Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 201/МА2023/00019

 

 

Мөнхийн тун ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Энхцэцэг даргалж, шүүгч О.Баатарсүх, Г.Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны "В" танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 27-ны өдрийн 138/ШШ2023/0121 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Мөнхийн тун ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******, ******* нарт холбогдох,

183 600 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Урансувдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Г.Уртнасангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагч нарын төлөөлөгч Д.Урансувд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Мөнхийн тун ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: Мөнхийн тун ХХК нь хариуцагч *******, Б.Азжаргал нартай 2020 оны 10 сарын 30-ны өдөр эмнэлгийн зориулалттай байр худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Чойбалсан 1 дүгээр гудамжны 148-а тоот өргөтгөлийн барилгаас 1 давхарт 70 м.кв, 2 давхарт 70 м.кв, нийт 140 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 196 000 000 төгрөгөөр бариулахаар тохиролцсон. Манай компани эмийн сан, эм хангамж нийлүүлэх төвийн үйл ажиллагаа явуулах зориулалттай бариулсан. ... Ингээд гэрээний төлбөрт 138 400 000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн байна. Мөн уг байрны хоёрдугаар давхарыг 2021 оны 6 сарын 30-ны өдөр ашиглалтад оруулахаар тохиролцсон боловч 2021 оны 10 сарын байдлаар уг барилгын 1, 2 давхар ашиглалтад ороогүй, улсын комисс өнөөдрийг хүртэл хүлээж аваагүй байна. Иймд компанийн эмийн сан, эм хангамж нийлүүлэх төв нь тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг учраас улсын комисс хүлээж аваагүй байранд үйл ажиллагаа эрхлэх боломжгүй байсан. Үүнтэй холбогдуулан манай компани гэрээнээс татгалзах тухай хүсэлтийг 2021 оны 10 сарын 03-ны өдрийн албан бичгээр хүргүүлсэн. ... Хариуцагчийн зүгээс гэрээнээс татгалзах саналыг хүлээн авч, шилжүүлсэн 138 400 000 төгрөгийг 5 хувааж төлөх саналыг гаргасныг манай компани хүлээн зөвшөөрөөд 2021 оны 10 сарын 22-ны өдөр Төлбөр барагдуулах тухай гэрээг байгуулсан. Уг гэрээгээр 2021 оны 12 сарын 25-ны өдрөөс 2022 оны 4 сарын 25-ны өдрийг хүртэл 5 хувааж төлөхөөр тохиролцсон. Үүний дагуу хариуцагч ******* нь 12 сарын төлбөр 16 000 000 төгрөгийг 2022 оны 01 сарын 26-ны өдөр төлсөн. Үлдсэн төлбөр болох 122 400 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа тул уг мөнгийг хариуцагч нараас нэхэмжилж байна.

... Мөн төлбөр барагдуулах тухай гэрээний 3 дугаар зүйлд хариуцагч хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувтай тэнцэх хэмжээний алдангийг төлөхөөр тохиролцсон. 2022 оны 01 сарын 25-ны өдрөөс хойш үүргээ биелүүлээгүй тул алдангид 55 080 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

... Хариуцагч нар нь 2022 оны 01 сарын 25-ны өдрөөс хойш 2022 оны 4 сарын 25-ны өдрийг хүртэл 476 хоног хэтэрсэн байх бөгөөд нийт алданги 72 828 000 төгрөг болж байна. Иргэний хуульд зааснаар нийт алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул нийт алдангид 61 200 000 төгрөгийг нэхэмжилж байна. Өмнө нь нэхэмжлэлийн шаарддлага нэмэгдүүлэхдээ алдангид 55 080 000 төгрөг нэхэмжилсэн. Зөрүү нь 6 120 000 төгрөг болж байх тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Иймд үндсэн төлбөр 122 400 000 төгрөг, алданги 61 200 000 төгрөг, нийт 183 600 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах саналтай байна. гэжээ.

2. Хариуцагч *******, ******* нар хариу тайлбартаа: Бид 2020 оны 10 сарын 30-ны өдөр Мөнхийн тун ХХК-тай гэрээ байгуулж, нэг давхарт 70 м.кв эмийн сангийн зориулалттай байр, хоёр давхарт 70 м.кв оффисын зориулалттай байрыг барьж өгөхөөр захиалга авсан. Нэг м.кв-ыг 1 400 000 төгрөгөөр бодсон. Гэрээнд зааснаар төлбөрийн 50 хувь буюу 98 000 000 төгрөгийг 2020 оны 11 сарын 15-нд, 20 хувь буюу 40 400 000 төгрөгийг 2020 оны 12 сарын 25-нд, 30 хувь буюу 57 600 000 төгрөгийг 2021 оны 6 сарын 30-нд төлөхөөр тохиролцсон.

Нэг давхарын эмийн сангийн зориулалттай байрыг 2020 оны 12 сарын 31-ний дотор засал, дулаан, ус 100 хувийн гүйцэтгэлтэйгээр хийж гүйцэтгэн Дорнод аймаг дахь Мөнхийн тун ХХК-ийн салбарын захирал *******т зургийг нь явуулж ирж үзэж болно, нүүж орж болно гэж хэлсэн. Тэгээд уулзахад заавал хоёр давхарын 70 м.кв оффисын зориулалттай байртай цуг авна гэж хүлээлгэсэн. Төлбөрийн нөхцлөө удаа дараалан шаардуулж гэрээний хугацаандаа төлж чадаагүйн улмаас барилгын үйл ажиллагаа удааширч барилгын материалын үнэ нэмэгдэж үйл ажиллагаа саатсан нь үнэн. Эмнэлгийн зориулалттай өргөтгөлийн барилга нь одоо 99 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөнхийн тун ХХК-ийн нэхэмжилж байгаа 122 400 000 төгрөгийг бид энэ эмийн сангийн зориулалттай байраа борлуулаад 2022 оны 12 сарын 20-ноос 30-ны хооронд төлж барагдуулна. гэжээ.

3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Урансувд хариу тайлбартаа: Хариуцагч нар нэхэмжлэлийг гардаж аваад анхны нэхэмжлэлийн шаардлага болох 122 400 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, алдангид 55 080 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч нар хүлээн зөвшөөрдөггүй. Өнөөдрийн шүүх хуралдаанд мөн алдангид 6 120 000 төгрөг нэмэгдүүлээд нийт алдангид 61 200 000 төгрөгийг нэхэмжилж байна гэж ойлголоо. Гэвч хариуцагч нар нэмэгдүүлсэн шаардлагыг мөн адил хүлээн зөвшөөрөхгүй байна.

...Худалдагч авагч тал 2020 оны 11 сарын 19-ний өдөр 98 000 000 төгрөг, 2020 оны 12 сарын 25-ны өдөр 40 400 000 төгрөгийг тус тус төлөх ёстой байтал 2021 оны 05 сарын 25-ны өдөр 40 400 000 төгрөгийг төлсөн үйл баримт харагдаж байна. Тухайн үед захиалагч тал гэрээний үүргээ зөрчсөн боловч хариуцагч Б.Азжаргалын зүгээс маргаан гаргаагүй.  Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнээс татгалзах саналыг 2021 оны 10 сарын 03-ны өдөр гаргасан.

... Эмнэлгийн зориулалттай байр худалдан авах гэрээг Б.Азжаргал гэдэг хүнтэй байгуулсан байдаг. Гэрээний нэг талаар ******* оролцоогүй болох нь харагдаж байна. Гэрээнээс татгалзах тухай асуудлыг уг гэрээний 5.2-т зааж өгсөн. Гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл хүргүүлсэнтэй холбогдуулан нөгөө тал хугацаа тогтоогоогүй байхад төлбөр барагдуулах тухай гэрээг иргэн *******тай хийсэн. ... Хариуцагч ******* нь ... Мөнхийн тун ХХК-ийн гэрээ байгуулж байгаа хүмүүс манай захирлын хүүхэд эрүүгийн цагдаагийн албанд том дарга хийдэг, чамайг гарын үсэг зурахгүй, төлбөрөө өгөхгүй бол 461 дүгээр цагдан хорих ангид хорино, гэрээнд гарын үсэг зурахгүй бол чамтай хатуу ярина гэж намайг дарамталсан учраас гарын үсэг зурсан, тухайн үед Б.Азжаргал байгаагүй. гэж хэлсэн.

... *******, Б.Азжаргал нарын хувьд нэхэмжлэгч талаас авсан 138 400 000 төгрөгөөс 16 000 000 төгрөгийг төлсөн. Үүний үлдэгдэл 122 400 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. *******ын хувьд үндсэн гэрээний нэг тал биш байхад төлбөр барагдуулах гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй байна. Иймд алданги болох 61 200 000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. гэжээ.

4. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд 2023 оны 01 сарын 27-ны өдрийн 138/ШШ2023/0121 дүгээр шийдвэрээр:

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас 91 800 000 төгрөг, хариуцагч Б.Азжаргалаас 61 200 000 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Мөнхийн тун ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 30 600 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 316 170 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 616 950 төгрөг, хариуцагч Б.Азжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 463 950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Мөнхийн тун ХХК-д олгож,... шийдвэрлэжээ.

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Урансувд давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. ... маргааны зүйл болсон эмнэлгийн зориулалттай байр худалдан авах гэрээний 1 дэх хэсгийн 1.1-д энэхүү гэрээ нь Мөнхийн тун ХХК, иргэн Б.Азжаргал нарын хооронд байгуулсан гэдгийг онцлон заасан байхад *******ыг гэрээний хариуцагч тал болгоод нэхэмжлэл гаргаснаас гадна үүргийн гүйцэтгэл шаардан, улмаар алданги тооцон *******аас гаргуулах шаардах эрх Мөнхийн тун ХХК буюу нэхэмжлэгчид байхгүй. Гэтэл шүүхээс гэрээний тал болж оролцсон гэх үндэслэл тусгагдаагүй байхад гарын үсэг зурж баталгаажуулсан гэдгээр хэлцэл хийгдсэн гэж дүгнэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Энэ гэрээг байгуулахдаа гэрээнээс татгалзах, цуцлах үед ямар арга хэрэгсэл хэрэглэх тухай захиалагч буюу худалдан авагч тал зохицуулаагүй. Нэгэнт гэрээнээс татгалзаж буй бол Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.1 дэх заалтын дагуу Б.Азжаргал Мөнхийн тун ХХК-иас бодитоор шилжүүлсэн төлбөрийг эргүүлж төлөх юм. Эргүүлж төлөх энэ төлбөрт үүргийн гүцэтгэлийг хангах аргыг анхнаасаа гэрээнд тусгаагүй байж албан ёсны гэрээний тал бус *******т шахалт үзүүлж төлбөр барагдуулах хэлцэл хийн үүний үр дүнд алданги гаргуулах болсныг зөвшөөрөхгүй, шүүхээс анхдагч харилцааг үнэлж чадаагүй гэж гомдож байна.

... Гэрээнээс татгалзах мэдэгдэл хүргүүлж өөрсдөө хугацаа заачихаад хугацаанаас өмнө гэрээ байгуулаагүй. *******аар гарын үсэг зуруулж алданги нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Ядаж яагаад хугацаанаас өмнө татгалзах хариуг албан ёсны болгож авахгүйгээр төлбөр барагдуулах гэрээ байгуулав. Энэ нь хуульд нийцэхгүй. Гэрээнээс татгалзсанаар өгсөн авсан зүйлээ эргүүлэн өгөх үүрэг 2 талд үүснэ. Алданги бол гэм хор гэж үүрэг гүйцэтгүүлэгчид төлөх мөнгө биш.

Иймд ******* нь гэрээний албан ёсны тал бус байтал алданги тооцон 30 600 000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэнийг өөрчилж өгнө үү. Гэрээний дагуу татгалзсан нөхцөлд талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар эргүүлж өгөх боломжтой буюу өгсөн мөнгийг эргүүлэн төлөх үүргийн дагуу энэ үүргээ биелүүлэхээс бус тодорхойгүй давхар үүрэг хүлээн мөнгийг хүүлэх замаар өсгөж өгөх үндэслэлгүй юм. гэжээ.

6. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Урансувд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 121 дүгээр шүүхийн шийдвэрээс хариуцагч *******аас алдангид 30 600 000 төгрөгийг гаргуулах гэсэн хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргасан ба гомдлоо дэмжиж байна. *******ын хувьд төлбөр барагдуулах гэрээний дагуу алданги төлөх үүрэггүй гэж үзэж байгаа. ... Хэдийгээр ******* нь үндсэн гэрээний нэг тал биш, хариуцагч биш гэж үзэж байгаа боловч анхан шатны шүүхийн хариуцагч *******аас үндсэн гэрээний үүрэг 122 400 000 төгрөгийн 50 хувийг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч байгаа. Учир нь *******, Б.Азжаргал нар нэг гэр бүлийн хүмүүс, Б.Азжаргалаас бүтнээр нь гаргуулсан ч, аль алинаас нь гаргуулсан ч энэ гэр бүлээс гарна гэсэн утгаар хүлээн зөвшөөрч байгаа.

... Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч тал хариуцагч *******, Б.Азжаргал нартай 2020 оны 12 дугаар сард гэрээ байгуулж, гэрээгээ нотариатын газраар гэрчлүүлсэн. Нотариатч талуудын хурууны хээг авч баталгаажуулсан. Энэ байдлаас үзэхэд ******* нь анхнаасаа энэ гэрээний нэг тал болох нь харагддаг. Гэрээний хугацаанд, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед ч гэсэн ******* л байнга бидэнтэй холбогддог байсан. Энэ хугацаанд гэрээний нэг тал биш гэдгээ нэг ч удаа илэрхийлж байгаагүй. Харин ч гэрээний нэг тал мөн гэдгээ байнга илэрхийлж, харилцаа үүсгэж, төлбөр барагдуулах гэрээг хүртэл байгуулсан байгаа. ... Гэрээний дагуу төлбөрөө төлөхөө больсон учраас бид шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бид үйл ажиллагаа явуулах гэж 3 жилийн хугацаанд хүлээсэн байгаа. 7 сарын хугацаанд төлбөрөө төлөөгүй учраас алданги нэхэмжилсэн. Уг нь алдангийг бүтэн хэмжээгээр авах эрхтэй гэж үзсэн боловч шүүх давагдашгүй хүчин зүйлсээс шалтгаалж алдангиас багасгасан. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байгаа тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасны дагуу хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Урансувдын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Мөнхийн тун ХХК нь өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гээр дамжуулан хариуцагч *******, Б.Азжаргал нарт холбогдуулан гэрээнээс татгалзсаны үр дагавар буюу гэрээний төлбөрт шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл 122 400 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчдын хооронд байгуулсан Төлбөр барагдуулах гэрээний алдангид 61 200 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэжээ.

3. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Манай компани *******, Б.Азжаргал нартай 2020 оны 10 сарын 30-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах, Чойбалсан 1 дүгээр гудамжны 148-а тоот өргөтгөлийн барилгаас нэг, хоёр давхарт нийт 140 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 196 000 000 төгрөгөөр эмнэлгийн зориулалттай байр худалдан авах гэрээ байгуулсан. ... гэрээний урьдчилгаа төлбөрт 138 400 000 төгрөгийг шилжүүлсэн. Уг гэрээгээр нэг, хоёрдугаар давхарын байруудыг 2021 оны 6 сарын 30-ны өдөр ашиглалтад оруулахаар тохиролцсон боловч 2021 оны 10 сарын байдлаар ашиглалтад ороогүй, улсын комисс хүлээж аваагүй байсан. ... Үүнтэй холбогдуулан манай компани гэрээнээс татгалзсан. ... Хариуцагчийн зүгээс гэрээнээс татгалзах саналыг хүлээн авч, шилжүүлсэн 138 400 000 төгрөгийг 5 хувааж төлөх саналыг гаргасныг манай компани хүлээн зөвшөөрч 2021 оны 10 сарын 22-ны өдөр Төлбөр барагдуулах тухай гэрээг байгуулсан. ... хариуцагч нар нь 12 дугаар сарын төлбөр 16 000 000 төгрөгийг 2022 оны 01 сарын 26-ны өдөр төлсөн боловч үлдсэн төлбөр 122 400 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа тул Төлбөр барагдуулах гэрээний дагуу алдангид 61 200 000 төгрөгийг, төлбөл зохих 122 400 000 төгрөгийн хамт нийт 183 600 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулна. гэж,

4. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг татгалзаж буй үндэслэлээ: Нэхэмжлэлийн шаардлагаас 122 400 000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрнө. Харин ... нэхэмжлэгчтэй байгуулсан 2020 оны 10 сарын 30-ны өдрийн Эмнэлгийн зориулалттай байр худалдан авах тухай гэрээг зөвхөн хариуцагч Б.Азжаргалтай байгуулсан, уг гэрээнд ******* оролцоогүй. ... гэтэл нэхэмжлэгч гэрээний оролцогч биш этгээд *******тай 2021 оны 10 сарын 22-ны өдөр Төлбөр барагдуулах тухай гэрээг байгуулсан нь хуульд нийцээгүй байна. ... Нэхэмжлэгч талд шаардах эрх байхгүй, гэрээний оролцогч биш этгээдтэй байгуулсан гэрээний алдангид нэхэмжилж буй 61 200 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. ... гэж тус тус тайлбар гарган маргадаг.

5. Хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нэхэмжлэгч Мөнхийн тун ХХК болон хариуцагч Б.Азжаргал, ******* нар нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, Чойбалсан 1 гудамж, 148а тоотод байрлах, хариуцагч нарын барьж буй өргөтгөлийн барилгаас нэг давхарт 70 м2 талбай бүхий нэг өрөө, хоёр давхарт 70 м2 бүхий нэг өрөө буюу нийт 140м2 талбай бүхий байрыг захиалан, нэг м2 талбайг 1 400 000 төгрөгт тооцон 196 000 000 сая төгрөгөөр худалдан авах, худалдан авагч тал гэрээний төлбөрийг 3 хувааж хэсэгчлэн төлөхөөр, худалдагч тал захиалсан байрыг 2021 оны 6 сарын 30-ны өдөр бүрэн ашиглалтанд оруулж, улсын комисс хүлээн авсны эцэст хүлээлгэн өгөхөөр тус тус харилцан тохиролцож, 2020 оны 10 сарын 30-ны өдөр Эмнэлгийн зориулалттай байр худалдан авах гэрээг байгуулсан /хх-5-8 тал/,

Нэхэмжлэгч Мөнхийн тун ХХК нь гэрээнд заасны дагуу төлбөрийн урьдчилгаанд 138 400 000 төгрөгийг Б.Азжаргалын дансанд шилжүүлсэн /хх-13-14 тал/ боловч 2021 оны 10 сарын 30-ны өдрийн байдлаар хариуцагч Б.Азжаргал, ******* нар нь гэрээнд заасан хугацаанд захиалсан байрыг бүрэн ашиглалтанд оруулаагүй, улсын комисс хүлээн аваагүй, мөн уг барилгын газрын давхцлын талаар маргаантай байгаа нөхцөл байдлуудаас шалтгаалан гэрээний харилцааг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч буюу худалдан авагч тал гэрээнээс татгалзсан, /хх-15 тал/

Нэхэмжлэгч талын гэрээнээс татгалзах саналыг хариуцагч нар хүлээн зөвшөөрч, гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 138 400 000 төгрөгийг 2021 оны 12 сарын 25-ны өдрөөс 2022 оны 04 сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд 5 хуваан хэсэгчлэн төлөхөөр нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож, 2021 оны 10 сарын 22-ны өдөр №05/017 дугаартай Төлбөр барагдуулах тухай гэрээг хариуцагч ******* нь нэхэмжлэгч Мөнхийн тун ХХК-тай байгуулсан, /хх-16 тал/ уг гэрээний дагуу хариуцагч нь 16 000 000 төгрөгийг 2022 оны 01 сард нэхэмжлэгчид төлсөн боловч үлдэгдэл 122 400 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй үйл баримтууд тус тус тогтоогдсон байна.

6. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагатай нийцжээ.

7. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Урансувд ... хариуцагч ******* нь үндсэн гэрээний нэг тал биш байхад түүнтэй Төлбөр барагдуулах гэрээг байгуулсан, мөн уг гэрээний дагуу алданги төлөх үүрэггүй байхад түүнээс алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байх тул *******аас алдангид 30 600 000 төгрөг гаргуулсныг өөрчилж өгнө үү. ... гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг давж заалдах шатны шүүх хангах үндэслэлгүй байна.

8. Талуудын хооронд 2020 оны 10 сарын 30-ны өдөр байгуулагдсан Эмнэлгийн зориулалттай байр худалдан авах тухай гэрээний 1.1 дэх хэсэгт Б.Азжаргалын нэр бичигдсэн боловч *******, Б.Азжаргал нар нь гэрээний 2.9-д зааснаар гэрээнд гарын үсэг зурж гэрээг баталгаажуулснаар тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

 Түүнчлэн дээрх гэрээний заалтуудаас үзэхэд хариуцагч нарын хэн аль нь худалдан авагч буюу нэхэмжлэгчийн өмнө үүрэг гүйцэтгэх, нэхэмжлэгч нь худалдагч нарын хэн алинаас нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах боломжтой байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1.-д зааснаар хариуцагч *******ыг дээрх гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзэх ба анхан шатны шүүх хариуцагч *******ыг гэрээний нэг тал болох, хариуцагч нар нь гэрээнээс татгалзсаны үр дагавар болох гэрээний гүйцэтгэлийг нэхэмжлэгчид хувь тэнцүүлэн төлөх үүрэгтэй талаар тус тус үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

9. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хариуцагч тал гэрээний гүйцэтгэл буюу 138 400 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөхдөө тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх тухай хүсэл зоригоо илэрхийлснийг нэхэмжлэгч тал хүлээн авснаар тэд харилцан тохиролцож, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар 2021 оны 10 сарын 22-ны өдөр Төлбөр барагдуулах тухай гэрээг хариуцагч ******* нэхэмжлэгчтэй байгуулсан, уг гэрээгээр хариуцагч нь гэрээнд заасан үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд алданги төлөх үүргийг хүлээсэн нь хууль зөрчөөгүй байна.

10. Түүнчлэн Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. гэж заасны дагуу хариуцагч ******* нь нэхэмжлэгчтэй байгуулсан Төлбөр барагдуулах тухай гэрээнд заасан төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс үүсэх гэрээний үүргийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй юм.

Харин анхан шатны шүүх ... гэрээний хугацаанд Ковид-19 цар тахал буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжгүй болсон үйл баримт тогтоогдсон гэх үндэслэлээр алдангийн 50 хувийг бууруулж, хариуцагч *******аас алдангид 30 600 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзэв.

 11. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Урансувдын давж заалдах журмаар гаргасан ... хариуцагч ******* нь гэрээний нэг тал биш байтал түүнээс алдангид 30 600 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг өөрчилж өгнө үү. гэсэн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310 950 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 27-ны өдрийн 138/ШШ2023/00121 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Урансувдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 310 950 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 167.4, 167.5 дахь хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ЭНХЦЭЦЭГ

ШҮҮГЧИД О.БААТАРСҮХ

Г.УРТНАСАН