Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 138/ШШ2023/00714

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, шүүгч Т.Байгалмаашүүгч Б.Отгонсүрэн нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг,  гудамжны ******* тоотод түр оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******д холбогдох

“Нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тараасан хэлбэрээр залруулга хийж, уучлалт гуйхыг даалгах тухай” үндсэн нэхэмжлэлтэй,

“Аймгийн болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал шууд дээд шатны төсөв төвлөрүүлэх нэрээр 10 тэрбум төгрөгийг сумдаас шууд дээрэмдэж байна” гэсэн худал мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаахыг хариуцагчид даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:  

Иргэдийн төлөөлөгч 

Нэхэмжлэгч Д.*******

Хариуцагч М.*******

Хариуцагчийн өмгөөлөгч О.Цолмон /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн Н.Энхнаран

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч М.*******д холбогдуулан “Нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тараасан хэлбэрээр залруулга хийж, уучлалт гуйхыг даалгах тухай” үндсэн нэхэмжлэлийг гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 2022 оны 12 сарын 05-ны өдөр Дорнод аймгийн хэсэг иргэд аймгийн Тусгаар тогтнолын талбайд жагсаал цуглаан хийж эхэлсэн байдаг. Энэ жагс аал цуглааны зорилго нь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 12 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж баталсан Дижитал Дорнод 1.8 тэрбум, Хүн болох багаасаа 2.2 тэрбум төгрөгийн төслийг эсэргүүцсэн. Мөн аймаг, орон нутагт тулгамдаад байгаа зэвтэй ус, хог хаягдлын асуудал, золбин нохой, эрүүл мэндийн үйлчилгээ маш муу байгаа зэргийг эсэргүүцсэн жагсаал цуглаан байсан. Энэ үед Улаанбаатар хотод нүүрсний хулгайн эсрэг жагсаал явагдаж байсан. Үүнтэй холбоотой ганц хоёр иргэн нүүрсний хулгайг эсэргүүцэж жагсаж байсан. Жагсагчид талбай дээрээс шууд бичлэг хийж иргэдийг нэгдэхийг уриалсан. Миний бие иргэн хүнийхээ хувьд үүргээ биелүүлж үг, дуу хоолойгоо илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу уг жагсаалыг дэмжихээр тухайн өдрийн 1600 цагийн үед Тусгаар тогтнолын талбай дээр очсон. Талбай дээр очиход хүмүүс байхгүй байсан. Сураглахад аймгийн даргын тамгын газрын байр луу явсан гэсэн. Ингээд араас нь очиход аймгийн даргын орлогч Ёлтой өрөөнд нь уулзаж байсан. Би үүд хэсэгт нь сууж яриаг нь сонсож байгаад Ёлас хог хаягдлын талаар нэг асуулт асуучихаад өрөөнөөс нь гарсан. Тэгэхэд аймгийн хөгжлийн бодлогын хэлтсийн Нямсүрэн, Хэрлэн сумын даргын орлогч Лхагвасүрэн нар үлдэж яриагаа үргэлжлүүлсэн байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэн би үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхтэй. Гэтэл уг жагсаалд оролцож үзэл бодлоо илэрхийлсний төлөө аймгийн М.******* нь намайг гүтгэн харлуулж, миний огт хийгээгүй үйлдлийг хийсэн болгож жагсаал цуглааныг хутган үймүүлэгч болгож нэр төр, ажил хэргийн нэр хүндийг маань гутаасан худал мэдээг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14 дүгээр хуралдаан дээр шууд дамжуулалт хийж байсан олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан. Тэгэхдээ “Дорнод аймгийн ээжүүд үнэхээр зөв зүйлийн төлөө жагссан. Нүүрсний хулгайн эсрэг жагссан. Гэтэл иргэн ******* нь энэ жагсаал цуглаан дээр очиж Дорнодын ээжүүдийн санаа бодлыг урвуулж, энэ жагсаалыг төсвийн хулгайн эсрэг болгож өөрчилсөн” гэсэн илт худал мэдээллийг хэлсэн байдаг. Үүнийг нь миний хувьд нэр төрд маань халдсан гэж үзэж нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд гомдол гаргасан. Миний бие нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхлын үүднээс сайн дураараа эвлэлдэн нэгдэж байсан иргэдийн итгэл үнэмшлийг өөрчлөх ямар ч боломжгүй. Өвлийн хүйтэнд 12 сарын 06-наас 12-ыг хүртэл өглөөнөөс орой хүртэл жагсаж байсан. Анхнаасаа зорилго нь тодорхой нэгдэж жагсаж байгаа хүмүүсийн үзэл бодлыг миний зүгээс өөрчлөх ямар ч боломжгүй. Харин ч миний хувьд жагсагчидтай санал нэг байсан учраас энэ жагсаал цуглаанд оролцсон. Миний эхнэр хүртэл энэ жагсаал цуглааныг дэмжин оролцож, лайв бичлэгээр үзэл бодлоо илэрхийлж байсан. Миний нэр хүндийг гутаасан илт худал мэдээллийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан дээр тараасан. Тиймээс аймгийн М.*******д энэхүү тараасан хэлбэрээр залруулга хийж, уучлалт гуйхыг даалгаж өгнө үү. Үнэхээр тэр хүмүүсийн итгэл үнэмшил, үзэл бодлыг өөрчилсөн зүйл байгаа бол баримтаар нотлох хэрэгтэй.  “Тусгаар тогтнолын талбай дээр нүүрсний хулгайтай тэмцье, Улаанбаатар хотод болж байгаа жагсаалыг дэмжье гэж гарч ирж жагсаал цуглаан хийж буй ээжүүдийн зорилгыг иргэн Д.******* нь хоёр дахь өдрөөс нь орон нутгийн төсөвтэй холбоотой асуудал болгосон” гэж олон нийтийн хэрэгслээр ярьсан нь илт худал мэдээлэл байсан.

...Хариуцагчийн өмгөөлөгч “хутган үймүүлэгч” гэдэг үгийг онцолж яриад байна. Миний зүгээс намайг хутган үймүүлэгч гэж ард түмэнд ойлгогдохоор хэлсэн гэсэн болохоос биш намайг хутган үймүүлэгч гээд хэлчихлээ гэдэг байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргаагүй. Илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэж байгаа. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зааснаар иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ. Эрх нь зөрчигдсөн этгээд болох би юу шаардаж байгаа вэ гэхээр Дорнод аймгийн М.******* нь тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох ТВ6, Жаран.мн зэрэг хэрэгслээр тараасан хэлбэрээр, эсхүл өөр хэлбэр хэрэгслээр няцаах үүрэг хүлээх ёстой. Тиймээс хариуцагчийн өмгөөлөгчийн “хууль бус шаардлага гаргаж байна” гэж яриад байгаа нь үндэслэлгүй. Түүнчлэн “жагсаал цуглааны мэдэгдэл хүргүүлэх тухай хүсэлт дээрээ төсвийн асуудлыг дурдаагүй, өөр зорилготой байсан” гэж ярьж байна. Анх 12 сарын 05-ны өдөр Дорнод аймгийн фэйсбүүк хуудсуудаар Дижитал Дорнод 1.8 тэрбум төгрөг, Хүн болох багаасаа 2.2 тэрбум төгрөгийг үр дүнгүй төсөвлөж байна. Төсвийн хөрөнгийг үр дүнгүй зарцуулах гэж байна гэсэн иргэдийн эсэргүүцэл гарсан. Үүнээс улбаалж Дорнод аймгийн ээжүүд 12 сарын 05-ны өдөр талбай дээр гарч энэ асуудлыг хөндөж ярьж эхэлсэн. Энэ жагсаал цуглаан нь ийм хэлбэрээр явсан. Тухайн үед нүүрсний хулгайн асуудал зэрэгцээд явж байсан. Аймгийн энэ жагсаал цуглааны сүүлийн өдрүүдийг зөвхөн нүүрсний хулгайтай холбоотой асуудал болгон өөрчлөх гэж Дорнод аймгийн залуучуудыг явуулсан байдаг. Гэвч жагсаал цуглаанд оролцогчид өөрсдийн анхны зорилгоос хазайхгүйгээр Дижитал 1.8 тэрбум, Хүн болох багаасаа 2.2 тэрбум төсвийн үргүй зардлыг эсэргүүцэн жагсаж байсан...

Тиймээс Д.******* миний нэр хүндийг гутаасан үйлдэлдээ уучлалт гуйж байна гэсэн үг, өгүүлбэрээр тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох ТВ6, Жаран.мн, фэйсбүүк, сайтуудаар залруулга хийж, уучлалт гуйхыг М.*******д даалгаж өгнө үү гэв.   

2. Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагчийн өмгөөлөгч: Үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт. Нэхэмжлэгч нь 2022 оны 12 сарын 05, 06-ны өдрүүдэд жагсаал цуглаан хийсэн гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэлийн үндэслэлээ “Дорнод аймгийн иргэд болох хэсэг ээжүүд 2022 оны 12 сарын 05-ны өдөр Тусгаар тогтнолын талбай дээр жагсаал хийж эхэлсэн ба уг жагсаалын зорилго нь 2022 оны 12 сарын 02-ны өдөр хуралдсан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталсан Дижитал Дорнод 1.8 тэрбум, Хүн болох багаасаа 2.2 тэрбум төгрөгийн төсөл зэргийг эсэргүүцсэн байдаг” гэж тайлбарласан байна. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар 2022 оны 12 сарын 05-ны өдөр болсон жагсаал цуглаан бол 2022 оны 12 сарын 01-ний өдөр мэдэгдэл өгөөд эхэлсэн жагсаал юм. Мэдэгдлийн агуулгаас харахад Дижитал Дорнод 1.8 тэрбум, Хүн болох багаасаа 2.2 тэрбум төгрөгийн төслийг эсэргүүцэж байгаа талаар огт дурдаагүй байдаг. Харин 2022 оны 12 сарын 06-ны өдөр иргэн Д.******* нь хамт жагссан. 2022 оны 12 сарын 05-ны өдөр хөндөгдөөгүй байсан асуудлыг Д.******* хөндөж, тухайн асуудлын талаар байр сууриа илэрхийлсэн байна. Дижитал Дорнод, Хүн болох багаасаа төслүүдийг үр ашиггүй гэж тайлбарладаг. Үүнийгээ жагсаал цуглаанд оролцох байдлаар илэрхийлэх нь буруу байсан гэж үзэж байна. Буруу байсан учраас залруулга хийх зорилгоор хариуцагч М.******* тайлбар хэлсэн байдаг. Тухайн үед жагсаал цуглааны зорилгыг өөрчилсөн гэхээсээ илүүтэй ярьж байгаа зүйлүүд нь бодит байдалд нийцэхгүй байна гэдэг байдлаар тайлбар хэлж байсан нь бичлэгээс харагддаг. Бичлэгээс харахад ээжүүдийн тавьсан шаардлагуудыг хүлээн авч байгаагаа мэдэгдээд, хэвлэл мэдээллийн хэрэгслийн зүгээс М.*******гээс асуулт асуугаад бодит байдалд нийцсэн тайлбар хийж байх үед тухайн тайлбар нь зогссон байдаг. Өөрөөр хэлбэл, Д.*******ын яриад байгаа шиг “хутган үймүүлэгч” гэсэн үг хэллэг ашиглаагүй, хэнд ч ийм сэтгэгдэл төрөхөөр яриагүй. Харин бодит мэдээллийг хүргэсэн байдаг. Жагсаал цуглааныг хутган үймүүлэх гэдэг бол огт өөр ойлголт. Хариуцагч М.******* таныг хутган үймүүлэгч гэж хэлсэн ярьсан, бичсэн зүйл байхгүй. Өөр гуравдагч этгээдийн зүгээс мөн таныг хутган үймүүлэгч гэж хэлсэн, ярьсан зүйл байхгүй байна. Хоёрдугаарт.  “Миний ажил хэргийн нэр хүндэд халдсан” гэж яриад байна. Хэрвээ таны ажил хэргийн нэр хүндэд халдаж байгаа бол таны нэр хүнд өмнө нь байсан үнэлэмжээсээ дордсон байхыг ойлгодог. Гэтэл өнөөдөр таны нийгэмд эзлэх байр суурь, ажил хэргийн нэр хүнд яаж муудсан, буурсан, яаж гажуудсан, хэн таныг хутган үймүүлэгч гэж хэлээд байгаа зэрэг зүйлүүд харагдахгүй байна. Энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Гуравдугаарт. Мөн “Уучлалт гуйхыг даалгах” гэж яриад байна. Уучлалт гуйхыг даалгах гэсэн шаардлага хууль зүйн хувьд байхгүй. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлд зааснаар хэрвээ иргэний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан бол тараасан хэлбэрээр няцаах үүрэг хүлээх болохоос биш няцаахдаа би уучлалт гуйж байна гэсэн үг өгүүлбэрийг ашиглана гэсэн ойлголт байхгүй. Нэхэмжилж болохгүй зүйлийг нэхэмжлээд байна. Нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэг нь үндэслэлгүй байна.

...Нэхэмжлэгч Д.******* “би хутган үймүүлэгч гэдэг үгийг хэрэглээгүй” гэж яриад байна. Гэтэл нэхэмжлэлийн 2 дугаар хуудас дээрээ “уг жагсаалд оролцож үзэл бодлоо илэрхийлсний төлөө намайг гүтгэн харлуулж, миний огтын хийгээгүй үйлдлийг хийсэн болгож, жагсаал цуглааныг хутган үймүүлэгч болгож, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг минь гутаасан худал мэдээлэл тараасан” гээд тодорхой бичсэн байна. Та нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “худал мэдээлэл тараасан, хийгээгүй үйлдлийг хийсэн болгосон, жагсаал цуглааныг хутган үймүүлсэн гэсэн гурван агуулгаар таны нэр төрд халдаж, үүнээс болж миний нэр төр, ажил хэргийн нэр хүнд унасан” гэж тайлбарлаад байна. Сая тайлбарлахдаа “түмэнд тийм ойлголтыг төрүүлчихсэн” гээд байна. Таныг хутган үймүүлэгч гэж хэлсэн, бичсэн баримт хэргийн материалд байхгүй байна. Мөн нэхэмжлэгч нь “би 12 сарын 05-нд очсон. 12 сарын 06-ны өдөр жагссан. Тухайн үед угаасаа л ийм асуудлаар жагсаж байсан” гэж ярьж байна. Хэргийн материалд 2022 оны 12 сарын 06-ны өдөр Хэрлэн сумын бөгөөд Чойбалсан хотын захирагч хүргүүлсэн мэдэгдэл гэсэн баримт байна. Нэр бүхий 6 иргэн жагсаал цуглаан хийнэ гэдгээ мэдэгдсэн. Мэдэгдлийн 2 дахь хэсэгт “...аймгийн болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынд шаардлага хүргүүлэх, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг ээлжит бусаар хуралдуулж судалгаа тооцоогүй баталсан их хөрөнгийг төсвөөс хасуулах, батлагдсан төсөв тооцоог гаргаж иргэдэд мэдээлэх, төсвийн хөрөнгийг үр дүнтэй тусгуулах” гээд зорилгоо маш тодорхой заасан байдаг.  Энхриймаа, Гангантуул, Наранжаргал, Орхонсүрэн, Тэмүүлэн нар тантай нэгдсэн гэдгээ хэлдэг. Үүнээс өмнө төсвийн талаар жагсана, байр сууриа илэрхийлнэ гэж хандсан ямар ч баримт байхгүй байна. Миний зүгээс 2022 оны 12 сарын 01-нээс 31-нийг хүртэл хугацааны жагсаал цуглаантай холбоотой баримтуудыг О.Пүрэв-Очирас гаргуулж авсан. Тэр баримтуудаас харахад 12 сарын 01-ний өдөр иргэн анх хүсэлт өгсөн байсан. Ингэхдээ тухайн үед нийгэмд өрнөж байсан нүүрсний хулгай, жижиг дунд үйлдвэрийн зээлийн асуудлаар байр сууриа илэрхийлнэ гэж тодорхойлсон байдаг. Хариуцагч М.******* нь бодит нөхцөл байдалд тайлбар хэлж, байр сууриа илэрхийлсэн. Байр сууриа илэрхийлж байх явцад нь сэтгүүлчид асуулт асууж тасалдуулсан нь бичлэгээс тодорхой харагддаг. Ямар нэгэн байдлаар таны нэр хүндэд халдаж, таныг үгүйсгэсэн зүйл байхгүй гэв.

- Хариуцагч:  ...Тухайн үед нүүрсний хулгайн асуудал улс орон даяар яригдаж, хүмүүс талбай дээр гарч жагсаж байсан. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаан дээр хэсэг хүмүүс орж ирж суусан. Жагсаалын үеэр 2022 оны 12 сарын 02-ны өдөр батлагдсан Дижитал дорнод, Хүн болох багаасаа төслүүдийг эсэргүүцсэн зүйл яригдсан учир миний бие үүнийг өөрчилж, Дижитал Дорнод төслийг татъя гэсэн саналыг хурлаар оруулж батлуулсан. Хурлын үеэр асуусан асуултуудад тодорхой хариултуудыг өгсөн. Тус төсөл арга хэмжээний үр дүн юу юм, үүнийг эсэргүүцэж байгаа бол заримыг нь өөрчилье гэдэг саналаа дэвшүүлэх явцдаа 12 сарын 05-ны өдрийн жагсаал цуглаан 12 сарын 06-ны өдөр өөрчлөгдсөн гэдэг байдлаар бодит зүйлийг ярьсан. Жагсаал цуглаан хийж байх үеийн лайв бичлэг, зураг зэргээс өөрчлөгдсөн гэдэг нь харагдаж байгаа. Үүнийг тайлбарлаж байх явцад зааланд хэсэг бүлэг хүн шуугиад би тайлбараа бүрэн дуусгаагүй өндөрлөсөн. Хуралдаан дээр ямар нэг байдлаар худал мэдээлэл яриагүй гэдгээ албан ёсоор хэлэх нь зүйтэй. Мөн зориуд хэвлэлийн хурал хийгээд, эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслийг дуудаж ирүүлээд мэдээлсэн зүйл байхгүй. Олон нийтийн сүлжээнд ямар нэгэн худал зүйл бичээгүй. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан дээр бодит мэдээллийг л өгсөн. Миний хувьд төрийн ажлыг хийх явцдаа ямар нэг байдлаар худал мэдээлэл хийж байсан удаа байхгүй.

...Анх нарын хүмүүс хүсэлт өгч, лоозон бариад жагссан. 12 сарын 06-ны өдөр Д.******* хэсэг хүмүүсийн хамт хүсэлт гаргасан. Ингээд тухайн өдрөөс орон нутгийн төсөвтэй холбоотой асуудал ярьж эхэлсэн. Энэ нь Д.*******ын байнга ярьж шүүмжилдэг сэдвийн нэг. Аймгийн төвийн хог хаягдал, хот тохижилттой холбоотой асуудалд ч шүүмжлэлтэй ханддаг. Түүнийг нь миний хувьд ажил сайжруулах гэж хандаж байна гэж ажил хэргийн журмаар хүлээж авдаг. Яриад байгаа төсвийн асуудлаар надад ч санал тавьж байсан. Миний зүгээс тодорхой хариултуудыг өгөөд явж байсан. Хамгийн гол нь 20221 оны 12 сарын 01-ний өдөр хүсэлт өгсөн нарын жагсаал 12 сарын 05-ны өдөр үргэлжилж байсан. 12 сарын 06-ны өдрөөс орон нутгийн төсөвтэй холбоотой болсон нь үнэн. Энэ бүхэн баримтаар нотлогдож байгаа гэдгийг хэлэхийг хүсэж байна гэв.

3. Хариуцагчаас нэхэмжлэгчид холбогдуулан “Аймгийн болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал шууд дээд шатны төсөв төвлөрүүлэх нэрээр 10 тэрбум төгрөгийг сумдаас шууд дээрэмдэж байна...” гэсэн худал мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаахыг хариуцагчид даалгах тухай” сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “...Д.******* нэхэмжлэл гаргахдаа өөрийнх нь нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл тараасан гэдэг байдлаар шаардлагаа тодорхойлдог. Гэвч бодит байдал дээр хариуцагч М.******* биш нэхэмжлэгч ******* нь 2022 оны 12 сарын 06-ны өдөр явагдсан жагсаал цуглаанд оролцохдоо иргэн М.*******гийн нэр төр, алдар хүндэд халдсан байдаг. Тодруулбал, иргэн Д.******* өөрийн ашигладаг “******* *******” гэх фэйсбүүк хаягаас тухайн өдөр 2 удаа лайв бичлэг хийсэн байдаг. 6 минут 5 секундын хугацаатай шууд лайв бичлэгийг хийх үедээ “аймгийн болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шууд дээд шатны төсөв төвлөрүүлэх нэрээр 10 тэрбум төгрөгийг сумдаас шууд дээрэмдэж байна” гэж хэлсэн байдаг. Энэ талаарх бичлэгийг гаргаж өгсөн. Бичлэгт үзлэг хийгдэж нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт авагдсан байгаа. Хариуцагч М.******* нь Дорнод аймгийн бөгөөд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр ажилладаг. Хариуцагч М.*******гийн хувьд иргэн Д.*******ын 2022 оны 12 сарын 06-ны өдөр тараасан мэдээ шиг төсөв төвлөрүүлэх нэрээр 10 тэрбум төгрөгийг сумдаас дээрэмдсэн үйлдэл огт байхгүй. “Дээрэмдсэн” гэдэг байдлаар ярьдаг. Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд дээрэмдэх гэмт хэргийг зүйлчилж өгсөн байдаг. Дээрэм бол Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн мэтээр ярьж олон нийтэд сөрөг мэдээллийг тарааж байна. Энэ нь бодит байдалд нийцэхгүй байна. Үндсэн хууль болон Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй байх зарчим үйлчилдэг. Өнөөдөр М.*******гийн хувьд дээрмийн гэмт хэрэгтэй холбоотой шалгуулж байгаа асуудал байхгүй. Төсвийн асуудлаар шалгуулж байгаа аливаа маргаан байхгүй. Гэтэл Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн мэтээр ярьж ажил хэргийн нэр хүндэд халдаж байгаа нь үндэслэлгүй байна. Лайв бичлэгийнх нь фото зургийг хэрэгт өгсөн. Тэр зургийн коммент хэсэгт бичсэнээс харахад М.*******гийн үнэлэмж унасан нь нотлогддог.

Төсвийн тухай хуулийн дагуу төсөв бол аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 37 төлөөлөгчөөр батлагдаж байгаа. Түүний өмнө холбогдох Төрийн сангийн хэлтэс, Аудитын байгууллагаар хянуулах гэх мэт олон албан тушаалтны оролцоо, Сангийн яамнаас өгсөн чиглэл удирдамжийн дагуу төсвийг боловсруулдаг. Дээрэмдэнэ гэдэг бол шууд хүч хэрэглэн булааж авахыг хэлэх байх. Энэ бол илт худал мэдээлэл гэдгийг хэлэх нь зүйтэй. Аливаа шүүмжлэлийг хүлээж авна. Гэхдээ дээрэм гэдэг бол ноцтой асуудал. Д.*******ын хувьд орон нутгийн улс төрийн зүтгэлтэн. Улс төрийн өнгө аяс ороод байгаа юм болов уу гэж хардсан. Иргэдийн шаардаж байгаа асуудлыг би ойлгож байгаа. Улс төрийн асуудал бол бодож үзэх ёстой асуудал. Тиймээс энэ сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Иймд дээрх илт худал мэдээллийг залруулж, тухайн мэдээг тараасан арга хэрэгслээр няцаалт хийхийг Д.*******т даалгаж өгнө үү” гэж тайлбарласан. 

4. Нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд “...Сөрөг нэхэмжлэлийн шаардлага дээр “аймгийн болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээд шатанд төсөв төвлөрүүлэх нэрээр 10 тэрбум төгрөгийг сумдаас шууд дээрэмдэж байна” гэж хэлсэн гэж байна. Нэгдүгээрт. Энэ сөрөг нэхэмжлэлийг нэг субъект гаргаж байгаа юм байна. Би “аймгийн болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээд шатанд төсөв төвлөрүүлэх нэрээр дээрэмдэж байна” гэж хэлсэн. “Дээрэм гэдэг нь бусдын эд хөрөнгөд зөвшөөрөлгүйгээр, шууд, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар халдаж хохирол учруулахыг хэлнэ” гэсэн тайлбар байна. Сая М.******* хүч хэрэглээд шууд дээрэмдэх гэх мэтээр Эрүүгийн хуулийн ойлголтыг тайлбарлаж яриад байх шиг байна. Миний хувьд хүч хэрэглэхгүйгээр, өөрийн албан тушаалын байдлыг ашиглаж сумдынхаа төсвийг дээрэмдсэн гэж үзэж байгаа. Үүнийгээ нотлох гэж шүүхэд хүсэлт гаргасан. 2022 оны 01 сарын 01-нээс Монгол Улсын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хуульд өөрчлөлт орсон. Төсвийн тухай хуульд өөрчлөлт орохдоо нэр бүхий гурван төрлийн хуваагдаж төлдөг татварууд сумдын төсөвт шууд ордог болсон. Тухайлбал, газрын төлбөрийн 60 хувийг аймгийн төсөвт, 40 хувийг сумын төсөвт төвлөрүүлдэг байсан бол 100 хувь суманд төвлөрдөг болсон. Үл хөдлөх хөрөнгийн татвар гэх мэт. Ингээд сумдын төсөв тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Хэрвээ сумандаа хэрэгжүүлэх ажлуудаа хэрэгжүүлээд баланс нь ашигтай гарвал ашгийнх нь 70 хувийг үлдээж, 30 хувийг дээд шатанд төвлөрүүлнэ гэсэн Төсвийн тухай хуулийн заалт байдаг. Гэтэл аль ч сумдын төсөв ашигтай гарсан зүйл байхгүй. Гэтэл шууд хүч хэрэглэж, өөрөөр хэлбэл та нар мэдэхгүй, дээд шатныхан мэднэ гэдэг байдлаар, жишээлбэл Хэрлэн сумын төсвөөс гэхэд 7 тэрбум гаруй төгрөгийг шууд дээд шатанд төвлөрүүлсэн. Хэрлэн сумын төсөв ашигтай гарч, ашгийнх нь 70 хувийг үлдээгээд, 30 хувь буюу 7 тэрбум төгрөг нь дээд шатандаа төвлөрсөн байх нь. Гэтэл сумын төсөв тийм байгаагүй. Хуульд заасан суурь зарлагууд их байсан. Гэтэл албан тушаалын байдлаа ашиглаж дээрх төсвийг татаж авсан. Би нотлох баримтаар аймгийн төсөв батлах тухай тогтоолыг өгсөн байгаа. Нийтэд ил байгаа тогтоол юм. Уг тогтоолын 3-р хуудаст “сумдаас дээд шатанд төвлөрүүлэх төсөв” гээд 10 гаруй тэрбум төгрөгийг Хэрлэн, Матад, Дашбалбар, Халхгол, Цагаан-Овоо сумдаас татсан. Хамгийн их нь Хэрлэн сумаас 7 тэрбум гаруй төгрөгийг татсан. Үүнийг би жагсаал цуглааны үеэр илэрхийлэхдээ дээрэм гэдэг байдлаар илэрхийлсэн. Энэ бол ажил хэрэг гэхээсээ илүү иргэн хүний өөрийн үзэл бодол. Алдаа оноо нь юундаа байна вэ гэдгийг олж харсан, иргэдийн өмнөөс явж буй иргэдийн төлөөлөгчийн дуу хоолой юм. Өмгөөлөгч “улс төрийн хоёр хүн хоорондоо өс хонзонгийн маягаар” гэсэн зүйл ярьж байна. Үүнд улс төрийн ямар ч өнгө аяс байхгүй. Энэ нам, энэ эрх баригч гэдэг үүднээс биш, иргэн хүнийхээ хувьд аймаг орон нутгийнхаа хог хаягдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудлыг хөндөж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, аймгийн эрх барьж байгаа сүүлийн 10 жилд энэ байдал огт өөрчлөгдөөгүй, улам л доройтсонтой холбоотойгоор Хэрлэн сумын иргэн хүний хувьд үзэл бодлоо илэрхийлсэн. Түүнээс биш улс төрийн өнгө аястай нэг ч зүйлийг илэрхийлээгүй. Түүнчлэн “хуулийн дагуу Сангийн яамаар хянагдсан” гэсэн зүйлүүд ярьж байна. Тэр талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Миний хувьд шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал үүсч байна гэж үзэж байна. Төсвийн балансыг зайлшгүй авч харж байж энэ хэргийг үнэн зөв, шударгаар шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Өнөөдөр нэг нь дээрэмдсэн, нөгөө нь дээрэмдээгүй гэдэг байдлаар энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх боломжгүй. Цаашлаад төсвийн шинжээч томилж дээрх асуудал нь хууль ёсны байсан уу, үгүй юу гэдгийг тогтоолгох нь зүйтэй байх.  Тиймээс хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар сумдын төсвийг татаж авсан. Үүнийгээ “аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал баталсан, аймгийн д хамаагүй” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна” гэсэн тайлбарыг гаргасан.

5. Иргэдийн төлөөлөгч “Энэ жагсагчид аймаг орон нутгийнхаа төлөө төсөв мөнгөө зөв зүйлд зарцуулах, зам тээвэр, зэвтэй ус, хогоо шийдмээр байна гэжээ. Нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан бие биеэс уучлалт гуйхад болохоор байна” гэсэн дүгнэлтийг гаргажээ.

6. Нэхэмжлэгчээс:  2022 оны 12 сарын 05-ны өдрийн Тусгаар тогтнолын талбай дээр хийсэн жагсаал цуглаан болон 2022 оны 12 сарын 12-ны өдрийн аймгийн ИТХ-ын хуралдаан дээр Аймгийн М.*******гийн хэлсэн үгийг бичсэн CD 1 ширхэг,  фото зураг /хх-52-53/, Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 12 сарын 02-ны өдрийн 13/11 дугаартай тогтоолын хуулбар зэрэг баримтуудыг, 

 Хариуцагчаас: Дорнод аймгийн Хэрлэн сумын засаг даргын 2022 оны 12 сарын 08-ны өдрийн 1/1037 дугаартай албан бичиг, Хэрлэн сумын даргын тамгын газрын 2023 оны 2 сарын 16-ны өдрийн 3/133 дугаартай албан бичиг, , , , , , Д.******* нарын Дорнод аймгийн Хэрлэн сумын д 2022 оны 12 сарын 06-ны өдөр хүргүүлсэн мэдэгдэл, фото зураг /хх-15-22, 91/, 2022 оны 12 сарын 01-ний өдөр иргэн ын гаргасан мэдэгдэл, Хэрлэн сумын засаг даргын 2022 оны 12 сарын 02-ны өдрийн 1/1018 дугаартай албан бичиг, Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 10 сарын 30-ны өдрийн 01, 07 дугаартай  хуралдааны тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 11 сарын 13-ны өдрийн 96 дугаар захирамж /хх-123-128/, CD нэг ширхэгийг шүүхэд гаргаж өгсөн.    

Шүүхээс: Нэхэмжлэгчийн хүсэлтээр , , , , , /хх-39-51/, /хх-69-70/, /хх-72-73/ нарыг гэрчээр асуух ажиллагаа явуулсан. Мөн хариуцагчийн хүсэлтээр үзлэг хийсэн болно /хх-118-119/.

                                                    ҮНДЭСЛЭХ нь:

 1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч М.*******д холбогдуулан “Нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тараасан хэлбэрээр залруулга хийж, уучлалт гуйхыг даалгах тухай” үндсэн нэхэмжлэлийг гаргасан.

Шүүх үндсэн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

            2. Нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэн би үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхтэй. Гэтэл уг жагсаалд оролцож үзэл бодлоо илэрхийлсний төлөө аймгийн М.******* нь намайг гүтгэн харлуулж, миний огт хийгээгүй үйлдлийг хийсэн болгож, жагсаал цуглааныг хутган үймүүлэгч болгож нэр төр, ажил хэргийн нэр хүндийг маань гутаасан худал мэдээг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 14 дүгээр хуралдаан дээр шууд дамжуулалт хийж байсан олон нийтийн хэвлэл мэдээлллийн хэрэгслээр цацсан.  Тэрээр “Дорнод аймгийн ээжүүд үнэхээр зөв зүйлийн төлөө жагссан. Тусгаар тогтнолын талбай дээр нүүрсний хулгайтай тэмцье, Улаанбаатар хотод болж байгаа жагсаалыг дэмжье гэж гарч ирж жагсаал цуглаан хийж буй Дорнодын ээжүүдийн санаа бодлыг урвуулж иргэн Д.******* хоёр дахь өдрөөс нь орон нутгийн төсөвтэй холбоотой асуудал болгосон” гэж олон нийтийн хэрэгслээр ярьсан нь илт худал мэдээлэл байсан. ...Тиймээс аймгийн М.*******д нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тараасан хэлбэрээр залруулга хийж, уучлалт гуйхыг даалгуулах...” гэж тодорхойлсон байна.

  3. Хариуцагч тал нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “Дорнод аймгийн иргэд болох хэсэг ээжүүд 2022 оны 12 сарын 05-ны өдөр Тусгаар тогтнолын талбай дээр жагсаал хийж эхэлсэн ба уг жагсаалын зорилго нь 2022 оны 12 сарын 02-ны өдөр хуралдсан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталсан Дижитал Дорнод 1.8 тэрбум, Хүн болох багаасаа 2.2 тэрбум төгрөгийн төсөл зэргийг эсэргүүцсэн байдаг” гэж тайлбарласан. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар 2022 оны 12 сарын 05-ны өдөр болсон жагсаал цуглаан бол 2022 оны 12 сарын 01-ний өдөр иргэн мэдэгдэл өгөөд эхэлсэн жагсаал юм. Мэдэгдлийн агуулгаас харахад Дижитал Дорнод 1.8 тэрбум, Хүн болох багаасаа 2.2 тэрбум төгрөгийн төслийг эсэргүүцэж байгаа талаар огт дурдаагүй байдаг. Харин 2022 оны 12 сарын 06-ны өдрөөс иргэн Д.******* нь хамт жагссан. Тэрээр 12 сарын 05-ны өдрийг хүртэл хөндөгдөөгүй байсан Дижитал Дорнод, Хүн болох багаасаа төслүүдийг үр ашиггүй гэж тайлбарлаж байр сууриа илэрхийлсэн. ...Бичлэгээс харахад аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хуралдаан дээр М.******* нь ээжүүдийн тавьсан шаардлагуудыг хүлээн авч байгаагаа мэдэгдсэн, хэвлэл мэдээллийн хэрэгслийн зүгээс М.*******гээс асуулт асуугаад бодит байдалд нийцсэн тайлбар хийж байсан. Хамгийн гол нь 2022 оны 12 сарын 01-ний өдөр хүсэлт өгсөн иргэн нарын жагсаал 12 сарын 05-ны өдөр үргэлжилж байсан. 12 сарын 06-ны өдрөөс орон нутгийн төсөвтэй холбоотой болсон нь үнэн. Энэ бүхэн баримтаар нотлогдож байгаа. ...Хариуцагч Д.*******ын яриад байгаа шиг “хутган үймүүлэгч” гэсэн үг хэллэг ашиглаагүй, хэнд ч ийм сэтгэгдэл төрөхөөр яриагүй. Харин бодит мэдээллийг хүргэсэн байдаг. ...Мөн нэхэмжлэгч “Миний ажил хэргийн нэр хүндэд халдсан” гэдэг.  Хэрвээ ажил хэргийн нэр хүндэд халдсан бол түүний нэр хүнд өмнө нь байсан үнэлэмжээсээ дордсон байхыг ойлгодог. Гэтэл өнөөдөр нэхэмжлэгчийн нийгэмд эзлэх байр суурь, ажил хэргийн нэр хүнд яаж муудсан, буурсан, яаж гажуудсан, хэн хутган үймүүлэгч гэж хэлээд байгаа зэрэг зүйлүүд тогтоогдохгүй байна, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Ямар нэгэн байдлаар нэхэмжлэгчийн нэр хүндэд халдсан, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараагаагүй. Мөн зориуд хэвлэлийн хурал хийгээд, эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслийг дуудаж ирүүлээд мэдээлсэн зүйл байхгүй. Олон нийтийн сүлжээнд ямар нэгэн худал зүйл бичээгүй. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан дээр бодит мэдээллийг л өгсөн.

4. Хариуцагч М.******* сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ “...нэхэмжлэгч нь 2022 оны 12 сарын 06-ны өдөр явагдсан жагсаал цуглаанд оролцохдоо өөрийн ашигладаг “******* *******” гэх фэйсбүүк хаягаас 2 удаа лайв бичлэг хийсэн байдаг. 6 минут 5 секундын хугацаатай шууд лайв бичлэгийг хийх үедээ “аймгийн болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шууд дээд шатны төсөв төвлөрүүлэх нэрээр 10 тэрбум төгрөгийг сумдаас шууд дээрэмдэж байна” гэж хэлсэн байдаг. ...Хариуцагч М.******* нь Дорнод аймгийн бөгөөд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр ажилладаг. Хариуцагч М.*******гийн хувьд иргэн Д.*******ын 2022 оны 12 сарын 06-ны өдөр тараасан мэдээ шиг төсөв төвлөрүүлэх нэрээр 10 тэрбум төгрөгийг сумдаас дээрэмдсэн үйлдэл огт байхгүй. “Дээрэмдсэн” гэдэг байдлаар ярьдаг. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн мэтээр ярьж олон нийтэд сөрөг мэдээллийг тараасан. Энэ нь бодит байдалд нийцэхгүй байна. Үндсэн хууль болон Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй байх зарчим үйлчилдэг. Өнөөдөр М.*******гийн хувьд дээрмийн гэмт хэрэгтэй холбоотой шалгуулж байгаа асуудал байхгүй. Төсвийн асуудлаар шалгуулж байгаа аливаа маргаан байхгүй. ...Лайв бичлэгийнх нь фото зургийг хэрэгт өгсөн. Тэр зургийн коммент хэсэгт бичсэнээс харахад М.*******гийн үнэлэмж унасан нь нотлогддог. Иймд дээрх илт худал мэдээллийг залруулж, тухайн мэдээг тараасан арга хэрэгслээр няцаалт хийхийг Д.*******т даалгуулах...” гэж тодорхойлсон.

5. Нэхэмжлэгч нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг “...Би “аймгийн болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээд шатанд төсөв төвлөрүүлэх нэрээр дээрэмдэж байна” гэж хэлсэн боловч нэг субьект нэхэмжлэл гаргасан байна.  “Дээрэм гэдэг нь бусдын эд хөрөнгөд зөвшөөрөлгүйгээр, шууд, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар халдаж хохирол учруулахыг хэлнэ” гэсэн тайлбар байна. Сая М.******* хүч хэрэглээд шууд дээрэмдэх гэх мэтээр Эрүүгийн хуулийн ойлголтыг тайлбарлаж яриад байна. Миний хувьд хүч хэрэглэхгүйгээр, өөрийн албан тушаалын байдлыг ашиглаж сумдынхаа төсвийг дээрэмдсэн гэж үзэж байгаа. ...2022 оны 01 сарын 01-нээс Монгол Улсын захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хуульд өөрчлөлт орсон. Тухайлбал, газрын төлбөрийн 60 хувийг аймгийн төсөвт, 40 хувийг сумын төсөвт төвлөрүүлдэг байсан бол 100 хувь суманд төвлөрдөг болсон. Үл хөдлөх хөрөнгийн татвар гэх мэт. Ингээд сумдын төсөв тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Хэрвээ сумандаа хэрэгжүүлэх ажлуудаа хэрэгжүүлээд баланс нь ашигтай гарвал ашгийнх нь 70 хувийг үлдээж, 30 хувийг дээд шатанд төвлөрүүлнэ гэсэн Төсвийн тухай хуулийн заалт байдаг. Гэтэл аль ч сумдын төсөв ашигтай гарсан зүйл байхгүй. Жишээлбэл Хэрлэн сумын төсвөөс 7 тэрбум гаруй төгрөгийг шууд дээд шатанд төвлөрүүлсэн. ...Би нотлох баримтаар аймгийн төсөв батлах тухай тогтоолыг өгсөн. Нийтэд ил байгаа тогтоол юм. Уг тогтоолын 3-р хуудаст “сумдаас дээд шатанд төвлөрүүлэх төсөв” гээд 10 гаруй тэрбум төгрөгийг Хэрлэн, Матад, Дашбалбар, Халхгол, Цагаан-Овоо сумдаас татахаар заасан. Үүнийг би жагсаал цуглааны үеэр илэрхийлэхдээ дээрэм гэдэг байдлаар илэрхийлсэн. Энэ бол ажил хэрэг гэхээсээ илүү иргэн хүний өөрийн үзэл бодол. Алдаа оноо нь юундаа байна вэ гэдгийг олж харсан, иргэдийн өмнөөс явж буй иргэдийн төлөөлөгчийн дуу хоолой юм. ...Төсвийн балансыг зайлшгүй авч харж байж энэ хэргийг үнэн зөв, шударгаар шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Өнөөдөр нэг нь дээрэмдсэн, нөгөө нь дээрэмдээгүй гэдэг байдлаар энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх боломжгүй. Цаашлаад төсвийн шинжээч томилж дээрх асуудал нь хууль ёсны байсан уу, үгүй юу гэдгийг тогтоолгох нь зүйтэй байх...” гэсэн үндэслэлээр няцаасан.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд  тогтоогдож байна.

6.1. Иргэн нь 2022 оны 12 сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын “...нийгэмд өрнөж буй бусармаг асуудлын эсрэг дуу хоолойгоо өргөж Тусгаар тогтнолын талбайд 12 сарын 01-ний өдрөөс 12 сарын 15-ны өдрийг дуустал 12-15 цагийн хооронд тайван жагсаал хийхийг үүгээр мэдэгдэж байна” гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн байх бөгөөд ас хүсэлтийг хүлээн авч Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т заасны дагуу бүртгэсэн болохыг албан бичгээр мэдэгдсэн байна. /хх-123-124/

6.2. Иргэн , , , , , Д.******* нар нь 2022 оны 12 сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын “...2022 оны 12 сарын 6-наас 12 дугаар сарын 13-ныг дуустал өдөр бүр 12 цагаас 22 цаг хүртэл Дорнод аймаг Хэрлэн сумын 7 дугаар баг Тусгаар тогтнолын талбай, аймгийн даргын тамгын газрын урд талд баримжаагаар 30 хүн, чанга яригч, цагаан хоолой ашиглан тайван жагсаал, цуглаан хийхээ үүгээр мэдэгдэж байна. Тус жагсаал, цуглааны зорилго  нь ...аймгийн болон аймгийн ИТХ-ынд шаардлага хүргүүлэх, аймгийн ИТХ-ын хуралдааныг ээлжит бусаар хуралдуулж судалгаа тооцоогүй батлагдсан их хэмжээний хөрөнгийг төсвөөс хасуулах, батлагдсан төсөл хөтөлбөрүүдийн тооцоо судалгааг гаргуулж иргэдэд мэдээлэх, төсвийн хөрөнгийг үр дүнтэй төсөл хөтөлбөрт тусгуулах зэрэг болно” гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн байх бөгөөд ас хүсэлтийг хүлээн авч Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т заасны дагуу бүртгэсэн болохыг албан бичгээр мэдэгдсэн байна. /хх-15,17/

6.3. Гэрч ын шүүх хуралдаанд гаргасан “...Би 7 хоног тасралтгүй жагссан. Ээжүүд орон нутагт болж байгаа зам, хог, зэвтэй ус гэх мэт асуудлыг ярьцгаасан. Би бол эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг доголдолтой гэж эсэргүүцэж явдаг учраас тэр асуудлаараа ярьсан. Гэхдээ өөр өөрийн байр суурийг, тухайлбал Оюука “Хүн болох багаасаа” төслийг, өөр нэг нь замын талаар, Орхонсүрэн гэхэд зэвтэй усны талаар гэх мэт өөр өөрийн хариуцсан асуудлыг ярьж байсан. ...Хүсэлтийг жагсаж байгаа хүмүүс нийлээд гаргасан байсан. Би бичээгүй. Манай хэд бөөндөө ярилцаад бичсэн байсан. Бөөндөө хамт сууж байсан учир нэрээ оруулсан. Нүүрсний хулгайн асуудал улс даяар дэгдэж байсан учир бид нараас өөр хүмүүс энэ асуудлаар жагсаж байсан. Нүүрсний хулгайн асуудалд ч, аймаг орон нутагт болж байгаа асуудалд ч ээжүүд нэгдсэн...” гэх мэдүүлэг болон гэрч Гэрч , , нарын мэдүүлэг, талуудын тайлбар, фото зураг зэргээр Дорнод аймгийн иргэд болох хэсэг эмэгтэйчүүд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс үзэл бодлоо илэрхийлэн жагссан болох нь тогтоогдож байна.

  7. Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 сарын 12-ны өдрийн 14 дүгээр хуралдаан дээр аймгийн М.******* “...та бүхнийг ойлголоо, дандаа хөдөлмөр эрхэлдэг амьдралын төлөө зүтгэж байгаа эмэгтэйчүүд байна, Дорнод ээжүүд группэд намайг оруулсан байдаг. Эхний өдрийн жагсаал бол нүүрсний хулгайтай тэмцье, Улаанбаатар хотод болж буй жагсаалыг дэмжье гэж гарч ирсэн. 2 дахь өдрөөс эхлээд иргэн ******* гэдэг хүн энэ жагсаалыг орон нутгийн төсөвтэй холбоотой асуудал болгосон. Өнөөдөр залуучуудын байгууллага энд нүүрсний хулгайтай тэмцье гэдэг Улаанбаатарын жагсаалыг дэмжсэн жагсаалыг ийм жагсаал болгосон байна” гэж хэлсэн болох нь баримтаар нотлогдож байна.

Дорнод аймгийн Хэрлэн сумын 2022 оны 12 сарын 01 болон 12 сарын 06-ны өдрүүдэд иргэдээс хүргүүлсэн жагсаал, цуглааны зорилгыг бичсэн мэдэгдэл, фото зураг, талуудын өгсөн бичлэгээс үзэхэд 2022 оны 12 сарын 01-нээс өдрөөс 12 сарын 05-ны өдрүүдийн жагсаал цуглаан дээр орон нутгийн төсөвтэй холбоотой асуудал яригдаагүй, харин 2022 оны 12 сарын 06-ны өдрөөс эхлэн дээрх асуудал хөндөгдөж яригдсан болох нь тогтоогдож байна.  

Гэхдээ хариуцагчийн  Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 сарын 12-ны өдрийн 14 дүгээр хуралдаан дээр нэхэмжлэгч Д.*******тай холбогдуулан хэлсэн үг нь хууль болон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн, шударга бус үйлдэл хийсэн гэх мэдээллийг агуулаагүй, уг мэдээллийн улмаас нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд нөлөөлсөн, үнэлэмжийг доройтуулсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, гутаасан мэдээ тараасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна   гэж шүүх үзлээ. 

Иймд нэхэмжлэгч Д.*******ын  хариуцагч М.*******д холбогдуулан гаргасан “Нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тараасан хэлбэрээр залруулга хийж, уучлалт гуйхыг даалгах тухай” үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

8. Хариуцагч М.******* нь “...Аймгийн болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал шууд дээд шатны төсөв төвлөрүүлэх нэрээр 10 тэрбум төгрөгийг сумдаас шууд дээрэмдэж байна...” гэсэн худал мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаахыг хариуцагчид даалгах тухай” сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч Д.******* эс зөвшөөрч маргадаг.

Нэхэмжлэгч Д.******* нь өөрийн ашигладаг “******* *******” гэх фэйсбүүк хаягт 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 14 цаг 26 минутад “06 минут 05 секунтын шууд дүрс бичлэг /лайв/ хийсэн байх бөгөөд уг шууд бичлэгийн 02 минут 53 секунтээс 03 минут 03 секунт хүртэлх хугацаанд “аймгийн болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал шууд дээд шатны төсөв төвлөрүүлэх нэрээр 10 тэрбум төгрөгийг сумдаас шууд дээрэмдэж байна” гэх зүйлийг ярьсан болох нь тогтоогдож байна. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16-д зааснаар хүн бүр  итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх,тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй боловч аливаа хүний эрх, эрх чөлөө нь бусдын эрх, чөлөөгөөр хязгаарлагддаг болно.

Нэхэмжлэгч Д.******* нь өөрийн санал бодлоо илэрхийлэх эрх нь нээлттэй боловч түүний үзэл бодол, сэтгэгдлээ илэрхийлж буй хэлбэр нь бусдын нэр төр, алдар хүндийг, тухайн тохиолдолд ажил хэргийн нэр хүндийг гутаасан агуулгатай байх учиргүй юм.

  Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадаагүй, бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар аливаа иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд хамгаалагдана.

Нэхэмжлэгч Д.******* нь “...нотлох баримтаар өгсөн “Аймгийн 2023 оны төсөв батлах тухай” тогтоолд “сумдаас дээд шатанд төвлөрүүлэх төсөв” гээд 10 гаруй тэрбум төгрөгийг Хэрлэн, Матад, Дашбалбар, Халхгол, Цагаан-Овоо сумдаас татахаар тусгасан. Үүнийг би жагсаал цуглааны үеэр илэрхийлэхдээ дээрэм гэж  илэрхийлсэн. Энэ бол ажил хэрэг гэхээсээ илүү иргэн хүний өөрийн үзэл бодол. Алдаа оноо нь юундаа байна вэ гэдгийг олж харсан, бусад иргэдийн өмнөөс явж буй иргэдийн төлөөлөгчийн дуу хоолой...” гэж тайлбарладаг.

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар өгсөн Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 12 сарын 02-ны өдрийн 13/11 дугаартай “Аймгийн 2023 оны төсөв батлах тухай” тогтоолыг хариуцагч тал хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй гэж тайлбарлаж байгаа боловч дээрх мэдээлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д заасан нийтэд илэрхий үйл баримт байх тул дээрх үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй болно.

Дорнод аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 12 сарын 02-ны өдрийн 13/11 дугаартай “Аймгийн 2023 оны төсөв батлах тухай” тогтоолын 5 дахь хэсэгт “Сумдын төсвөөс аймгийн төсөвт төвлөрүүлэх орлого 10 781 495.6 төгрөг, Дашбалбар сум 2 874 352.8 төгрөг, Матад 188 021.4 төгрөг, Халхгол 155 173.0 төгрөг, Хэрлэн 7 486 292.8 төгрөг, Цагаан-Овоо 77 655.6 төгрөг” гэж дурджээ.

Дээрх нийтэд илэрхий мэдээллийг нэхэмжлэгч Д.******* нь “дээрэмдсэн” гэх үгээр илэрхийлсэн нь зохисгүй байх боловч уг мэдээллийн улмаас хариуцагчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд нөлөөлсөн, үнэлэмжийг доройтуулсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч М.*******гийн худал мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаахыг хариуцагчид даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

   9. Иргэдийн төлөөлөгчийн “...нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан бие биеэс уучлалт гуйхад болохоор байна” гэсэн дүгнэлт нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт, түүнд өгсөн шүүхийн эрх зүйн дүгнэлттэй нийцэхгүй байх тул хүлээн авах боломжгүй байна.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон   ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д.*******ын хариуцагч М.*******д холбогдох “Нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тараасан хэлбэрээр залруулга хийж, уучлалт гуйхыг даалгах тухай” үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч М.*******гийн нэхэмжлэгч Д.*******т холбогдуулан гаргасан “Аймгийн болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал шууд дээд шатны төсөв төвлөрүүлэх нэрээр 10 тэрбум төгрөгийг сумдаас шууд дээрэмдэж байна” гэсэн худал мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаахыг хариуцагчид даалгах тухай” сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.*******, хариуцагч М.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэхь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авахыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн хугацаанд шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        С.ГАНЧИМЭГ

                   ШҮҮГЧИД                                          Т.БАЙГАЛМАА

                                                                            Б.ОТГОНСҮРЭН