Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2024/00307

 

Э.С*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2023/03445 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Э.С*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х*******, Ц.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 18/009 дүгээр тушаалаар тус компанид захиргаа, эрх зүйн ажилтан албан тушаалд ажиллаж эхэлсэн. 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ажлын байр өөрчлөгдөж тус компанийн хуульч, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаалд ажиллах болсон.

1.2. 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн Удирдах ажилтны хурал дээр гүйцэтгэх захирал Ж.Г******* 1, 2 ажилтан цомхотгох тухай цухас дурдсан. Тийнхүү чимээгүй явж байгаад 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр надад 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн мэдэгдэл танилцуулж, цомхотгож байгаа тухай хэлж, ажлаа өнөөдөр ч хүлээлгэж өгөөд явж болно гэсэн.

Тухайн үед ******* ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 23/002 дугаар тушаалаар бүтэц, орон тооны нэршил өөрчлөгдөж байгааг надад танилцуулаагүй бөгөөд би цомхотголд цуг орсон бусад ажилтнаас бүтэц өөрчилсөн тушаал гарсан тухай цухас сонссон.

1.3. Ийнхүү үндэслэл нь тодорхойгүй миний ажлын байр хасагдаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4, 80.5 дугаар зүйлд заасны дагуу надад 30 хоногийн өмнө мэдэгдэж байгаа гэх боловч 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн тус мэдэгдэл дээр мэдэгдсэн өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж байгаа тухай бичсэн мэдэгдэл нь мэдэгдэл нэрийн доор гарсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал болох нь харагдаж байгаа юм.

1.4. Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын ажил компанийн бүтцэд байгаа бөгөөд хуульчийг Захиргаа хүний нөөц хавсран гүйцэтгэж байна. Иймд миний хийж байсан ажил үүргийн чиглэл өөрчлөгдөөгүй тул хөдөлмөрийн гэрээг цуцласныг хүлээн зөвшөөрөөгүй тул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр гомдол өгсөн боловч хуралдахгүй байсаар 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хуралдаад шүүхэд ханд гэсэн шийдвэрийг 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр өгсний дагуу гомдлоо гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* ХХК нь 2019 оноос хойш том, жижиг төсөл хэрэгжүүлээгүй 3 жил өнгөрч, санхүүгийн болон тоног төхөөрөмж, материал, хүний нөөцийн хомсдолд орсон. 2023 оны компанийн бизнес төлөвлөгөөг Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс батлахдаа одоо байгаа тоног төхөөрөмжөө түрээслэх, агуулахад байгаа хөнгөн ган төмөр борлуулах үндсэн хоёр үүрэг даалгавар өгч, үйл ажиллагааны хувьд зардлаа танах, цалингийн зардлыг бууруулах чиглэл өгч, бизнес төлөвлөгөө батлагдсан.

2.2. 2022 оны эцэс гэхэд томоохон харилцагчид ******* автокраныг түрээслүүлэх гэрээ хийж чадвал цалингийн зардлыг бууруулах арга хэмжээ хийхгүйгээр, одоо байгаа бүтэц орон тоогоороо ажиллах боломжтой гэж тухайн үеийн Гүйцэтгэх захирлын зүгээс харж байсан боловч 2023 оны 1 сард манай кран түрээслэгдээгүй, өөр харилцагч сонгогдсон юм.

******* ХХК-ийн дүрмийн 10 дугаар зүйлд Гүйцэтгэх захирлын бүрэн эрхийг заасан байдаг бөгөөд 10.4.8-д Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан зардлын төсвийн хэмжээнд багтаан компанийн ажилтнуудын орон тоо, ... тогтоох эрхийг өгсөн. Үүний дагуу Гүйцэтгэх захирлын 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 23/002 дугаар Компанийн удирдлага, зохион байгуулалт, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай тушаалаар 42 ажлын байрны орон тоо байснаас 26 ажлын байр хасагдаж 16 орон тоог үлдээсэн.

2.3. Энэхүү шинэ бүтцээр хуульч, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаас гадна, ХАБЭАБО Хэлтсийн дарга, ХАБЭАБО-ны мэргэжилтэн, захиргаа, хүний нөөцийн мэргэжилтэн, Ерөнхий нягтлан бодогч, худалдан авалт хангамжийн менежер, санхүүгийн шинжээч, нярав, техник хариуцсан супервайзер, түрээсийн мэргэжилтэн, төслийн менежментийн хэлтсийн дарга, ерөнхий инженер, үйлдвэр хариуцсан менежер, цахилгааны инженер, замын инженер, төслийн мэргэжилтэн, нимгэн төмөрчин гэх зэрэг ажлын байр, орон тоо бүтцээс хасагдсан. Өөрөөр хэлбэл Э.С******* нэхэмжлэлдээ дурдсан шиг зөвхөн гурван хүнд зориулж бүтцийг шинэчлэн баталсан гэдэг нь үндэслэлгүй.

2.4. 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Э.С******* ажлын байран дээр байгаагүй тул дараагийн ажлын өдөр буюу 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр тухайн үеийн гүйцэтгэх захирал Ж.Г*******, захиргаа, хүний нөөцийн менежер Ц.Д******* болон Э.С******* нар захирлын өрөөнд биечлэн уулзаж, компанийн бүтцэд өөрчлөлт орж, хуульч/төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга албан тушаал бүтцээс хасагдсан гэдгийг танилцуулсан.

Тус мэдэгдэлд Компанийн бүтэц, зохион байгуулалт, орон тоонд өөрчлөлт орох тухай 23/002 тоот тушаал батлагдсан болох, уг тушаалд тухайн ажилтны ажлын байр бүтцээс хасагдсан болохыг мэдэгдсэн. Түүнчлэн мэдэгдэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 буюу ажлын байр хасагдсан үндэслэлээр Э.С*******тэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон цуцлах тухай, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасны дагуу нэг сарын өмнө буюу 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр мэдэгдэж байгааг тодорхой заасан.

2.5. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт заасны дагуу компани нь мэдэгдэл авсан Э.С*******гээр ажил үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй гэж үзсэн тул 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажилласнаар тооцож, олговрыг түүний дундаж цалин хөлснөөс тооцож олгох, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах буюу ажиллахгүй байж болохыг мэдэгдсэн.

Мэдэгдэл авсан өдрөөс хойш Э.С******* нь ажиллаагүй, ажлын байранд ирээгүй. Харин 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдөр ажлын байранд ирж, компьютер, бичгэн баримт материалууд, ширээ сандал зэргээ хүлээлгэн өгч, тойрох хуудас үйлдэж ажлаа албан ёсоор хүлээлгэн өгсөн.

2.6. Нэхэмжлэгч нь Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай 23/006 тоот тушаалыг ажил хүлээлцсэн өдрөөр буюу 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөр гаргуулж авсан. Уг тушаалд нэхэмжлэгчид Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт заасны дагуу 2023 оны 2 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл ажилласанаар тооцож цалинг нь өгсөн, мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т заасны дагуу түүнд 2 сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг олгосон, мөн ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын мөнгийг тооцож олгосон.

2.7. Компани санхүүгийн хувьд маш хүндрэлтэй, орлого байхгүй хэдий ч хуульд заасан үүргээ бүрэн биелүүлж, цаг хугацаанд нь цалин, олговор, тэтгэмжийг нь бүрэн олгосон. Иймд мэдэгдэл нэрийн доор хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал гэдэг нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй.

2.8. Хөдөлмөрийн гэрээнд Э.С*******гийн албан тушаалыг хуульч/төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичиг гэж заасан боловч Төлөөлөн удирдах зөвлөлийн зүгээс түүнийг Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллуулахгүй гэж шийдвэрлэж, өөр хүнийг томилсон. Мөн хуульчийн ажлыг захиргаа, хүний нөөц хавсран гүйцэтгэж байгаа гэх нэхэмжлэгчийн тайлбар нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-д холбогдох тус компанийн хуульч, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Э.С*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. Шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт "Ажил олгогч нь өөрийн хэрэгцээ шаардлага, цаг үеийн нөхцөл байдал, санхүүгийн нөөц бололцоо, үйл ажиллагааны цар хүрээнд тохируулан дотооддоо зохион байгуулалтын өөрчлөлт хийж, тодорхой шалтгааны улмаас зарим ажлын байрыг хасах шийдвэр гаргах эрхтэй" гээд энэ эрхийн дагуу хариуцагч байгууллагад Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, хуульч гэсэн албан тушаалыг байхгүй болгосон нь үндэслэлтэй гэж дүгнэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасны дагуу орон тоо хасагдсан гэдэгт тухайн байгууллагад уг ажлын байр хэрэггүй болсон байхыг ойлгоно. Гэвч нэхэмжлэгчийн эрхэлж байсан Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга, хуульч гэдэг албан тушаал нь Компанийн дүрэм болон Компанийн тухай хуульд зааснаар зайлшгүй байх ёстой орон тоо юм. Мөн компанийн дүрэмд зааснаар Төлөөлөн удирдах зөвлөлийн баталсан төсвийн хүрээнд ажлын байр бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг хийх ёстой атал хэрэгт авагдсан хариуцагчийн 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд ямар орон тоог хасах, цөөрүүлэх талаар тодорхой шийдвэр Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргаагүй.

4.2. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэглэгдэх эрэмбэ дарааллыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "Гэвч компанийн удирдлага, зохион байгуулалтын бүтцэд Төлөөлөн удирдах зөвлөл байгаа бөгөөд Компанийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргыг Төлөөлөн удирдах зөвлөлийн даргын санал болгосноор Төлөөлөн удирдах зөвлөл томилно" гэсэн зохицуулалтыг тус компанийн 9 дүгээр зүйлийн 9.8-д мөн заасан.

Компанийн гүйцэтгэх удирдлагатай байгуулсан 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 22/022 дугаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан гэх нэхэмжлэгчийн шаардлагаар түүнийг дээрх албан тушаалд эгүүлэн томилох нь Компанийн тухай хуулийн зүйл, хэсэгт заасанд нийцэхгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3-т "Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд энэ хуулийн 2.5-д зааснаас бусад тохиолдолд дараах эрэмбээр үйлчилнэ" гэж заагаад 2.3.1-т энэ хууль буюу тэргүүн ээлжинд Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлах ёстой байсан. Энэхүү маргаан нь хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргаан бөгөөд нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг тэргүүн ээлжинд Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдах ёстой байтал Компанийн тухай хуулийг баримтлан шийдвэрлэсэн нь хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Ажил олгогч ажилд авах, ажлаас халсан тушаал шийдвэр гаргасан. Үүний хариуцлагыг ажилтан буюу нэхэмжлэгч хариуцах ёсгүй бөгөөд ажил олгогч нь өөрийн хэрэгцээ шаардлага, цаг үеийн нөхцөл байдал, санхүүгийн нөөц бололцоо, үйл ажиллагааны цар хүрээнд тохируулан дотооддоо зохион байгуулалтын өөрчлөлт хийж, тодорхой шалтгааны улмаас зарим ажлын байрыг хасах шийдвэр гаргах эрхтэй ч тухайлан зохицуулсан Хөдөлмөрийн хуульд зааснаар тушаал шийдвэрээ гаргах ёстой атал гаргаагүй гэж үзэж байна. Учир нь энэ албан тушаал байхгүй болоогүй өөр хүн хийж байгааг нотолсон тушаал, хурлын тэмдэглэлд гарын үсэг зурсан байгаагаас харж болно. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Манай компанийн зүгээс бүх нотлох баримт, тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн. Компанийн санхүүгийн хүндрэлтэй байдал болон төсөл хөтөлбөр хэрэгжээгүйтэй холбоотой зайлшгүй уг ажлын байрыг хасах шаардлагатай болсон. Бүх процессыг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хийж явуулсан.

5.2. Компанийн тухай хуульд төлөөлөн удирдах зөвлөл нь төлөөлөн удирдах зөвлөлийн даргын санал болгосноор төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргыг томилно гэж заасны дагуу Э.С******* гэж хүнээр төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга хийлгэхгүй тогтоол гарсан.

5.3. ******* ХХК-ийн бүтцийн нэршилд төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга гэдэг албан тушаал байсан учраас уг маргаан гарсан. Хэлбэрийн хувьд ийм байгаа ч хоёр тусдаа зохицуулалтыг анхан шатны шүүх зөв дүгнэж, тайлбарласан. Э.С******* нь нарийн бичгийн дарга хийгээгүй. ******* ХХК-ийн ганц алдаа нь компанийн бүтцийн нэршлийг алдаатай тодорхойлж, хуульч, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргыг нэг дор бичиж оруулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Э.С******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ажлын байр хасагдсан, хөдөлмөрийн гэрээ цуцлах талаар хуульд заасан журмын дагуу мэдэгдэж, гэрээ цуцлах хүртэл хугацааны олговрыг олгосон, хууль зөрчөөгүй гэсэн агуулгаар маргажээ.

3. Э.С******* нь ******* ХХК-тай 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр хуульч/төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаалд, хүүхэд асрах чөлөөтэй байгаа Б.Хосжаргалыг ажилдаа эргэж орох хүртэл хугацаагаар ажиллаж байсан. /хх-ийн 5-9 дүгээр тал/

4. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 23/006 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.5, 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь хэсэг, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр бичгээр танилцуулсан мэдэгдлийг тус тус үндэслэн Э.С*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ. /хх-ийн 4 дүгээр тал/

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт зааснаар аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно.

******* ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 22/06 дугаар тогтоолоор компанийн бизнес төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу компанийн зардлыг танах, ажилтны орон тоонд өөрчлөлт оруулах арга хэмжээг авахыг гүйцэтгэх захиралд даалгаж, үүнийг үндэслэн гүйцэтгэх захирлын 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 23/002 дугаар тушаалаар компанийн бүтэц, зохион байгуулалт, ажлын байр, орон тоог шинэчлэн баталжээ. Уг тушаалаар хуучин зохион байгуулалтаар 4 хэлтсийн 36 ажлын байранд 42 орон тоотой ажиллаж байсныг нэгжгүй зохион байгуулж 15 ажлын байрыг 16 орон тоотой байхаар тогтоож, энэ зохион байгуулалтад хуульчийн ажлын байрны нэрийг тусгаагүй байна. /хх-ийн 12-14, 36-39, 49 дүгээр тал/

Хариуцагч байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргаар өөр хүн томилон ажиллуулсан, хуульчийн ажлыг захиргаа, хүний нөөц хавсран гүйцэтгэж буй нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцжээ.

Компанийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргыг төлөөлөн удирдах зөвлөлийн даргын санал болгосноор төлөөлөн удирдах зөвлөл томилно гэж хуульчилсан. Иймд нэхэмжлэгчийн гүйцэтгэх удирдлагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг үндэслэн түүнийг төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилох нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэхгүй талаарх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Түүнчлэн, хариуцагч байгууллага өөрийн санхүүгийн нөхцөл байдалд үндэслэн өөрийн хэрэгцээ шаардлага, цаг үеийн нөхцөл байдал, санхүүгийн нөөц бололцоо, үйл ажиллагааны цар хүрээнд тохируулан бүтэц, зохион байгуулалтыг тодорхойлж, хуульчийн ажлын байрыг хассан шийдвэрийг үндэслэлтэй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцаа, гэрээг цуцалсан үндэслэл зэрэг эрх зүйн асуудлаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн ажлын байрыг бодитоор хасагдсан үйл баримтыг зөв тогтоожээ.

6. Дээрх үндэслэлээр гэрээ цуцлах тухайгаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт зааснаар ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй.

******* ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн мэдэгдэлд хуульч/төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга ажлын байр хасагдсан тул хөдөлмөр эрхлэлтийг харилцааг 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөр тасалбар болгон ажил олгогчийн санаачлагаар цуцлан..., ...2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны олговрыг тань дундаж цалин хөлснөөс тооцож олгон..., ...2 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно... гэжээ. Уг мэдэгдлийг нэхэмжлэгч 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2023 оны 2 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг олгохоор шийдвэрлэж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тушаалыг гаргажээ. /хх-ийн 3-4 дүгээр тал/

Хариуцагч байгууллагын захирлын 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 23/002 дугаар тушаалаар компанийн бүтэц, зохион байгуулалт, ажлын байр, орон тоог батласнаар нэхэмжлэгчийн ажлын байр хасагдаж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох хуульд заасан болон гэрээгээр тохирсон үндэслэл бий болсон тул уг харилцааг дуусгавар болгох тухай ажил олгогчийн мэдэгдэл агуулга, хэлбэрийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт нийцнэ.

Ийнхүү хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай мэдэгдсэнээр уг харилцаа дуусгавар болох хуульд заасан хугацаанд ажилтныг ажиллуулах эсэх нь ажил олгогчийн эрх хэмжээнд хамаарах ба дээрх хугацааны олговрыг олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5 дахь хэсэгт нийцэх юм. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

7. ******* ХХК-ийн дүрмийн 10.4.8-д ТУЗ-өөс баталсан зардлын төсвийн хэмжээнд багтаан компанийн ажилтнуудын орон тоо, ...тогтоох эрх хэмжээг гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлэхээр заажээ. Энэхүү эрх хэмжээний хүрээнд хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирал нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 22/06 дугаар тогтоолыг үндэслэн компанийн бүтэц, зохион байгуулалт, ажлын байр, орон тоог тогтоосон баримтууд хэрэгт авагдсан байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй.

8. Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, хэм хэмжээг тогтоож, тухайн харилцааны оролцогч талуудын эрх, үүргийг тодорхойлж, тэдний хооронд хөдөлмөрийн эрхийн асуудлаар үүссэн харилцааг зохицуулна. Энэ хуулиар зохицуулагдах харилцаа нь ажилтан, ажил олгогч харилцан тохиролцсоны дагуу хийсэн хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үүснэ. Төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн даргын хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь хуулийн дагуу томилогдсоноор үүсэх талаар Компанийн тухай хуульд заажээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор томилогдоогүй, хариуцагч байгууллагын гүйцэтгэх удирдлагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан тул талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргаанд хууль хэрэглэгдэх эрэмбийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй.

9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.*******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2023/03445 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.*******ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Т.ГАНДИЙМАА