүйгээр бэлэглэсэн гэх нөхцөл байдлыг талууд өөр баримтаар нотлоогүй байна.
7.Талуудын хооронд байгуулагдсан 2014.10.24-ний зээлийн гэрээний 1 дэх хэсэгт зээлийн гэрээний хугацааг 12 сар, зээлийн хүүг сард 2,5 хувь байхаар, 2015.06.12-ны өдрийн зээлийн гэрээний 2.2 дахь хэсэгт уг зээлийн гэрээний хугацааг 13 сар, 2.3 дахь хэсэгт зээлийн хүүг сард 12 хувь байхаар тохиролцсон байх бөгөөд 2014.10.24-ний зээлийн гэрээний 3 дахь хэсэгт болон 2015.06.12-ны өдрийн зээлийн гэрээний 2.6 дахь хэсэгт тус тус зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр талууд заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр тогтоосон анзын алданги гэнэ гэж заасантай нийцжээ.
8.Зохигчдын хооронд байгуулсан 2014.10.24-ний өдрийн зээлийн гэрээний үүргийг тооцож үзвэл, энэхүү гэрээгээр хариуцагч нь 24 948 000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд 2014.10.24-нөөс 2014.12.01-нийг хүртэл 1 сарын 6 хоногийн хугацаанд 24 948 000 төгрөгийн 2,5 хувийн хүүд 748 440 төгрөг тооцогдож, энэ өдөр зээлдэгчээс төлсөн 1 250 000 төгрөгөөс хуримтлуулсан хүүг хасаж, зөрүү 501 560 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцоход 23 944 880 төгрөгийн үлдэгдэлтэй байсан.
Үүнээс хойш зээлдэгч ямар нэгэн төлөлт хийгээгүй бөгөөд 2014.12.01-нээс хойш зээлийн гэрээний хугацаа дуусах хүртэл буюу 2015.10.24-нийг хүртэл 10 сар 24 хоногт зээлийн үлдэгдэл болох 23 944 880 төгрөгийн 2,5 хувийн хүүг тооцоход 6 465 117 төгрөгийн хүү хуримтлагдсан байна.
Өөрөөр хэлбэл, эхний зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 23 944 880 төгрөг, зээлийн хүүд 6 465 117 төгрөг, бүгд 30 409 234 төгрөгийн үүрэг үлдсэн байх ба үүнийг төлөөгүй хугацаа хэтрүүлсний хариуцлага болох алдангид 15 204 617 төгрөг тооцогдож, нийт 45 613 851 төгрөгийн үүрэгтэй үлдсэн байна.
Иймд нэхэмжлэгч талын зээлийн гэрээний дагуу 35 000 000 төгрөгийг олгоогүй тул уг зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус гэх тайлбар үндэслэлгүй болно.
9.Талуудын хооронд байгуулсан 2015.06.12-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг тооцоход, уг гэрээгээр зээлсэн 21 000 000 төгрөг, түүний хүүд зээлдэгчээс төлбөр төлөөгүй бөгөөд гэрээний хугацаа болох 2015.06.12-ноос 2016.07.12-ныг хүртэл 13 сарын хугацаанд 21 000 000 төгрөгийн 12 хувийн хүүд 32 760 000 төгрөг тооцогдсон.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.2., 232.6.-д зааснаар болон гэрээний 2.6 дахь хэсэгт заасныг дагуу хугацаа хэтрүүлсний хариуцлага болох алдангийг гэрээний үүрэг болох 53 760 000 төгрөгөөс тооцоход 26 880 000 төгрөг байх бөгөөд энэ гэрээний үүрэг болох хариуцлагад зээлдэгч нь 80 640 000 төгрөг төлөх үүрэгтэй байна.
Нэхэмжлэгч Ц.******* нь дээрх гэрээний зүйл болох 21 000 000 төгрөгийг өөрөө аваагүй, ашиглаагүй, гэрч Р.Алтанцэцэгт шилжүүлж өгснийг хариуцагч мэдэж байгаа тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тайлбарласан боловч хэрэгт авагдсан ХААН банк ХК, Голомт банк ХК-ийн Wester union мөнгө илгээх маягтууд, гэрч Р.Алтанцэцэгийн мэдүүлэг зэрэг баримтууд 2015.06.12-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх, уг гэрээний үүргээс нэхэмжлэгчийг чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Түүнчлэн зээлдэгч буюу нэхэмжлэгч нь дээрх зээлийн үнэ болох хүүг багасгах, хасах талаар шүүхэд хүсэлт, тайлбар гаргаагүй бөгөөд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байна.
Иймд 2015.06.12-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагчийн сөрөг нэхэмжлэлээр шаардсан хэмжээгээр буюу 76 860 000 төгрөгийг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй болно.
10.Хэрэгт авагдсан баримтуудаар зохигчид амаар тохиролцон 2014.12.18-нд 6 900 ам.доллар, 2015.02.14-нд 2 000 000 төгрөг, 2014.12.03-нд 500 000 төгрөг тус тус хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн бөгөөд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж, эдгээр зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгчээс ямар нэгэн төлбөр хийгээгүй талаар зохигчид тайлбарласан.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасны дагуу дээрх 2 500 000 төгрөг болон 6 900 ам.долларыг сөрөг нэхэмжлэл гаргах үеийн 2023.02.09-ний өдрийн Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах ханш болох 3 504 төгрөгөөр тооцоход 24 177 600 төгрөг байх боловч хариуцагчийн нэхэмжилсэн хэмжээгээр буюу 24 128 610 төгрөгийг төлөх үүрэгтэй болно.
11.Хэрэгт гэрээний үүргийг шаардаж байсан талаар бичгийн баримтууд авагдаагүй ч талуудын хооронд дээрх зээлийн гэрээнүүд байгуулагдсанаас хойш зээлийн төлбөрийг зээлдэгч Ц.*******аас хариуцагч байнга нэхэж шаардаж байсан, зээлийн төлбөр дуусаагүй тухай зохигчид тайлбарласан.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил... гэж заасан бөгөөд үндсэн нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2018.07.07-ны өдрөөс, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2018.10.24-нөөс 2019.07.12-ныг хүртэл хугацаанд шаардлагаа гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа хэдий ч зохигчдын зээлийн төлбөрийг байнга нэхэж шаардаж байсан талаарх тайлбар, нэхэмжлэгч Ц.*******аас 2020.09.22, 2021.12.20-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээ-ний дагуу хөлс гэж 2020.10.02-ноос 2022.11.09-нийг хүртэл хугацаанд 7 948 000 төгрөг төлсөн зэрэг үйл баримтуудаас үзэхэд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д ...үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана гэж зааснаар талуудын хооронд гэрээний үүргийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхээр байна.
Иймд нэхэмжлэгч талын зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг татгалзсан тайлбар үндэслэлгүй байна.
12.Хариуцагч Б.*******ээс нэхэмжлэгч Ц.*******т холбогдуулан орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2022 оны 10 дугаар сард дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг шүүхээс нэхэмжлэлийг буцаан шийдвэрлэсэн гэж тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар энэ талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, гаргаж өгөх шаардлагагүй гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй.
13.Дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хувьд талуудын хооронд байгуулагдсан 2015.07.07-ны өдрийн орон сууц Бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж үзэж, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ц.*******ийн нэр дээр бүртгүүлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газар болон хариуцагч Б.*******т даалгаж, харин талуудын хооронд байгуулсан 2014.10.24-ний өдрийн болон 2015.06.12-ны өдрийн Зээлийн гэрээ-нүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй байх тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон,
зохигчдын хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр зээлийн гэрээнүүдийн үүрэг дуусгавар болоогүй, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байх тул нэхэмжлэгч Ц.******* нь зээлийн гэрээний үүрэгт нийт 149 102 451 төгрөг төлөхөөс 2020.09.22, 2021.12.20-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээ-ний хөлс гэж 2020.10.02-ноос 2022.11.09-нийг хүртэл хугацаанд хариуцагчид шилжүүлсэн 7 948 000 төгрөгийг хасаж тооцон 141 154 461 төгрөгийг хариуцагч шаардах эрхтэй гэж үзэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дээрх хэмжээгээр хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон тус тус шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 747 690 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 016 650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдэн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 317 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 863 722 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгох нь дээрх хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2., 115 дугаар зүйлийн 115.1., 115.2.2., 116., 118. дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2., 56.5.-д заасныг баримтлан талуудын хооронд байгуулагдсан 2015.07.07-ны өдрийн орон сууц Бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус гэж үзэж, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, дүүргийн 8 дугаар хороо, гудамж, дүгээр байр, тоот, 52,45 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ц.*******ийн нэр дээр бүртгүүлэхийг хариуцагч Б.******* болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэлээс талуудын хооронд байгуулсан 2014.10.24-ний өдрийн болон 2015.06.12-ны өдрийн Зээлийн гэрээ-нүүдийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3., 232 дугаар зүйлийн 232.6.-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.*******аас 141 154 461 төгрөг гаргуулан хариуцагч Б.*******т олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болох 30 584 149 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5.-д зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2023.02.13-ны өдрийн 2408 дугаар захирамжийн үйлчлэл шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үйлчлэхийг дурдсугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д зааснаар нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 747 690 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 016 650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдэн, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 317 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 863 722 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4., 119.5., 119.7. д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ж.БАЙГАЛМАА