Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 201/МА2023/00031

 

*******ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Уртнасан даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Ц.Эрдэнэзуу нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 сарын 04-ний өдрийн 138/ШШ2023/00714 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тараасан хэлбэрээр залруулга хийж, уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэлтэй,

Аймгийн Засаг дарга болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал шууд дээд шатны төсөв төвлөрүүлэх нэрээр 10 тэрбум төгрөгийг сумдаас шууд дээрэмдэж байна гэсэн худал мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаахыг хариуцагчид даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Эрдэнэзуугийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч О.Цолмон, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2022 оны 12 сарын 05-ны өдөр Дорнод аймгийн хэсэг иргэд аймгийн Тусгаар тогтнолын талбайд жагсаал цуглаан хийж эхэлсэн байдаг. ... Миний бие иргэн хүнийхээ хувьд үүргээ биелүүлж үг, дуу хоолойгоо илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж Үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу уг жагсаалыг дэмжихээр тухайн өдрийн 1600 цагийн үед Тусгаар тогтнолын талбай дээр очсон. Талбай дээр очиход хүмүүс байхгүй байсан. Сураглахад аймгийн Засаг даргын Тамгын газрын байр луу явсан гэсэн. Ингээд араас нь очиход аймгийн Засаг даргын орлогч *******той өрөөнд нь уулзаж байсан. Би үүд хэсэгт нь сууж яриаг нь сонсож байгаад ******* даргаас хог хаягдлын талаар нэг асуулт асуучихаад өрөөнөөс нь гарсан. ... Гэтэл уг жагсаалд оролцож үзэл бодлоо илэрхийлсний төлөө аймгийн Засаг дарга ******* нь намайг гүтгэн харлуулж, миний огт хийгээгүй үйлдлийг хийсэн болгож жагсаал цуглааныг хутган үймүүлэгч болгож нэр төр, ажил хэргийн нэр хүндийг маань гутаасан худал мэдээг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 12 сарын 12-ны өдрийн 14 дүгээр хуралдаан дээр шууд дамжуулалт хийж байсан олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан. Тэгэхдээ Дорнод аймгийн ээжүүд үнэхээр зөв зүйлийн төлөө жагссан. Нүүрсний хулгайн эсрэг жагссан. Гэтэл иргэн ******* нь энэ жагсаал цуглаан дээр очиж Дорнодын ээжүүдийн санаа бодлыг урвуулж, энэ жагсаалыг төсвийн хулгайн эсрэг болгож өөрчилсөн гэсэн илт худал мэдээллийг хэлсэн байдаг. Үүнийг нь миний хувьд нэр төрд маань халдсан гэж үзэж нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд гомдол гаргасан. Миний бие нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхлын үүднээс сайн дураараа эвлэлдэн нэгдэж байсан иргэдийн итгэл үнэмшлийг өөрчлөх ямар ч боломжгүй. Өвлийн хүйтэнд 12 сарын 06-наас 12-ны өдрийг хүртэл өглөөнөөс орой хүртэл жагсаж байсан. Анхнаасаа зорилго нь тодорхой нэгдэж жагсаж байгаа хүмүүсийн үзэл бодлыг миний зүгээс өөрчлөх ямар ч боломжгүй. Харин ч миний хувьд жагсагчидтай санал нэг байсан учраас энэ жагсаал цуглаанд оролцсон. Миний эхнэр хүртэл энэ жагсаал цуглааныг дэмжин оролцож, лайв бичлэгээр үзэл бодлоо илэрхийлж байсан. Миний нэр хүндийг гутаасан илт худал мэдээллийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан дээр тараасан. Тиймээс аймгийн Засаг дарга *******д энэхүү тараасан хэлбэрээр залруулга хийж, уучлалт гуйхыг даалгаж өгнө үү. Үнэхээр тэр хүмүүсийн итгэл үнэмшил, үзэл бодлыг өөрчилсөн зүйл байгаа бол баримтаар нотлох хэрэгтэй.  Тусгаар тогтнолын талбай дээр нүүрсний хулгайтай тэмцье, Улаанбаатар хотод болж байгаа жагсаалыг дэмжье гэж гарч ирж жагсаал цуглаан хийж буй ээжүүдийн зорилгыг иргэн ******* нь хоёр дахь өдрөөс нь орон нутгийн төсөвтэй холбоотой асуудал болгосон гэж олон нийтийн хэрэгслээр ярьсан нь илт худал мэдээлэл байсан.

Тиймээс ******* миний нэр хүндийг гутаасан үйлдэлдээ уучлалт гуйж байна гэсэн үг, өгүүлбэрээр тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох ТВ6, Жаран.мн, фэйсбүүк, сайтуудаар залруулга хийж, уучлалт гуйхыг *******д даалгаж өгнө үү. гэжээ.   

2. Хариуцагч тал шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагчийн өмгөөлөгч: Үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ... Хэрэгт авагдсан баримтаар 2022 оны 12 сарын 05-ны өдөр болсон жагсаал цуглаан бол 2022 оны 12 сарын 01-ний өдөр мэдэгдэл өгөөд эхэлсэн жагсаал юм. Мэдэгдлийн агуулгаас харахад Дижитал Дорнод 1.8 тэрбум, Хүн болох багаасаа 2.2 тэрбум төгрөгийн төслийг эсэргүүцэж байгаа талаар огт дурдаагүй байдаг. Харин 2022 оны 12 сарын 06-ны өдөр иргэн ******* нь хамт жагссан. 2022 оны 12 сарын 05-ны өдөр хөндөгдөөгүй байсан асуудлыг ******* хөндөж, тухайн асуудлын талаар байр сууриа илэрхийлсэн байна. Дижитал Дорнод, Хүн болох багаасаа төслүүдийг үр ашиггүй гэж тайлбарладаг. Үүнийгээ жагсаал цуглаанд оролцох байдлаар илэрхийлэх нь буруу байсан гэж үзэж байна. Буруу байсан учраас залруулга хийх зорилгоор хариуцагч ******* тайлбар хэлсэн байдаг. Тухайн үед жагсаал цуглааны зорилгыг өөрчилсөн гэхээсээ илүүтэй ярьж байгаа зүйлүүд нь бодит байдалд нийцэхгүй байна гэдэг байдлаар тайлбар хэлж байсан нь бичлэгээс харагддаг. Бичлэгээс харахад ээжүүдийн тавьсан шаардлагуудыг хүлээн авч байгаагаа мэдэгдээд, хэвлэл мэдээллийн хэрэгслийн зүгээс *******гээс асуулт асуугаад бодит байдалд нийцсэн тайлбар хийж байх үед тухайн тайлбар нь зогссон байдаг. Өөрөөр хэлбэл, *******ын яриад байгаа шиг хутган үймүүлэгч гэсэн үг хэллэг ашиглаагүй, хэнд ч ийм сэтгэгдэл төрөхөөр яриагүй. Харин бодит мэдээллийг хүргэсэн байдаг. Жагсаал цуглааныг хутган үймүүлэх гэдэг бол огт өөр ойлголт. Хариуцагч ******* таныг хутган үймүүлэгч гэж хэлсэн ярьсан, бичсэн зүйл байхгүй. Өөр гуравдагч этгээдийн зүгээс мөн таныг хутган үймүүлэгч гэж хэлсэн, ярьсан зүйл байхгүй байна.

Миний ажил хэргийн нэр хүндэд халдсан гэж яриад байна. Хэрвээ таны ажил хэргийн нэр хүндэд халдаж байгаа бол таны нэр хүнд өмнө нь байсан үнэлэмжээсээ дордсон байхыг ойлгодог. Гэтэл өнөөдөр таны нийгэмд эзлэх байр суурь, ажил хэргийн нэр хүнд яаж муудсан, буурсан, яаж гажуудсан, хэн таныг хутган үймүүлэгч гэж хэлээд байгаа зэрэг зүйлүүд харагдахгүй байна. Энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна

Мөн Уучлалт гуйхыг даалгах гэж яриад байна. Уучлалт гуйхыг даалгах гэсэн шаардлага хууль зүйн хувьд байхгүй. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлд зааснаар хэрвээ иргэний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан бол тараасан хэлбэрээр няцаах үүрэг хүлээх болохоос биш няцаахдаа би уучлалт гуйж байна гэсэн үг өгүүлбэрийг ашиглана гэсэн ойлголт байхгүй. Нэхэмжилж болохгүй зүйлийг нэхэмжлээд байна. Нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсэг нь үндэслэлгүй байна.

Хариуцагч:  ... Хуралдаан дээр ямар нэг байдлаар худал мэдээлэл яриагүй гэдгээ албан ёсоор хэлэх нь зүйтэй. Мөн зориуд хэвлэлийн хурал хийгээд, эсвэл хэвлэл мэдээллийн хэрэгслийг дуудаж ирүүлээд мэдээлсэн зүйл байхгүй. Олон нийтийн сүлжээнд ямар нэгэн худал зүйл бичээгүй. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан дээр бодит мэдээллийг л өгсөн. Миний хувьд төрийн ажлыг хийх явцдаа ямар нэг байдлаар худал мэдээлэл хийж байсан удаа байхгүй.

...Анх ******* нарын хүмүүс хүсэлт өгч, лоозон бариад жагссан. 12 сарын 06-ны өдөр ******* хэсэг хүмүүсийн хамт хүсэлт гаргасан. Ингээд тухайн өдрөөс орон нутгийн төсөвтэй холбоотой асуудал ярьж эхэлсэн. Энэ нь *******ын байнга ярьж шүүмжилдэг сэдвийн нэг. Аймгийн төвийн хог хаягдал, хот тохижилттой холбоотой асуудалд ч шүүмжлэлтэй ханддаг. Түүнийг нь миний хувьд ажил сайжруулах гэж хандаж байна гэж ажил хэргийн журмаар хүлээж авдаг. Яриад байгаа төсвийн асуудлаар надад ч санал тавьж байсан. Миний зүгээс тодорхой хариултуудыг өгөөд явж байсан. Хамгийн гол нь 2021 оны 12 сарын 01-ний өдөр хүсэлт өгсөн ******* нарын жагсаал 12 сарын 05-ны өдөр үргэлжилж байсан. 12 сарын 06-ны өдрөөс орон нутгийн төсөвтэй холбоотой болсон нь үнэн. Энэ бүхэн баримтаар нотлогдож байгаа гэдгийг хэлэхийг хүсэж байна гэв.

3. Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ: ...******* нэхэмжлэл гаргахдаа өөрийнх нь нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан худал мэдээлэл тараасан гэдэг байдлаар шаардлагаа тодорхойлдог. Гэвч бодит байдал дээр хариуцагч ******* биш нэхэмжлэгч ******* нь 2022 оны 12 сарын 06-ны өдөр явагдсан жагсаал цуглаанд оролцохдоо иргэн *******гийн нэр төр, алдар хүндэд халдсан байдаг. Тодруулбал, иргэн ******* өөрийн ашигладаг ******* ******* гэх фэйсбүүк хаягаас 6 минут 5 секундын хугацаатай шууд лайв бичлэгийг хийх үедээ аймгийн Засаг дарга болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шууд дээд шатны төсөв төвлөрүүлэх нэрээр 10 тэрбум төгрөгийг сумдаас шууд дээрэмдэж байна гэж хэлсэн байдаг. Энэ талаарх бичлэгийг гаргаж өгсөн. Бичлэгт үзлэг хийгдэж нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт авагдсан байгаа. Хариуцагч ******* нь Дорнод аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр ажилладаг. Хариуцагч *******гийн хувьд иргэн *******ын 2022 оны 12 сарын 06-ны өдөр тараасан мэдээ шиг төсөв төвлөрүүлэх нэрээр 10 тэрбум төгрөгийг сумдаас дээрэмдсэн үйлдэл огт байхгүй. Дээрэмдсэн гэдэг байдлаар ярьдаг. Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд дээрэмдэх гэмт хэргийг зүйлчилж өгсөн байдаг. Дээрэм бол Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн мэтээр ярьж олон нийтэд сөрөг мэдээллийг тарааж байна. Энэ нь бодит байдалд нийцэхгүй байна. Үндсэн хууль болон Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй байх зарчим үйлчилдэг. Өнөөдөр *******гийн хувьд дээрмийн гэмт хэрэгтэй холбоотой шалгуулж байгаа асуудал байхгүй. Төсвийн асуудлаар шалгуулж байгаа аливаа маргаан байхгүй. Гэтэл Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдсэн мэтээр ярьж ажил хэргийн нэр хүндэд халдаж байгаа нь үндэслэлгүй байна. Лайв бичлэгийнх нь фото зургийг хэрэгт өгсөн. Тэр зургийн коммент хэсэгт бичсэнээс харахад *******гийн үнэлэмж унасан нь нотлогддог.

... Дээрэмдэнэ гэдэг бол шууд хүч хэрэглэн булааж авахыг хэлэх байх. Энэ бол илт худал мэдээлэл гэдгийг хэлэх нь зүйтэй. Аливаа шүүмжлэлийг хүлээж авна. Гэхдээ дээрэм гэдэг бол ноцтой асуудал. *******ын хувьд орон нутгийн улс төрийн зүтгэлтэн. Улс төрийн өнгө аяс ороод байгаа юм болов уу гэж хардсан. Иргэдийн шаардаж байгаа асуудлыг би ойлгож байгаа. Улс төрийн асуудал бол бодож үзэх ёстой асуудал. Тиймээс энэ сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Иймд дээрх илт худал мэдээллийг залруулж, тухайн мэдээг тараасан арга хэрэгслээр няцаалт хийхийг *******т даалгаж өгнө үү гэжээ. 

4. Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ...Сөрөг нэхэмжлэлийн шаардлага дээр аймгийн Засаг дарга болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээд шатанд төсөв төвлөрүүлэх нэрээр 10 тэрбум төгрөгийг сумдаас шууд дээрэмдэж байна гэж хэлсэн гэж байна. Нэгдүгээрт. Энэ сөрөг нэхэмжлэлийг нэг субъект гаргаж байгаа юм байна. Би аймгийн Засаг дарга болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дээд шатанд төсөв төвлөрүүлэх нэрээр дээрэмдэж байна гэж хэлсэн. Дээрэм гэдэг нь бусдын эд хөрөнгөд зөвшөөрөлгүйгээр, шууд, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар халдаж хохирол учруулахыг хэлнэ гэсэн тайлбар байна. Сая ******* хүч хэрэглээд шууд дээрэмдэх гэх мэтээр Эрүүгийн хуулийн ойлголтыг тайлбарлаж яриад байх шиг байна. Миний хувьд хүч хэрэглэхгүйгээр, өөрийн албан тушаалын байдлыг ашиглаж сумдынхаа төсвийг дээрэмдсэн гэж үзэж байгаа. Үүнийгээ нотлох гэж шүүхэд хүсэлт гаргасан. 2022 оны 01 сарын 01-нээс Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хуульд өөрчлөлт орсон. Төсвийн тухай хуульд өөрчлөлт орохдоо нэр бүхий гурван төрлийн хуваагдаж төлдөг татварууд сумдын төсөвт шууд ордог болсон. Тухайлбал, газрын төлбөрийн 60 хувийг аймгийн төсөвт, 40 хувийг сумын төсөвт төвлөрүүлдэг байсан бол 100 хувь суманд төвлөрдөг болсон. Үл хөдлөх хөрөнгийн татвар гэх мэт. Ингээд сумдын төсөв тодорхой хэмжээгээр нэмэгдсэн. Хэрвээ сумандаа хэрэгжүүлэх ажлуудаа хэрэгжүүлээд баланс нь ашигтай гарвал ашгийнх нь 70 хувийг үлдээж, 30 хувийг дээд шатанд төвлөрүүлнэ гэсэн Төсвийн тухай хуулийн заалт байдаг. Гэтэл аль ч сумдын төсөв ашигтай гарсан зүйл байхгүй. Гэтэл шууд хүч хэрэглэж, өөрөөр хэлбэл та нар мэдэхгүй, дээд шатныхан мэднэ гэдэг байдлаар, жишээлбэл Хэрлэн сумын төсвөөс гэхэд 7 тэрбум гаруй төгрөгийг шууд дээд шатанд төвлөрүүлсэн. Хэрлэн сумын төсөв ашигтай гарч, ашгийнх нь 70 хувийг үлдээгээд, 30 хувь буюу 7 тэрбум төгрөг нь дээд шатандаа төвлөрсөн байх нь. Гэтэл сумын төсөв тийм байгаагүй. Хуульд заасан суурь зарлагууд их байсан. Гэтэл албан тушаалын байдлаа ашиглаж дээрх төсвийг татаж авсан. Би нотлох баримтаар аймгийн төсөв батлах тухай тогтоолыг өгсөн байгаа. Нийтэд ил байгаа тогтоол юм. Уг тогтоолын 3-р хуудаст сумдаас дээд шатанд төвлөрүүлэх төсөв гээд 10 гаруй тэрбум төгрөгийг Хэрлэн, Матад, Дашбалбар, Халхгол, Цагаан-Овоо сумдаас татсан. Хамгийн их нь Хэрлэн сумаас 7 тэрбум гаруй төгрөгийг татсан. Үүнийг би жагсаал цуглааны үеэр илэрхийлэхдээ дээрэм гэдэг байдлаар илэрхийлсэн. Энэ бол ажил хэрэг гэхээсээ илүү иргэн хүний өөрийн үзэл бодол. Алдаа оноо нь юундаа байна вэ гэдгийг олж харсан, иргэдийн өмнөөс явж буй иргэдийн төлөөлөгчийн дуу хоолой юм. Өмгөөлөгч улс төрийн хоёр хүн хоорондоо өс хонзонгийн маягаар гэсэн зүйл ярьж байна. Үүнд улс төрийн ямар ч өнгө аяс байхгүй. Энэ нам, энэ эрх баригч гэдэг үүднээс биш, иргэн хүнийхээ хувьд аймаг орон нутгийнхаа хог хаягдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн асуудлыг хөндөж байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг дарга эрх барьж байгаа сүүлийн 10 жилд энэ байдал огт өөрчлөгдөөгүй, улам л доройтсонтой холбоотойгоор Хэрлэн сумын иргэн хүний хувьд үзэл бодлоо илэрхийлсэн. Түүнээс биш улс төрийн өнгө аястай нэг ч зүйлийг илэрхийлээгүй. Түүнчлэн хуулийн дагуу Сангийн яамаар хянагдсан гэсэн зүйлүүд ярьж байна. Тэр талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Миний хувьд шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардлагатай нөхцөл байдал үүсч байна гэж үзэж байна. Төсвийн балансыг зайлшгүй авч харж байж энэ хэргийг үнэн зөв, шударгаар шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. Өнөөдөр нэг нь дээрэмдсэн, нөгөө нь дээрэмдээгүй гэдэг байдлаар энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх боломжгүй. Цаашлаад төсвийн шинжээч томилж дээрх асуудал нь хууль ёсны байсан уу, үгүй юу гэдгийг тогтоолгох нь зүйтэй байх.  Тиймээс хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар сумдын төсвийг татаж авсан. Үүнийгээ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал баталсан, аймгийн Засаг даргад хамаагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

5. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч гаргасан дүгнэлтдээ: Энэ жагсагчид аймаг орон нутгийнхаа төлөө төсөв мөнгөө зөв зүйлд зарцуулах, зам тээвэр, зэвтэй ус, хогоо шийдмээр байна гэжээ. Нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан бие биеэс уучлалт гуйхад болохоор байна гэжээ.

 6. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх:

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч *******ын хариуцагч *******д холбогдуулан гаргасан Нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тараасан хэлбэрээр залруулга хийж, уучлалт гуйхыг даалгах тухай үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч *******гийн нэхэмжлэгч *******т холбогдуулан гаргасан Аймгийн Засаг дарга болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал шууд дээд шатны төсөв төвлөрүүлэх нэрээр 10 тэрбум төгрөгийг сумдаас шууд дээрэмдэж байна гэсэн худал мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаахыг хариуцагчид даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж,... шийдвэрлэжээ.

7. Нэхэмжлэгч ******* давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүх энэ хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтуудыг зохих ёсоор үнэлээгүй, хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна.

... Дорнод аймгийн Засаг дарга ******* та бүхнийг ойлголоо, дандаа хөдөлмөр эрхэлдэг, амьдралын төлөө эмэгтэйчүүд байна. Дорнод ээжүүд группд намайг оруулсан байдаг. Эхний өдрийн жагсаал бол нүүрсний хулгайтай тэмцье, Улаанбаатар хотод болж буй жагсаалыг дэмжье гэж гарч ирсэн. 2 дахь өдрөөс эхлээд иргэн ******* гэдэг хүн энэ жагсаалыг орон нутгийн төсөвтэй холбоотой асуудал болгосон гэж хэлсэн болох нь баримтаар нотлогдож байна гэсэн мөртлөө зохих ёсоор үнэлсэнгүй.

Үйл баримт нь дүрс бичлэгтэй, үг хэллэг тодорхой байхад ... нэхэмжлэгч *******тай холбогдуулан хэлсэн үг нь хууль болон ёс суртахууны хэм хэмжээг зөрчсөн, шударга бус үйлдэл хийсэн гэх мэдээллийг агуулаагүй, уг мэдээллийн улмаас нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд нөлөөлсөн, үнэлэмжийг дордуулсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл гутаасан мэдээ тараасан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ. гэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

2022 оны 12 сарын 06-ны өдрөөс 12-ны өдрийг хүртэл болсон жагсаал цуглааныг Дорнод аймгийн олон мянган иргэд нийгмийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр анхааралтай үзэж, дэмжиж байгаагаа илэрхийлж байсан. Гэтэл аймгийн Засаг даргын хэлсэн үг нь нэг иргэн жагсаалын зорилгыг шууд өөрчилсөн гэж гүтгэлэгийн шинжтэй, хүмүүс хүлээж авахдаа сөрөг байдлаар ойлгогдохоор. Хамгийн наад захын жишээ гэхэд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргаж байгаа тайлбараас хүртэл дээрх хандлага ажиглагдана. Энэ хүн жагсаалын зорилгыг өөрчилчихсөн юм байна, улс төр хийгээд байгаа юм байна гэх мэтээр далд ухамсартаа бол иргэн *******ын хийгээгүй үйлдэл буюу бодит байдалд нийцэхгүй үйлдлийг хийснээр ойлгож Засаг даргын үйл ажиллагааг шүүмжилж, улс төр хийж байгаа гэсэн дүгнэлтэд хүргэсэн нь илэрдэг.

... Аймгийн Засаг дарга ******* нь бодит байдалд нийцэхгүй, хийгээгүй үйлдлийг хийсэн болгож, нийгэмд иргэн *******ыг сөргөөр ойлгогдох нүүрсний хулгайн жагсаалыг төсвийн хулгайг эсэргүүцсэн жагсаал болгосон гэх мэдээллийг хурал цуглаан дээр, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан байхад, илэрхий нотлох баримтууд байсаар байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчсөн.

Нэхэмжлэгчийн шаардлага бол гарцаагүй хууль ёсны, бодит, шийдвэрлэхэд эргэлзээгүй зохицуулалттай байхад шүүх илтэд хариуцагч талд үйлчилж хангалттай нотолгоотой байхад эс үйлдэхүйгээрээ хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.

8. Шүүх хуралдаанд ороцсон нэхэмжлэгч ******* гаргасан тайлбартаа: Бид сая шүүх хуралдааны явцад харилцан ярилцаад эвлэрэхээр шийдвэрлэлээ. Би шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. гэв.

9. Шүүх хуралдаанд оролцсон хариуцагч ******* гаргасан тайлбартаа: Бид шүүх хуралдааны явцад харилцан ярилцаад бие биенээ ойлгосон тул эвлэрэхээр шийдсэн. Миний хувьд мөн адил шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. гэв.

ХЯНАВАЛ:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан Нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тараасан хэлбэрээр залруулга хийж, уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийг, хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан Аймгийн Засаг дарга болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал шууд дээд шатны төсөв төвлөрүүлэх нэрээр 10 тэрбум төгрөгийг сумдаас шууд дээрэмдэж байна. гэсэн худал мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаахыг хариуцагчид даалгах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргасныг зохигч талуудын хэн алин нь эс зөвшөөрч маргажээ.

 2. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч зохигчид 2023 оны 10 сарын 10-ны өдрийн давж заалдах шатны шүүх хуралдааны үед эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч ******* Нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тараасан хэлбэрээр залруулга хийж, уучлалт гуйхыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаасаа, хариуцагч ******* Аймгийн Засаг дарга болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал шууд дээд шатны төсөв төвлөрүүлэх нэрээр 10 тэрбум төгрөгийг сумдаас шууд дээрэмдэж байна. гэсэн худал мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаахыг хариуцагчид даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсан байна.

4. Талуудын шүүх хуралдааны явцад тус тусын гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасантай нийцжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс, хариуцагч ******* нь нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлээс тус тус татгалзсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт ... улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээс татгалзсан бол нэхэмжлэгч ... хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана. гэж, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т Давж заалдах гомдол гаргасны дараа ... нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, ... тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй. гэж тус тус заасан байх тул улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч хариуцагч нарын анхан шатны шүүхэд нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл гаргахдаа тус бүр төлсөн 70 200 төгрөг, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 сарын 04-ний өдрийн 138/ШШ2023/00714 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч ******* Нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тараасан хэлбэрээр залруулга хийж, уучлалт гуйхыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа, хариуцагч ******* Аймгийн Засаг дарга болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал шууд дээд шатны төсөв төвлөрүүлэх нэрээр 10 тэрбум төгрөгийг сумдаас шууд дээрэмдэж байна. гэсэн худал мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаахыг хариуцагчид даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 168 дугаар зүйлийн 168.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч, хариуцагч нарын анхан шатны шүүхэд нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэл гаргахдаа тус бүр төлсөн 70 200 төгрөг, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн 70 200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар зохигчид хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН

ШҮҮГЧИД С.ОЮУНТУНГАЛАГ

Ц.ЭРДЭНЭЗУУ