Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 181/ШШ2023/03445

 

 

 

 

 

2023 10 30

181/ШШ2023/03445

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Н ХХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Буянхишиг тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.С нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан Хуульч, ТУЗ-ийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

...миний бие Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 18/009 дүгээр тушаалаар тус компанид захиргаа, эрх зүйн ажилтан албан тушаалд ажиллаж эхэлсэн. 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ажлын байр өөрчлөгдөж тус компанийн Хуульч, ТУЗ-ийн нарийн бичгийн даргын албан тушаалд ажиллах болсон билээ.

2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Удирдах ажилтны хурал дээр гүйцэтгэх захирал Ж.Г 1, 2 ажилтан цомхотгох тухай цухас дурдсан. Тийнхүү чимээгүй явж байгаад 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр надад 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөр огноологдсон Мэдэгдэл танилцуулж, цомхотгож байгаа тухай хэлж, өнөөдөр ч ажлаа хүлээлгэж өгөөд явж болно гэсэн. Тухайн үед Н ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 23/002 дугаар тушаалаар бүтэц, орон тооны нэршил өөрчлөгдөж байгааг надад танилцуулаагүй бөгөөд би цомхотголд цуг орсон бусад ажилтнаас бүтэц өөрчилсөн тушаал гарсан тухай цухас сонссон.

Ийнхүү үндэслэл нь тодорхойгүй миний ажлын байр хасагдаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4, 80.5 дугаар зүйлд заасны дагуу надад 30 хоногийн өмнө мэдэгдэж байгаа гэж байгаа боловч 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн тус мэдэгдэл дээр мэдэгдсэн өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж байгаа тухай бичсэн Мэдэгдэл нь мэдэгдэл нэрийн доор гарсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал болох нь харагдаж байгаа юм.

Мөн өнөөдөр хүртэл ТУЗ-ийн нарийн бичгийн даргын ажил хийгдэж байгаа бөгөөд хуульчийг болохоор Захиргаа хүний нөөц хавсран гүйцэтгэж байгаа болно. Иймд миний хийж байсан ажил үүргийн чиглэл өөрчлөгдөөгүй гэж үзэж байна. Энэхүү бүтэц зохион байгуулалтыг зөвхөн 3 хүнд зориулан гаргасан гэж үзэж байна. Иймээс хүлээн зөвшөөрөөгүй тул тус дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр гомдол өгсөн боловч хуралдахгүй байсаар 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хуралдаад шүүхэд ханд гэсэн шийдвэрийг 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр өгсний дагуу тус шүүхэд хандаж гомдлоо гаргаж байна. ... гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргасан. Үүнд:

2.1. ...Н ХХК /цаашид компани гэх/ 2019 онд Сайншанд Салхин цахилгаан станцын төсөлд гүйцэтгэгчээр ажиллаж, төсөл дууссанаас хойш том, жижиг төсөл хэрэгжүүлээгүй 3 жил өнгөрч, санхүүгийн болон тоног төхөөрөмж, материал, хүний нөөцийн хомсдолд орсон. 2023 оны компанийн бизнес төлөвлөгөөг Төлөөлөн Удирдах Зөвлөл /цаашид ТУЗ гэх/-өөс батлахдаа одоо байгаа тоног төхөөрөмжөө түрээслэх, агуулахад байгаа хөнгөн ган төмрөө борлуулах үндсэн хоёр үүрэг даалгавар өгч, үйл ажиллагааны хувьд зардлаа танах, цалингийн зардлыг бууруулах чиглэл өгч, бизнес төлөвлөгөө батлагдсан.

Компани 2022 оны эцэс гэхэд томоохон харилцагчид АС200 автокраныг түрээслүүлэх гэрээ хийж чадвал цалингийн зардлыг бууруулах арга хэмжээ /ажлын байрны орон тоо цөөрүүлэх/ хийхгүйгээр, одоо байгаа бүтэц орон тоогоороо ажиллах боломжтой гэж тухайн үеийн Гүйцэтгэх захирлын зүгээс харж байсан боловч 2023 оны 1 сард манай кран түрээслэгдээгүй, өөр харилцагч сонгогдсон юм.

Иймд 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Компанийн удирдлага, зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай Гүйцэтгэх захирлын 23/002 тоот тушаал батлагдаж, 42 ажлын байрны орон тоо байснаас 26 ажлын байр хасагдаж нийт 16 орон тоог үлдээсэн. Н ХХК-ийн Компанийн дүрмийн 10 дугаар зүйлд Гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг заасан байдаг бөгөөд 10.4.8-д ТУЗ-өөс баталсан зардлын төсвийн хэмжээнд багтаан Компанийн ажилтнуудын орон тоо, ... тогтоох эрхийг өгсөн байдаг. Үүний дагуу Гүйцэтгэх захирлын 23/002 тоот тушаал батлах эрхийг ТУЗ нь дугаар ТУЗ/22-06 тогтоолоор батласан байдаг.

Энэхүү шинэ бүтцээр Хуульч, ТУЗ-ийн нарийн бичгийн даргаас гадна, ХАБЭАБО Хэлтсийн дарга, ХАБЭАБО-ны мэргэжилтэн, Захиргаа, хүний нөөцийн мэргэжилтэн, Ерөнхий нягтлан бодогч, Худалдан авалт хангамжийн менежер, Санхүүгийн шинжээч, Нярав, Техник хариуцсан супервайзер, Түрээсийн мэргэжилтэн, Төслийн менежментийн хэлтсийн дарга, Ерөнхий инженер, Үйлдвэр хариуцсан менежер, Цахилгааны инженер, Замын инженер, Төслийн мэргэжилтэн, Нимгэн төмөрчин гэх зэрэг ажлын байр, орон тоо бүтцээс хасагдсан. Өөрөөр хэлбэл Э.С нэхэмжлэлдээ дурдсан шиг зөвхөн гурван хүнд зориулж бүтцийг шинэчлэн баталсан гэдэг нь үндэслэлгүй болно.

2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Э.С ажлын байран дээр байгаагүй тул дараагийн ажлын өдөр буюу 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр тухайн үеийн Гүйцэтгэх захирал Ж.Г , Захиргаа, хүний нөөцийн менежер Ц.Д болон Э.С нар захирлын өрөөнд биечлэн уулзаж, компанийн бүтцэд өөрчлөлт орж, Хуульч болон ТУЗ-ийн нарийн бичгийн дарга албан тушаал бүтцээс хасагдсан гэдгийг танилцуулсан.

Тус мэдэгдэлд Компанийн бүтэц, зохион байгуулалт, орон тоонд өөрчлөлт орох тухай 23/002 тоот тушаал батлагдсан болох, уг тушаалд тухайн ажилтны ажлын байр бүтцээс хасагдсан болохыг мэдэгдсэн. Түүнчлэн мэдэгдэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 буюу ажлын байр хасагдсан үндэслэлээр Э.С тэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцлах тухай, энэ тухайгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан дагуу нэг сарын өмнө буюу 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр мэдэгдэж байгааг тодорхой заасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт заасны дагуу компани нь мэдэгдэл авсан Э.С гээр ажил үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй гэж үзсэн тул 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажилласнаар тооцож, олговрыг түүний дундаж цалин хөлснөөс тооцож олгоод, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгож цуцлах буюу ажиллахгүй байж болохыг мэдэгдсэн.

Мэдэгдэл авсан едрөөс хойш Э.С нь ажиллаагүй, ажлын байранд ирээгүй. Харин 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдөр ажлын байранд ирж, компьютер, бичгэн баримт материалууд, ширээ сандал зэргээ хүлээлгэн өгч, тойрох хуудас үйлдэж ажлаа албан ёсоор хүлээлгэн өгсөн билээ.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай 23/006 тоот тушаалыг ажил хүлээлцсэн өдрөөр буюу 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөр гаргуулж авсан. Уг тушаалд Нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт заасны дагуу 2023 оны 2 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ажилласанаар тооцож цалинг нь өгсөн, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т заасны дагуу түүнд 2 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг олгосон, мөн ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын мөнгийг тооцож олгосон.

Компани санхүүгийн хувьд маш хүндрэлтэй, орлого байхгүй хэдий ч хуульд заасан үүргээ бүрэн биелүүлж, цаг хугацаанд нь цалин, олговор, тэтгэмжийг нь бүрэн олгосон. Иймд мэдэгдэл нэрийн доор хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал гэдэг нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй болно.

Э.С тэй байгуулсан 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн дугаар 22/022 Хөдөлмөрийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-д заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй байгаа Б.Хосжаргалыг ажилдаа эргэж орох хүртэл гэрээг хугацаатай байгуулсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.6 дахь хэсэгт заасны дагуу ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны оронд түр орлон ажиллаж байсан ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж олгох шаардлагагүй хэдий ч Э.С д хоёр сарын цалинтай тэнцэх тэтгэмжийг компаниас олгосон.

Түүнчлэн Хөдөлмөрийн гэрээнд Э.С гийн албан тушаалыг Хуульч/ТУЗ-ийн нарийн бичиг гэж заасан боловч ТУЗ-ийн зүгээс түүнийг ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллуулахгүй гэж шийдвэрлэж, өөр хүнийг ТУЗ-ийн даргаар сонгосон байдаг. Иймд Нэхэмжлэгч нь ТУЗ-ийн нарийн бичгээр ажиллаж байгаагүй болно. Мөн хуульчийн ажлыг Захиргаа хүний нөөц хавсран гүйцэтгэж байгаа гэх нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлгүй. Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтод хуульчийн үйл ажиллагаа байхгүй.

Компани нь санхүүгийн хүндрэлтэй байдалд 2021 оноос хойш орсон. 2022 оны дөрөвдүгээр улирлын Санхүүгийн тайлангаар компанийн эцсийн баланс 47,634,000 төгрөгтэй байсан бөгөөд 416,000,000 гаруй төгрөгийн өр төлбөртэй байгаа. Түүнчлэн 2023 оны эхний улиралд төлөвлөгдөж байсан гэрээ зурагдаж орлого ороогүй учир Компани санхүүгийн хүндрэлтэй байдлаас гарч чадаагүй юм.

Компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай дугаар 23/006 тушаал нь хууль зөрчөөгүй, процедурын дагуу гарсан бөгөөд Э.С д өгсөн 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Мэдэгдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу нэг сарын өмнө танилцуулсан. Мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт заасны дагуу 2023 оны 2 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ажилласнаар тооцож цалинг нь өгсөн, 82 дугаар зүйлийн 82.1.2-т заасны дагуу түүнд хоёр сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг олгосон бөгөөд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын мөнгийг олгож Хөдөлмөрийн тухай хуулийг бүрэн биелүүлсэн. Э.С гийн нэхэмжлэл үндэслэлгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

2.2. Компани нь бүтэц зохион байгуулалтдаа өөрчлөлт оруулж, ажлын байр хасч, орон тоог цөөрүүлэх болсон шалтгаануудыг тайлбарлавал:

А. 2019 онд Сайншанд Салхин цахилгаан станцын төсөлд гүйцэтгэгчээр ажилласнаас хойшхи 3 жил буюу 2020-2022 онуудад том, жижиг төсөл хэрэгжүүлээгүйн улмаас санхүүгийн болон бусад нөөцийн хомсдолд орсонг компанийн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн санхүүгийн баталгаажсан тайлан, Ньюком групп ХХК буюу толгой компанийн Ерөнхий нягтлан бодогч Т.Батгэрэлийн санхүүгийн тайланг тайлбарласан тайлбар зэргээс харж болно.

Компанийн санхүүгийн баталгаажсан тайланд мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө 47,634,201 төгрөг, харин 416,664,000 төгрөгийн өр төлбөртэй байгааг харж болно.

Компани 2020-2022 онуудад Ковидын үеийн урт хугацааны хөл хорио, Ковид-19 цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг Сайншанд Салхин цахилгаан станцын төсөлд гүйцэтгэгчээр ажилласаны хуримтлагдсан ашгаар ажилтнуудаа цалинжуулж, орон тоог цөөрүүлэлгүй, цалин хөлсийг бууруулахгүйгээр даван туулж ирсэн.

Б. 2022 оны эцэс гэхэд томоохон харилцагчид АС200 автокраныг урт хугацаагаар түрээслэх гэрээ хийж чадвал орон тоог цөөрүүлэхгүй, компани цалингийн зардлаа нөхөх орлоготой байж чадах хүлээлттэй байсан боловч манай кран түрээслэгдээгүй. АС200 автокран нь нэг сарын 130-140 сая төгрөгийн түрээсийн орлого олж чадах техник хэдий ч 2020-2022 онуудад урт хугацааны битгий хэл, нэг долоо хоногоор ч түрээслэгдэж, орлого олж чадаагүй. Компанийн бусад техникүүдийн хувьд түрээсээс олох орлого багатай, элэгдэж хуучирсан, засварын зардал, эвдрэл ихтэй, мөн улирлын чанартай буюу өвлийн улиралд түрээсийн орлого олох боломжгүй байдаг.

В. 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хуралдсан компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар Компанийн 2023 оны Бизнес төлөвлөгөөг батласан. Уг төлөвлөгөөний хуудас 18-д батлагдсан Хүний нөөцийн төлөвлөлт хэсэгт орон тоог бууруулах, ялангуяа 2022 оны эцэст бодитойгоор ажиллаж байгаа орон тоог аль хэлтэст хэдэн хүн болгон бууруулахыг төлөвлөсөн.

Компанийн санхүүгийн хүндрэлтэй байдал үргэлжилсээр, улмаар 2023 оны 4 ба 5 дугаар саруудад гүйцэтгэх захирал Ж.Г , дэд захирал Д.Эрдэнэсайхан, санхүүгийн менежер Б.Б, нягтлан бодогч Б.Т, захиргаа, хүний нөөцийн менежер Ц. Д, Барилгын инженер О.Б зэрэг оффисын ажилтнуудтай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.

Дээрх тайлбарууд нь компани санхүүгийн хүндрэлийн улмаас ажлын байрыг хасч, орон тоог цөөрүүлэх зайлшгүй нөхцөл байдалд орсон гэдгийг тодорхой харуулна. Иймд 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдөр бичгээр өгсөн тайлбарт дурдсанчлан компани хөдөлмөрийн хуулийн дагуу ажилтанд олгох цалин, тэтгэмж, ээлжийн амралтын мөнгийг бүрэн олгосон, хууль зөрчөөгүй, процедурын алдаа гаргаагүй тул Э.С гийн нэхэмжлэл үндэслэлгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... гэжээ.

 

3. Хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж өгсөн баримтын тухайд:

 

3.1. Нэхэмжлэгчээс: Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн мэдэгдлийн хуулбар, 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 23/006 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалын хуулбар, тус ХХК-тай байгуулсан 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 22/022 дугаар Хөдөлмөрийн гэрээ, Сүхбааар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэрийн хуулбар, тус ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 23/002 дугаар Компанийн удирдлага зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай тушаал /хавсралт №1, 2/-ын хувилсан хувь, өөрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлт талаарх тодорхойлолт, Ш.Самалтай байгуулсан 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 3-16, 50/ зэргийг,

 

3.2. Хариуцагчаас: Ц.Д , Э.М нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, Н ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар, компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 22/001 дүгээр Компанийн удирдлага зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай тушаал /хавсралт №1, 2/-ын хуулбар, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ТУЗ-21-010 дугаар Д.Энхтуяаг ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар томилох тухай тогтоолын хуулбар, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргын албан тушаалын тодорхойлолтын хуулбар, Хаан банкны 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн Э.С гийн ажил хүлээлцсэн акт, тойрох хуудас, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 22/06 дугаар тогтоолоор баталсан Компанийн 2023 оны Бизнес төлөвлөгөөний хуулбар /орчуулгын хамт/, компанийн 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн санхүүгийн тайлангийн хуулбар, нягтлан бодогч Т.Батгэрэлийн гаргасан тайлбар, компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 23/010 дугаар, 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 23/012 дугаар, 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 23/014 дүгээр, 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 23/016, 23/018 дугаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалын хуулбарууд, 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 23/002 дугаар Компанийн удирдлага зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай тушаал /хавсралт №1, 2/-ын хуулбар, Бизнес төлөвлөгөөнд тусгагдсан нэр томъёоны тайлбар /хх 19, 21, 30-47, 49, 58-59, 63-87, 93-95, 108-112/ зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

4. Нэхэмжлэгч Э.С нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан Хуульч, ТУЗ-ийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

Үүнээс үзвэл, ажлын байр хасагдсан эсэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үндэслэл хуульд нийцсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

 

5. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

5.1. Э.С нь Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 18/009 дүгээр тушаалаар тус компанид захиргаа, эрх зүйн ажилтны албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн гэх бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 22/022 дугаар Хөдөлмөрийн гэрээ байгуулж, мөн өдрөөс эхлэн хүүхэд асрах чөлөөтэй байгаа Б.Хосжаргалыг ажилдаа эргэн орох хүртэл хугацаагаар хуульч, ТУЗ-ийн нарийн бичгийн даргын ажил үүргийг хийж гүйцэтгэхээр тохиролцжээ. /хх 5-9, 15-16/

5.2. Н ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Э.С д хаягласан албан бичигт Компанийн үйл ажиллагааны цар хүрээ багасаж байгаатай холбогдуулан гүйцэтгэх захирлын 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Компанийн удирдлага зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай 23/002 дугаар тушаал батлагдаж, үүний дагуу хуульч, ТУЗ-ийн нарийн бичгийн даргын ажлын байр хасагдсан хэмээн дурдаад, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтыг үндэслэн түүнтэй байгуулсан 22/022 дугаар Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ... мөн өдрөөр тасалбар болгон цуцалж буй талаар мэдэгдсэнийг тэрээр 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч танилцжээ. /хх-80/

 

5.3. Улмаар Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 23/006 дугаар тушаалаар Э.С тэй байгуулсан 22/022 дугаар Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг мөн өдрөөр тасалбар болгон цуцалж, түүний ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын олговор, 2023 оны 2 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны олговрыг дундаж цалин хөлснөөс, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцалсны тэтгэмжийг хоёр сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээгээр тус тус тооцож олгохыг Санхүүгийн хэлтэст үүрэг болгожээ.

Ингэхдээ уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.5, 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь заалтууд, ажилтанд 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр бичгээр танилцуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдлийг тус тус үндэслэл болгосон байна. /хх 4/

 

5.4. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан дээрх шийдвэрийг эс зөвшөөрч ажилтан Э.С нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасны дагуу шүүхэд гомдлоо гаргасан байна. /хх 10-11/

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн тохиолдолд хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заажээ.

Ажлын байр хасагдах гэдэгт тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг ойлгох бөгөөд энэ үндэслэлээр хөдөлмөр эрхлэлийн харилцааг цуцлах тохиолдолд ажил олгогч нь мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх үүрэгтэй.

Түүнчлэн ийнхүү мэдэгдэл авсан ажилтнаар ажил үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй, эсхүл боломжгүй гэж ажил олгогч үзвэл түүний дундаж цалин хөлснөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэлх хугацаагаар тооцсон олговор олгож, ажиллуулахгүй байж болохоор мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт заасан.

Ажил олгогч Н ХХК-ийн зүгээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөр тасалбар болгон цуцалсан, ажилтан Э.С мөн өдрөө ажлаа хүлээлцсэн байх боловч 2023 оны 2 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны олговрыг дундаж цалин хөлснөөс тооцож олгосон нь ажилтны эрхийг дордуулаагүй байна. /хх 43-47/

7. Ажил олгогч нь өөрийн хэрэгцээ, шаардлага, цаг үеийн нөхцөл байдал, санхүүгийн нөөц бололцоо, үйл ажиллагааны цар хүрээнд тохируулан дотооддоо зохион байгуулалтын өөрчлөлт хийж, тодорхой шалтгааны улмаас зарим ажлын байрыг хасах шийдвэр гаргах эрхтэй.

Эдгээр шалтгаан үндэслэл болоод ТУЗ-ийн нарийн бичгийн даргаар өөр хүнийг томилон ажиллуулж байсан, мөн хуульчийн ажлыг Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга хавсран гүйцэтгээгүй талаар хариуцагчийн зүгээс тайлбарлаж, холбогдох баримтууд гаргаж өгснийг нэхэмжлэгчийн зүгээс няцаан үгүйсгэж чадаагүй болно. /хх 26-29, 40-42, 49, 61-79, 83-87, 108-109/

Н ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн Компанийн удирдлага зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай 23/002 дугаар тушаалаар өмнөх 2022 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 22/001 дүгээр тушаалын 1, 2 дугаар хавсралтуудыг хүчингүй болгож, үүнтэй холбогдуулан компанийн удирдлага, зохион байгуулалтын бүтцийг Хавсралт №1-ээр, ажлын байр, албан тушаалын нэршил, орон тоог Хавсралт №2-оор тус тус шинэчлэн баталжээ. /хх 36-40, 93-95/

Эдгээрээс үзвэл, нэхэмжлэгчийн ажиллаж байсан хуульч, ТУЗ-ийн нарийн бичгийн дарга гэсэн ажлын байр, албан тушаалын нэршил байхгүй болжээ.

Гэвч компанийн удирдлага, зохион байгуулалтын бүтцэд Төлөөлөн удирдах зөвлөл байгаа бөгөөд Компанийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргыг төлөөлөн удирдах зөвлөлийн даргын санал болгосноор төлөөлөн удирдах зөвлөл томилно. гэсэн зохицуулалтыг тус компанийн дүрмийн 9.8-д мөн заасан байна. /хх 30-35/

Манай тохиолдолд компанийн гүйцэтгэх удирдлагатай байгуулсан 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 22/022 дугаар Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан гэх нэхэмжлэгчийн шаардлагаар түүнийг дээрх албан тушаалд эгүүлэн томилох нь Компанийн тухай хуулийн тухайн зүйл, хэсэгт заасанд нийцэхгүй.

Өөрөөр хэлбэл Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийг гүйцэтгэх удирдлага эдлэхгүйн гадна, ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан явдлыг буруутгах аргагүй байна.

Иймд Н ХХК-д холбогдуулан гаргасан тус компанийн Хуульч, ТУЗ-ийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай Э.С гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1, 160.1.2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан хариуцагч Н ХХК-д холбогдох тус компанийн Хуульч, ТУЗ-ийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Э.С гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БИЛГҮҮН