Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 138/ШШ2023/00121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Дорнод аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

  Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо Да хүрээ гудамж тоотод байрлах, ******* регистрийн дугаартай, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймаг Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******,

Хариуцагч: Дорнод аймаг Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт *******гийн ******* нарт холбогдох

 183 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М. /цахимаар/

  Хариуцагч нарын төлөөлөгч Д.Урансувд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мягмар нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Д.*******, Б.******* нарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 122 400 000 төгрөг, алданги 61 200 000 төгрөг, нийт  183 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

   Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: “*******” ХХК нь хариуцагч Д.*******, Б.******* нартай 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр эмнэлгийн зориулалттай байр худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Чойбалсан 1 дүгээр гудамжны 148-а тоот өргөтгөлийн барилгаас 1 давхарт 70 м.кв, 2 давхарт 70 м.кв, нийт 140 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 196 000 000 төгрөгөөр бариулахаар тохиролцсон. Манай компани эмийн сан, эм хангамж нийлүүлэх төвийн үйл ажиллагаа явуулах зориулалттай бариулсан. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 1 давхрын 70 м.кв-ын санхүүжилтийг бүтнээр буюу 98 000 000 төгрөг олгосон. Тухайн барилгыг 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдөр буюу 1 сарын дараа ашиглалтад оруулаад улсын комисст хүлээлгэж өгнө гэж тохиролцсон боловч 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар нэг давхрын засвар дуусаагүй байсан. Үүнтэй холбоотойгоор хоёр дахь удаагийн санхүүжилтийг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хийж 40 400 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн. Нийт 138 400 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн байна. Мөн уг байрны хоёрдугаар давхарыг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулахаар тохиролцсон боловч 2021 оны 10 дугаар сарын байдлаар уг барилгын 1, 2 давхар ашиглалтад ороогүй, улсын комисс өнөөдрийг хүртэл хүлээж аваагүй байна. Иймд компанийн эмийн сан, эм хангамж нийлүүлэх төв нь тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг учраас улсын комисс хүлээж аваагүй байранд үйл ажиллагаа эрхлэх боломжгүй байсан. Үүнтэй холбогдуулан манай компани гэрээнээс татгалзах тухай хүсэлтийг 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгээр холбогдох байгууллагад хүргүүлсэн. Тухайн албан бичгийн хариуд манай компани нь хариуцагч нар Дорнод аймгийн иргэдийн төлөөлөгч гишүүнтэй газрын давхцалын маргаантай байгааг мэдэгдсэн. Улсын бүртгэлийн хэлтсээс газрын давхцалын маргаантай холбогдуулан барилгыг улсын комисс хүлээж авах боломжгүй, гэрчилгээ гарах боломжгүйг хэлсэн. Иймээс манай компани энэхүү байранд цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж үзээд гэрээнээс татгалзаж байгаа тухайгаа мэдэгдсэн. Мөн хариуцагчаас Барилгын тухай хуулийн хэд хэдэн зүйл заалт, журамд заасан шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг шаардсан боловч шаардлагатай бичиг баримтыг бидэнд гаргаж өгөөгүй. Иймээс нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид шилжүүлсэн 138 400 000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор буцааж өгөх тухай албан бичгээр мэдэгдсэн. Үүний дагуу хариуцагч Д.******* нь манай компанитай 2 удаа ирж уулзсан. Хариуцагчийн зүгээс бид нартай уулзахдаа байрны гэрчилгээг гарах үед 1 м.кв-ыг 2 200 000 төгрөгөөр тооцож авах саналыг гаргасан. Уг байрыг анх 1 м.кв-ыг 1 400 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байсан учир манай компанийн зүгээс 1 м.кв-ыг 2 000 000 төгрөгөөр авахаар тохиролцъё гэсэн боловч хариуцагч зөвшөөрөөгүй, үр дүнд хүрээгүй. Хариуцагчийн зүгээс 138 400 000 төгрөгийг 5 хувааж төлөх саналыг гаргасныг манай компани хүлээн зөвшөөрөөд 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Төлбөр барагдуулах тухай” гэрээг байгуулсан. Уг гэрээгээр 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 5 хувааж төлөхөөр тохиролцсон. Үүний дагуу хариуцагч Д.******* нь 12 дугаар сарын төлбөр 16 000 000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн. Үлдсэн төлбөр болох 122 400 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Мөн төлбөр барагдуулах тухай гэрээний 3 дугаар зүйлд хариуцагч хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувтай тэнцэх хэмжээний алдангийг төлөхөөр тохиролцсон. 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 476 хоног хэтэрсэн байх бөгөөд нийт алданги 72 828 000 төгрөг болж байна. Иргэний хуульд зааснаар нийт алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул алдангид 61 200 000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд үндсэн төлбөр 122 400 000 төгрөг, алданги 61 200 000 төгрөг, нийт 183 600 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах саналтай байна гэв.

2. Хариуцагч Д.*******, Б. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “*******” ХХК-тай гэрээ хийж 1 давхарт 70 м.кв эмийн сангийн зориулалттай байр, 2 давхарт 70 м.кв оффисын зориулалттай байрыг барьж өгөхөөр захиалга авсан. 1 м.кв-ыг 1 400 000 төгрөгөөр бодсон. Гэрээнд зааснаар төлбөрийн 50 хувь буюу 98 000 000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 15-нд, 20 хувь буюу 40 400 000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 25-нд, 30 хувь буюу 57 600 000 төгрөгийг 2021 оны 6 дугаар сарын 30-нд төлөхөөр тохиролцсон.

1 давхарын эмийн сангийн зориулалттай байрыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний дотор засал, дулаан, ус 100 хувийн гүйцэтгэлтэйгээр хийж гүйцэтгэн Дорнод аймаг дахь “*******” ХХК-ийн салбарын захирал Ц.Ууганцэцэгт зургийг нь явуулж ирж үзэж болно, нүүж орж болно гэж хэлсэн. Тэгээд уулзахад заавал 2 давхарын 70 м.кв оффисын зориулалттай байртай цуг авна гэж хүлээлгэсэн. Төлбөрийн нөхцлөө удаа дараалан шаардуулж гэрээний хугацаандаа төлж чадаагүйн улмаас барилгын үйл ажиллагаа удааширч барилгын материалын үнэ нэмэгдэж үйл ажиллагаа саатсан нь үнэн. Эмнэлгийн зориулалттай өргөтгөлийн барилга нь одоо 99 хувийн гүйцэтгэлтэй байна. “*******” ХХК-ийн нэхэмжилж байгаа 122 400 000 төгрөгийг бид энэ эмийн сангийн зориулалттай байраа борлуулаад 2022 оны 12 дугаар сарын 20-ноос 30-ны хооронд төлж барагдуулна гэжээ.

Хариуцагч нарын төлөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Д.*******, Б.******* нарт холбогдуулан 122 400 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төлбөр барагдуулах гэрээний дагуу 55 080 000 төгрөгийн алдангийг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагыг 6 120 000 төгрөгөөр нэмэгдүүлэн нийт 183 600 000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Хариуцагч нар нэхэмжлэлийг гардаж аваад анхны нэхэмжлэлийн шаардлага болох 122 400 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Алданги 55 080 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрдөггүй. Өнөөдрийн шүүх хуралдаанаар нэмэгдүүлсэн 6 120 000 төгрөгийг  мөн адил хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Эмнэлгийн зориулалттай байр худалдах, худалдан авах гэрээг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан. Уг гэрээнд нэг талаас регистрийн дугаартай ******* овогтой *******, нөгөө талаас ******* регистрийн дугаартай Дорнод аймгийн “*******” ХХК оролцсон. Гэрээнд зааснаар Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Чойбалсан 1 дүгээр гудамжны 148-а тоотод байрлах 1, 2 давхрын 140 м.кв талбайг 196 000 000 төгрөгөөр худалдан авахаар, 1 м.кв-ыг 1 400 000 төгрөгөөр тооцож тохиролцсон. Энэ талаар талууд маргадаггүй. Гэрээнд талууд үүргээ биелүүлэх хугацааг заасан. 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 98 000 000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 40 400 000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 57 600 000 төгрөгийг төлөхөөр гэрээний хавсралтад заасан. Худалдагч авагч тал 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 98 000 000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төлөх ёстой үүргээ 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 40 400 000 төгрөгийг төлсөн үйл баримт харагдаж байна. Тухайн үед захиалагч тал гэрээний үүргээ зөрчсөн боловч хариуцагч Б.*******ын зүгээс маргаан гаргаагүй.  Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнээс татгалзах саналыг 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гаргасан. Уг саналдаа төлбөр барагдуулах хугацааг 10 дугаар сарын 30-ны дотор гэж заасан байдаг. Уг барилгын 1 давхрыг гэрээ байгуулсан өдрөөс хойш 3 сарын хугацаанд дуусгахаар гэрээнд тусгасан байдаг. Талуудын хувьд 01 сард барилгыг бүрэн ашиглалтад оруулж өгөхөөр тохиролцсон байна. Гэрээний стандарт нөхцөлийг харахад тухайн барилгыг бүрэн баригдаж дууссаны дараа улсын комисст хүлээлгэж өгдөг. Барилгын 1 давхрыг дуусгаад улсын комисст хүлээлгэж өгөөд ашиглана гэсэн зүйл байхгүй. Уг гэрээнд талууд гэрээний стандарт нөхцөл, бусад хуулиар зохицуулагдсан заалтуудыг тусгаагүйгээс гэрээнээс татгалзах болон гэрээ хэрэгжихгүй байх нөхцөл байдлыг бий болгосон гэж үзэж байна. ...Уг барилгын 1 давхрыг баригдаж дууссан талаар 2020 оны 12 дугаар сард “*******” ХХК-ийн Дорнод аймгийн салбарыг хариуцсан Ууганцэцэг гэдэг хүнд мэдэгдсэн боловч бид нар барилгын 2 давхрыг ашиглалтад орсны дараа цуг хүлээж авна гэх шаардлагыг тавьсан. Барилга бүрэн баригдаж дуусаад 2023 оны 01 дүгээр сард улсын комисст хүлээлгэж өгөх гээд холбогдох бичиг баримтыг бүрдүүлж байгаа. Уг барилгын баригдсан фото зургийг шүүхэд гаргаж өгсөн. Талууд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар  худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэдэг боловч барилга бариулахаар нөгөө тал нь захиалга өгсөн байхаар харагдаж байна. Гэрээний дагуу барилгын үйл ажиллагаа дуусахгүй байсан нэг гол нөхцөл нь ковид-19 цар тахал өвчинтэй холбогдуулан БНХАУ-ын хил 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хаасан байдаг. Энэ нь олон нийтэд илэрхий, тодорхой нөхцөл байдал юм. Хил гааль нээгдээгүйтэй холбоотой барилгын бараа материал удаан хугацаанд орж ирэх, бензин түлшний үнэ нэмэгдсэнээс бараа материалын үнэ нэмэгдэх, мөн захиалагч тал хугацаандаа төлбөрийг өгөхгүй байснаас шалтгаалан барилгын ажил маш удаашралтай явагдсан. Энэ талаар гэрээний талууд тодорхой ярилцаагүй, шийдэлд хүрч чадаагүй. Хариуцагчийн зүгээс “*******” ХХК-ийн удирдах албан тушаалтан Алтанцэцэг гэдэг хүнтэй уулзъя гэсэн боловч нэг ч удаа уулзаагүй. Эмнэлгийн зориулалттай байр худалдан авах гэрээг Б.******* гэдэг хүнтэй байгуулсан байдаг. Гэрээний нэг талаар Д.******* оролцоогүй болох нь харагдаж байна. Гэрээнээс татгалзах тухай асуудлыг уг гэрээний 5.2-д зааж өгсөн. Гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл хүргүүлсэнтэй холбогдуулан нөгөө тал хугацаа тогтоогоогүй байхад төлбөр барагдуулах тухай гэрээг иргэн Д.*******тай хийсэн. Иргэн Д.******* нь үндсэн гэрээний нэг тал биш. Д.*******, Б.******* нар нь хууль ёсны гэр бүл боловч бие даасан хувь этгээдүүд юм. Иймд төлбөр төлөгч нь Д.******* гээд Б.*******ын эрхийг зөрчсөн төлбөр барагдуулах тухай хэлцэл байгуулсан байна. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1014 тоот итгэмжлэлээр Б.*******ыг Д.******* төлөөлж гарын үсэг зурсан байдал харагдаж байна. Гэтэл Б.******* нь ямар итгэмжлэлийг Д.*******т өгсөн талаар хавтаст хэрэгт авагдаагүй байна. Үүнээс үзэхэд Б.******* нь ямар эрх, үүргийг хэдэн жилийн хугацаатайгаар Д.*******т шилжүүлсэн нь тодорхойгүй байна. Үүнийг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн хариу тайлбарт тодорхой дурдсан байгаа. Б.*******ын зүгээс “Манай нөхрийг дарамтлан төлбөр барагдуулах хэлцэлд гарын үсэг зуруулсан учраас би үүнийг зөвшөөрөхгүй байна” гэсэн тайлбарыг гаргасан байдаг. Мөн хариуцагч Д.******* нь надад “...“*******” ХХК-ийн гэрээ байгуулж байгаа хүмүүс манай захирлын хүүхэд эрүүгийн цагдаагийн албанд том дарга хийдэг, чамайг гарын үсэг зурахгүй, төлбөрөө өгөхгүй бол 461 дүгээр цагдан хорих ангид хорино, гэрээнд гарын үсэг зурахгүй бол чамтай хатуу ярина гэж дарамталсан учраас гарын үсэг зурсан, тухайн үед Б.******* байгаагүй” гэж хэлсэн.

...Д.*******, Б.******* нарын хувьд нэхэмжлэгч талаас авсан 138 400 000 төгрөгөөс 16 000 000 төгрөгийг төлсөн. Үүний үлдэгдэл 122 400 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Д.*******ын хувьд үндсэн гэрээний нэг тал биш байхад төлбөр барагдуулах гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй байна. Иймд алданги болох 61 200 000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэв.

 

    Нэхэмжлэгчээс: “*******” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн эмнэлгийн зохиулалттай байр худалдах авах гэрээ, Б.*******ын 000067378 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Б.*******ын 000423523 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ч.Мөнхнарын 000067304 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 98 000 000 төгрөг төлсөн цахим гүйлгээний баримт, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 40 400 000 төгрөг төлсөн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн гэрээнээс татгалзах мэдэгдэл хүргүүлэх тухай, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 05/017 дугаартай төлбөр барагдуулах тухай гэрээ, “*******” ХХК-ийн дүрэм,  

Хариуцагчаас: Барилгын фото зургууд зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.  

 

                                                    ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Д.*******, Б.******* нараас худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 122 400 000 төгрөг, алданги 61 200 000 төгрөг, нийт 183 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлээ дэмжиж оролцсон болно.

Шүүх нэхэмжлэлээс 153 000 000 төгрөгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 30 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

  2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...*******” ХХК нь хариуцагч Д.*******, Б.******* нартай 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр эмнэлгийн зориулалттай байр худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Чойбалсан 1 дүгээр гудамжны 148-а тоот өргөтгөлийн барилгаас 1 давхарт 70 м.кв, 2 давхарт 70 м.кв, нийт 140 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 196 000 000 төгрөгөөр бариулахаар тохиролцсон. Хариуцагчид 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 98 000 000 төгрөг,  2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 40 400 000 төгрөг, нийт 138 400 000 төгрөг шилжүүлсэн. ...уг байрны хоёрдугаар давхарыг 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ашиглалтад оруулахаар тохиролцсон боловч 2021 оны 10 дугаар сарын байдлаар барилгын 1, 2 давхар ашиглалтад ороогүй, улсын комисс өнөөдрийг хүртэл хүлээж аваагүй байна. Тус компанийн эмийн сан, эм хангамж нийлүүлэх төв нь тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг учраас улсын комисс хүлээж аваагүй байранд үйл ажиллагаа эрхлэх боломжгүй учир манай компани гэрээнээс татгалзах тухай хүсэлтийг 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгээр хүргүүлсэн. Тухайн үед хариуцагч нар Дорнод аймгийн иргэдийн төлөөлөгч гишүүнтэйгээ газрын давхцалын маргаантай байгааг мэдсэн. Улсын бүртгэлийн хэлтсээс газрын давхцалын маргаантай холбогдуулан барилгыг улсын комисс хүлээж авах боломжгүй, гэрчилгээ гарах боломжгүйг хэлсэн. Иймээс манай компани энэхүү байранд үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж үзээд гэрээнээс татгалзаж байгаа тухайгаа мэдэгдсэн. Иймээс нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид шилжүүлсэн 138 400 000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор буцааж өгөх тухай албан бичгээр мэдэгдсэн. Үүний дагуу хариуцагч Д.******* нь манай компанитай 2 удаа ирж уулзсан. Хариуцагчийн зүгээс бид нартай уулзахдаа байрны гэрчилгээг гарах үед 1 м.кв-ыг 2 200 000 төгрөгөөр тооцож авах саналыг гаргасан. Уг байрыг анх 1 м.кв-ыг 1 400 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байсан учир манай компанийн зүгээс 1 м.кв-ыг 2 000 000 төгрөгөөр авахаар тохиролцъё гэсэн боловч хариуцагч зөвшөөрөөгүй, үр дүнд хүрээгүй. Хариуцагчийн зүгээс 138 400 000 төгрөгийг 5 хувааж төлөх санал гаргасныг манай компани хүлээн зөвшөөрөөд 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Төлбөр барагдуулах тухай” гэрээг байгуулсан. Уг гэрээгээр 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 5 хувааж төлөхөөр тохиролцсон. Үүний дагуу хариуцагч Д.******* нь 12 дугаар сарын төлбөр 16 000 000 төгрөгийг 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төлсөн. Үлдсэн төлбөр болох 122 400 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Мөн төлбөр барагдуулах тухай гэрээний 3 дугаар зүйлд хариуцагч хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувтай тэнцэх хэмжээний алдангийг төлөхөөр тохиролцсон. Хариуцагч нар 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш үүргээ биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нийт 476 хоногийн хугацаа хэтэрсэн бөгөөд алданги 72 828 000 төгрөг болж байна. Иргэний хуульд зааснаар нийт алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул алданги 61 200 000 төгрөгийг нэхэмжилж байна. Иймд үндсэн төлбөр 122 400 000 төгрөг, алданги 61 200 000 төгрөг, нийт 183 600 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах саналтай байна гэв.

 

3. Хариуцагч Д.*******, Б.******* нар нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Бид 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “*******” ХХК-тай гэрээ хийж 1 давхарт 70 м.кв эмийн сангийн зориулалттай байр, 2 давхарт 70 м.кв оффисын зориулалттай байрыг барьж өгөхөөр захиалга авсан. 1 м.кв-ыг 1 400 000 төгрөгөөр бодсон. Гэрээнд зааснаар төлбөрийн 50 хувь буюу 98 000 000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 15-нд, 20 хувь буюу 40 400 000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 25-нд, 30 хувь буюу 57 600 000 төгрөгийг 2021

оны 6 дугаар сарын 30-нд төлөхөөр тохиролцсон. ...1 давхарын эмийн сангийн зориулалттай байрыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний дотор засал, дулаан, ус 100 хувийн гүйцэтгэлтэйгээр хийж гүйцэтгэн Дорнод аймаг дахь “*******” ХХК-ийн салбарын захирал Ц.Ууганцэцэгт зургийг нь явуулаад ирж үзээд нүүж орж болно гэж хэлсэн. Тэгээд уулзахад заавал 2 давхарын 70 м.кв оффисын зориулалттай байртай цуг авна гэсэн. Төлбөрийн нөхцлөө удаа дараалан шаардуулж гэрээний хугацаандаа төлж чадаагүйн улмаас барилгын материалын үнэ нэмэгдэж үйл ажиллагаа саатсан нь үнэн. Эмнэлгийн зориулалттай өргөтгөлийн барилга нь одоо 99 хувийн гүйцэтгэлтэй байна. “*******” ХХК-ийн нэхэмжилж байгаа 122 400 000 төгрөгийг бид энэ эмийн сангийн зориулалттай байраа борлуулаад 2022 оны 12 дугаар сарын 20-ноос 30-ны хооронд төлж барагдуулна...гэв.

 

Хариуцагч нарын төлөөлөгч Д.Урансувд нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлага болох 122 400 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги 61 200 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрдөггүй. Эмнэлгийн зориулалттай байр худалдан авах гэрээг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулахад нэг талаас регистрийн дугаартай ******* овогтой *******, нөгөө талаас ******* регистрийн дугаартай Дорнод аймгийн “*******” ХХК оролцсон. Гэрээний дагуу нэхэмжлэгч 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 98 000 000 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 40 400 000 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 57 600 000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон боловч худалдагч авагч тал 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 98 000 000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 40 400 000 төгрөгийг хугацаа алдаж төлсөн байна. ...Гэрээний дагуу барилгын үйл ажиллагаа дуусаагүй гол нөхцөл нь ковид-19 цар тахал өвчинтэй холбоотой БНХАУ-ын хил 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хаасан байдаг. Энэ нь олон нийтэд илэрхий, тодорхой нөхцөл байдал юм. Хил гааль нээгдээгүйтэй холбоотой барилгын бараа материал удаан хугацаанд орж ирэх, бензин түлшний үнэ нэмэгдсэнээс бараа материалын үнэ нэмэгдэх, мөн захиалагч тал хугацаандаа төлбөрийг төлөөгүйгээс шалтгаалан барилгын ажил маш удаашралтай явагдсан.

...Нэхэмжлэгч нь эмнэлгийн зориулалттай байр худалдан авах гэрээг Б.******* гэдэг хүнтэй байгуулсан бөгөөд гэрээний нэг талаар Д.******* оролцоогүй байдаг. Гэрээнээс татгалзах тухай асуудлыг уг гэрээний 5.2-д зааж өгсөн. Гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл хүргүүлсэнтэй холбогдуулан нөгөө тал хугацаа тогтоогоогүй байхад төлбөр барагдуулах тухай гэрээг иргэн Д.*******тай хийсэн.  Д.*******, Б.******* нар нь хууль ёсны гэр бүл боловч бие даасан хувь этгээдүүд юм. Иймд төлбөр төлөгч нь Д.******* гээд Б.*******ын эрхийг зөрчсөн төлбөр барагдуулах тухай хэлцэл байгуулсан байна. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 1014 тоот итгэмжлэлээр Б.*******ыг Д.******* төлөөлж гарын үсэг зурсан байдал харагдаж байна. Гэтэл Б.******* нь ямар итгэмжлэлийг Д.*******т өгсөн гэдэг нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна. Үүнээс үзэхэд Б.******* нь ямар эрх, үүргийг хэдэн жилийн хугацаатайгаар Д.*******т шилжүүлсэн нь тодорхойгүй байна. ...Б.*******ын зүгээс “Манай нөхрийг дарамтлан төлбөр барагдуулах хэлцэлд гарын үсэг зуруулсан учраас би үүнийг зөвшөөрөхгүй байна” гэсэн тайлбарыг гаргасан байдаг. Мөн хариуцагч Д.******* нь надад “...“*******” ХХК-ийн гэрээ байгуулж байгаа хүмүүс манай захирлын хүүхэд эрүүгийн цагдаагийн албанд том дарга хийдэг, чамайг гарын үсэг зурахгүй, төлбөрөө өгөхгүй бол 461 дүгээр цагдан хорих ангид хорино, гэрээнд гарын үсэг зурахгүй бол чамтай хатуу ярина гэж дарамталсан учраас гарын үсэг зурсан, тухайн үед Б.******* байгаагүй” гэж хэлсэн. ...Д.*******, Б.******* нарын хувьд нэхэмжлэгч талаас авсан 138 400 000 төгрөгөөс 16 000 000 төгрөгийг төлсөн. Үүний үлдэгдэл 122 400 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Д.*******ын хувьд үндсэн гэрээний нэг тал биш байхад төлбөр барагдуулах гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй байна. Иймд алданги болох 61 200 000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна гэв.  

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: “*******” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн эмнэлгийн зохиулалттай байр худалдах авах гэрээ, Б.*******ын 000067378 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, Б.*******ын 000423523 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Ч.Мөнхнарын 000067304 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 98 000 000 төгрөг төлсөн цахим гүйлгээний баримт, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 40 400 000 төгрөг төлсөн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн гэрээнээс татгалзах мэдэгдэл хүргүүлэх тухай баримт, 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 05/017 дугаартай төлбөр барагдуулах тухай гэрээ, “*******” ХХК-ийн дүрэм, барилгын фото зураг, талуудын тайлбар зэрэг нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

- Нэхэмжлэгч “*******” ХХК, хариуцагч Б.*******, Д.*******  нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр эмнэлгийн зориулалттай байр худалдах-худалдан авах гэрээ бичгээр байгуулагджээ.

- Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Б.*******д 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 98 000 000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 40 400 000 төгрөг тус тус шилжүүлсэн байна.

- Нэхэмжлэгч нь хариуцагчид 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл хүргүүлсэн байна.

-  Талууд 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 05/017 дугаартай төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулсан болно. Тус гэрээний дагуу хариуцагч тал 16 000 000 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-д буцаан төлсөн байна.

 

5. Нэхэмжлэгч тал нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн эмнэлгийн зориулалттай байр худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 122 400 000 төгрөг болон 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн төлбөр барагдуулах тухай гэрээний дагуу алданги 61 200 000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн боловч хариуцагч тал Д.*******ыг талуудын хооронд байгуулсан үндсэн гэрээний оролцогч биш гэсэн үндэслэлээр алданги 61 200 000 төгрөгийг төлөхөөс татгалзаж маргадаг.

Харин хариуцагч нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний дагуу шилжүүлсэн 122 400 000 төгрөгийг буцаан төлөх талаар маргадаггүй болно.

 

6. Нэхэмжлэгч тал нь 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн эмнэлгийн зориулалттай байр худалдах-худалдан авах гэрээг “*******” ХХК болон Б.*******, Д.******* нарын хооронд байгуулагдсан гэж тайлбарладаг боловч хариуцагч тал нь дээрх гэрээг байгуулахад Д.******* оролцоогүй, гэрээний оролцогч биш гэж маргадаг.

2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн эмнэлгийн зориулалттай байр худалдах-худалдан авах гэрээнээс үзэхэд “*******” ХХК болон Б.*******, Д.******* нар гарын үсэг зурсан байх бөгөөд хариуцагч нар нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзах санал хүргүүлэх хүртэлх хугацаанд гэрээ байгуулсан эсэх, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна. 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно”, 43 дугаар зүйлийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд бичгээр хийсэн хэлцэл гэж үзэхээр тус тус заажээ.

Түүнчлэн талуудын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээний   2.9-д  энэхүү гэрээнд талууд гарын үсэг зурж урьдчилгаа төлбөр төлөгдсөнөөр гэрээ хүчин төгөлдөр болж түлхүүрийг захиалагчид хүлээлгэн өгсөнөөр дуусгавар болно гэж тусгасан байна. 

Иймд хариуцагч Д.*******ыг хүсэл зоригоо илэрхийлж улмаар гэрээнд гарын үсэг зурсан гэж үзэх бөгөөд “*******” ХХК болон Д.*******, Б.******* нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах- худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Тус гэрээгээр худалдагч нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг Чойбалсан 1 дүгээр гудамжны 148-а тоот өргөтгөлийн барилгаас 1 давхарт 70 м.кв, 2 давхарт 70 м.кв, нийт 140 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 196 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авагч нь төлбөрийн 50 хувь буюу 98 000 000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 15-нд, 20 хувь буюу 40 400 000 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 25-нд, 30 хувь буюу 57 600 000 төгрөгийг 2021 оны 6 дугаар сарын 30-нд төлөхөөр тус тус тохиролцжээ.  

Нэхэмжлэгч нь хариуцагч талыг “...2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 2 давхарын 70 м.кв талбайг бүрэн ашиглалтад оруулж, улсын комисст хүлээлгэн өгөхөөр тохирсон үүргээ биелүүлээгүй, бусадтай газрын давхцалын маргаантай  байсан...” гэсэн үндэслэлээр 2021 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг хүргүүлсэн байх бөгөөд хариуцагч тал энэ талаар маргаагүй болно.

 Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцаан өгөх үүрэгтэй. Иймд хариуцагч Д.*******, Б.******* нараар гэрээний дагуу шилжүүлсэн 122 400 000 төгрөгийг хувь тэнцүүлэн төлүүлэх үндэслэлтэй байна.

 

 Гэрээнээс татгалзсантай холбогдуулан нэхэмжлэгчээс хариуцагчид гэрээний дагуу шилжүүлсэн 138 400 000 төгрөгийг ямар хугацаанд хэрхэн буцаан төлөх талаар талууд тохиролцон төлбөр барагдуулах тухай гэрээг 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр байгуулжээ.

Тус гэрээний дагуу хариуцагч тал 16 000 000 төгрөгийг буцаан төлсөн байна.

Хариуцагч нар дээрх гэрээг нэхэмжлэгч талын зүгээс дарамтлан хүч хэрэглэн хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч хүч хэрэглэн хэлцэл хийсэн гэдэг нь хариуцагч нарын тайлбараас өөр бусад баримтаар тогтоогдохгүй байна.  

Тус гэрээнд 106-р наториатчийн олгосон 2021 оны 10 дугаар сарын 21-ний 1014 дугаартай итгэмжлэлээр Б.*******ыг Д.******* төлөөлөх талаар дурдсан боловч дээрх итгэмжлэлийг хэрэгт нотлох баримтаар хавсаргаагүй байна.

Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д хэлцлийг төлөөлөгчөөр дамжуулан хийж болно, 62.3-д төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ, 63 дугаар зүйлийн 63.2-д төлөөлөгч төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно гэж тус тус заажээ. Дээрх хуулийн зохицуулалтын дагуу хариуцагч Б.******* нь Д.*******т итгэмжлэл олгосон болох нь тогтоогдохгүй байх тул уг төлбөр барагдуулах тухай гэрээнээс үүсэх эрх, үүрэг нь хариуцагч Б.*******д бий болох боломжгүй юм. Иймд дээрх гэрээнээс үүсэх үүргийг хариуцагч Д.******* хүлээх үндэслэлтэй байна.

Тус гэрээний 3-т “гэрээний 1 дэх хэсэгт заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй бол хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлбөр авагчид төлнө” гэж тусгасан байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасан “...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэсэн заалтанд нийцүүлэн алданги 61 200 000 төгрөг нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байна.  

Хариуцагч нь гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүйгээс үүсэх хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй боловч зохигчдын хооронд байгуулсан гэрээний зарим хугацаанд гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал буюу Ковид-19 цар тахал гарсантай холбоотой хариуцагч нар гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдож байна. 

Дээрх үйл баримт нь нийтэд илэрхий үйл баримт байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь уг үйл баримтыг нотолгооны аливаа хэрэгслээр нотлох үүргээс чөлөөлөгдөнө.

Иймд дээрх үйл баримттай холбогдуулан хариуцагчийн төлөх ёстой алданги болох 61 200 000 төгрөгийн 50 хувь болох 30 600 000 төгрөгийг хариуцагч Д.*******аар төлүүлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн хариуцагч Д.*******аас 91 800 000 төгрөг, хариуцагч Б.*******аас 61 200 000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

 

 7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 316 170 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 616 950 төгрөг, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 463 950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон   ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.*******аас 91 800 000 /ерэн нэгэн сая найман зуун мянга/ төгрөг, хариуцагч Б.*******аас 61 200 000 /жаран нэгэн сая хоёр зуун мянга/ төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 316 170 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 616 950 төгрөг, хариуцагч Б.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 463 950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.ГАНЧИМЭГ